КОВИД-19 халдвар аваад эдгэрсэн өвчтөнд “Ногоон мөөгөнцөр” илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17

Энэтхэгийн эмч нар “хар”, “цагаан”, “шар мөөгөнцөр” халдварт өвчний зэрэгцээ Индаур хотод коронавирусний халдвар аваад эдгэрсэн өвчтөнүүдэд “ногоон мөөгөнцөр” илрүүлжээ.  

Мадхя Прадеш мужийн Эрүүл мэндийн газрын мэдээллээр, Индаур хотод эмнэлэгт эмчлүүлж байсан 34 настай өвчтөнд “ногоон мөөгөнцөр” халдвар илэрсэн байна. Энэ нь тус улсад бүртгэгдсэн анхны тохиолдол аж. Халдварын улмаас түүний уушгины 90 хувь үрэвссэн байжээ. Эдгэрснээс хойш хамраас нь цус гарах, халуурах шинж тэмдэг илэрсэн байна. Эмч нар мукормикоз буюу “хар мөөгөнцөр” халдвар авсан гэж таамаглаж байсан ч шинжилгээний дүнд аспергиллез буюу “ногоон мөөгөнцөр” туссан болохыг тогтоожээ. Өвчтөнийг Мумбай хотын эмнэлэгт хүргэжээ.

Энэтхэгт коронавирусний халдварын тархалт нэмэгдэхтэй зэрэгцэн халдвар аваад эдгэрсэн хүмүүс мөөгөнцөрт халдварын өвчинд олон тоогоор нэрвэгдэж эхэлсэн билээ. Үүнээс өмнө “хар”, “цагаан”, “шар мөөгөнцөр” халдварт өвчний тохиолдлууд бүртгэгдэж байснаас “хар мөөгөнцөр” халдвар өвчний тархалт илүү байв. Хамгийн сүүлийн үеий мэдээллээр, тус улсад нийт “хар мөөгөнцрийн” 31216 тохиолдол бүртгэгдсэнээс ийм оноштой 2109 хүн нас баржээ.

Мэргэжилтнүүдийн хэлснээр, “өнгөт мөөгөнцрийн” халдварт коронавирусний халдварын улмаас эрчимт эмчилгээ хийлгэж, урт хугацааны туршид стероид эсвэл хүчилтөрөгчийн эмчилгээ хийлгэсэн хүмүүс илүү өртөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top