Диого Жотаг оршуулж байхад “Ливерпүүл”-ийн тоглогч цэнгэн бүжиглэж байжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 07

 

Авто ослоор өөд болсон Португалын шигшээ болон Английн “Ливерпүүл”-ийн тоглогч Диого Жота болон түүний дүү Андре Силваг хамт эцсийн замд нь үдлээ.

Оршуулах ёслолд “Ливерпүүл”-ийн бараг бүх тоглогч оролцож, эмгэнэл илэрхийлсэн юм. Бараг гэхийн учир нь нэг тоглогч байсангүй. Тэр бол Луис Диас. Багийнх нь андыг оршуулах ёслол болж, уй гашууд автаж байхад колумб хөлбөмбөгч Луис Диас эх нутагтаа нэр нөлөө бүхий хүмүүстэй уулзан, цэнгэн хөгжилдөж, бүр бүжиглэн баясаж буй зураг бичлэгүүд тарсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүллээ.

Луис Диасын аавыг гэмт этгээдүүд барьцаалсан хэцүү өдрүүдэд Диого Жота гоол оруулчихаад найзынхаа өмсгөлийг өмнөө барьж, сэтгэл санаагаар дэмжиж буйгаа илэрхийлж байсныг олон нийт эргэн сануулж, бухимдацгаажээ.

“Хэлэх үг олдохгүй байна. Миний сэтгэл зүрхийг шархлуулсан аймшигтай явдал болжээ. Зөвхөн хөлбөмбөгчийн хувиар бус хүний хувьд ямар гайхалтай хүн байлаа даа. Миний төлөө хийсэн үйлдлийг нь би хэзээ ч мартахгүй. Рута болон гурван хүүхдүүдийг нь мөн гэр бүлийг нь тэврэн үнсэе. Диого, Андре хоёр минь тайван нойрс доо” хэмээн Луис Диас сошиал хаягтаа бичсэн ч гэлээ үг үйлдэл хоёр нь зөрлөө, өнгөрсөнд өөрийнх нь төлөө сэтгэл гаргаж байсныг нь мартлаа гэж олон нийт дургүйцэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu