УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг (Засгийн газар өргөн мэдүүлсэн) хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн хугацаа зургаадугаар сарын 30-нд дуусгавар болж байгаа тул нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ. Ингээд хэлэлцэх эсэхийг шийдэх явцад УИХ дахь АН-ын бүлэг тав хоног завсарлага авах хүсэлт гаргасан боловч хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэж байгаа тул нэг хоногийн завсарлага өглөө.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Энэ хуулийг дэмжиж батлахаас өөр аргагүй. Хуулийг батлахгүй бол улс оронд замбараагүй байдал үүснэ. Цаашид ард иргэдээ өвчин, халдвараас хамгаалах ажилд УИХ хяналт тавих шаардлагатай байна. Өнөөдөр гишүүд янз бүрийн юм ярьж байна. МАН дотоод зөрчлөө цар тахлын хууль руу битгий оруул. Өчигдөр МАН-ын зарим гишүүд энэ хуулиар завсарлагыг АН-ын бүлгийн даргад авах захиалга өгч байсан. Бүлэг дээрээ энэ асуудлыг ярих хэрэгтэй гэж би хэлсэн. Өнөөдөр цар тахал ярьж байхад албан тушаалын томилгоо ярьж байгаа хүн бий. Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын мөнгийг эрүүл мэндийн төлөө зарцуулах ёстой.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
-Бүлгээс нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж удаа дараа шаардлага, зөвлөмж хүргүүлж байсан хэдий ч эрх баригчид үл ойшоож, ДЭМБ-аас зөвшөөрөөгүй вакцин импортлох, вакцин тасалдуулах зэргээр эхний тунгаа тариулсан иргэдийг одоо ч эрсдэлд оруулсаар байгаа. Вирусний мутацлагдсан хувилбар илэрсэн гэх ч мутацлагдсан вирус илрүүлэх лабораторигүй, сорьцыг гадагшаа явуулж шинжлүүлж байгаа. Эдгээр нь Засгийн газар, УОК, ЭМЯ эрсдэлт нөхцөл байдалд шуурхай, хурдтай арга хэмжээ авах чадамжгүйг харуулж байна гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг дүгнэлээ. Түүнчлэн Засгийн газар, Улсын онцгой комиссийн цар тахалтай тэмцэх стратеги төлөвлөгөө оновчгүйгээс халдварын тархалт хяналтаас гарсан. Эмч, эмнэлгийн ажилтнууд ядарч туйлдаж, олон бизнес хаалгаа барьж, хэдэн зуун мянган иргэд ажил орлогогүй болов. ПСР шинжилгээ төлбөртэй болж, халдвар авсан иргэдэд эмнэлгийн ор олдохгүй, эмчлэх эм тарианы үнэ өсч олон нийтийн бухимдлыг бий болгосон зэрэг нь тус хууль хангалтгүй хэрэгжсэн гэдгийг харуулж байна гэлээ.
Мөн цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлэв.
Цар тахал 223 орныг хамарч, 180,8 сая хүн өвчилж, 3,8 сая хүн нас барж, 167,7 хүн эмчлэгдээд байна.
Харин Монгол Улсад 100263 хүн өвчилсөн ба 554 нь зөөвөрлөгдөж ирсэн. Үүнээс 99709 иргэн эдгэрсэн бол харамсалтай нь 479 иргэн нас бараад байна. Өнгөрсөн хугацаанд таван удаагийн хөл хорио тогтоож, хоёр удаа хугацаа сунгасан байна.
Байнгын ажиллагаатай 14 боомт ажиллаж байна. Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах зайлшгүй шаардлага үүсээд байна.
Эм оношлуурын нөөц, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бүрдүүлэлт, ор дэлгэхэд нэгдмэл зардлын хүндрэл үүсч байна.
Энэ жилийн төсөвт Засгийн газрын нөөц сангийн мөнгө 40 тэрбум байхаар батлагдсан боловч 2021 оны зургаадугаар сарын 15-ны байдлаар зарцуулах дүн 52,4 тэрбум гараад байна. Цаашид санхүүгийн асуудал үүсэхээр байх тул шинэчлэн оруулж байна.
Эрүүл мэндийн даатгалын сангийн 1,2 их наяд төгрөгөөр батлагдсан боловч зургаадугаар сарын 8-ны өдрийн байдлаар 32,4 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг сангаас захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгох шаардлагатай байгаа тул хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа аж.
УИХ-ын чуулган хуралдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )