Улаанбадрахчуудын өчил буюу ураны мөрөөр хийсэн тэмдэглэл-IV

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 28

-А.Уранбилэг. Миний хүүг эмч нар вакцинаас болсон гэдэг ч уг үндэс нь өөр шалтгаантай гэж би боддог-

 

Түрүүч нь:

Зулай, зулайгаа гишгэж төрсөн ахан дүүсийн хүйн холбоо гэдэг дэндүү нандин юм. “Ах минь дэргэд байгаа нь л гоё. Том болоод ахыгаа л эмчилнэ. Тиймээс би ирээдүйд эмч болох гэж байгаа” хэмээн хоолой зангируулж, нулимс дуслуулан ярих дүү охиныхоо ая байдлыг анзаарсан ах И.Давхарбаяр тэрүүхэндээ гайхан бидний яриаг ойлгохыг ихэд эрмэлзэж байгаа нь илт. Харамсалтай нь тэр сонсохгүй ч зөн совин гэдэг хүчтэй юм. Дүүгийнхээ ая байдлыг анзаарахын дээдээр анзаарч, мэдрэхийн дээдээр мэдэрч байгаа нь хөндлөнгийн надад ч ажиглагдаж байв. И.Давхарбаяр хүүгийн хувьд сонсголын бэрхшээлтэйгээс гадна саажилттай бололтой юм. Хүү л юм болсон хойно дэггүй гэж жигтэйхэн. Энд тэнд гүйж очоод л хүн бүртэй тоглож наадах. Харамсалтай нь өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй байгаа нь хүүд хүндхэн тусдаг нь тодорхой. Холоос яваа хотын биднээс эхэндээ бишүүрхэнгүй байснаа хэсэг хугацааны дараа дундаа орж, тоглож эхлэв. Дохио зангаагаар дуудаж, гадаа дагуулж гарснаа гэрийн хажуу дахь усны сав руу зааж, дэргэд байгаа машины чиргүүл рүү гүйж очиж үзүүлэх. Үүнийг нь харсан дүү охин И.Давхарсарнай “Агаа та нарт машинаар ус авдаг” гэж хэлээд байна шүү дээ, хэмээн хэлмэрчлэх. Энэ мэтчилэн “Том болоод мотоцикльтой болно”, “Хайртай” гээд л хүүгийн бидэнд хэлэх гэсэн санааг дүү охин нь тайлбарлаж өгөх. Энэ зуур хүүхдүүдийн ээж А.Уранбилэгтэй цөөн хором ярилцлаа.

 

“Ноднин шавар дээр очоод удаагүй зулбачихсан”

 

-Уучлаарай Уранбилэгээ, ийм зүйл асууж байгаад. Хүү тань яагаад ийм болоод төрчихсөн юм бэ?

-Эмч нар тайлбарлахдаа бага жинтэй, дутуу төрсөн хүүхдэд вакцин хийснээс болж, ийм болсон гэж хэлдэг юм.

-Яг хэдэн килограмм жинтэй хүүхэд төрсөн юм бэ?

-Жин нь хоёр кг, 300 граммтай гарсан. Эмч нарын тайлбарласнаар хоёр кг, 500 граммаас дээш жинтэй хүүхдэд вакцин хийх ёстой. Түүнээс бага жинтэй хүүхдэд хийж болдоггүй байсныг нь л сувилагч хийснээс болж хүүг маань ийм өвчтэй болсон гэж тайлбарласан. Гэхдээ би дан ганц вакцинаас болоогүй. Уг үндэс нь өөр шалтгаантай л гэж бодож явдаг.

-Ямар?

-Өсөлт нь гүйцэд явагдаж, жиндээ хүрээгүй, дутуу төрсөн уг шалтгаан нь манай нутаг дахь ураны нөлөөлөл л болов уу. Угаасаа манай энэ хавийн төрөх насны эмэгтэйчүүдийн дунд дутуу төрөлт их гарах болсон шүү дээ. Өнгөрсөн жил л гэхэд би шавар дээр очиж ирээд хэдхэн хоносны  дараа зулбасан. Тухайн үед бага сартай жирэмсэн байсан юм.

