МАХН нэрээ улсын бүртгэлд бүртгүүлэх тухай улс төрийн намын хүсэлтийг Улсын Дээд шүүх баасан гарагт хянан хэлэлцээд, МАХН-ын нэрийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргалаа. Улсын Дээд шүүхээс гаргасан шийдвэрт “Улс төрийн намуудын улсын бүртгэлд Монгол Ардын Хувьсгалт Нам буюу МАХН нэртэй нам байхгүй тул Монгол Ардын Хувьсгалт Нам гэсэн бүтэн, МАХН гэсэн товчилсон нэртэй намыг улсын бүртгэлд бүртгэх нь Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн холбогдох зүйл заалтад харшлахгүй” гэсэн байна. Ингэхдээ Дээд шүүх МАХН-ыг 19 дэх улс төрийн нам гэж бүртгэжээ. Энэ нь нэрээ өөрчлөхөөс өмнөх МАХН-аас өөр цоо шинэ нам байгуулагдсан гэсэн үг. Ийнхүү МАХН хэмээх шинэ нам байгуулагдсан үйл явдлыг улс төрчид өөр өөрийн өнцгөөс дүгнэж эхэлжээ. Их хуралдай зарлаж, Сүхийн талбайд жагсан, 15 авлигачийг тодруулах зэргээр нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэсэн МАХН-ыг ажиглагчид цуст тэмцлийг уриалсан нео фашист нам байгуулагдлаа хэмээн дүгнэж байна.
Өөр өнцгөөс харвал эрх баригч хоёр нам өвөр түрийдээ орж, сөрөг хүчний байр суурь үгүйлэгдэж байгаа энэ уед МАХН мэндэлсэн нь Монголын улс төрд бас нэгэн шинэ уур амьсгалыг авч ирэх магадлалтай. Иймээс ч МАХН нэрээ бүртгүүлж чадсан нь ирэх сонгуулийн төлөө сэтгэлээ чилээгээд завгүй байгаа МАН-д хүнд цохилт боллоо. Парламентад суудалтай намууд өөрсдөдөө ашигтай хувилбараар Сонгуулийн хуулийг батлахаар улайран тэмцэж байгаа энэ үед МАХН нэрээ бүртгүүлсэн нь МАН, АН-ын аль алиныг нь давхар стресст оруулж буй биз. Гэхдээ АН-ынхан энэхүү үйл явдлыг өөрсдөдөө эерэгээр нөлөөлнө хэмээн горьдож суугааг үгүйсгэхгүй. Харин МАН-ын хувьд энэхүү асуудлыг хахир хүйтэн өвөл шиг, эсвэл харанхуй бүрхэх мэт хүндээр тусгаж авч буй нь тодорхой. Наад зах нь МАХН-ынхан нэрээ улсын бүртгэлд бүртгүүллээ гэсэн мэдээлэл цацагдангуут МАН-ын Удирдах зөвлөлийнхөн Төрийн ордонд шуурхай хуралдаж сандралдсан юм.
Бас нэг зүйлийг онцлоход МАХН-ын нэрийн бүртгэлийн асуудал гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Дээд шуүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг нарын хоорондох “наймаа” гэж шуугих болжээ. Улс төрийн хүрээнийхний ярьж буйгаар Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг Н.Энхбаярт том өртэй юм байх. Энэ өр нь мөнгө төгрөгийнх бус, албан тушаалынх. 2006 онд Н.Энхбаяр Ц.Зоригийг Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч болгож байжээ. Үүгээр ч зогсохгүй Ц.Зориг одоогийн Ерөнхийлөгчид ч өртэй гэнэ. Учир нь Ц.Элбэгдорж С.Батдэлгэрийг 2010 оны авардугаар сарын 27-ны өдөр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс чөлөөлж, мөн оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Ц.Зоригийг томилж байжээ. МАХН-ын нэрийн асуудалтай Ерөнхийлөгч яагаад холбогддог билээ гэж уншигч та гайхаж байж магад. Тэгвэл асуудлын наад цаад талыг харж чаддаг улс төрчдийн үзэж буйгаар Ц.Элбэгдорж Н.Энхбаярт төлөх ёстой өрөө энэ удаа Ц.Зоригоор дамжуулан төлж байгаа хэрэг гэнэ. Тодруулбал, 2004 онд Ц.Элбэгдоржийг эвслийн Засгийн газрын тэргүүнээр томилсон ачтан бол Н.Энхбаяр гэнэ. Иймээс л Ц.Элбэгдорж Н.Энхбаярт томоохон өртэй үлдсэн хэрэг. Төрийн тэргүүн маань энэ “ач”-ийг санаж, аваатай өгөөтэй эр гэдгээ харуулан МАХН-ыг нэрээ бүртгүүлэхэд нь том тус хүргэлээ дээ хэмээн улс төрийн хүрээнийхэн шивэр авир хийлцэж байна.
Энэ үйл явдалтай холбоотой бас нэг зүйлийг сөхөхөд арваад хоногийн өмнө Үндсэн хуулийн цэц МАХН-ын нэрийг бүртгэх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Харин Улсын Дээд шүүх бүртгэх боломжтой гэсэн шийдвэр гаргачихлаа. Юутай ч Н.Энхбаяр хуучин бууны хугархай, чадалтай улс төрч гэдгээ харуулж, МАХН нэрийг авч үлдэж чадлаа. Түүний энэ үйлдэл Монголын улст өрд биднээс өөр хүн үгүй хэмээн “оодордог” МАН-ыг айлгаж, ирэх сонгууль багагүй өрсөлдөөн дунд явагдах нөхцлийг бүрдүүлж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )