Ши Жиньпин, Меркель, Макрон нар цахим уулзалт хийв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 06

Германы канцлер Ангела Меркель, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар цахим уулзалт хийлээ гэж Германы Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен мэдээлжээ.

Талууд ЕХ, Бээжингийн харилцааны асуудлыг хэлэлцэж, олон улсын харилцаа, уур амьсгал, биологийн олон янз байдлыг хамгаалах, цар тахалтай тэмцэх, вакцины хуваарилалт болон олон улсын болон бүс нутгийн шинжтэй асуудлыг хөнджээ.

Талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай. Цар тахлын нөхцөлд Хятад улс хүмүүнлэгийн харилцааг идэвхжүүлэх бүхий л сувгийг ашиглахад туслалцаа үзүүлэхэд бэлэн гэж Ши Жиньпин мэдэгджээ. Ингэхдээ Бээжин эдийн засгийн нээлттэй байдлыг хангахад чиглэсэн бодлогоо үргэлжлүүлнэ гэж тэрбээр онцолжээ. Тэрбээр Хятадын компаниудад ялгаварлан гадуурхах хандлага гаргахгүй байхыг уриалжээ. “Европын тал зах зээлийн зарчмыг хүндэтгэн, Хятадын компаниудад үйл ажиллагаа явуулахад нь шударга, тунгалаг, эрх тэгш нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт найдаж байна гэж Ши  Жиньпин илэрхийлжээ.

Гурван улсын тэргүүн нар мөн Африкийн улс орнуудад Хятадын зээл олгох асуудлыг хэлэлцжээ. Африкийн улс орнуудын ихэнх хөгжиж байгаа тул цар тахалтай тэмцэх, эдийн засгийг сэргээх асуудал онцгой хурц тавигдаж байна гэж Ши Жиньпин онцолжээ. Түүний хэлснээр, Бээжин Африкийн улс орнуудад байнга санхүүгийн дэмжлэг үзүүлдэг бөгөөд 19 улстай зээл барагдуулах нөхцөлийг зөөлрүүлэх тухай зөвшилцөлд хүрээд байна. Тэрбээр Франц болон Германд Хятад-Африкийн хөгжлийн түншлэлийн санаачилгад нэгдэхийг уриалсан байна.

Хятад улс бусад орны эрх ашигт халдахгүй бөгөөд харин өөрийн үндэсний тусгаар байдал, улсын аюулгүй байдлыг хатуу хамгаалах болно гэж Ши Жиньпин мэдэгдсэн байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top