Хайр сэтгэлийг үнэлж баршгүй гэдэг. Гэвч орчин үед хайрыг, тэр дундаа гэрбүл салалтыг үнэлдэг болжээ. Дээд хэмжээний оддын түвшинд ярихад хагацаж салсан хайр дурлал нь хэдэн зуун сая доллараар хэмжигддэг байна. Харин тэрбумтнуудын хувьд энэ тоо ардаа маш олон тэгтэй. 2019 онд Amazon№ы үүсгэн байгуулагч Жефф Безос эхнэрээсээ салаад 36 тэрбум ам.доллар төлснөөр түүний эхнэр асан Маккензи Скотт тэр дороо Дэлхийн хамгийн баян эмэгтэй болж байв. Харин энэ сарын эхээр салсан Билл Гейтс эхнэр Мелиндадаа хэдийг төлөх нь одоо болтол тодорохойгүй байна. Ингээд эхнэрээсээ салсан алдартнуудын талаар танилцуулья.
Майкл Жордан
Майкл Джордан, Хуанита Ваной нар 1989 онд гэрлэж, 17 жил хамт амьдрахдаа өнөр өтгөн айл болсон. Эхлээд тэд 2002 онд салах өргөдлөө гаргасан ч буцаан авсан юм. Харин 4 жилийн дараа Хуанита салахаар хатуу шийдэж, 168 сая доллар (одоогийн ханшаар 204 сая) нэхсэн. Яагаад салж байгаа талаараа тэд яриагүй ч шар хэвлэлээр Жордан баруун зүүнгүй зугаалдгаас болсон гэж бичиж байв. Хуанитатай гэрлэснийхээ дараа Майкл 2 жил хэртэй дуучин Кнафельтэй уулздаг байсныг дуучин бүсгүй өөрөө 2002 онд илчилсэн. Энэ гэрбүл цуцлалт удаан хугацааны турш хамгийн үнэтэй салалт гэж нэрлэгдэж байв. Харин Жорданы рекордыг хэн эвдсэн бол? Үргэлжлүүлэн уншина уу.
Арнольд Шварценеггер
Арнольд 1986 онд Мария Шрайвертэй гэрлэсэн. Дараа нь тодорхой болсноос үзэхэд Арнольд тэр үеэс л эхнэрээ араар нь тавьж эхэлжээ. Тэр байтугай гэрийн үйлчлэгчтэйгээ учир ургуулж, үйлчлэгч нь 1997 онд түүний хүүг төрүүлж байв. 20 жил тэдний гэрт ажилласан үйлчлэгч, нөхөр хоёрынхоо явдлыг Мария дөнгөж 2011 онд мэдсэн байна. 6 жил шүүхээр заргалдсаны эцэст Мария Шварценеггерээс 200 сая доллар авсан.
Мел Гибсон
Мел Гибсон, Робин Мур нар 1980 онд гэрлэж, жилийн дараа охин, 3 жилийн дараа ихрүүд, 6 жилийн дараа бас хүү, отгон хүү нь 2000 онд төрж, аз жаргалтай гэрбүл шиг л харагдаж байлаа. Гэвч Мел Гибсон 2009 онд орос төгөлдөр хуурч Оксана Григорьеваг дагаад гэрээсээ явсан билээ. Шинэ амьдрал нь түүнд маш их хохирол учруулсан. Яг нарийн тоог нь мэдэхгүй ч шүүхээс Мелийг хөрөнгөнийхөө талыг эхнэртээ үлдээхийг шаардсан. Түүний хөрөнгийг 2006 онд 850 сая доллар гэж үнэлж байв. Үүнээс гадна ирээдүйн орлогоосоо ч Робинд төлж байх үүрэг хүлээсэн.
Пол Маккартни
Пол МакКартни, Хизер Миллс нар урт удаан хугацаанд шүүхэдсэний эцэст 2008 онд гэр бүлээ цуцлуулсан. 2002 онд гэрлээд 2003 онд охинтой болоод салцгаасан юм. Хизер нөхрийнхөө хөрөнгөний талыг авахаар шүүхэдсэн. Полд тэр үед 250 сая долларын хөрөнгө байлаа. Хоёр жил заргалдаад Хизер 49 сая доллар авсан ч Их Британи даяар түүнийг үзэн яддаг болсон юм.
