“Бодь интернэйшнл” ХХК паркийн газрыг 60 жил эзэмших ЭРХТЭЙ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 02

Засгийн газрын хуралдаан зургаадугаар сарын 01-ний өдөр болсон. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хуралдсан уг хуралдаанаар хүүхдийн зориулалтаар ашигладаг зарим газруудад хамаарах томоохон шийдвэрүүдийг гаргалаа.

Тухайлбал, Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглов. Ингэхдээ газрыг нь зориулалтын бусаар ашиглах, ашигласан бол тухайн байгууллагын эрхийг нь цуцлахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргад үүрэг болгов.

Өнгөрсөн хугацаанд паркаа парк чигээр нь үлдээх, ногоон байгууламжаа устгуулахгүйн төлөө тэмцсэн иргэдийн эсэргүүцэл явж ирсэн. Паркийн газрыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 2015 оны захирамжаар “Бодь интернэйшнл” болон “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-д 60 жилийн хугацаатай, 31 га газрыг эзэмшүүлсэн байдаг. Газар эзэмшигчид тухайн газартаа бүтээн байгуулалт эхлүүлэхээр зэхэж, ногоон байгууламжийг өөрчилж байгаа тул иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Тэгвэл Засгийн газрын шийдвэрээр хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий орчин бүрдүүлэхээр боллоо.


Үүнээс гадна тус газарт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Өнөрболор, УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү нарын хамаарал бүхий барилгууд байдаг. Тодруулбал,

1998 онд Нийслэлийн Засаг дарга Ж.Наранцацралт захирамж гаргаж, 0.49 га талбайг “Монтоно” ХХК-д олгосон. Дараа нь 2001 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр 198 тоот захирамжаар 1.1 га газрыг “Мон-Уран” ХХК-д шилжүүлчихсэн байдаг. "Монтоно" ХХК нь УИХ-ын гишүүн асан Б.Наранхүүгийн хамаарал бүхий компани гэгддэг бөгөөд тус компанийн оффис байрладаг.

2003 онд НИТХ-ын тогтоолоор 3200 метр.квадрат газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгосноор одоогийн “Сөүл” ресторан баригджээ. Үүн дээр нь Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр 2010 онд 2217 метр.квадратаар эзэмшлийн гэрчилгээ гаргаж өгсөн аж. “Сөүл” ресторан нь УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын хамаарал бүхий ресторан гэгдэг.

2005 онд Нийслэлийн Засаг дарга М.Энхболдын 263 тоот тогтоолоор 35,8 га газрыг 15 жилийн хугацаатай “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-д эзэмшүүлжээ. “Үндэсний соёл, амралтын хүрээлэн” ХХК-ийн 26 хувийг нь хотын захиргаа, 74 хувийг нь “Бодь интернэйшнл” эзэмшдэг байна. Дээрх газраас одоо 31 га газар нь үлдсэн ба Э.Бат-Үүл хотын дарга байхдаа 60 жилээр эзэмших зөвшөөрөл олгожээ. “Бодь интернэйшнл” нь "Голомтын" гэдгээрээ олонд танигдсан Д.Баясгалангийн хамаарал бүхий компани юм.  

2007 онд Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярын захирамжаар 33749 метр.квадрат буюу 3.3 га газрыг “М-Си-Эс” ХХК-д шилжүүлжээ. Ийнхүү одоогийн Шангри-Ла баригдсан аж. Шангри-Ла нь Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамаарал бүхий компани гэгддэг.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(83.20.240.102) 2021 оны 06 сарын 02

Olon tavan zuil yarihgui bugdiig tsucluulz huraagaad ard tumnii medeld shilzuul

0  |  0
Мо(66.181.161.25) 2021 оны 06 сарын 03

Алга дарам ногоон байгууламж ч үлдээхгүй юмдаа Хөөрхий шуналаа гэж хэцүү юмаа Хүн үхэхдээ газараа аваад явахгүй дээ

1  |  0
Top