Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен “Холбооны нөхцөл байдлын тухай” илтгэлдээ Европын Холбоо нь Хятад улсын цахилгаан автомашины үйлдвэрлэлд татаас олгож байгааг шалгаж эхэлсэн гэж мэдэгдсэн нь гэнэтийн бэлэг байлаа. Тэрбээр “Зөвхөн шударга өрсөлдөөн байгаа цагт жинхэнэ өрсөлдөөн бий болно. Бид тулгарч буй эрсдэлийг бүрэн ухамсарлах ёстой” гэж мэдэгдэв.
Бээжингийн Засгийн газар Европын зах зээлд нийлүүлэгдэж буй цахилгаан автомашины үйлдвэрлэлд зориулж татаас олгож байгааг албан ёсоор шалгах ажлыг эхлүүлсэн тухай Брюсселийн энэхүү мэдэгдлийг Европын парламентын гишүүд алга ташин хүлээн авчээ.
“Дэлхийн зах зээл илүү хямд өртөгтэй Хятадын цахилгаан автомашинуудад живж байна. Тэдгээрийн үнийг төрөөс асар их хэмжээний татаас олгох замаар зохиомлоор доод түвшинд барьж байна. Энэ нь зах зээлийг гажуудуулж байна” гэж Урсула фон дер Лeйен онцолжээ.
Улсын мөнгийг цутгаж байна
Европын комисс Европын Холбооны гүйцэтгэх дээд байгууллагын хувьд ЕХ-ны худалдааны бодлогыг тодорхойлох эрхтэй ба нэгдсэн зах зээлд хохирол учруулж болзошгүй гаднын импортыг тогтмол шалгадаг. Төрийн татаасны эсрэг шалгалтыг тухайн гаднын улс орон тодорхой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани эсвэл группт санхүүгийн дэмжлэг үзүүлж байна гэж сэжиглэн, улмаар энэ нь Европын аж үйлдвэрийн салбарт хохирол учруулж байна гэж үзсэн тохиолдолд явуулдаг байна.
Төрөөсөө өгөөмөр тусламж авсан гаднын компаниудын үйлдвэрлэлийн зардал ихээхэн буурснаар бүтээгдэхүүнээ хямд үнээр борлуулах боломжтой болдог.
Эл хөнгөлөлт нь ижил төрлийн бүтээгдэхүүн худалдаалдаг Европын үйлдвэрүүдэд туйлын хохиролтой байдаг. Учир нь тэд засгийн газраасаа ийм төрлийн дэмжлэг авдаггүй. Тиймээс тэдгээр компаниуд бүтээгдэхүүнээ доогуур үнээр борлуулан ашгаа бууруулах эсвэл өндөр үнээр бүтээгдэхүүнээ борлуулан үйлчлүүлэгчээ алдах эрсдэлтэй нүүр тулах гэсэн хоёр сонголтын өмнө тулж ирдэг.
Яг ийм нөхцөл байдал цахилгаан автомашины зах зээлд үүсээд байна.
Өрнөдийн орнууд Бээжинг үндэсний үйлдвэрлэлдээ их хэмжээний улсын мөнгийг цутгаж байна гэж эртнээс буруутгасаар ирсэн. Ийм санхүүгийн дэмжлэг үзүүлж байгааг илрүүлэхэд хүнд. Учир нь эл дэмжлэгийг янз бүрийн хэлбэр, тухайлбал, хөнгөлөлттэй зээл олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр үзүүлэх боломжтой.
Их хэмжээний татаас олгосноор Хятад улс тухайн үндэсний компаниуд нь таван жилийн төлөвлөгөөнд тусгасан зорилтуудыг хангаж буй эсэхэд нь хяналт тавьдаг байна. Тус улсын 2021-2025 оны таван жилийн төлөвлөгөөнд шинэ төрлийн эрчим хүчээр ажилладаг тээврийн хэрэгсэл нь аж үйлдвэрийн тогтолцооны нэг үндэс суурь гэж заажээ.
Европын комиссын мэдээллээр, Хятад үйлдвэрийн цахилгаан автомашин Европт үйлдвэрлэсэн ижил төрлийн автомашины үнийн зөрүү дунджаар 20 хувь байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид экологийн цэвэр автомашин худалдан авахдаа хамаагүй хямд үнэтэй Хятадын автомашиныг сонгоход хүрдэг. Түүнчлэн литий, никель, кобальт, марганц зэрэг аккумлятор үйлдвэрлэхэд шаардагддаг түүхий эдийн олборлолтын салбарт давамгайлах байр суурь эзэлдэг нь Хятадад бусдад нөлөөлөх бас нэг хөшүүрэг болж байна. Улмаар Хятадад нийлүүлэлтийн гинжин хэлхээг бүхэлд нь хянах таатай орчныг бүрдүүлж байна. Үүний үр дүн нь Хятадын үйлдвэрлэлийн цахилгаан автомашин угсралт, экспорт огцом өссөн явдал юм.
ЕХ дотоод шаталтын хөдөлгүүрийн хэрэглээг аажмаар хориглон, импортын автомашинд 10 хувийн татвар ногдуулж байгаа нь ЕХ-ны зах зээлийг таатай болгож байна. Харьцуулахад, АНУ-д татварын хэмжээ 27.5 хувь байдаг бол Энэтхэгт 70 хувийн татвар ногдуулдаг байна.
