Ерөнхийлөгч Х.Баттулга, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар Хан-Уул дүүргийн VIII хороонд хэрэгжиж буй спортын бүтээн байгуулалтын төслүүдийн явцтай танилцсан байна.
Тодруулбал, “Степпе Арена” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө” төсөл, мөн нийслэлийн өмчит “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн захиалгаар хэрэгжүүлж буй “Зүүн Азийн залуучуудын наадам-2023”, “Олон улсын Залуучуудын ногоон наадам-2025”-ыг хүлээн авах Спортын цогцолборын төслийн барилгын ажилтай танилцаж, мэдээлэл сонсжээ.
Төслүүдийн хүрээнд 3500 хүртэлх хүний багтаамж бүхий Монголын анхны битүү дээвэртэй спортын ордон, төрөл бүрийн спортын тэмцээнийг зохион байгуулах зориулалттай, 2100 хүний багтаамж бүхий спортын цогцолбор, 10 замтай усан спортын ордон, хөл бөмбөгийн талбай, техникийн төвийг цогцолбор хэлбэрээр нэг байршилд барьж байгуулж байгаа аж. Дээрх төслүүд хэрэгжсэнээр Монгол Улс спортын салбарт олон улсын стандартад нийцсэн материаллаг баазтай болж, тив, дэлхий, бүсийн хэмжээний спортын тэмцээн, уралдааныг эх орондоо хүлээн авах боломжийг нээж буйгаараа онцлог гэнэ.
Монгол Улсад анх удаа баригдаж буй Олон улсын олимпын хорооны стандартад нийцсэн мөсөн гулгуурын талбай бүхий битүү дээвэртэй спортын ордны шав тавих ёслол 2019 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болж, Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байв. Тэгвэл улсын төсвөөс хараат бусаар, үндэсний аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй тус төслийн барилга угсралтын ажил үндсэндээ дуусаж, дотоод засал, мөсөн шалыг тавих ажил эхэлсэн байна. Тус ордон нь Олон улсын олимпын хорооны баримтлах стандарт буюу 60х30 метрийн хэмжээстэй мөсөн гулгуурын талбай, тамирчид, шүүгчдийн хувцас солих өрөө, хэвлэл, мэдээллийн ажилтнуудын өрөө, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх өрөө зэрэг зөвхөн уралдаан, тэмцээнд зориулсан 10 гаруй өрөө, тасалгаатай аж. “Мөсөн ордон”-той болсноор мэргэжлийн хоккей, уран гулгалт зэрэг өвлийн спортын төрлүүдийг Монгол Улсад хөгжүүлэх суурь тавигдахаас гадна тусгай зориулалтын шал дэвссэнээр бүх төрлийн танхимын спортын уралдаан, тэмцээн, соёл, урлагийн болон хурал, зөвлөгөөн зэрэг бусад үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой юм байна. Төслийг хэрэгжүүлэгчид тус ордныг 2021 оны долдугаар сард багтаан ашиглалтад оруулна гэжээ. Тэгвэл Монгол Улс 2023 онд Зүүн Азийн залуучуудын наадам, 2025 онд Олон улсын Залуучуудын ногоон наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор эх орондоо зохион байгуулна. Анх удаа эх орондоо “наадам”-ын статустай, 12, 21 төрлийн спортын олон улсын тэмцээнийг хүлээн авах болсонтой холбогдуулан Спортын цогцолборын төслийн бүтээн байгуулалтын ажил 2019 онд эхэлж, төслийн явц 60 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд төслийн захиалагчаар Засгийн газрын тогтоолоор 2019 онд байгуулагдсан нийслэлийн өмчит “Улаанбаатар спорт менежмент” ХК ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
nogoon naadam geh balai zvilee bolison deer dee.deer battulga buugaad hvrelsvh yg demjij haragdaachee..