Улсын Их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, дөрвөн залуухан тамирчныг Гавъяат цолоор шагнасан нь 36 настай Т.Санчир, 30 настай А.Энхтуул, 26 настай Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар юм.
Сагсан бөмбөгийнхөн ойрын өдрүүдэд онцгой их баяртай байна. Хэдхэн хоногийн өмнө 3х3-ийн эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж биднийгээ баярлуулсан.
Дараахан нь төр засаг гайхамшигтай амжилт гаргасан дөрвөн тамирчин бүсгүйд Гавъяат тамирчин цол олгосон.
Тэгвэл өнөөдөр Тунгалагийн Санчир Гавъяат тамирчин цол хүртлээ. Монголын домогт аваргын удам, алдартай гарьд, нэрт нэвтрүүлэгчийн хүү Т.Санчир бол сагсанбөмбөгийн хорхойтнуудыг баярлуулж, шигшээ багийнхаа манлай болж, олон жил амжилттай сайн тоглосон тамирчин. Хэдийгээр тамирчны замнал нь харих тийшээгээ хандсан ч талбайдаа гарсан хэвээр байгаа энэ мөчид амжилтыг нь амжиж үнэлсэн нь сайхан хэрэг.
“Сагсанбөмбөгийн Холбооны үе үеийн удирдлага, хамтдаа лигт тоглож байсан найзууд, дээд үеийн ах нартаа мөн дүү нартаа баярлалаа. Мэдээж, мөн хөгжөөн дэмжигчдэдээ баярлалаа. Сагсанбөмбөг бол багийн спорт. Нэг тамирчны ард маш олон хүн байдаг. Өөрийн чадах чинээгээрээ цаашид сагсанбөмбөгтөө хувь нэмэр оруулах болно” гэж Т.Санчир шагналаа гардсаны дараа өгүүллээ.
2014 оны Азийн наадамд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг наймдугаар байрт орсон нь манай улсын анхны түүхэн том амжилт болсон. Тэр тэмцээнд Т.Санчир дунджаар 16.6 оноо, 5.6 самбар авч, багаа магнайлсан түүхтэй. Азийн наадмын MVP гурван тоглогчийн нэгээр тодорсон. Мөн Казань, Инчоны Универсиадад оноогоор тэргүүлсэн, Азийн оюутны АШТ-ий хүрэл медальтай, гадаадын лигт тоглосон Монголын анхны сагсанбөмбөгч, Монголын дээд лигийн дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Оюуны спортоос өнөөдөр гурван тамирчин Гавъяатаа баталгаажууллаа. Шатрын их мастер Алтан-Өлзийн Энхтуул гавъяат тамирчин боллоо.
Тэрбээр 13 настайдаа Улсын АШТ-ий мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилт тогтоосон юм. 2010 онд Сурагчдын ДАШТ-д оролцож, Монгол Улсаас төрсөн анхны дэлхийн хэмжээний алтан медалийг эх орондоо авчирсан. 2014 онд 19 настайдаа их мастер цол хүртсэн.
30 насандаа Гавъяат тамирчин цолоор шагнууллаа. “Шатрын спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлнэ гэж амлаж байна. Шатрын спорт бол маш их золиос шаарддаг. Нэг тамирчны ард багш , гэр бүл гээд маш олон хүн байдаг. Тэр хүн болгонд баярлаж явдгаа хэлье. Оюун спорт, тэр дундаа шатрын спорт бол оюуны спортын ноён оргил гэж боддог. Яагаад гэвэл Дэлхийд гишүүнчлэлийн тоогоороо гуравт ордог” хэмээн өгүүлсэн байна. А.Энхтуул Дэлхийн Шатрын Холбооны Глобал бодлогын Зөвлөлийн гишүүнээр ажилладаг юм.
Н.Энхшүр, М.Мөнхшүр гээд Гиннессийн номд амжилтаа тэмдэглүүлсэн ой тогтоолтын аугаа тамирчин их бүсгүйчүүдийг бид багаас нь мэднэ. Тэгвэл 26 настай хоёр бүсгүй маань өнөөдөр мөн Гавъяат тамирчин цол хүртлээ.
Олон улсын чанартай олон тэмцээнд оролцож, Монголынхоо нэрийг гаргаж, Дэлхийд хоёр удаа түрүүлсэн. Олон улсын 17 тэмцээнд оролцохдоо 15 удаа түрүүлсэн. Нийтдээ 20 гаруй удаа Дэлхийн дээд амжилтыг эвдэж, Монголынхоо нэрээр бүртгүүлсэн хоёр тамирчин маань “Багш, дасгалжуулагч нартаа бүгдэд нь баярлалаа. Мөн ар гэрийнхэндээ баярлалаа.
Оюуны спорт, ялангуяа ой тогтоолтын спортыг үнэлж буйд маш их баяртай байна. Бид хоёр боломжит бүхий л оргил амжилтад хүрсэн. Оюуны спортын олимпын аваргууд болсон. Цаашдаа ч Монгол түмнээ баясгахын тулд хичээх болно. Бид хоёрт үргэлж амжилт хүсэж, урмын үг хайрладаг монголчууддаа баярлалаа гэж хэлмээр байна” хэмээн өгүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 3 )
Bayr hurgie
Эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан мундаг залуустаа баяр хүргэе!
Төр засаг сайдаа үхтэл муулаад байсан Санчир эхнэр одоо болсон манай нөхөр гавьят боллоо гээд сүйд. Муулсэн сайд төр чинь өгсөн шүү тэнэг авгай минээ