Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд хэлэлцэж, гаргасан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.
Засгийн газар өнөөдрийн хурлаараа 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ба одоогоор дараах дөрвөн шийдвэрийг гаргаад байна.
Нэгдүгээрт, Иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулдаг хөтөлбөртэй болох үндэсний хөтөлбөр боловсруулах чиглэл өгчээ. Эрүүл мэндийн үзлэгийн мэдээллийг цахим хэлбэрт оруулаад, иргэдийн эрүүл мэндийн дата бааз суурь үүсгэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна. Ийм шийдвэр гаргаж байгаагийн учир нь нас баралтын тэргүүлэх шалтгаан зүрх судас, хавдар, гэмтэл, хордлого болон гадны нөлөөтэй нас барах шалтгаан байдаг аж.
Өнгөрсөн 2010 оны байдлаар 4466 хавдарын тохиолдол бүртгэгдсэн бол 2020 онд 6702 тохиолдол болж өссөн байна. Хавдартай иргэдийн 73 хувь нь 2,3 дугаар шатанд орсон хойноо эмнэлэгт ханддаг байна.
Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих үүднээс цогц бодлого боловсруулах чиглэл өгсөн байна. Ерөнхийдөө нэг албан байгууллагад нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах гэх мэт бодлогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэл барих аж.
Энэ хүрээнд Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв ажиллуулдаг Ч.Ундрахбаяр томилогдсон байна. Тэрбээр Ерөнхий сайдын нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр томилогджээ. Ч.Ундрахбаяр нь Түгээмэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, Бие даан амьдрах төвийн тэргүүнээр ажилладаг байна.
Гуравдугаарт, Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлыг цогцоор нь шийдэх бодлого боловсруулах чиглэл өгсөн байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн зургаан дүүрэгт ажилласан ажлын тайланг сонссон байна. Ингээд түгжрэл буурах чиглэлээр зарим уулзварт нүхэн гарц хийх ажлын төсвийг 2022 оны улсын төсөвт суулгах чиглэл өгчээ. Мөн Бэлх, Сэлхийн далан байгуулах ажлыг 2022 улсын төсөвт суулгахаар болсон байна. Үүнээс гадна БГД-т байрлах Гандан орчмыг соёлын аялал жуулчлалын бүс болгон тохижуулах асуудалд санал нэгджээ.
Дөрөвдүгээрт, 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцсан байна. Өнөөдрийн байдлаар 1,1 их наяд төгрөгийг 3 хувийн хүүтэй олгоод байна. Одоогоор 16193 зээлдэгч зээл аваад байна. Ингэснээр 60 гаруй мянган ажлын байр хадгалж үлдээд байна. Цаашид зээлийн эх үүсвэрийг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 3 хувийн зээлийг 3 их наяд төгрөгт багтаан олгох боломжтойг Ерөнхий сайд онцолсон байна.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ганданг тохижуулж аялал жуулчлалйн бүс болгоно гэж бараг 20 жилийн турш засаг бүр дээр, Аялал жуулчлал хамаардаг сайд бүр, хотын дарга бүр л худлаа ярьж байна. Хийсэн зүйл байхгүй. Гандан дотор жуулчин болон монгол иргэд цэвэрхэн тааваар бие засах олигтой жорлон ч байхгүй л өдий хүрлээ... Үнэхээр төлөвлөмөөр байвал судалгаа сайн хийж Нийслэл хүрээнээс УБ хүртэл хотын амьдралыг гэр хорооллоор дүрслэн харуулах загвар музей болох айлуудыг үлдээж бусдыг нь газарт оруулж үйлчилгээ соёлын байгууламж болгох хэрэгтэй.