Европын комиссын үнэлгээгээр, BYD, Nio болон Xpeng зэрэг Хятадын брэндүүд Европын цахилгаан автомашины зах зээлийн найман хувийг эзлээд байна. 2021 онд энэ үзүүлэлт дөрвөн хувь байжээ. Хэрэв энэ чиг хандлага цаашид ч үргэлжилбэл 2025 он гэхэд 15 хувь болж өснө.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд Германы Мюнхений томоохон авто салонд Хятадын үйлдвэрлэгчид хямд өртөгтэй загваруудтайгаа төв хэсэгт тухалж, Германы өрсөлдөгчдөө “хуучин эрин үе” гэсэн шошготой байранд тавив.
“БНХАУ Европын зах зээлийг онилсон ба бидний мэдэх ЕХ-ны аж үйлдвэрийн өнгө төрхийг үндсээр нь өөрчлөх чадвартай” гэж Европын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхий захирал Сигрид де Врис өнгөрсөн сард мэдэгдэж байв.
Тарифууд татаасны эсрэг
Европын бизнес Украины эсрэг Оросын явуулж буй дайнаас үүдэлтэй олон тооны эдийн засгийн хүндрэлүүдийг арайхийн даван туулж байна. Хятадын хямд автомашины давлагаа нөмрөхөөс өмнө Брюссель урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч буй нь энэ.
Европ нь ёроол руу чиглэсэн уралдаанд бус өрсөлдөөнд нээлттэй. ЕХ өөрийгөө хортой практикаас хамгаалах учиртай гэж Урсула фон дер Лейен онцолжээ. Европын комисс аль нэг гишүүн орон албан ёсоор гомдол мэдүүлэхээс өмнө өөрөө санаачилга гарган, шалгалтыг эхлүүлж байгаа нь энэхүү аюул ямар их хор хохиролтойг харуулж байна.
Европын Холбооны албан ёсны сэтгүүлд шалгалтын тухай мэдээлэл гарсан даруйд цаг явж эхэлнэ. Европын комисст Хятадын цахилгаан автомашинд худалдааны тариф ногдуулах эсвэл шалгалтаа зогсоох эсэхийг шийдэхэд 13 сарын хугацаа бий.
Худалдааны тариф тогтоох шийдвэр гарсан тохиолдолд одоо мөрдөгдөж буй 10 хувийн татвар дээр нэмж тариф тогтооно. Тарифын хэмжээг Европын комиссын цуглуулсан баримт болон Европын компаниудын зүгээс тавьсан шаардлага дээр үндэслэн тогтоох аж.
Хэрэв энэ шийдвэр батлагдвал Хятадад үйлдвэрлэсэн BEV зайтай бүхий л цахилгаан автомашиныг хамарна. Өөрөөр хэлбэл Volkswagen, BMW, Mercedes-Benz болон Tesla зэрэг Хятадад үйлдвэртэй Европын болон Америкийн автомашин үйлдвэрлэгчдэд нэмэлт татвар ногдуулна гэсэн үг. Мэдээж хэрэг хэрэв тэд Хятадын төрийн дэмжлэг хүртдэг бол шүү дээ.
Ямартаа ч эцсийн үр дүнгээс үл шалтгаалан, шалгалт эхлүүлж байгаа нь ЕХ, Хятадын харилцаа ихээхэн хурцатгах дохиог өгч байна. Хоёр талын харилцаа цар тахал болон Украинд Орос халдсанаас хойш тэртээ тэргүй сайнгүй байгаа.
Брюссельд төвтэй “Bruegel” эдийн засгийн тинк танк-ийн ажилтан Симоне Таляпетрагийн үзэж буйгаар, Европын комиссын эл шийдвэр ЕХ-ны аж үйлдвэрийг хамгаалах, өнгөрсөн алдаагаа давтахаас сэргийлэхийн тулд худалдааны бүхий л арга чаргаа идэвхтэй ашиглахад бэлэн буйг харуулж байна. Европын нарны зайн үйлдвэрлэл Хятадын өрсөлдөөнийг сөрөн гарч чадаагүй нурсан гашуун туршлага бий.
Энэ бол урт замын эхлэл гэж тэрбээр онцолжээ. Эцсийн бүлэгт энэ санаачилга үр дүнд хүрч магадгүй. Гэхдээ үүнтэй зэрэгцэн ЕХ-ны аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн эдийн засгийн давшингуй бодлогыг явуулах ёстой гэж Таляпетра үзэж байна.
Харин Германы “VDA” автомашины аж үйлдвэрийн холбоо үнэлэлт хийхдээ илүү болгоомжтой хандаж, компаниудын үүрч байгаа эрчим хүч, татвар, хураамж, хэтийдсэн хүнд суртлын өндөр зардлыг бууруулах зорилгоор хөрөнгө оруулалтыг татах, дэмжлэг үзүүлэх илүү өргөн хүрээний механизм бий болгохыг уриалжээ.
Хохирлын хэмжээг тодорхой тогтоож, нийтлэг ашиг сонирхол болон Хятадын зүгээс авч болзошгүй хариу арга хэмжээг тооцоолох шаардлагатай гэж тус холбоо үзэж байна.
Үүнтэй зэрэгцэн ЕХ-ны дэргэдэх Хятадын худалдааны танхим энэхүү шийдвэрт дургүйцлээ илэрхийлж, Хятадын автомашины үйлдвэрлэлийн давуу байдал нь төрийн санхүүгийн дэмжлэг бус харин инновац, түншлэлийн харилцааны үр дүн юм гэж мэдэгджээ.
“ЕХ-г нэг талыг барьсан эдийн засаг, худалдааны арга хэмжээ авахаас урьтан Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэлийн дэвшилд бодитоор хандахыг уриалж байна. Шинэ тариф нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрэмтэй харшилна” гэж тус танхим мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )