У.Хүрэлсүх зургаадугаар сарын 25-нд ТАНГАРАГ өргөнө 

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 06 сарын 11

Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн лхагва /2021.06.09/ гарагт болж, МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх ялалт байгуулсан билээ. Тэрбээр нийт сонгогчдын 67.69 хувийн саналыг авч, Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүнээр сонгогдоод байна. 

Тэгвэл тэрбээр энэ сарын 25-ны өдрийн 11:45 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангарагаа өргөхөөр болжээ. Эл асуудлыг өнөөдөр /2021.06.11/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх, тов тогтоох тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцлээ. 

Энэ үеэр тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд 30 хоногийн дотор Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахих тангарагаа өргөдөг. Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг УИХ тогтооно. Өнөөдөр тогтоолын төслийг боловсруулсан. Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх хугацааг зургаадугаар сарын 25-ны өдрийн 11:45 цаг байхаар тогтоосугай" хэмээн онцоллоо. 

Байнгын хорооны гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцуулахаар боллоо. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зандан(202.179.25.239) 2021 оны 06 сарын 12

Хөөрхий чад хийчихгүй бол ч өргөж л таараа.

0  |  0
Top