Хуримтлалын нэгдсэн сан байгуулах төслийн АЖЛЫН ХЭСЭГ хуралдлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 29

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2021.04.29) Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн сангийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүдтэй зөвлөлдөх уулзалт хийлээ.

Уулзалтаар төсөл тус бүрийн ажлын хэсгийн ахлагч нарын төсөл боловсруулалтын ажлын явцын мэдээллийг сонсож, асуулт хариулт өрнүүлж, зарим үүрэг даалгаврыг өгөв.

Монголд өнөөдрийн байдлаар Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сангууд байна. Үүний зэрэгцээ эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг дэмжиж төрөлжүүлэх, дэд бүтцэд хөрөнгө оруулж өрсөлдөх чадвар сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилтай, орлоготой чинээлэг дундаж давхаргыг бий болгох зорилготой Хөгжлийн санг байгуулах талаар өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал танилцуулсан юм. Энэхүү Хөгжлийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сангуудтай бодлогын уялдаа холбоотой ажилласнаар Үндэсний баялгийн сангийн тогтолцоо бүрдэх боломжтой гэв.

Мөн Хуримтлалын нэгдсэн сангийн тухайд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой удирдлагыг төлөвшүүлж, санг алдагдалгүй түвшинд хүргэх, нийгмийн даатгалын бүрэн бие даасан тогтолцоог бий болгох цаашлаад тэтгэврийн нөөц санг ашигт малтмалын орд газрын орлогын өгөөж болон ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдүүлдэг болох зорилготой. Үүнээс гадна Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж, иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх тогтолцоонд үе шаттай шилжих бодлогыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав.

Эдгээр сангаар дамжуулж, баялгийг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг богино болон урт хугацаанд хугацаанд ургашлуулах нь Засгийн газрын туйлын зорилго гэдийг Ерөнхий сайд онцлов.

Манай улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл, баялгийн нөөц, хөгжлийн түүхтэй төстэй улс орнууд, бусад улсад амжилттай хэрэгжиж, туршигдсан туршлагуудыг ч мөн анхааралтай судалж ажиллах ёстой талаар саналаа хэлэв. Иргэд нь ажилтай, орлоготой, орлого нь амьдралд нь хүртээмжтэй, сэтгэл хангалуун байх боломжийг бүрдүүлэхэд эдгээр санг хэрхэн бүрдүүлж, хуримтлалыг юунд, яаж зарцуулахаас шууд хамаарна. Үүнийг л хууль эрх зүйн болон зохион байгуулалтын талаас нь зөв хийх хэрэгтэй юм. Уудам газар нутаг, уул уурхайн баялагтай, цөөн хүн амтай Монгол орны хувьд энэ боломжтой зүйл гээд төслийн боловсруулалтыг дахин нягталж, нэмэлт саналуудыг тусган богино хугацаанд эргэн танилцуулахыг ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.250) 2021 оны 04 сарын 29

Сангийн үйл ажиллагааг хэн захиран зарцуулах вэ? Нөгөөх л коммунистууд уу тэгэж ард түмнийг басамжлах юм бол 3 сая 200 цэрэгтэй арми босно.

0  |  0
Иргэн(66.181.181.27) 2021 оны 04 сарын 29

Хулгайч нарт үйлчлэх сан бүрдүүлэхээр болсон юм уу .иргэдэд энэ чинь хүрэлцэхгүй.

0  |  0
Top