Мадонна
Гэрбүл салалтаас эрчүүдтэй эн тэнцүү хохирсон эмэгтэй бол Мадонна. Их Британийн найруулагч Риччитэй гэрлээд Мадонна Рокко хүүгээ төрүүлж, Дэвид гэдэг хүүхэд өргөн авсан. Хосууд хоорондоо таарсангүй, хамт амьдарч чадахгүй болж, 2008 онд салахад Мадонна Риччид 92 сая доллар, Лондон дахь пабаа өгөхөөс өөр аргагүй болсон байна.
Майкл Дуглас
Майкл Дуглас, эхнэр Диандра Люкерийг 1977 онд 19 настай байхад нь авч суусан. 1995 онд Диандра гэрбүл цуцлуулах өргөдөл гаргаж, 45 сая доллар нэхэмжилсэн байна. Дуглас өгөхийг хүссэнгүй, 4 жил шүүхэдсэн. Дахиад хэр удаан шүүхдэлцэх байсныг таах аргагүй. Яг энэ үед Дуглас Кэтрин Зету-Жонстой учирсан юм. Кэтринтэй гэрлэхийн тулд Дуглас хуучин эхнэртээ тэр дор нь 45 саяыг өгсөн.
Фил Коллинз
Залуухан швейцарь бүсгүйтэй гэрлэхийн тулд Фил эхнэртээ 17 сая доллар өгсөн нь 1996 онд маш их мөнгө байлаа. Гэхдээ тэр үед Коллинз цаашдаа юу болохыг огт төсөөлөөгүй юм. Фил “Genesis” хамтлагаасаа гарч, Швейцарьт нүүн ирж, тансаг хурим хийн, залуу эхнэрээ алмааз эрдэнээр умбуулж байв. Харин Филийн бие муудаад эхлэхэд байдал өөрчлөгдсөн юм. Фил Коллинзийн баруун чих дүлийрч, зүүн гар нь хөдлөхөө болиход эхнэр нь 2006 онд салах өргөдлөө гаргажээ. Энэ салалт Филийн данснаас 50 сая долларыг нь залгиж орхисон билээ.
Жеймс Кэмерон
Жеймс Кэмерон “Терминатор” киноны од Линда Хэмилтон нар 1997-1999 онд хоёрхон жил хамт амьдарсан. Гэвч “Титаник”-ийн зураг авалт дээр жүжигчин Сьюзи Эмисийг хараад Кэмерон Линдагаас салахаар шийдэж, 50 сая долларын төлбөр төлсөн.
Кевин Костнер
Түүний анхны эхнэр, 3 хүүхдийнх нь эх Синди Костнер Кевинийг яаж ч зугаалж, цэнгэж байсан 15 жил тэссэн юм. 1999 онд тэсвэр нь дуусаж, 80 сая доллараар салсан.
Харрисон Форд
Форд, Мелисса Мэтисон нарыг Холливудын үлгэр жишээ хосууд гэдэг байлаа. 1983 онд гэрлэсэн тэд хүү, охиноо хүмүүжүүлэн, элдэв шуугиангүй 18 жил амьдарсан. Гэрбүл салалт нь ч шуугиангүй явагдсан бөгөөд Форд хэдийг өгсөн нь тодорхойгүй. Зарим хэвлэлийн мэдээгээр 85-118 сая доллар өгсөн гэнэ.
Стивен Спилберг
Стивен Спилберг эхний эхнэртэйгээ 10 жил үерхэж, гэрлээд дөнгөж 4 жил хамтдаа байсан. Хүүг нь төрүүлж өгсөн тул салахдаа их мөнгө авна гэж Эми Ирвинг бодож байсан нь алдаагүй. Тэр 100 сая доллартай болсон.
Сэтгэгдэл ( 0 )