“Тамын тогоо” буюу Улаанбадрах суманд ураны олборлолт эхэлжээ-II

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 30

-Иргэд уух усандаа хордож байгаагаа учирлалаа-


Монгол орны нутаг дэвсгэрийн зүүн урд талаар үргэлжлэх Дорнын их говийн хэсэг Улаанбадрах сум, Зүүнбаянгийн нутгаас бэлтгэж буй сурвалжилгынхаа хоёр дахь цувралыг толилуулж байна. Эрдэмтэн судлаач нар энэ л бүс нутгийг “Өөшийн элсэн манханы хойд хэсэг” хэмээн нэрийдэж, Монголын их говийн үржил шимт, үзэсгэлэнт нутгаар онцолсон байдаг нь ном товхимолд тэмдэглэгдэн үлджээ. Монгол туургатны зуун зууны туршид нүүдэллэн амьдарч, түүх соёлоо бүтээж ирсэн энэ л газар нутгийн уугуул иргэд сүүлийн хэдэн жил ураны олборлолтын уршигт нэрвэгдээд буйгаа удаа дараа мэдээлээд буй билээ. Онцгой ашигт малтмал гэгддэг ураны нөөцтэй бүс нутгаар тодорхойлогдсон өнгөрсөн хугацаанд энэ нутгийнхан  хайгуул, олборлолтын хариуцлагагүй компаниас болж, байгаль экологи, хүний эрүүл мэнд, малын зүй бус хорогдолтой, нүүр тулж, хохирч буйгаа манай сониноор дамжуулан өчсөн юм. Учир битүүлгээр үхэж буй үй олон мал, урьд хожид үзэгдээгүй гаж төлүүд хийгээд жирэмсэн эхчүүдийн дутуу төрөлт гээд шил, шилээ даран илрэх болсон эл асуудлууд хүрээлэн буй орчинтой нь ямар нэгэн байдлаар холбоотой гэдгийг нутгийн иргэд өгүүлж байлаа. Тэдний ингэж дүгнэх болсон гол асуудал нь ундны устай нь холбоотой аж. Уулзсан хүн болгон л “Манай эндэхийн амны худаг хордсон гэсэн. Сүүтэй цай чанах гэхээр ээдчихдэг” тухай ярьж байв.

“Хорвоод мэндэлсэн хоёр сайхан зээгээ хүн болгож чадаагүйдээ өр өвдөж байна”

 

 

Өсөж төрсөн нутаг нь нүдэн дээр нь үгүйрч байгааг хараад өр өвдөж байгаагаа өчих нутгийн  иргэдийн нэгэн төлөөлөл малчин н.Энхбатынхаар орлоо. Улаанбадрах сумын Баянбогд багийн малчин тэрбээр хорвоод мэндэлсэн хоёр сайхан зээгээ хүн болгож чадаагүйгээ өгүүлж, нүдэндээ нулимстайгаар ийнхүү ярилаа. “Манайх хоёр сайхан үрээ алдсан. Охин минь 2018 онд төрөөд хүүхэд нь хүн болж чадаагүй. Тухайн үед нэг их юм бодсонгүй. Гэтэл өнгөрсөн хавар хоёр дахиа төрсөн ч бас л харамсалтайгаар хүүхдээ алдсан. Эмч нар уушгинаас нь идээ гарсан гэж л хэлсэн. Мэндлээд 14-хөн хонохдоо сэхээнд байсаар эндсэн дээ. Энэ бол ураны уурхайн үйл ажиллагаатай холбоотой. Учир нь тухайн үед  эмч нар манай охиноос “Танайх ураны уурхайгаас хэр хол байдаг вэ” хэмээн асууж байсан гэсэн. Энэ бол нэгийг бодогдуулах асуулт байгаа биз. Угаасаа малаас харахад л ойлгомжтой шүү дээ. Би үхсэн малдаа байнгын задлан хийж үздэг. Саяхан ямаа орилоод үхэхээр нь задалж үзэхэд элэг нь чаначихсан мэт шүүрхийдүү болчихсон байсан. Ийм мах идэж байгаа хүн ямар л олиг байв гэж дээ. Манай энэ хавийн худгийн усыг хүн, мал ууж болохгүй лацадсан гэдэг ч  тэр уснаасаа л бид ундаалж байна. Мал хариулахад хүндрэлтэй байна. 2018 оны хавар найман хөлтэй ишиг гарсан. Ураны компани 10 жилийн өмнө үйл ажиллагаа нь эхлэхэд манай эндэхийн мал арай ч ийм байсангүй.Таван жилийн өмнөөс малын уушги сэвтэж эхэлсэн. Үүсээд буй нөхцөл байдлаа байнга л ярьдаг. Бидний үг төр засагт хүрдэггүй. Хэрүүл тэмцэл хийж зөндөө л явлаа. Монголынхоо төрд  хаягдсан юм шиг санагдаж байна. Үүнийг зогсоох арга чарга байдаггүй л юм байхдаа” хэмээн халаглаж байв.

 

“Их далайн ус”-ны хатуулаг долоо дахин өндөр заав

 

Ус бол амьдралыг тэтгэгч гэдэгтэй хэн ч маргашгүй биз ээ. Тэгвэл Улаанбадрах сумынханд тулгамдаад буй хамгийн гол асуудал ундны ус нь болчихоод байна. Өнгөрсөн хугацаанд Дэнгийн ус, Гүн сухай, Наймаагийн ус зэрэг найман худгийг нь мэргэжлийн лабораторийн дүгнэлтээр хаагаад байсан. Тэгвэл манай сонины сурвалжлах баг усны хатуулаг, цацрагийн тунг хэмждэг тусгай багажтай судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй энэ удаа хамт явсан юм. Угаасаа говьд ус ховор. Ховор дээрээ хороор бохирлогдсон бол тун ч эмгэнэлтэй. Ийм ч учраас бид зөвхөн малчдын үгээр бус бодит мэдээллийг уншигчдадаа хүргэхийн тулд хэд, хэдэн гүний худгийн усанд хэмжилт хийж үзсэн юм. Бидэнтэй хамт “Урангүй Монголын төлөө” ТББ-ын тэргүүн Я.Хундаганай явсан бөгөөд тэрбээр замд тааралдсан гүний худгийн усыг тусгай зориулалтын багажаар хэмжиж байсан юм. Хамгийн түрүүнд Д.Норсүрэн гуайн худаг  “Модон шанд”-ын усны хатуулгийг багажаар хэмжиж үзлээ. Гүний усны хатуулаг болон шүлт, хүчлийг хэмжиж үзэхэд 540 заасан юм. Уг нь усны хатуулаг нь 100-аас доош байх ёстой гэнэ. Энэ талаар Я.Хундаганай “Замдаа ууж явсан цэвэр усныхаа хатуулгыг сая хэмжиж үзэхэд 30 зааж байна. Мөн бид харьцуулж харуулахын тулд Улаанбаатар хотын хорооллын орон сууцны карантны усанд багажаараа усны хатуулгыг хэмжиж үзлээ. Хэмжилтээр 80-тай гарч байна. Харин дөнгөж сая “Модон шанд” худганд хэмжилт хийхэд усны хатуулаг нь байх ёстой хэмжээнээсээ тав дахин буюу 540 зааж байна. Энэ бол маш их өндөр үзүүлэлт. Ийм хэмжээний хатуулагтай усыг хүн мал ундандаа хэрэглэхэд хориотой. Хэрэглэхээсээ өмнө ядаж, шүүж хэрэглэх хэрэгтэй. Их хатуулагтай усыг удаан хугацаагаар ууж хэрэглэвэл эрүүл мэндэд асар их хортой” гэж байлаа.

 

 

Говийн айлууд хоорондоо хол. Ойролцоогоор 50-60 километрийн зайтай буудаг аж. Бид давхисаар дараагийн айлын худаг дээр ирлээ. Малчин Н.Энхболдын “Шувууны ус” нэртэй энэ худгийг ойр орчмын айл өрхүүд хамгийн цэвэр цэнгэг устай байх магадлалтай хэмээн ярих аж. Учир нь энэ худаг нь уран олборлолтын уурхайгаас зайдуу байдаг болохоор тэр. Тэгвэл уг худгийн усанд хэмжилт хийж үзэхэд хатуулгийн хэмжээ нь 250 заасан юм. Бусад худгаа бодоход бас ч арай дээр гэдэг нь үнэн ажээ. Залуу малчин Н.Энхболд “Манай энэ хавийн ус л хэцүүдэж байна. Ер нь  төл малын хөл гар нь тэнийдэггүй, жижигхэн нүдтэй, таван туурайтай гажигтай төрдөг үзэгдэл их гарна. Орон нутгийн бид энэ их жигтэй асуудлыг ураны олборлолтоос нөлөөлсөн гэж харддаг. Учир нь ураныг гаргаж авах арга нь хүн мал, хүрээлэн буй орчинд их хортой л гэх юм билээ” хэмээж байв.

