АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас дараах хэвлэлийн мэдээг гаргаж байна.
“Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-ын 117 дугаар Конгрессын Төлөөлөгчдийн танхимд хэлэлцүүлэхээр өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга бүрэн дэмжиж, Конгресс дахь Монголын бүлгийн дарга Дайна Тайтус, Дон Яанг нарт талархал илэрхийлж байна.
Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл нь Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох боломжийг нээж өгөх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2017 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад захидал бичиж, Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох боломжийг олгох тал дээр дэмжлэг хүссэн билээ.
Ийнхүү Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг АНУ-ын 115 дугаар Конгресст 2018 онд, 116 дугаар Конгресст 2019 онд өргөн барьсан.
Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2019 оны долдугаар сард АНУ-д хийсэн айлчлалын үеэр бүхий л түвшинд хэлэлцсэн онцлох сэдвүүдийн нэг байв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хуулийн төслийг санаачлагч болон Конгрессын бусад гишүүдтэй биечлэн уулзаж, хуулийн төслийг дэмжихийг уриалсан юм.
Хуулийн төсөл батлагдсанаар хоёр улсын худалдааны эргэлт, Монгол Улсын уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, иргэдийн тогтвортой орлогын баталгаа хангагдах зэрэг ач холбогдолтой. Тухайлбал, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт эхний ээлжинд 30 мянга гаруй ажлын байрыг шууд бий болгоно гэсэн тооцоо, судалгаа гарсан.
Түүнчлэн дээрх хуулийн төсөл нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг бэхжүүлэх, Монгол Улс-АНУ-ын хооронд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг бататгахад онцгой ач холбогдолтой билээ” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )