Улаанбадрахчуудын өчил буюу ураны мөрөөр хийсэн тэмдэглэл-VI

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 01

Монгол орны нутаг дэвсгэрийн зүүн урд талаар үргэлжлэх Дорнын их говийн хэсэг Улаанбадрах сумын Аргалант баг, Сайншанд сумын тавдугаар баг, Сайхандулаан сумын нэгдүгээр баг, Зүүнбаянгийн төвөөс сурвалжлан хүргэж буй ураны мөрөөр хийсэн тэмдэглэлийнхээ сүүлийн хэсгийг өнөөдрийнхөө дугаарт нийтэлж байна.

Эрдэмтэн судлаач нар энэ л бүс нутгийг “Өөшийн элсэн манханы хойд хэсэг” хэмээн нэрийдэж, Монголын их говийн үржил шимт, үзэсгэлэнт нутгаар онцолсон байдаг нь ном товхимолд тэмдэглэгдэн үлджээ. Монгол туургатны зуун зууны туршид нүүдэллэн амьдарч, түүх соёлоо бүтээж ирсэн энэ л газар нутгийн уугуул иргэд сүүлийн хэдэн жил уран хэмээх асуудалтай тулгаран өдийг хүрчээ.

Онцгой ашигт малтмал гэгддэг ураны нөөцтэй бүс нутгаар тодорхойлогдсон өнгөрсөн хугацаанд энэ нутгийнхан  хайгуул, олборлолтын хариуцлагагүй компаниас болж, байгаль экологи, хүний эрүүл мэнд, малын зүй бус хорогдолтой, нүүр тулж, хохирч буйгаа манай сониноор дамжуулан өчсөн юм. Учир битүүлгээр үхэж буй үй олон мал, урьд хожид үзэгдээгүй гаж төлүүд хийгээд жирэмсэн эхчүүдийн дутуу төрөлт гээд шил, шилээ даран илрэх болсон эл асуудлууд хүрээлэн буй орчинтой нь ямар нэгэн байдлаар холбоотой гэдгийг нутгийн иргэд өгүүлж байлаа. Тэдний ингэж дүгнэх болсон гол асуудал нь ундны устай нь холбоотой аж. Уулзсан хүн болгон л “Манай эндхийн амны худаг хордсон гэсэн. Сүүтэй цай чанах гэхээр ээдчихдэг” тухай ярьж байв. Эх сурвалжуудын өгсөн мэдээллээр бол энэ нутагт Францын “Арева” компанийн Монгол дахь охин компани өнгөрсөн хугацаанд туршилтын олборлолт хийснээс болж, энэ бүс нутгийн эко системд  нөлөөлсөн байх магадлалтай гэнэ. Компанийн хувьд уран гаргаж авах туршилтын олборлолт хийхдээ газрын доор уусган баяжуулах аргыг ашиглаж, 440 тонн хүхрийн хүчилтэй шингэн хөрсөнд шахсанаас болж, ойр орчмынхоо хэсэгт сөргөөр нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй аж. Энэ салбарын эрдэмтдийн хэлж буйгаар уран олборлох уусган баяжуулах арга нь байгальд хамгийн хортой, сөрөг үр дагавар ихтэй гэдгийг сануулсаар байгаа юм.

Тиймээс ч “Байгаль эхээ хайрлан хамгаалж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх” бодлого баримталдаг манай сонины хувьд уран олборлохтой холбоотой дээрх асуудлыг цаашид улам нарийн судлан сурвалжлан хүргэхээр шийдээд байна.

Энэ удаад Улаанбадрах, Сайхандулаан, Сайншанд, Зүүнбаянгийн гуч гаруй хүнтэй уулзаж, арав гаруй хүнээс ярилцлага авч, сонинд нийтэлжээ.

Харин дараагийн удаад илүү өргөн хүрээнд олон хүнийг хамруулсан сурвалжлага бэлтгэж, энэ салбарын эрдэмтэн судлаачдын болон ураны олборлолт хийхээр зэхэж буй уул уурхайн компанийн төлөөллүүдийн байр суурийг сонсож, олон нийтийн хэлэлцүүлэг хийхийг зорих болно. Бидний туйлын зорилго бол “Баялгаа ашиглаж болох ч байгалиа хэрхэвч зүй бусаар сүйдэлж болохгүй” гэсэн үзэл баримтлал билээ. Учир иймийн тул газар доор уусган баяжуулах аргаар ураныг хэрхэвч олборлож болохгүй. Уран олборлох дээрээ тулбал арай өөр аргыг хайх шаардлагатай гэдгийг Улаанбадрахад ашиглалтын гурван ч лиценз эзэмшиж буй “Бадрах энержи” ХХК-д байнга сануулах болно. Ингээд “Улаанбадрахчуудын өчил буюу ураны мөрөөр хийсэн тэмдэглэл”-ээсээ дараах иргэдийн ярилцлагаас  ишлэл аван өндөрлөж байна.

НУТГИЙН ИРГЭД ЯРЬЖ БАЙНА

Сайхандулаан сумын нэгдүгээр багийн иргэн Ц.Амаа:

-Манай энд усны асуудал их хэцүү байна. Өнгөрсөн зун “Зээргэнэтийн ус”-ыг ууж болохгүй гэсэн дүгнэлт гарсан байсан. Угаас энэ бүх асуудал ураны л олборлолттой холбоотой гэж би харддаг. Судлаад үзэхээр энэ ураны компани хууль дүрэм их зөрчсөн байгаа юм. Тухайлбал, нутгийн ард иргэдээс зөвшөөрөл авалгүй өрөмдлөг хийж, уул уурхайн ажлаа явуулсан байдаг.  Уг нь хуулин дээрээ заахдаа, “Газар нутаг, байгалийн баялгийг нутгийн иргэдэд урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр эзэлсэн, хураан авсан  хор хохирол учруулсан бол уугуул иргэд уул уурхайн үйл ажиллагааг зогсоох, хангалттай нөхөн олговор авах зэрэг  хохирлоо барагдуулах эрхтэй” юм билээ. Уугуул иргэд  өөрийн нутаг орныхоо байгалийн баялгыг хадгалах, үржил шимийг нь  хамгаалах эрхтэй бөгөөд төр засаг түүнийг нь дэмжих, үр дүнтэй арга хэмжээ авч өгөх үүрэгтэй. Ялангуяа уугуул иргэдийн газар нутаг дээр химийн хорт бодисын хаягдал, хаягдалтай материал байрлуулах, хаях булах ёсгүй бөгөөд  төр засаг түүнээс сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэгтэй хууль дүрмүүд байдаг. Миний хувьд дээрх хуулийг ураны энэ компани зөрчсөн л гэж үзэж байгаа.  Мөн хуулинд “Уугуул иргэд өөрсдийн хөгжлийн  чиг  хандлага нэн тэргүүний зүйлсээ  өөрсдөө  тодорхойлж хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд тэдний газар нутаг дээр явагдах аливаа төсөл хөтөлбөрийн талаар урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах хэрэгтэй. Ялангуяа ашигт малтмал, ус болон байгалийн бусад баялаг ашиглах төслүүдийг  боловсруулахад тэдэнтэй зөвшилцөх үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл ийм заалтуудаа бүгдийг зөрчсөн байгаа. Нутгийн уугуул иргэний хувьд манай суманд хууль бус үйл ажиллагаа явуулж буй уран олборлох уул уурхайн компанитай тууштай тэмцэхээ илэрхийлж байна.

Сайншанд сумын тавдугаар багийн малчин Б.Эрдэнэчулуун:

-Их хачин эмгэгтэй төлүүд гарна. Үсгүй хялгасгүй, өрөөл татанхай, сохор доголон, мөлхөө татуу юм гарна. Ер нь төлийг бүрэн бойжуулж авна гэдэг их ярвигтай болсон. Манайхаас л гэхэд нэг мөлхөө ботго гарчихсан байгаа. Би энэ бүх асуудлыг ураны компанийн хариуцлагагүй хайнгаас л болсон гэж боддог

Улаанбадрах сумын хоёрдугаар багийн Засаг дарга Д.Гантөр:

-Орон нутагт маань нүүрлээд байгаа хүн, малын өвчлөл ууж буй уснаас хамгийн их шалтгаалж байгаа болов уу. Учир нь сумын иргэд бид дурын найман худгийн усандаа шинжилгээ хийлгэхэд хортой гэж гарчихаад байгаа. Өөр бусад усаа шинжлүүлэхэд тийм л гарах байх. Шинжилгээ хийсэн худаг болгон нь л тийм байгаа. Худгаас гадна манай сумын цэнгэг устай гэгддэг байсан Баруунбаянгийн булаг хүртэл хүн, мал ууж болохгүй хортой гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг.

Сайншандын тавдугаар багийн малчин Д.Норсүрэн:

-Нэг зүйлийг маш сайн ойлгоорой. Би уранд дургүй, компанид дургүйдээ эднийг адлаад байгаа юм биш. Анх энэ компанийг нутаг оронд ирэх үед  нь орж гарч л байлаа. Компанийн нөхдүүд ч манайхаас мал мах авч, мэндтэй устай явсан үе бий. Нэг бус нэлээд хэдэн удаа уулзаж байлаа. Тухайн үед Засгийн газар маань зөв л юм хийж байгаа байлгүй. Үнэхээр л итгэлтэй, эх оронд минь хэрэгтэй юм болох байх л гэж найдаж явсан. Гэтэл мал үхээд эхэлсэн. 2012, 2013 онуудад онцгой их үхэх нь тэр. Учир битүүлгээр малаа үхээд ирэхээр хүн чинь гайхна. Шалтгаан нөхцөлийг нь олох гээд хичээнэ биз дээ. Ингээд л энэ бүх зүйл ураны компанитай холбоотой юм байна гэж бодогдох болсон. Шат, шатны мэргэжлийн болон бодлого тодорхойлогч газруудад хандаж, хяналт шалгалт хийлгүүлж ирсэн. Усанд л их учир байна. Бид байгалиараа, малаараа, хүн дээрээ туршуулчихлаа шүү дээ, яг үнэндээ.

Улаанбадрах сумын иргэн А.Уранбилэг:

-Миний хүү гэдсэндээ өсөлт нь гүйцээгүй, жиндээ хүрээгүй, дутуу төрсөн уг шалтгаан нь манай нутаг дахь хүрээлэн буй орчны нөлөөлөл л болов уу. Угаасаа манай энэ хавийн төрөх насны эмэгтэйчүүдийн дунд дутуу төрөлт их гарах болсон шүү дээ. Өнгөрсөн жил л гэхэд би ураны уурхайн өрөмдлөгөөс гардаг хаягдал шаврын цэгийн ойролцоо очиж ирээд хэдхэн хоносны дараа зулбасан. Тухайн үед бага сартай жирэмсэн байсан юм.

Зүүнбаянгийн иргэн Л.Сарантуяа:

-Худгийн уснаас сүүтэй цай чанахад л шууд ээддэг. Мэргэжлийн байгууллагаас уснуудыг ууж болохгүй гээд л дүгнэлт гаргадаг. Тэгээд одоо бид хаанаас ус уух юм бэ. Байнга цэвэр ус аваад уугаад байж чадахгүй. Малаа яаж услах вэ. Одоо бол мал хортой усаа уугаад л явж байгаа. Тэр малын мах тонн, тонноороо  ачигдаад Улаанбаатар руу орж байгаа нь үнэн. Ураны энэ асуудал ганцхан бидний өмнө тулгамдсан зүйл биш. Монголын асуудал шүү.

Экспертүүд ийн өгүүлж байна

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн дэд захирал, малын их эмч, доктор С.Цэрэнчимэд5

-Нэгдүгээрт, химийн. Хоёрдугаарт, цацрагийн хордлого малд байна гэдгийг тогтоосон байдаг. Уг нь говийн бүс нутаг чинь манай Монгол оронд малын өвчлөл хамгийн багатай хэсэг шүү дээ. Гэтэл ингэж ихээр өвчлөөд байгаа нь уул уурхайтай шууд холбоотой. Би энэ чиглэлээр хийсэн 13 ГБ файл материалыг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Түмэндэмбэрэл гэдэг хүнд өгсөн. Одоо гэхдээ ажлаасаа чөлөөлөгдсөн байна лээ. Цаашид судалж тогтоох шаардлагатай олон зүйл байсан ч хийгдээгүй үлдсэн. Одоо малчид нүүх л хэрэгтэй.

Олон улсын Химийн зэвсгийн мэргэжлийн шинжээч, цэргийн химич, доктор (Ph.D), бэлтгэл бригадын генерал Монтойн Хүрлээ:

-Улаанбадрах сумын ард иргэд бусдын тарьсан гай түүтгэрээс болж, үе улиран амьдарч ирсэн төрөлх нутгаа орхин хаа нэг тийш  дайжиж явахгүй нь мэдээж учир тэнд хөнөөл бий болгож байгаа компанийн үйл ажиллагааг даруй зогсоож, орон нутгийнх нь байгаль орчныг урьдын адил эрүүл, хэвийн байдалд нь оруулахад анхаарах нь чухал байгаа юм. Үнэндээ, монголчууд бидэнд одоохондоо уран олборлож экспортлохгүй бол болохгүй болсон тийм аминд тулсан хэрэгцээ шаардлага байхгүй гэж бодож байна. Тэр ашигт малтмал, эрдэс баялаг олон сая жилийн туршид газрын хөрсөн дороо байснаараа  тэгээд байж л байг. Ирээдүйд монголчууд та бидний үр хойчис тэр ураныг ч бусад эрдэс баялгаа ч өөрсдөө аюулгүй байдлаар бас улс эх орондоо ашигтай байдлаар зөв олборлож ашиглах цаг нь ирж л таарна. Монголчууд бид өнөөдөртөө эрүүл аргаар, өөрөөр хэлбэл, нар салхиар, нөхөн сэргээгдэх эрчим хүчийг ашиглах сайхан боломж бий шүү дээ.

Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор Ш.Түвдэнбалжир:

-Газар доор уусган баяжуулах технологи нь ашигт малтмалыг олборлох хамгийн хямдхан өртөгтэй арга болохоос бус байгаль экологид маш их хор хөнөөлтэй зүйл юм. Уг технологи газрын гүн рүү өрөмдлөг хийж, химийн уусмалаа шахаад хэсэг хугацааны дараа баяжмалаа соруулж авдаг арга юм. Байгаль дээр нь уусган баяжуулах аргаар олборлоно гэдэг байж болохгүй асуудал гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй. Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийнхөн энэ асуудал дээр тууштай байр сууриа илэрхийлээд явна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.26.162) 2021 оны 07 сарын 02

Бүтэхгүй, хорлонтой төслүүдийг нь ард түмэн эсэргүүцэхэд Орос руу заадаг даалгавартай хэдэн ноход байдаг юм. Кк өрөвдөлтэй нь аргагүй барууны ухагчдын сөнгөөр гүзээгээ даахгүй болчихсон уурхай, эрчим хүчний инженер доктор гэж өөрийгөө өргөмжилсөн юмнуудын нэг өмнө ээдэхгүй болж байсан усны тухай ярьж байхад юм мэдэхгүй гэж доромжилсон аятай бичиж хххх

0  |  0
Зочин(202.179.26.162) 2021 оны 07 сарын 02

Энэ асуудал шийдэхгүй байх хэдэн хүчин зүйл бий. Эхнийх нь хэвлийд уусган баяжуулах технологи хортой учраас үйлдвжрлэлд ашиглахыг зөвшөөрөгүй барууны орон олон бий. Үүнийг зөвшөөрүүлэх гэж үе үеийн ЗГ-дад авилга өгсөн. Хамгийн сүүлчийнх нь Оюун-эрдэнэд УБ хотод дүүжин тээвэр байгуулах мөнгөний амлалт юм

0  |  0
Иргэн(103.212.116.104) 2021 оны 07 сарын 02

Энэ асуудал хэдэн жил ч яригдав.Яагаад бүрэн дүүрэн шалгалт шинжилгээ хийгээд дүгнэлт гаргачихаж болдоггүй юм. Энэ олон хүмүүс бүгд худлаа яриад байна гэж юу байхав.Манай дарга нар бас л амандаа доллар чихүүлчихсэн биз.Монголчууд ширэнгэд амьдардаг африкийнхан биш шүү.Ойлгож мэдээд л хэлж байгаа байх.

0  |  0
Нэр(66.181.161.86) 2021 оны 07 сарын 01

Зиндаа сайтад маш их баярлалаа. Бодит нөхцөл байдлыг бодитоор нь мэдээлж өгсөнд. Уран бол тийм их хүсээд байх эрчим хүчний түүхий эд биш гүү. Дэлхий даяараа татгалзаж бн

0  |  0
Enhee(202.21.108.174) 2021 оны 07 сарын 01

Uranaa bolio ta nar nuursee ch bolobsruulj chadahgui bj.bas l abilgal heel hahuul gadaadiin barlag bolj eh orondoo eremdeg zeremdeg bolmoorgui bn daa

0  |  0
зочин(103.26.193.216) 2021 оны 08 сарын 12

Оросын далд хүчний бодлого яваад байна даа. Зиндаа сайт оросуудтай хаалтын гэрээ хийж дээ янз нь. Говийн хатуулаг ихтэй усаар цай сүлхэд ээдэлгүй яхав дээ.

1  |  1
Top