Уг нь өдийд говийн намар налайж, малчин айлын идээ цагаа тос дааж байдаг цаг сан. Гэвч Улаанбадрахчууд урамгүй байна. Тэмээн сүрэгт нь өрөөл татанхай ботго цөөнгүй бий гэнэ. Төхөөрсөн малынх нь гэдэс дотроос хүний санаанд буумгүй гажиг гарч ирдэгийг толгой сэгсрэн ярих. “Их говийн эгэл зон олон минь ийм ч өрөвдөлтэй байдалд орох гэж дээ” хэмээн бодсоор “Тал хонгорын хар толгойн ус” гэх нэртэй худаг дээр ирлээ. Хатуулгийг нь хэмжиж үзэхэд 485-тай гарав. Мөн “Тал хонгорын үзүүр сухай”, “Их далайн ус” нэртэй худгуудаар явж, хэмжилт хийхэд 400-780 хүртэл хатуулагтай гарсан юм. Үнэхээр аймшигтай. Ийм өндөр хатуулагтай усыг ууж байгаа хүн, мал яаж ч эрүүл байх билээ. Сүүлийн хэдэн жил Улаанбадрах, Сайншандын Зүүнбаянгийн иргэдийн дунд дотор эрхтэний өвчлөл ихэсч, төрөх насны  эмэгтэйчүүдийн дунд зулбалт ихээр тохиолдох болжээ. Ямар сайндаа энэ нутгийнхан “Мал өсгөхөөс зүрхшээж байна, хүүхэд төрүүлэхээс айж байна” хэмээн ярих  билээ дээ.

Цацрагийн тун ба өрөмдлөгийн шавар хаана хадгалагдаж байна вэ

 

Улаанбадрах суманд ураны олборлолт хийж буй “Бадрах энержи” ХХК гэх компани нь ураныг “Гадар доор уусган олборлох арга”-аар ялган авдаг байна. Энэ нь газрын гүнд хүхрийн хүчлийн уусмал шахаж, ялган авдаг арга аж. Уг арга нь хамгийн хямд өртгөөр уран олборлох  сайн талтай ч эсрэгээрээ байгальд хамгийн хортой гэнэ. Яаж ч бодсон хүхрийн хүчлийг хөрсөнд шахна гэдэг газрын хөрс, усанд нөлөөлж, улмаар гүний усны бохирдол үүсгэх магадлалтай гэнэ. Тиймдээ ч орон нутгийн малчид ойрын жилүүдэд үүсээд байгаа хүндрэлүүд нь ураны олборлолттой шууд холбоотой хэмээн харддаг аж. Манай сонины сурвалжлах баг нутгийн иргэдийн зааж өгснөөр уран олборлолтын өрөмдлөгөөс гарсан хаягдал шаврыг булшилсан байх магадлалтай гэх газар нь ирлээ. “Дулаан уул” нэртэй уг ордыг урьд нь “Кожеговь” хэмээх компани ашигласан байна. Олборлолт явуулж байсан уурхайн орчимд олон тооны төмрөн бүрхүүлтэй, цооногууд   байх аж. Учир мэдэх хүмүүсээс лавлавал, тэрхүү цооногуудаар хөрс рүү хүхрийн хүчилтэй шингэн шахаж, нөгөө цооногоор нь уранаа ялган авдаг байжээ. Өрөмдлөгөөс гарсан хог буюу шавраа хаана булсан нь тодорхойгүй байдаг бөгөөд орон нутгийн иргэд энд тэнд булсан байх магадлалтай хэмээн харддаг аж. Тиймээс зөвхөн “Дулаан уул”-ын ойр орчимд биш ойролцоогоор 10-20 километрийн эргэн тойронд  ургасан өвс ургамал, хөрс шороонд  хэмжилт хийхэд  цацрагийн төвшин өндөр үзүүлэлттэй гарсан юм. Тодруулбал, зарим газарт цацрагийн хэмжээ 0.2-0.4 микрозевирт зааж байв. Энэ нь цацрагийн хувьд өндөр үзүүлэлт гэнэ. Учир нь цацрагийн тун тэг заах ёстой ба тэгээс илүү зааж байгаа бол тэр эрсдэлтэй бүс гэсэн үг аж.

