Хүүхдийн баяраар ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ЗУРГААН ШИЙДВЭР

2021 оны 06 сарын 01

ӨНӨӨДӨР ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР

Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаж байжээ. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ.

Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргасан бөгөөд 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ.

Тэгвэл энэ баярт өдөр Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хүүхдийн асуудалтай холбоотой багц зургаан асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэлцсэн асуудлаар тодорхой үүрэг, чиглэлүүдийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.


1

"ХҮҮХДИЙН ПАРК"-ЫГ ЗОРИУЛАЛТЫН БУСААР АШИГЛАХЫГ ХОРИГЛОЛОО

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркын эзэмшлийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглох. Хэрвээ зориулалтын бусаар ашиглавал хувийн хэвшлийн эрхийг цуцлах үүргийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт даалгалаа. Тус газарт зөвхөн хүүхэд, залуучуудад зориулсан үйл ажиллагаа явуулах юм.

2

“НАЙРАМДАЛ” ЗУСЛАНДИХ ЗАСВАР ХИЙНЭ

"Найрамдал" ОУ-ын хүүхдийн зусланд бүрэн засвар хийх үүргийг өглөө. Тус зуслангийн хувьд 1978 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар барилга ашиглалтын хувьд хүнд байдалд ороод байгаа. Тиймээс бүрэн засвар хийж, цаашдаа тухайн газар нутагт нь нэмж газар олгохгүй байх үүрэг чиглэлийг ХНХ-ийн сайд А.Ариунзаяа, Хотын захирагч Д.Сумъяабазар нарт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг даалгавар болголоо. Мөн "Найрамдал-2" зуслан байгуулах ажлыг үргэлжлүүлэн судалж, 2022 оны улсын төсөвт тусгуулах ажлыг үүрэг, чиглэл болголоо. Өмнө нь тус зусланг Хөвсгөл аймагт байгуулах шийдвэр гарч байсан. Одоогоор зураг төслийн ажил үргэлжилж байгаа.

3

Г.К.ЖУКОВЫН ТАЛБАЙН ХОЙД ТАЛЫН ГАЗРЫГ НИЙТИЙН ЭДЭЛБЭР ГАЗАР БОЛГОНО

БЗД-ийн 4 дүгээр хороонд байрлах Жуковын талбайд хойд талын газрын аж ахуйн нэгжүүдэд олгогдсон газар эзэмших эрхийг цуцалж, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг Нийслэлийн засаг дарга Д.Сумъябазарт даалгалаа. 2006-2015 онд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар таван аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх олгосон байна. 

4

АМАРЖИХ ГАЗРУУДАД БҮРЭН ЗАСВАР ХИЙНЭ

Улаанбаатар хот дань амаржих газруудын ачааллыг бууруулах зорилгоор хоёрдугаар төрөх буюу "Хүрээ" амаржих газрыг барилга байгууламж, өргөтгөл барих гэх мэт бүрэн засвар хийх ажлыг 2022 оны улсын төсөвт суулгах үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Мөн ЭХЭМҮТ буюу Эх нялхаст бүрэн засвар хийх ажлыг 2022 оны улсын төсөвт суулгах чиглэлийг өглөө.

5

"БАМБАРУУШ КАФЕ" ДАХИН АЖИЛЛАНА

Хүүхэд, залуучуудын хөгжлийн зориулалтаар баригдсан төр, хувийн хэвшлийн эзэмшилд байгаа барилга байгууламжийг цаашид зориулалтын дагуу ашиглах, үүнийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх үүрэг чиглэлийг өгсөн. Үүний хүрээнд "Барбарууш кафе" гэх мэт хувийн хэвшилд очсон байгууламжуудыг анхын үүсгэн байгуулсан хүүхэд, залуучуудын зориулалтын чиглэлээр нь ашиглах, энэ тохиолдолд төр, хувийн хэвшлийг уриалах чиглэлийг өгсөн. "Бамбарууш кафе" ирэх есдүгээр сарын 01-ээс анхны зориулалтаараа буюу хүүхэд, гэр бүлд зориулсан рестораны чиглэлээрээ үйл ажиллагаагаа явуулахаа Засгийн газарт мэдэгдсэн.

6

ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ТЕАТРЫГ ДАХИН БАЙГУУЛНА

Хүүхэд, залуучуудын театрыг дахин байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах боломжийг хангах хүүхэд, залуучуудын театрыг дахин байгуулна гэсэн үг. Дахин байгуулахдаа СХД-ийн 5 дугаар хороонд баригдаж байгаа Дүүргийн соёлын ордоны барилгыг Хүүхэд, залуучуудын театрт шилжүүлж, үйл ажиллагааг явуулна. Одоогоор барилгын ажил 65 хувьтай, энэ оны 12 сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Театрт 110 уран бүтээлч, ажилтан ажиллах бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top