С.Зулпхар: Хөдөлмөрийн зах зээлийг тооцоо судалгаатай удирдах боломжийг эрэлхийлж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 22

Хөдөлмөр нийгмийн хамгаалын дэд сайд С.Зулпхартай цаг үеийн асуудлаар  ярилцлаа.


 

-Шинэ засгийн газар  байгууллагдсанаас хойш тантай анх удаа уулзаж байна. Тэгэхээр аливаа салбарын дэд сайдын эрх үүрэг ямар байдаг талаар ярилцвал болох уу?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хувьд маш өргөн хүрээний ажил, асуудлыг хамарч, олон талт үйл ажиллагаа явуулдаг том салбар гэж хэлж болно. Хөдөлмөрийн харилцаа гэхэд л холбогдохгүй салбар гэж үгүй. Нийгмийн хамгаалал талдаа хамаарахгүй нийгмийн давхарга, бүлэг гэж байхгүй ийм л том хүрээг багтаадаг юм. Энэ үүднээс авч үзвэл тодорхой ажил эрхэлж, албан тушаал хашиж байгаа дэд сайдын хувьд салбарынхаа бүхий л ажилд бүрэн оролцож, бодлого чиглэлийг тодорхойлох, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй гэж ойлгож болно. Түүнчлэн дэд сайдын хувьд тухайн салбарт хэрэг­жиж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг тухайлан хариуцдаг, ажлын онцлог нь ийм юм. Төрийн захиргааны төв байгууллагад үндсэндээ ижил байдаг.

-Бүх салбар яамны дэд сайдын эрх үүрэг ийм байдаг бол таны хариуцаж байгаа салбарын хувьд бас онцлог бий болов уу?

-Манай салбарын хувьд ХНХ-ын сайдын зүгээс тухайлж тодорхойлсон чиглэл байдгийн нэг нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал байдаг. Нөгөө талаар хөдөлмөр эрхлэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр удирдаж, зохион байгуулах системийн динамик загварыг боловсруулах ажил байна. Эдгээрт тулгуурлан одоо байгаа тогтолцоог зөв оновчтой удирдаж, тогтвортой авч явах, шинээр бий болгох, хэрэгжүүлэх шийдлийн хувилбар боловсруулах шаардлага урган гарч байна. Ялангуяа дээр дурдсан хөдөлмөр эрхлэлтийн динамик загвартай уялдсан тодорхой хүлээлт байна. Энэ нь хөдөлмөр эрхлэлтийн гол болон дэд системд  үнэлэлт дүгнэлт өгөх, нөхцөл байдлыг үнэн бодитой тодорхойлж, шийдврийн хувилбарыг гаргаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, бодлоготой уялдуулах явдал юм. Ирэх долоо хоногт энэхүү загварыг Засгийн газарт танилцуулах ажлын хэсэг саяхан хуралдаж энэ асуудлыг хэлэлцлээ. Одоогоор 56 сектортой 2000 гаруй хувьсагчтай динамик загварыг боловсруулж,бэлэн болгоод байна. Уг загвар нь хөдөлмөрийн зах зээлийг зөв удирдахад чиглэж байгаа бөгөөд хөдөлмөрийн зах зээл дээр ямар төрлийн, хэдэн ажлын байр байгаа, түүнд тохирсон боловсон хүчнийг хэрхэн бэлтгэж нийлүүлэх, ажилах бүрэлдэхүүн нь ямар онцлогтой байхыг шийдвэрлэх зорилготой юм. Нөгөө талаар энэ нь яам,агентлаг хооронд яригдах салбар дундын асуудал. Социализмын үед хөдөлмөрийн баланс гэсэн тооцооллыг хийдэг байсныг өнөөдөр бид орчин үеийн их өгөгдөл, мэдээлэл техинологийн дэвшлийг ашиглаж, загварчлан программчилж байгаа юм. Мэдлэг суурилан бодлого шийдвэр тодорхойлох, хэрэгжүүлэх нөхцлийг үүгээр бүрдүүлнэ. Үүнийг манай салбарт хийж буй томоохон дэвшилтэт ажил, алхам гэж ойлгож болно.

