Улсын арслан Д.Ганхуяг ГАВЬЯАТ ТАМИРЧИН цол хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2021.05.28) төрийн одон, медалиар зарим эрхмүүдийг шагналаа. 

Монголын чөлөөт бөхийн хүрээнийхэнээс нэгэн эрхэм Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан нь үндэсний бөхийн Улсын арслан, чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер Доржпаламын Ганхуяг байлаа.
 


Бөхийн олон төрөлд авьяастай тэрбээр хүүхэд ахуй цагаасаа “Хөдөлмөр” нийгэмлэгт Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Х.Намширын удирдлага дор чөлөөт бөхөөр анх хичээллэн, Азийн АШТ-ий хүрэл, оюутны ДАШТ-ий мөнгө, Азийн цомын хүрэл хүртэж, “Mонгол говь” болон З.Ойдовын нэрэмжит ОУТ-д тус бүр гурван удаа түрүүлсэн. Мөн бусад олон улсын тэмцээнүүдэд олон медаль хүртснээс гадна насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга болж байсан 1990-ээд оны сүүл, 2000 оны эхэн үеийн манай хүнд жингийн шилдэг бөхчүүдийн нэг юм. Д.Ганхуяг танд Монголын чөлөөт бөхийн үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, бөх сонирхогчдын өмнөөс халуун баяр хүргэе.

Монголын чөлөөт бөхийн тамирчдаас Дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн ОУХМ Б.Одончимэг, Б.Оюунсүрэн, Э.Сумъяа, Б.Шоовдор, Т.Түвшинтулга, Б.Болортуяа нар гавьяагаа үнэлүүлэх цаг нь болсон ч энэ удаа дахин хойшлууллаа.

Монголынхоо нэрийн өмнөөс их спортын хүнд хэцүүг мэдэрч, хөлсөө дуслуулсны үр шимээ хүртэж тэд маань удахгүй Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр шагнуулах өдөр удахгүй ирэх биз ээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (31.206.31.154) 2021 оны 05 сарын 29

Gavya, shagnal avch bga bohiin sportiinhon er, emgvi dandaa l dvremt huvtsastai bhii. Bvgd tsereg, tsagdaagiin hvmvvs bdg yum uu. Vvniig bvr gaihaad bdgii

0  |  0
Top