Хүүхдээ асарч байгаа эх, эцэгт тэтгэмж олгохоор боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 06

 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж өнөөдрийн чуулганы хуралдаанаар батлав. 

Ингэснээр хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон ч тэтгэмж олгох зохицуулалт орж байгаа юм. 

Тодруулбал, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн үйлчлэлд 0-3 хүртэлх насны хүүхэд болон дөрөв хүртэлх насны ихэр хүүхдээ асарч байгаа эх, эцэгт давхардуулахгүйгээр тэтгэмж авах эрх үүсгэж, хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг эх, эсхүл эцэгт олгох зохицуулалтыг тусгасан байна. 

Жилд 52 мянга орчим эхчүүд ажилдаа орсноор “Цалинтай ээж” хөтөлбөрөөс хасагддаг бөгөөд эдгээрийн 20 мянга орчмынх нь гэр бүлийн хүн хөдөлмөр эрхэлдэггүй гэх судалгааны дүн гарсан байна.

Хуулийн төсөл дэх зохицуулалтын дагуу энэ онд 6.5 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” зохицуулалттай ч Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дээрх хуулийг өөрчилж, энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр тусгажээ. 

Энэ жилийн төсөвт тусгасан санхүүжилтийн хүрээнд шаардлагатай төсвийг шийдвэрлэх боломж бий хэмээн А.Ариунзаяа сайд тайлбарлаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top