Ахмадуудад НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ваучер олгож байна

2021 оны 05 сарын 10

Тэтгэврийн зээлгүй ахмадуудад төрөөс нэг сая төгрөг олгохоор болсон. Харин эхний ээлжинд ахмадуудад бэлэн мөнгөний эрх буюу ваучер олгох ажил өнгөрсөн бямба гараг /2021.05.08/-аас эхэлсэн байна.

Их хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Энэ хуулиар зургаан сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэхээр болсон билээ. Харин ийнхүү тэтгэврийн зээлгүй ахмадуудад сая төгрөг олгох, нэг сая төгрөгөөс бага зээлтэй ахмадуудад зөрүүг нь олгох ажил хороогоор дамжин явагдаж байна.

Энэхүү ваучерийг тавдугаар сарын 21-ний өдрөөс мөнгөжүүлж, ахмадуудын дансанд мөнгө нь орж эхлэх аж.

Мөн энэ ажилд шаардлагатай хөрөнгө болох 216 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс силвер ресурс” компани бэлэн болгосон гэдгээ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа энэ сарын 7-нд мэдэгдсэн.

Бид бүхэн ахмадуудад олгох сая төгрөгийн ваучер тараах ажил хэрхэн явж байгаа талаар нийслэлийн зарим нэгэн хороогоор явж тодрууллаа. 

Чингэлтэй дүүргийн IV хороонд амралтын өдрүүдээр ахмад настнууддаа олгоод бараг дууссан гэдгийг тус хорооны халамжийн ажилтан хэлж байлаа. Нэг сая төгрөгийн энэхүү ваучерийг ахмадууд заавал өөрийн биеэр ирж авах шаардлагагүй бөгөөд үр хүүхэд, ар гэрийнхэн нь ирж авч болох аж. Гагцхүү үр хүүхэд, ар гэрийнх нь хүн мөн гэдгээ баталсан бичиг баримттайгаа ирэх ёстойг хорооны ажилтан сануулж байна.

Тус дүүргийн дөрөвдүгээр хорооны ахмад настан Л.Тогтохтөгс “Төрөөс нэг удаа ийм тэтгэлэг өгч байгаад баяртай байна. Би насаараа хүчний байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Гэсэн хэдий ч маш багаар тэтгэвэр тогтоогдсон. Тэтгэврийн ялгааг ойртуулах, бүр арилгах хэрэгтэй л гэж боддог. Дээрээс нь зээлтэй байсан нь онож, зээл авалгүй өөрсдийгөө болгоод явж байсан нь хохирчихоод байгаа юм шиг энэ байдлыг засах л хэрэгтэй” хэмээн сэтгэгдлээ хэллээ. 

Харин Сүхбаатар дүүргийн III хорооны хувьд нийтдээ тэтгэврийн насны 1300 орчим ахмад настан амьдардаг. Үүнээс улсаас олгож байгаа сая төгрөгийн ваучерийг авах 830 орчим хүн бий гэдгийг хорооны Засаг дарга Х.Нямдагва хэлж байна. Үүнээс гадна сая төгрөгөөс доош зээлтэй байсан 70 гаруй ахмад байгаа гэнэ. Тэрээр “Энэ үнэт цаасыг хэвлэж яах гэсэн юм бэ. Үүнийг чинь банкинд үзүүлж байж мөнгөө авахгүй, дансанд орохоос хойш ингэж мөнгө үрэх хэрэг байдаг юмуу гэх хүн ч байна. Гэхдээ баярлаж талархсан нь илүү олон байгаа” гэдгийг хэлж байлаа.

Тус хорооны өндөр настан Г.Д энэ талаар “Төр засгаас ахмадууддаа мөнгө өгч байгаад баяртай байна. Гэхдээ өвчин тахал их байгаа энэ үед вакциндаа нэмэрлэсэн бол арай илүү хэрэгтэй байж уу гэж бодогдож л байна” хэмээсэн юм.  Ийнхүү улсын хэмжээнд тэтгэврийн зээлгүй болон нэг сая төгрөгөөс бага зээлтэй байсан нийт 238 мянган ахмад байгаа бөгөөд тэдгээр хүмүүст 216 тэрбум төгрөг олгох юм.

Өмнө нь зургаа хүртэлх сая төгрөгийн зээлтэй байсан 228,5 мянган тэтгэвэр авагчийн 695 тэрбум төгрөгийн зээлийг төрөөс нэг удаа тэглэсэн билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(122.201.21.180) 2021 оны 05 сарын 10

2020 ОНД ТЭТГЭВЭРТ ГАРСАН ХҮМҮҮСИЙГ ХОГШИГ ҮЗЭЖ САЯ ТӨГРӨГӨНД ХАМРУУЛСАНГҮЙ. эНЭ ХҮМҮҮС ЧИНЬ мОНГОЛ УЖЛСЫН ИРГЭН БИШ ЮМ УУ.. МАЛ ШИГ ЗҮТГҮҮЛЖ ЗҮТГҮҮЛЧИХЭЭД ХАМАГ МӨНГИЙГ НЬ ТТАТВАР ХУРААЖ БАЙНА ГЭЖ ЦӨЛӨМЧИХӨӨД ОДОО ТЭР ХҮМҮҮС ЧИНЬ ТЭТГЭЛЭГ ГЭЭД БАЙГАА ЮМАНД ЧИНЬ ХАМРАГДАХГҮЙ ХҮНИЙ ТООНООС ГАРСАН ЮМ УУ. ВАУЧЕР ГЭЖ ЦАСАН ХОГ ТАРААЖ НЭГ ИХ ЮМ ӨГЧ БАЙГАА ЮМ ШИГ ЦААС ХЭВЭЛЖ ДУНДААС НЬ МӨНГӨ ЛУЙВАРДАЖ ЦАВЧИЧХААД. ЭНЭ ИХ МӨНГӨӨ АРД ОЛОНДОО ТАРААСАН БОЛ АЯТАЙ БАЙХ ГҮЙ ЮУ? жААЗАНД ХИЙГЭЭД ХАНАНД ӨЛГӨЖ АВДАР ДЭЭРЭЭ ТАВИХ ЮМ УУ?

0  |  0
Жирийн иргэн(66.181.176.180) 2021 оны 05 сарын 10

Өчигдөр уржигдар талбай дээр очоод 60 мянгыг олсон, өнөөдөр 1 саяыг оллоо,

0  |  0
Togoldor(162.158.166.145) 2021 оны 05 сарын 10

Svvld tetgewer togtoolgoj awsan xvnd xamaatai yu

0  |  0
Soelmaa (162.158.165.90) 2021 оны 05 сарын 10

Sain

0  |  0
цаас(162.158.119.103) 2021 оны 05 сарын 10

Хэдэн төгрөгөөр хэвлэсэн бол

0  |  0
Зочин(172.69.45.138) 2021 оны 05 сарын 10

наад цаасыг заавал авах ёстой юу

0  |  0
Top