Наадмын АСУУДЛЫГ ШИЙДЭХ Засгийн газрын хуралдаан эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 02

Үндэсний их баяр наадмыг цуцлах, хойшлуулах эсэхийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэнэ. Хуралдаан 10:00 цагт эхлэхээр тов зарлажээ.

УОК-ын ээлжит хуралдаан өчигдөр /2021.07.01/ үдээс хойш болж, Эрүүл мэндийн яамнаас оруулж ирсэн наадам хойшлуулах саналыг дэмжсэн билээ. Ингэхдээ коронавируст цар тахлын дэгдэлт өндөр, иргэдийн өвчлөл, нас баралт буурахгүй, мутацлагдсан вирус тархах эрсдэл байгаа зэргийг харгалзан үзэж, шаардлагатай тохиолдолд өмнө дурьдаж байсанчлан цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн Үндэсний их баяр наадмыг цуцлах эс бөгөөс хойшлуулах шаардлага тавьж, санал гаргасныг хэлэлцээд, УОК-ын гишүүд дэмжсэн юм. 

УОК-ын хуралдааны шийдвэрийг өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулж, эцэслэн шийдвэрлэнэ.

Дэхийн улс орнуудад коронавирусний Дельта хувилбар эрчимтэй тархаж, Ковид-19-ийн гурав дахь давлагаа гарч байгаатай холбоотойгоор улс орнууд хязгаарлах арга хэмжээгээ эргээд чангатгаж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн.

Дэлхийн 90 гаруй улсад тархаад буй энэ Дельта хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаадаас ирэх иргэдийг 14 хоног тусгаарлах саналыг ЭМЯ-наас УОК-т гаргасан ба эцсийн шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар мөн шийдэх юм. 

Тэрээр “Манай улс Япон руу илгээсэн 50 сорьцны 5 сорьцод гадаадаас зөөвөрлөгдсөн Дельта хувилбар илэрсэн бөгөөд эдгээр тохиолдлуудыг тусгаарласан тул дотоодод энэ хувилбар тархсан гэх үндэслэл байхгүй" гэсэн мэдээллийг өчигдөр өгсөн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top