Д.Гантөр: Хордож үхэхээс босож үхье гэсэн хүн манай нутагт олон байгаа”

 

Орон нутагт нь үүсээд байгаа уран олборлолтын асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд олон жил тууштай тэмцэж байгаа нэгэн хүнийг бид зорьж очиж уулзсан юм. Тэр бол Улаанбадрах сумын хоёрдугаар баг Баянбогдын Засаг дарга Д.Гантөр. Тэрбээр “Манай нутагт 2012 оноос үхэр тугал өмнө нь үзэгдэж байгаагүй шалтгаанаар үхээд эхэлсэн. Түүнээс хойш төл зулбах, гажигтай төрөх, түүнчлэн малын  дотор гэдэс идэхийн аргагүй болсон. Манай эндэхийн ураны компани 2015 оны Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг луйвардаад батлуулчихсан. “2020 онд сунгагдана. Үүнийг батлуулахгүй шүү хэдүүлээ  гэж сум нийтээрээ эсэргүүцэж заргалдсан” боловч амжилт олоогүй, 2021 онд сунгачихсан. “Бадрах энержи” гэх энэ компани газрын төлбөр өгөхгүй гэдэг. Бид үр удмаараа хохирч байна. Нутгийн иргэд бачимдсандаа буу бариад босно гэж байна. Засгийн газар энэ асуудлыг авч хэлэлцэхгүй бол босож тэмцэхээс өөр сонголтгүй. Нутгийн ардынхаа  хүүхдүүдийг хэрэгт оруулах вий гэхээс эмээж байна. Хордож үхэхээс босож үхье гэсэн хүн манай нутагт олон байгаа” гэв.

Гүний ус тэр тусмаа говийн гүний ус гэдэг юугаар ч хэмжихийн аргагүй тийм үнэт зүйл. Эрдэмтдийн хэлж буйгаар гүний ус хамгийн багаар бодоход 10 мянга, цаашлаад 30 мянга, нэг сая жилийн дараа  л нөхөгддөг гэнэ. Алт, зэс, нүүрс, уран байхгүй боллоо гээд аюул болохгүй, харин усгүйгээр амьдрал үргэлжлэхгүй гэдгийг онцгой анхаарах ёстойг одоо бид ухаарах цаг болсон. Та бод доо. 2025 оноос говь нутаг усны хомсдолд орж, 2030 он гэхэд уурхайнхны гүний усны хэрэглээнээс үүдсэн ган гачиг нүүрлэж, байгалийн тэнцвэрт байдал алдагдах талаар салбарын эрдэмтэд сануулсаар буй. Гэтэл говийн эко системийн өмнө тулгамдаж байгаа усны асуудлыг үл хайхран, өнөө маргаашийн олз ашгийг хайгчид говь нутагт уурхай нээж, дураараа дургиж байна. Тэр тусмаа ураны уурхай шүү.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.122.86) 2021 оны 10 сарын 06

Нүүгээч ,тэгээд.

0  |  0
Гэмтэнийг гэсгээгч(59.153.115.103) 2021 оны 10 сарын 02

Доор бичигдсэн сэтгэгдэлийн хариуд та нар очиж хордсон малын мах идэж хордсон усыг ууж амьдарвал яаж бна да тархины тураал тас хар хэрээнүүдээ гадны гар хөл бол та нар шүү. Манай нутгийн хүмүүс худал хэлэхгүй бодит үнэнийг илчилэв. Монголоо худалдсан малнаас дор гэмт этгээдүүд бол та нар шүү удахгүй эрлэгт шүүгдэж тамд тарчилах болно та нар урт хар хэлтнүүд ухвар мөчид гавлын яснууд хэлхээтэй хэдрэгүүд хэрүүлийн бузаруудаа

0  |  0
mnbvcб(88.116.92.142) 2021 оны 10 сарын 02

Энэ бол оросуудын турхирч байгаа ажил ,худал

0  |  3
mnbvcб(88.116.92.142) 2021 оны 10 сарын 02

Энэ бол оросуудын турхирч байгаа ажил ,худал

0  |  2
mnbvcб(88.116.92.142) 2021 оны 10 сарын 02

Энэ бол оросуудын турхирч байгаа ажил ,худал

0  |  2
(64.119.22.108) 2021 оны 09 сарын 30

ELBEGDORJIIN ORUULJ IRSEN YUMNUUDSHDEE,YAMAR OLIGTOI YUMNUUD BAIHAVDE,ZARIMIG NI URSHUUGUUD YAVUULJCHIJ BAIHAD

1  |  0
зочин(172.69.252.138) 2021 оны 10 сарын 02

Ногоо тугал хурагаа хутгалаж алчихаад уранаас боллло гэдэг сумынхан мон уу

0  |  4
mongol(103.26.195.100) 2021 оны 10 сарын 02

Ene novshiin gadnii gar hul bologsodoo zogsoogooch maltaigaa adil erguu bolchihson erguunuud

0  |  2
Top