Уудам говийн тэнүүн тал Улаанбадрахын нутгаас бэлтгэн хүргэж байгаа цуврал сурвалжлагынхаа тав дахь цувралыг уншигчдадаа толилуулж байна. Өмнөх дөрвөн дугаарт нутгийн уугуул иргэдийн ярилцлага болон Улсын мал эмнэлгийн төв лабораторийн их эмч С.Цэрэнчимэд, Олон улсын Химийн зэвсгийн мэргэжлийн шинжээч, цэргийн химич, доктор (Ph.D), бэлтгэл бригадын генерал Монтойн Хүрлээ нарын ярилцлагыг бэлтгэн хүргэсэн билээ. Тэгвэл өнөөдрийн дугаарт уран олборлох “Уусган баяжуулах арга” гэж чухам ямар технологи байдаг талаар Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Ш.Түвдэнбалжиртай уулзаж ярилцлаа.
Төгсгөл. Түрүүч нь
Ш.ТҮВДЭНБАЛЖИР: БАЙГАЛЬ ДЭЭР НЬ УУСГАН БАЯЖУУЛАХ АРГААР ОЛБОРЛОНО ГЭДЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛ
-Манай сонины урилгыг хүлээн авч ярилцлага өгч байгаад баярлалаа. Өөрийн тань хувьд эрдэмтэн хүн. Тэр ч утгаараа Монгол оронд нүүрлээд байгаа ураны хор хөнөөл, байгаль экологид учрах эрсдлийн талаар тодорхой тайлбарлаж өгөх боломжтой хүн гэж бодож байна?
-Юуны өмнө олон нийт төдийгүй хэвлэл мэдээллийнхэн энэ асуудлын уг үндсийг нь маш зөв ойлгож, ярих хэрэгтэй. Тухайлбал, шууд ураны хор хөнөөл гэхээс илүүтэй уран олборлох ямар аргыг Монголд туршсан болон тэр аргын байгаль экологи, хүн малд учруулах хор уршгийн талаар ярих учиртай юм шүү дээ.
-Манай улсад ураны хайгуул, туршилтын олборлолт хийгдсэн байдаг. Олборлолт хийсэн арга нь газар доор “Уусган баяжуулах арга” юм билээ. Энэ аргын талаар та тайлбарлаж өгөхгүй юу?
-Ямар ч ашигт малтмалыг олборлоход байгаль дээр нь уусган баяжуулах аргаар олборлоно гэдэг байж болохгүй зүйл. Хүн төрөлхтөний түүхэнд сургамж болсон цөөнгүй жишээ бий. Тухайлбал, Японы Минамото мужид ашигт малтмалыг уусган баяжуулах технологиор олборлосноос болж, маш олон мянган га газар сүйрэлд орж, төрөл бүрийн өвчин эмгэг хүн, амьтан дээр үүссэн байдаг. Бүр “Минамотогийн өвчин” гэдэг нэршил ч гарсан түүхтэй. Тйимээс ч НҮБ-аас “Минамотогийн конвенци” баталж, дэлхийн олон орон нэгдэн орсны нэг нь Монгол Улс байдаг.
-Тэгэхээр газрын гүнд уусган баяжуулах арга гэдэг нь маш хортой зүйл байх нь ээ?
-Уусган баяжуулалтын технологи гэдэг нь химийн уусмалын уусгагчийг ашиглаж, тухайн хүдрийн биетээс ашигт малтмалыг ялган авах арга юм. Химийн уусмалыг ашигладаг үүнээс гадна “Хөвүүлэн баяжуулах арга” гэж байна. Энэ аргыг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Оюутолгой, Бор өндөрийн жоншны баяжуулах үйлдвэрүүд ашиглаж байна. Мөн гидро металлургийн арга гэж бий. Энэ нь цианидтай хүхрийн хүчлийн уусмалыг ашигладаг технологи юм. Гэх мэтчилэн химийн бодисыг ашигладаг хэд, хэдэн олборлолтын арга бий. Гэхдээ энэ аргууд нь гаргаад ирсэн хүдрээ тусгаарласан банн, сан бий болгоод ашигт малтмалаа баяжуулан ялгаж авдгаараа онцлог. Гэтэл газрын хөрсөнд уусган баяжуулах нь тэр баяжуулсан уусмалаа л шууд газрын гүнд нь хийчихээд байгаагаараа ялгаатай. Ер нь аливаа ашигт малтмалыг олборлохдоо ил болон далд уурхайн аргыг ашигладаг. Францын “Арева” компани бол газрын доорх уусган баяжуулалтын арга гэдгийг хэрэглэдэг. Энэ арга нь ашигт малтмалыг олборлох хамгийн хямдхан арга болохоос бус байгаль экологид хамгийн хор хөнөөлтэй арга юм. Уг технологи газрын гүн рүү өрөмдлөг хийж, химийн уусмалаа шахаад хэсэг хугацааны дараа баяжмалаа соруулж авдаг арга юм.
-Химийн уусмал гэдэг нь хүхрийн хүчлийг хэлээд байна уу?.
-Ганцхан хүхрийн хүчил биш шүү дээ. Маш олон төрлийн химийн бодисуудыг хамтад нь шахдаг. Яахав хамгийн их хэмжээгээр, олон мянган тонноор хийж байгаа нь хүхрийн хүчил болохоос бус өөр олон төрлийн химийн бодис ашигладаг байгаа. Энэ бол технологийнх нь онцлог. Газрын гүн рүү тэр их химийн бодисыг хийгээд буцаагаад соруулж авч байна. Гэхдээ тэр их бодисыг газрын гүн рүү хийхдээ өөр бусад технологи шиг том банн, бүтэн тусгаарлагдсан савлагаатай хэсэг рүү хийхгүй, ил задгай шууд байгаль руу шахаж байгаа нь хамгийн ноцтой.
-Гэхдээ хөрсний шаварлаг давхарга тухайн бодисыг газрын гүн рүү нэвтрүүлдэггүй гэж тайлбарладаг юм билээ?
-Тиймээ, францчууд тайлбарлахдаа шавран үе байгаа болохоор газрын гүнд нэвчихгүй гэдэг. Яахав, технологийнхоо горимоор хоёр, гурван жилдээ доошоогоо нэвчихгүй байж болно. Гэхдээ хэдэн арван жилдээ уусаж, газрын гүн рүү нэвчихгүй гэх баталгаа байхгүй. Доошоогоо нэвчдэггүй юмаа гэхэд өөр нэг зүйл нь хөндлөн хаалт гэж байхгүй. Яаж бодсон ч тэр бодис чинь газрын задгай хөрсөнд тал бүртээ тархана биз дээ.Тиймээс энэ яригдаад байгаа газрын гүнд уусган баяжуулах аргыг маш нарийн судалгаатай хэрэглэх ёстой. Тиймээс уран олборлохоор зэхэж байгаа компаниас “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ” байгаа эсэхийг нь маш сайн асууж судлах хэрэгтэй. Байвал ямар компани хийсэн бэ гэдгийг л анхаарах ёстой. Түүгээр зогсохгүй байгаль орчны нэгдсэн үнэлгээнд нь экспертүүдийн дүн шинжилгээ гаргуулах хэрэгтэй. “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ” гээд байгаагийн учир нь газар доор уусган баяжуулах аргаар уран олборлох нь хүрээлэн буй орчинд нөлөөлөх үү, хүн амын эрүүл мэндэд өөрчлөлт оруулах уу гэдгийг чинь шийдэх үндсэн бичиг баримт шүү дээ. Энэ үнэлгээг хийхийн тулд газрын доорх усны бүрэн судалгааг хийх хэрэгтэй гээд яриад байвал их зүйл гарч ирнэ.
-Тэгэхээр ураныг олборлох технологийн процессыг л маш сайн анхаарах хэрэгтэй юм байна?
-Тиймээ. Би түрүүн хэлсэн дээ, манайхан “Ураны хор” л гээд байдаг. Яг үнэндээ цэвэр ураны хор гэхээс илүүтэй ураныг гаргаж авах гэж байгаа энэ аргыг нь ярьдаггүй. Яг үнэндээ ураныг гаргаж авах энэ процесс л байгаль дэлхийд хамгийн хортой байгаа юм. Яаж бодсон ч асар их зардал гаргаад уран ялгаж авах гэж байгаа компани чинь нэг грамм ч уран алдахыг хүсэхгүй. Тэр уусган баяжуулалт дотроо уранаа жаахан ч гэсэн алдахгүйн төлөө үйлдвэрийн процессоо ажиллуулна. Ашгийн төлөө л явж байгаа байгууллага шүү дээ. Тийм байхад ураныг ялгаруулаад гадагш алдана гэдэг ямар ч үндэс байхгүй. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл, асуудлын цөм нь уран гэгч зүйл дээр бус уусган баяжуулах тэр арга дээр нь байгааг анхаарах учиртай юм гэдгийг хэлэх гэсэн санаа. Үндсэндээ ураныг олборлох явцад байгаль экологи, хүн, амьтанд нөлөөлөх сөрөг хүчин зүйлсийг тодотгон ярих цаг нь болсон.
-Олон нийтийн дунд зөвхөн ураны хорыг л ярьдаг нь үнэн. Харин хэрхэн олборлодог талаар төдийлөн ойлголтгүй ирсэн байдаг ч сүүлийн жилүүдэд энэ талаар дуугарах эрдэмтэд, иргэний хөдөлгөөнийхөн олширсон байна лээ?
-Нийгэмд Чернобыль, Фүкүшимагийн ослуудаас ойлгосон сургамжаас ч юм уу уран гэдэг нь ийм хортой гэдгийг массаараа хүлээн зөвшөөрдөг нь зөв хандлага. Дээрээс нь иргэний хөдөлгөөнийхөн, байгаль экологийнхоо төлөө тэмцэгчдийн олон нийтэд өгдөг мэдээлэл ч үр дүнгээ өгсөн. Гэхдээ тэд зөвхөн ураны хор гээд л туйлшраад байсан. Үйлдвэрлэлийн нарийн процесс болон яг юунаас болж хамгийн их хор хөнөөл гарах болсон талаар ярьж байсангүй. Энэ бүхнийг нь уран олборлогчид олзолж, тэдний мэдээлэл дутуу ч гэхүү байдлыг нь ашиглаж, сөргүүлээд мэтгэлцэх, улмаар зарим зүйлийг нь няцаах оролдлого хийх болжээ. Иймээс яг л энэ цаг үед нь эрдэмтэн судлаач бид эх орныоо ирээдүйн эрүүл аюулгүй байдлын төлөө дуугарч, уран олборлолттой холбоотой нарийн асуудлыг сөхөж тавих цаг нь болсон гэж үзэж байна. Тиймээс одоо бид химийн шинжлэх ухааны эрдэмтэд, цөмийн физикийн судлаач нарынхаа үгийг сонсох цаг болсон гэж бодож байна. Энэ чиглэлээр манай Монголын эрдэмтэд дэлхийн төвшинд судалгаа шинжилгээ хийж, ажиллаж явсан туршлагтай хүмүүс байгаа нь сайн хэрэг.
Жишээ нь, Нобелийн шагналт, доктор Д.Эрдэнэцогт байна. Түүний хувьд НҮБ-ын харьяа Химийн зэвсэг хориглох байгууллагад арав гаруй жил ажилласан архаг туршлагатай эрдэмтэн хүн байна. Мөн Олон улсын Химийн зэвсгийн мэргэжлийн шинжээч, цэргийн химич, доктор (Ph.D), бэлтгэл бригадын генерал Монтойн Хүрлээ байна. Энэ хүмүүс цацраг идэвхит бодисыг химийн талаас нь маш сайн яриад тайлбарлаад өгнө. Харин газрын гүн дэхь усны тогтоц, шинжилгээний талаар манай Сосорбурам доктор яриад өгнө. Энэ мэтчилэн манай улсад өндөр төвшний мэдлэгтэй эрдэмтэн судлаачид их бий.
-Ураныг яагаад заавал газар доор уусган баяжуулах аргаар авахыг эрмэлздэг юм бол. Байгаль экологид бол асар хортой гэдгийг мэдэж л баймаар юм?
-Байгаль дээр байгаа уран чинь өөрөө исэл хэлбэрээр байж байдаг. Хэдэн сая жилийн өмнөөс буюу галав юүлэлтийн үед хайрган үед тэр исэл тунаж тогтсон байгаа. Тэр дотор ураны бодисын задрал явагдаж, исэлдсэн уран элсэн дотор ороод тогтчихож байгаа юм. Гэхдээ маш бага ураны агуулгатайгаар өргөн уудам талбайд тархан тогтсон байдаг. Ийм тогтоцтой ураныг Мардайн орд шиг ухаж гаргаад олборлоно гэвэл бүтэхгүй. Асар өндөр зардал гарна. Эдийн засгийн хувьд үр ашиггүй болохоор “Уусган баяжуулах аргыг” сонгохоос өөр аргагүй. Тэр их том талбайд тийм ядуу агуулгатай хүдрийг ил уурхайн аргаар олборловол эдийн засгийн үр дүнгүй. Ингээд ирэхээр энэ технологийг уран дээр л ашигладаг технологи болчихоод байгаа юм. Шавран үеэр хамгаална гэж ярьж байгаа ч тэр нь байгалиас тогтсон газрын нэг үе давхарга болохоос технологийн тусгаарлалтын бүс биш. Хэрвээ ийм технологийг Монгол Улс хүлээн зөвшөөрөх юм бол бусад бүх ашигт малтмалыг энэ аргаар авна гээд уул уурхайн компаниуд үзнэ биз дээ. Энэ бол газрын доорх баялгыг үлдэгдэлгүй хайр гамгүй тааралдсаныг нь соруулж аваад хөрсийг нь хаяна гэсэн үг. Өнгөн хөрс нь зүгээр боловч үндсэндээ газрын доор сүйрэл явагдаж байгаа юм гэв.
440 тонн концентрацитай хүхрийн хүчил хөрсөнд шахжээ
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн нутаг дэвсгэр дээр ураны хайгуул, туршилтын олборлолтыг өнгөрсөн хугацаанд хийсэн байдаг. Тодруулбал, “Кожеговь” ХХК тус бүс нутагт үйл ажиллагаа эрхлэх явцдаа газар доор уусган баяжуулах аргыг ашиглаж, 2876 кг давирхайд бариулсан уранын нэгдэл гарган авахад 440 тонн концентрацитай хүхрийн хүчил, 10 тонн ус төрөгчийн хэт исэл хэрэглэсэн байна. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 47 дугаар захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдсэн ажлын нэгдсэн тайланд дараах байдлаар дурьджээ. Тус ажлын хэсгийн тайлангийн “VI.4. Химийн бодисын хэрэглээ” гэх хэсэгт “Кожеговь ХХК-ийн ISR буюу газар доор уусган баяжуулалт явуулсан туршилтын үед 2876 кг давирхайд бариулсан уранын нэгдэл гарган авахад 440 тонн концентрацитай хүхрийн хүчил, 10 тонн ус төрөгчийн хэт исэл хэрэглэсэн байна. Лабораторийн туршилтанд 23 нэр төрлийн химийн бодис бага хэмээтэйгээр хэрэглэсэн байсан бөгөөд давирхайд бариулсан ураны нэгдэл, үлдэгдэл химийн бодисууд нь газар доор уусган баяжуулалт явуулсан туршилтын талбайд кемпийн химийн бодисыг агуулах контейнер харуул хамгаалалттайгаар хадгалагдаж байна” хэмээн дурджээ. Үүнээс үзэхэд газар доор уусган баяжуулах аргыг Монголд аль хэдийнээ хэрэглэсэн бөгөөд уугуул нутгийн иргэд энэ бүхний учрыг мэдчихээд ундууцаж байдаг нь тодорхой болов.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Энэ чинь нөгөө тугал, хурагаа хутгалаж алчихаад уранаас боллоо гэж уйлганадаг мангарууд шив дээ.
Уран гэх бодисоос илүү уран олборлож байгаа арга нь асуудалтай юм байна гэж ойлглооо. Угаасаа их гүрнүүд өөрспийн нутаг дээр уран олборлуулдаггүй бараг буурай оронд олборлуулаад хэрэглэдэг нь ийм л учиртай юм байна шүү дээ. Нигерь Казакстан Танзань гээд дандаа хэцүүхэн орнууд уран олборлодог. Тэдний бэлэн гаргаж авсан ураныг хөгжингүй орнууд өндөр үнээр худалдаж авдаг нь арагүй л юм байна\n
хордцым байнаөө
хордоод үхэцгээх юм байна. Дарга нарыг ирэхэд нь уснаасаа өг, махнаасаа идүүл