АН-ын бүлэг цэцийн дүгнэлтээр дахин нэг цагийн завсарлага авлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 22

Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулахын өмнө АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авах санал гаргасан ч УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн 16:00 цаг хүртэл завсарлага өгсөн юм. Уг завсарлагын хугацаа  дуусч Цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулах гэсэн боловч “Дээрх завсарлагын хугацааг сунгаж, гурав хоногоор хойшуулж өгнө үү”  гэсэн хүсэлтийг УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат дахин гаргалаа.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн дагуу  уг саналыг хүлээж авах эсэх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй зөвшилцөөд АН-д нэг цагийн завсарлага өглөө.

Ингэснээр 17:16 минутад чуулган дахин хуралдаж, Цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top