-Шавар гэдэг нь...

-Уурхайн өрөмдлөгөөс л гардаг хаягдал шавар гэсэн үг. Шаврын тийм цэгүүд манай энд хэд, хэд бий. Сүүлд хүмүүсийн ярианаас сонсоход тэр хаягдал шаварт чинь л хамгийн их хортой бодис байдаг гэж ойлгосон.

-Ураны нөлөөллөөс болж хүүхэд чинь дутуу төрсөн гэдгээ та холбогдох хүмүүст нь хэлж байв уу?

-Би өнгөрсөн хугацаанд уранаас болж, дутуу төрсөн гэж хэд, хэдэн удаа ярьж хэлсэн. Гэвч намайг манай сумын удирдлагууд загнаж, “Хүүхдээрээ шоу хийлээ” гэж зэмлэж ч байсан удаатай. Угаасаа би ураныг хортой байх магадлал өндөр гэж бодож байгаа. Яагаад гэвэл, ганцхан надад ийм зүйл тохиолдоод байгаа юм биш. Ил хэлдэггүй ч, далд байдлааар маш олон эмэгтэйчүүд зулбаж, заримаас нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрж байгаа нь үнэн шүү дээ. Би нэг зүйлийг баттай хэлж чадна. Эмч нар намайг энэ хүүгээ төрүүлэхэд “Чамаас өөрөөс чинь болсон” гэж байсан. Тэд намайг охиноо гаргах гэж байхад ч “Чамаас  дахиад асуудалтай хүүхэд гарна” гэж байсан. Гэтэл миний охин эв эрүүл төрсөн. Яагаад гэвэл, би энэ охиныгоо гэдсэнд олсон цагаас л суурин газар байсан. Төрөн төртлөө амьхандаа уух усандаа хүртэл анхаарсан. Тийм болоод ч миний охин зүгээр гарсан.

-Хүүгээ төрүүлэхдээ хөдөөнөө байж байгаа төрсөн юм уу?

-Тиймээ. Тэгэхээр эмч нарын хэлсэн шиг надаас асуудалтай хүүхэд гарахгүй. Өөр шалтгаан л хүүд маань нөлөөлсөн байгаа юм.

-Та ураны нөлөөллөөс болсон гэж бодож байгаа бол ураны үйл ажиллагаа явуулж байгаа  компанитай холбогдож үзсэн үү?

-Эх хүний хувьд хүүгийнхээ эрүүл мэндэд л их санаа зовдог. Тиймээс би хүүдээ дунгийн суулгацын хагалгаа хийлгэчих юмсан гэж их боддог. Судлаад үзэхээр 60 гаруй сая төгрөг ордог юм байна. Тэр их мөнгө нэг айлаас гарахад хэцүү шүү дээ. Тиймээс би энэ хуучнаар “Кожеговь”, одоогийн “Бадрах энержи”-гийн Олон нийттэй харилцах албаны хүнтэй холбогдож, хүүгийн маань эмчилгээнд нэмэр болохыг хүссэн. Гэвч өөдөөс  “Та манай үйл ажиллагааны эсрэг ярилцлага өгдөг учраас таньд тусална гэж хэлж чадахгүй” гэж хариулсан гэв.

Улаанбадрах, Зүүнбаянгийн эмэгтэйчүүдийн дунд тулгараад буй нэгэн асуудал нь дутуу төрөлт болоод байгаа аж. Дутуу төрсний улмаас эх нярайд үүсэх хүндрэл бэрхшээлийн золиос болсон А.Уранбилэг өөрт учирсан бүхнээ ийнхүү ярилаа.

