Францын 33 настай туялзуур сэлэмчин Изаора Тибүсээс допингийн төрлийн остарин илэрсэн нь хамтрагчтайгаа үнсэлцсэнээс болсон хэмээн үзэж Спортын арбитрын шүүх шийтгэл ногдуулсангүй.
Дэлхийн Допингийн Эсрэг агентлаг /WADA/ Тибүсийн тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хасахыг шаардан Спортын арбитрын шүүхэд гомдол гаргасан юм.

2024 оны нэгдүгээр сард Тибүсийн өгсөн допингийн шинжилгээний хариу эерэг гарсан нь хамтрагч, АНУ-ын тамирчин Рэйс Имбодентой үнсэлцсэнээс болсон байж болно хэмээн үзлээ. Рэйс Имбоден нь Изаорад хэлэлгүй, нууцаар допингийн төрлийн бодис хэрэглэж байсан нь тогтоогдсон ажээ.
Парисын олимпын наадамд Изаора Тибүсийг оролцуулахгүй байхыг WADA шаардсан ч Олон Улсын Туялзуур Сэлэмийн Холбооны зөвлөл тамирчин эмэгтэйг буруугүй гэж үзсэнээр оролцуулсан юм.

Олимпын наадамд Тибүс багийн төрлөөр тавдугаар байр, хувийн дүнгээр 28 дугаар байр эзэлсэн. Гэлээ ч WADA бууж өгөлгүй Спортын арбитрын шүүхэд давж заалдсан ч дахин ялагдлаа.
“Тухайн үед Имбодений хэрэглэж байсан бодис нь шүлсээр дамжин Тибүсийн биед орж, зохих хэмжээнд халдварлах боломжтой гэж эрдэмтэд тогтоосон” хэмээн шүүх мэдэгджээ.

Остарин бол хүч, хурдыг нэмэгдүүлж, ажиллах чадварыг дээшлүүлдэг. Тиймээс бокс зэрэг хурдан хөдөлгөөн, түрэмгий байдал, адреналиныг “асаах” зорилгоор ашигладаг гэнэ. Хэрэглэснээс хойш ойролцоогоор сарын дараагаар хүчтэй нөлөө үзүүлдэг юм байна.

Сэтгэгдэл ( 0 )