Английн “Манчестер Юнайтед”-ыг тойрсон шуугиан хэзээ ч намждаггүй. Энэ зун ч гэсэн өнгөрсөн улирлыг 15 дугаар байраар өнлөрлүүлж, Европа лигийн финалд хожигдож бүтэлгүйтсэн “Улаан чөтгөрүүд”-д өрнөж буй үйл явдлууд хөлбөмбөгийн гол анхаарал татсан сэдвийн нэг хэвээр байна.
Дасгалжуулагч Рубен Аморимд үргэлжлүүлэн итгэж, ажиллуулахаар клубын удирдлага шийдсэн. Харин Рубен Аморим үргэлжлүүлэн амжилттай ажиллахын тулд зарим хөлбөмбөгчдийг явахыг, зарахыг шаардсан сурагтай.
Үүнд голцуу таван хөлбөмбөгчийн нэр дурдагдаж байгаа нь Маркус Рэшфорд, Жэйдон Санчо, Антони, Алехандро Гарначо болон Тайрелл Маласиа нар юм. Тэднийг шинэ клуб олтлоо долоодугаар сарын сүүлч хүртэл бэлтгэлд ирэхгүй байх зөвшөөрлийг ч өгсөн гэх мэдээ түгсэн.
“Астон Вилла”-д зээллэгээр тоглосон Маркус Рэшфордын 10 дугаарыг энэ зуны шинэ наймаа Матеуш Куньяд өгч буй нь тодорхой болсон. Ингэснээр Рэшфорд багаас явах ёстой гэсэн чиглэл маш тодорхой боллоо. Рэшфорд өөрөө бол Испанийн “Барселона”-д очихыг хүсэж буй сурагтай.
Гэвч “Барселона” Нико Уильямсыг авах гээд бүтэлгүйтэж, одоо “Ливерпүүл”-ийн Луис Диас дээр анхаарлаа төвлөрүүлсэн. Мөн “Юнайтед”-ынхан Рэшфордоос салах гээд байгаа нь ямар нэгэн учиртай гэж “Барселона”-гийнхан болгоомжилж магадгүй гэнэ.
Хэрвээ Маркус Рэшфорд долоодугаар сарын сүүлч гэхэд шинэ клуб олохгүй, хүлээж авахуйц хэмжээний санал ирэхгүй бол буцаад “Юнайтед”-ын бэлтгэлд нэгдэхээс өөр замгүй.
“Юнайтед”-д аз жаргал мэдрэхээ больсон өөр нэг тоглогч бол Антони. Бразил хөлбөмбөгч Испанийн “Бетис”-т дахин зээллэгээр очихыг хүсэж буй сурагтай. Худалдаж авч бол “Бетис” чадахгүй. Үнийг нь дийлэхгүй. Үүнээс гадна Эрик Тэн Хаг Манчестерт Антониг авчирсан шигээ одоо “Байер Леверкузен” рүү авчихаж магадгүй гэсэн найдлага “Олд Траффорд”-ын клубын удирдлагад байгаа ажээ.
Жэйдон Санчогийн хувьд “Челси”-д зээллэгээр тоглочихоод ирлээ. Уг нь Лондоны клуб зайлшгүй худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч авахыг хүсээгүй учир нэмж 5 сая паундын торгууль төлж байж Санчог буцааж өглөө.
Санчог Италийн “Ювентус” сонирхож буй сурагтай. Гэхдээ гол асуудал нь цалин. Цалин нь хэт өндөр учир алдарт “Ювентус” хүртэл төлж чадахааргүй байгаа юм. Тиймээс хөлбөмбөгч өөрөө цалингаа буулгаж очихыг зөвшөөрөх юмуу эсвэл “Юнайтед” хагасыг нь төлөх шаардлагатай болчихоод байна. Рубен Аморим бол Санчо багтаа харахыг хүсэхгүй байгаа гэдэг.
Алехандро Гарначо Европа лигийн финалд гараанд гаргаагүй хэмээн гомдоллосон нь явах хүслийг илтгэсэн үйлдэл болсон. Рубен Аморим ирснээсээ хойш Гарначод төдийлөн итгэхгүй байгаа нь ажиглагдсаар финал дээр улам бүр тодорхой харагдсан гэж хэлж болно.
Тэрхүү финалын дараагаар Рубен Аморим “Ирэх зун намайг авах баг олдоосой гэж чи залбираарай” гэж хэлсэн тухай цуу яриа ч түгээд амжсан билээ.
Өөр нэг тоглогч бол нидерланд хамгаалагч Тайрелл Маласиа. Улирлын сүүлчийн хагасыг “ПСВ Эйндховен”-д зээллэгээр тоглож өнгөрүүлсэн. Мөн л Эрик Тэн Хагийн хүн. Тэн Хаг “Байер Леверкузен”-ийн нидерландчуулж байгаа юм бол Маласиаг нэмээд авчихгүй байгаа гэсэн найдлага “Манчестер Юнайтед”-д бас байна. Тайрелл Маласиагийн хувьд “Улаан чөтгөрүүд”-д ирснээсээ хойш гэмтлийн улмаас тоглосноосоо тоглоогүй нь их.
Эдгээр таван хөлбөмбөгч энэ зун өөр газар руу явах ёстой болчихоод байна. Үүн дээр Виктор Линделоф явсан. Кристиан Эриксен мөн явсан. Мөн Жонни Эванс замналаа өндөрлүүлсэн. Расмус Хойлундыг Италийн “Интер” авахаар сонирхож буй сурагтай. Андре Онанаг 35 сая паундаар бол зарчихна гэсэн тооцоотой байгаа гэнэ.
Хоёр шинэ тоглогч аваад байна. Энэ нь Матеуш Кунья, Диего Леон. Диего Леон бол Парагвайн “Серро Портеньо”-гоос ирж буй залуу хамгаалагч. “Намайг хүмүүс зээллэгээр шууд явуулна гээд байх шиг. Харин би өөрийгөө харуулаад, нэгдүгээр багт үлдэнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэж хэлсэн байна лээ.
Рубен Аморимын баг ирэх улиралд Европын цомын тэмцээнгүй. Тиймээс зөвхөн дотоод тэмцээндээ төвлөрч, тактик дээр ажиллах, бэлтгэл дээр бодсноо бэлдэж, тоглолт дээр хэрэгжүүлэх боломж хангалттай олдоно. Өөр хэлбэл, багийн яг өөрийн хүссэнээр тоглуулах боломж Рубен Аморимд гарч ирж байна. Наймааны сургийн тухайд бол “Брэнтфорд”-оос Бриан Мбэүмог авахаар яриа хэлэлцээр хийсээр байгаа. Мөн “Астон Вилла”-гаас Олли Уоткинсыг аваха боломжийг эрэлхийлж байна.
Amazon-оос “Манчестер Юнайтед”-ын талаар баримтат кино хийх 10 сая паундын саналаас Рубен Аморим татгалзсан байна лээ. Багийн бэлтгэл, тоглолтыг ийм цаг үед баримтат кино болгохоор зэрэгцэн ажил явуулах нь зохицохгүй гэж португал дасгалжуулагч үзжээ.
Диого Жота болон түүний дүү Андре Силва нарын аймшигтай ослын улмаас багийнхаа португал тоглогчид болох Бруно Фернандеш, Диого Далот нарт сэтгэл санаагаа тайвшруулж төвлөрөх боломж олгож, бэлтгэлдээ арай хожуу ирэхийг Рубен Аморим зөвшөөрсөн гэсэн мэдээ мөн цацагдсан.
Сэтгэгдэл ( 1 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00