-Үүнтэй холбогдуулан сонир­хоход,  нийгмийн тодор­хой хэсэг буюу зорилтот бүлэгт чиглэсэн ямар бодлого чиглэлийг тодорхойлон хэрэгжүүлж байна вэ. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн тодорхой бүлэг байдаг?

-Үндэсний статистикийн  хорооны мэдээллээр Монгол Улсад 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Тэдний нэг хэсэг нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байдаг бол цөөнгүй хэсэг нь ажил мэргэжил,ахуйн нөхцөлөөс шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй болж улмаар энэ бүлэгт хамааралтай болдог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх төрийн  үзэл хандлагад хувьд ихээхэн өөрчлөгдсөн. Тухайлбал, төрөөс тэдний нийгмийн хамгааллыг хангах үүргийн дагуу ажил,орлоготой байлгахыг хичээж байна. Улмаар тэд нийгмийн хамгааллын үр шимийг  хүртэхээс гадна нийгмийн хөгжилд өөрсдөө оролцдог, өөрсдөө бие даан нийгмийн хамгааллаа тодорхой хэмжээнд хангаж боломжийг нээх шаардлагатай гэж үзэж байга болно. Тийм ч учраас Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн тухай хуулийг 2017 онд батлан хэрэгжүүлж, 2019 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар гэсэн агентлагийг байгуулсан нь тэдний төлөө хийж хэрэгжүүлж буй засаг, төрийн бодлогыг хэрэгжилтийг сайжруулахад чиглэгдэж байгаа юм.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт,нийгмийн халамж, эрүүл мэнд гээд салбар дундын олон асуудал байдаг. Тэдгээр асуудлыг оновчтой уялдуулах, хийдэл гаргахгүй байх дээр төрийн бодлого чиглэгдэж байгаа. Түүнээс гадна Засгийн газраас энэ асуудлыг  тухайлан авч үзэж, Ерөнхий сайдын ажлын албанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар Ерөнхий сайдад зөвлөх орон тооны зөвлөхтэй болох шийдвэр гараад байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал төр, засгийн анхааралд байгааг илтгэж байгаа төдийгүй тэдний нийгэм,эдийн засгийн байдлыг шийдвэрлэх явц,бодлогод нэг алхам ойртож буй явдал юм.

-Тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориул­сан тусгай хууль байдаг. Түүний хэрэгжилт нь хэр явцтай байгаа вэ?

-Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1-т 25-аас доошгүй орон тоотой ажлын байранд хөгжлийн бэрхшээлтэй нэг хүнийг ажиллуулах тухай заалт бий. Энэ дагуу тухайн байгууллага, аж ахуйн нэгж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөн дүнг төлөвлөсөн байх ёстой. Өнгөрсөн жил яг ийм төлөвлөлтөөр найм гаран тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байдаг. Ийм хэмжээний хөрөнгийг жил тутам бүрэн зарцуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний үүсгэл санаачлагаар байгуулагдсан ТББ-ын шууд оролцоотой тодорхойлж, Зас­гийн газарт танилцуулаад байна.

-Тус салбарын чиг үүргийн бас нэг чухал асуудал нь хөдөлмөр эрхлэгчдийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх бодлого байдаг. Энэ талаар сүүлийн үед ямар шийдвэр гаргасан бэ?

-Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санал болгож, чиглэл өгсөн бодлого шийдвэрийг төр, засгийн бодлогод тусгахад тухайлан анхаарал хандуулж, ажил хэрэг болгож байна. Учир нь, НҮБ-аас тодорхойлсон хөгжлийн зорилтуудыг нэг нь зохистой хөдөлмөр эрхлэлтийг бүхий байгууллага, ажил олгогч, ажилтан мөрдөж хэрэгжүүлэх явдал юм. Манай улс 1997 онд Олон улсын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн 155 дугаар конвенцод нэгдсэнээр хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчныг бүрдүүлэх, түүнийг хэрэгжүүлэх институцийг бий болгох үүрэг хүлээсэн. Тиймээс 2008 онд анх удаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг баталж, хэрэгжүүлэхийн зэрэгцээ үүнтэй уялдуулан тав дахь удаагийн Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Эдгээрийн гол зорилго нь, ажилтан ажлын нөхцөлтэй холбоотой осол гэмтэлд өртөх, мэргэжлээс шалтгаалсан хүнд, хөнгөн хэлбэрийн өвчин тусахаас урьдчилан сэргийлэх явдал юм. Үүнтэй холбоотойгоор ажлын нөхцөл байдлыг тодорхойлох, аюул осолд өртүүлэхгүй байх бололцоог ажилтан, ажил олгогч, төрийн байгууллага хангах ёстой. Үүний цаана хувь хүний эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, сэтгэл зүй, цаашлаад өрхийн амьжиргаатай холбоотой асуудал байнга хөндөгдөж байдаг.

