ИХ 7 I Эмэгтэйчүүдийн боловсролд 15 тэрбум ам.доллар зориулна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 05

“G7" буюу "Их 7" бүлгийн (АНУ, Канад, Герман, Франц, Итали, Япон, Их Британи) Гадаад хэргийн сайд  нар нүүр нүүрээ харан уулзах гэж байна. Энэ удаагийн уулзалтаар коронавирусийн цар тахал, дэлхий нийтэд учирч буй аюул, уур амьсгалын өөрчлөлт,  ОХУ-тай хийж буй хамтын ажиллагааны талаар голчлон хэлэлцэх юм байна. Сайд нарын нэгдсэн хурал Лондон хотноо өнөөдөр  маргааш болох бөгөөд уулзалтын эхний өдөр хоёр талын уулзалтууд болно.

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан  уулзалтын үеэр шаардлагатай аюулгүй байдлын арга хэмжээг авч, уулзалтад оролцогчдыг “COVID-19”-ийн шинжилгээнд тогтмол хамруулах аж.  Уулзалтад  Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц, Японы Гадаад хэргийн сайд нараас гадна Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Жозеп Боррель, Австрали, Энэтхэг, БНСУ, ӨАБНУ-ын төлөөлөгчид, мөн АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Лим Жок Хой оролцох юм байна. Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб "Дэлхийн өнцөг булан бүрт вакцины хүртээмжтэй байдлыг хангах, охидын боловсролын түвшинд анхаарах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг амбийцтай арга хэмжээ авах, өлсгөлөнгөөс урьдчилан сэргийлэх зэрэгт чиглэсэн арга хэмжээ авах болно" гэв. Тэрбээр мөн

“G7”-гийн орнууд хөгжиж буй орнуудын охид, эмэгтэйчүүдийн боловсролд зориулж ирэх хоёр жилийн хугацаанд 15 тэрбум ам.доллар гаргахаар төлөвлөж байгаа тухай мэдэгдсэн байна. Энэхүү хөрөнгө оруулалтаар 2026 он гэхэд бага орлоготой орнуудын 40 сая гаруй охин сургуульд сурах боломжтой болж, эдгээр орны 20 сая охин 10 насандаа уншиж сурна гэж “G7”-гийн гишүүн орнууд найдаж буй. “Охидын боловсролд хөрөнгө оруулах нь хүмүүсийг ядуурлаас гаргах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хүний амь насыг аврах, цар тахлын нөлөөг даван туулахад туслах хамгийн ирээдүйтэй хөрөнгө оруулалтын нэг юм. Ээж нь уншиж чаддаг хүүхдүүд таван нас хүрэхээсээ өмнө эндэх магадлал 50 хувиар буурч, сургуульд сурах магадлал хоёр дахин, бичиг үсэг үл мэдэгч эхчүүдийн хүүхдүүдтэй харьцуулахад вакцин хийлгэх магадлал 50 хувиар илүү байдаг" тухай  Их Британийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.

Хөрөнгө оруулалтыг “G7”-гийн орнуудын 2018 онд эхлүүлсэн хөгжлийн санхүүгийн байгууллагуудын түншлэл буюу “2X Challenge” механизмаар дамжуулан хуваарилахаар төлөвлөжээ. Энэхүү түншлэл нь олон улсын байгууллагууд болон олон улсын хөгжлийн банкуудын санхүүжилтээр эмэгтэйчүүдийн эзэмшдэг эсвэл эмэгтэйчүүд олноороо ажилладаг, эмэгтэйчүүд рүү чиглэсэн аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн туслалцаа үзүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна. Цар тахлын улмаас охид, эмэгтэйчүүд сургууль завсардаж, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломж нь хумигдаж, хүчирхийлэлд өртөх, ажилгүй болох эрсдэл нэмэгдсэн үед ийм төсөл хэрэгжүүлэх нь нэн чухал гэдгийг  Доминик Рааб онцолжээ. Үүнээс гадна Орос, Хятад хоёр  “Ковид-19” вакцины талаар худал мэдээлэл тараах зэргээр өрнөдийн орнуудын хооронд үл итгэлцлийг бий болгохоор оролдож байна гэж Их Британи, АНУ, Европын орнууд буруутгаж байгаатай холбоотойгоор энэ удаагийн уулзалтын хэлэлцэх хамгийн чухал сэдвийн нэг нь Москва болон барууны орнуудын харилцааны тухай байх аж. Их Британи, АНУ-ын албаны хүмүүс сүүлийн үед  ОХУ болон дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй томоохон эдийн засаг болох Хятад Улс хооронд стратегийн хамтын ажиллагаа өргөжиж байгаад санаа зовж буйгаа илэрхийлсээр байгаа юм. Түүнчлэн Их Британийн Гадаад хэргийн сайд дэлхийн 189 улсад  “ковид-19”-ийн эсрэг нэг тэрбум гаруй тун вакцин хийсэн байна. Үүнээс 82 хувийг нь чинээлэг болон дунд орлоготой орнуудын ард иргэд эзэлж буй талаар онцлоод бага орлоготой буурай орнуудын иргэдийн дөнгөж 0.3 хувь нь "ковид-19" цар тахлын эсрэг вакцинд хамрагдсан гэлээ. Дэлхий даяар вакцины тэгш бус хүртээмж "ковид-19" цар тахлыг дарахад тулгарч байгаа хамгийн том сорилтын нэг болж байгаа юм. ДЭМБ-аас цар тахлын эсрэг вакцинжуулалтад олон улсын хамтын ажиллагаа хэрэгтэй байгааг онцолсоор байгаа билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top