Сонгуулийн сурталчилгаа 14 ХОНОГИЙН ДАРАА эхэлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 05 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ирэх зургаадугаар сарын 09-ний өдөр зохион байгуулахаар хуульчилсан. Энэ удаагийн сонгуульд парламентад суудалтай гурван намаас нэр дэвшигчид өрсөлдөнө. Өөрөөр хэлбэл, эрх баригч намаас Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх, сөрөг хүчин болох АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, гуравдагч хүчин болох ХҮН-аас Д.Энхбат нар нэр дэвших эрхээ Сонгуулийн ерөнхий хорооноос аваад байна. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээс санал авах өдрийг хүртэлх үйл ажиллагааны цаг хугацааны зураглалыг “СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛ”-д зориулан, бэлтгэн хүргэж байна.


1. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдрийг дуустал гурав хоног үргэлжилнэ.

2. Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийн материалыг тавдугаар сарын 2-5-ны өдрийн хооронд хүлээж авна.

3. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдвэрлэх хугацааг тавдугаар сарын 6-8-ны хооронд гэж заажээ.  

4. Сонгуулийн ерөнхий хорооноос тавдугаар сарын 8-10-ны өдрийн хооронд нөхөн болон дахин нэр дэвшүүлэх хугацааг олгоно.

5. Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг тавдугаар сарын 24-ний өдрөөс өмнө шийдвэрлэж, олон нийтэд танилцуулна. 

6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа тавдугаар сарын 24-ний өдөр эхлэх бөгөөд 15 хоног үргэлжилнэ.

7. Зургаадугаар сарын 06-ны өдөр саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хэсгийн хороодод хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаа зургаадугаар сарын 07-ны өдрийг дуустал явагдана.  

9. Санал авахын өмнөх өдөр зургаадугаар сарын 8-ны өдөр тохиох бөгөөд энэ өдөр 09:00-20:00 цаг хүртэл зөөврийн битүүмжилсэн саналыг хайрцгаар иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулна.

10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 09-ний өдөр гэж тогтоосон бөгөөд саналыг 07.00-22:00 цаг хүртэл авна.  




-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА-
 

Шинэ Үндсэн хуульд "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо оршин суусан, Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж зааж өгсөн билээ. Энэхүү өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн, баталсан байдаг. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг онцолж байна. 


НИЙТЛЭГ ШААРДЛАГА
 

  1. Монгол Улсын уугуул иргэн байх,
     
  2. Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан,
     
  3. 50 нас хүрсэн байх,

ТУСГАЙ ШААРДЛАГА
 

  1. Банк, бусад хуулийн этгээд болон иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр төлбөргүй байх,
     
  2. Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх,
     
  3. Аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийг хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх,
     
  4. Сэтгэцийн эмгэгүй байх,

ХОРИГЛОХ НЬ 
 

  1. Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүнийг нэр дэвшихийг хориглоно.
     
  2. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэж заажээ. 
     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top