-Хөдөлмөр нийгмийн  зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрт ХНХЯ ямар байр суурьтай оролцдог вэ. Тухайн хэлэлцээрт хөдөлмөрийн хүний эрх ашгийн талаар хэрхэн тусгаж байна вэ?

-Улсын гурван талт хэлэлцээрт ажил олгогч, ҮЭ-ийн байгууллага болон төрийн төлөөлөл оролцдог бөгөөд хамаарал бүхий талууд нөхцөл байдлыг бодитой үнэлж дүгнэх, түүнд суурилан нийгэм, эдийн засгийн тодорхой шийдвэр гаргахад чиглэсэн хэлцэл юм. Үүнд ажлын байр, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал томоохон байр суурь эзэлдэг. Засгийн газрын зүгээс ажил олгогч болон ажиллагсдын эрх ашгийг хамгаалагч МҮЭ-ийн байр суурийг хууль журамд нийцүүлэн удирдах замаар, хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа талуудын сонирхлыг  оновчтой тодорхойлж, уялдуулах зорилготой оролцдог. Талуудын хүсэл сонирхол, ашиг сонирхлыг бүрэн дүүрэн дэлгэн тавьж, нээлттэй хэлэлцэж, харилцан ойлголцож шийдвэр гаргах бөгөөд тодорхой нөхцөлд нийгэм, эдийн засгийн бодит нөхцөл байдал, алс хэтийн зорилттой уялдуулан харилцан ойлголцож, хамтран ажиллах байгааг тэмдэглэх нь зүйтэй.

-Шинэ Засгийн газар байгуулагдсан цагаас хойш хөдөлмөрийн харилцааг зохи­цуулах талаар ямар бодитой өөрчлөлт хийж байна вэ?

-Энэ долоо хонгийн мягмар гаригт УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан шийдвэрийн талаар Ц.Мөнх-Оргил гишүүн мэдээлэл хийсэн. Түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл боловс­руулсан  төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болсныг онцолсон нь манай салбарын томоохон  ажлын нэг нь болж байна. Хөдөлмөрийн тухай  хуулийг 1999 онд баталсан бөгөөд түүнээс хойш нийгэм, хөдөлмөрийн харилцаатай холбоотой томоохон шинэчлэл явагдаж  байгааг та бүхэн мэднэ. Тухайлбал, 1999 онд дээрх хуулийг баталж байх үед Засгийн газар өөрөө нийт ажиллах хүчний 80 орчим хувийг ажлаар хангаж байсан бол өнөөдөр энэ тоо хувийн хэвшлийнхэнд хамааралтай болсон байна. Үүнийг дагаад хөдөлмөрийн шинэ харилцаа бий болж, хуулийн өөрчлөлт шинэчлэлтийг шаардах боллоо. Үүнээс гадна Хөдөлмөр эрхлэл­тийг дэмжих тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулж, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг шинэчлэхээр  төлөвлөж байна. Бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хуулийг дагалдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний хүртээмжийг нэмэгдүүлэх талаарх хуулийн төслийг боловсруулаад эхэлчихсэн. Энэ бүхэн нь зөвхөн хөдөлмөр, нийгмийн  хамгааллын төдийгүй салбар дундын асуудал байдаг учраас өргөн хүрээг хамарсан  шинэчлэл байх болно гэсэн хүлээлттэй ажиллаж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top