 

Н.Сарантуяа: Саажилттай маягийн хүүхдүүд манай энд мэндлэх болсон

 

Ураны хайгуул, туршилтын үйл ажиллагаа эрхэлж буй уурхайн голомтоос 40 гаруй километрийн зайд байрлах Зүүнбаянгийн уугуул иргэн Н.Сарантуяатай уулзлаа.

Тэрбээр:

-Эгч нь энэ нутаг орондоо 53 жил амьдарч байгаа хүн. Манай нутагт ураны энэ хайгуул, туршилтын ажил хийгдсэнээс болж, маш их асуудал ар, араасаа хөврөх болсон. Тэр дундаа ус, хөрсний бохирдол дээр хийсэн шинжилгээний хариунууд маш их хортой хүнд металлуудтай гэж гарч байгаа нь сэтгэлийг минь их зовоож байна. Хүнцэл л гэхэд байх хэмжээнээс илүү гарсан байгаа юм. Бид өндөр мэргэжлийн төвшинд ярьж чадахгүй ч бодитоор илрээд байгаа бэрхшээлээ хэлмээр байна. Манай энэ орчмын мал дээр илэрч байна. Хүүхдүүдэд маань илэрч байна. Эндээс ойрхон амьдардаг гурван ч хүүхэд өвчтэй төрсөн. Тэр хүүхдүүдийн өвчний шалтгаан энэ ураны нөлөөнөөс л болсон гэж үздэг. Саажилттай маягийн хүүхдүүд төрөх болсон. Мөн нийт хүн амд илрээд байгаа нэг өвчин бол харшил. Хүмүүсийн үе мөч маш их өвдөж байна. Тэр бүхний шалтгаан нь энэ ундны ус, түүнд буй хүнд металлын элементээс л болж байгаа гэж бодож байна. Тэр хүнд металл гэдэг чинь шүүгдээд арилдаггүй юм гэсэн. Цэвэр усыг байн байн зөөгөөд уух боломж байхгүй. Мал маань ийм ус ууж байгаа юм чинь тэр малын махыг бид бүү хэл  Улаанбаатар руу тонн, тонноороо ачигдаж байгаа шүү дээ. Энэ бол Монголын хэмжээний асуудал шүү. Одоо энэ худгийн уснаас сүүтэй цай чанахад л шууд ээддэг. Сая бид булаг шанд дээр очоод үзэхэд мэргэжлийн хяналтын байгууллагаас бүгдэд нь файз энэ тэр хатгасан гэж байгаа. Хатгалаа гэхэд бид хаанаас усаа уух юм бэ. Малаа юунаас ундаалах юм бэ” хэмээн бухимдлаа илэрхийлж байсан юм.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.9.46.108) 2021 оны 06 сарын 28

Худлаа гэж чи юуг нь хуцаад байнаа хог хужаа лалараа.

0  |  1
Худлаа зүйл бичхээ б(192.82.75.34) 2021 оны 06 сарын 28

Худлаа зүйл бичхээ боль 2 хөрш чинь сансарт нисээд атомын цахилгаан станцууд ажиллуулаад хөгжөөд байна. Алийн болгон жалга довондоо хэрүүлтэй хэвтэх юм бэ? Хөгжихгүй энэ хэвээрээ байгаад байвал юун хөгжих улс үндэстнээ ч алдаж магадгүй. Монгол улс мандан бадраг

0  |  1
Шударга (66.181.161.66) 2021 оны 06 сарын 28

Шударга ёс хаана бн. 2 хил гарантай хүүхэд яахаараа дутуу бдын тэр ыайтугай 800 граммтай хүүхэд эрүүл саруул өсөж торниод болоод бхад. Хөдөөгийнхөө ардыг ингэж доромжлохгүй шүү Эмч нараа

1  |  0
Э мч(66.181.161.66) 2021 оны 06 сарын 28

Эвийдээ эвий

0  |  0
Top