Макрон Ши Жиньпинийг ятгаж дөнгөх үү?

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 06

Европын удирдагчид Ши Жиньпинтэй уулзах гэж шил даран Бээжинг зорих болсон. Европын худалдааны хамгийн том түнш улс Европт дайн хийж буй Оростой ойртож байгаа асуудал, Европын Холбооны гол холбоотон болох АНУ, Хятадын сөргөлдөөн европчуудын санааг зовоож байна. 
Германы канцлер, Испанийн Ерөнхий сайдын араас Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен лхагва гарагт /2023.04.05/ Бээжинд ирэв. Тэд Украины эсрэг явуулж буй Путины дайныг зэвсэг эсвэл мөнгөөр тэтгэхгүй байх, болж өгвөл Оросын Ерөнхийлөгчийг энх тайвныг сонгоход нөлөөлөх тал дээр Ши Жиньпинийг ятгахыг хичээнэ. 

Европ Оросын түрэмгийллийг зогсооход нь Киевт тусалж, дайныг аль болох хурдан дуусгах сонирхолтой. Ингэхдээ Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалж үлдэх нөхцөл тавьж байгаа. Харин Кремль үүний эсрэг байр суурьтай. Кремлийн ард Хятад буй. 
Түүнчлэн, европчууд Европ дахь дайн ба энхийн асуудал дээр ЕХ нь АНУ-ын сүүдэр бус харин бие даасан хүч гэдгээ Ши Жиньпинд итгүүлэхийг эрмэлзэж байна. Тэдний Ши Жиньпинд хүргэхийг зорьж буй хамгийн гол санаа нь хамтран ажиллахад бэлэн ч Бээжин Путинд цэргийн тусламж үзүүлбэл бүх зүйл эрс өөрчлөгдөнө гэдэг мессеж юм. 

Бээжинд өмнө нь айлчилсан Европын удирдлагууд бүтэлгүйтсэн. Харин Макрон, фон дер Ляйен нар зорьсондоо хүрч чадах уу? 

Бээжин ба Путин 

Украинд дайн эхлэхээс өмнө Макрон Путинтай утсаар байнга холбогдож байсан ч нэг жилийн дараа ЕХ, АНУ, Кремлийн холбоо тасарч, байр суурь нь эвлэрэхийн аргагүй тэс өөрчлөгдсөн. Тиймээс Европ мухардлаас зөвхөн Хятад улс гаргаж чадна, Путинд нөлөөлөх чадвартай цорын ганц удирдагч нь Ши гэж ярих болсон. 

Хятад улс нь мөргөлдөөний явцыг өөрчлөх чадвартай цорын ганц улс байж ч магадгүй хэмээн Макрон засаг захиргаа хүлээн зөвшөөрсөн нь бий. 

В.Путин өрнөдөөс тусгаарлагдсан Оросын эдийн засгийг Хятадаас хараат болгосон тул Ши-д Кремльд шахалт үзүүлэх шинэ хөшүүрэгтэй болсноор Хятад улс энэ асуудал дээр гол үүрэг гүйцэтгэх боломжтой болсон. Дайн хэрхэн төгсөхөөс үл хамааран энэ байдал өөрчлөгдөхгүй. Учир нь өрнөд хориг арга хэмжээгээ цуцлахыг яарахгүй байгаагаас гадна Оросын газрын тос, байгалийн хийн хавхнаас гарахаар чармайж байна. 

Нөгөө талаар, Ши Жиньпин цэргийн тусламж үзүүлж, өрнөдийн хоригоос зайлсхийхэд нь туслах замаар жингийн тэгнүүрийг Кремлийн талд хазайлгах чадвартай. Одоогоор ийм зүйл ажиглагдаагүй л байна. 

Тиймээс Бээжинд айлчлах үеэр Макрон Ши Жиньпинийг ийм алхам хийхгүй байхыг ятгахыг чармайх нь ойлгомжтой. 

Одоогоор европчууд Ши Жиньпинээр мөргөлдөөнийг цөмийн хэмжээнд хүргэж болохгүй  гэсэн мэдэгдэл хийлгүүлж дөнгөөд байна. Гэвч энэ нь Путиныг зогсоосонгүй. Тэрбээр Беларуст цөмийн зэвсэг байрлуулахаар зэхэж байна. 

Хятад Европт, Европ Хятадад хэрэгтэй юу? 

Хятадын гол өрсөлдөгч бол АНУ. Манай гарагийн хамгийн том эдийн засгийн болон цэргийн их гүрэн Тайвань, хүний эрх, технологийн cалбарт давамгайлах гэсэн тэмцлээс үүдэн харилцаагаа хурцатгаж, улмаар дэлхийг хүйтэн дайны ирмэгт хүргээд байна. 

Хятад улс Европыг АНУ-ын хамжлага гэж хардаг. Европтой ойртох нь Ши-гийн стратегийн зорилгод нийцнэ. Тухайлбал, гол дайсан болох АНУ-ын хүчийг сулруулж, өрнөдийн эвслийг хагалах, өрнөдийн технологи авах боломжоо хадгалах, дэлхийн гурав дахь том эдийн засаг болох ЕХ-ны баян хэрэглэгчдэд хүрэх зорилго. 

Европын зүгээс АНУ шиг Хятадтай бүх харилцаагаа таслах сонирхолгүй. Гэхдээ хэрэв Хятад Путиныг зэвсэгжүүлж эхэлбэл АНУ Хятадын эсрэг хориг тавьж, Европт мөн ингэх санал тавих вий гэхээс болгоомжилж байна. Тиймээс ЕХ Америкийн сүүдрээс гарч, Хятадтай харилцах харилцаандаа бие даасан тоглогчийн хувьд батжихыг эрмэлзэж байна. Энэ бол Бээжинг чиглэсэн Европын цуврал айлчлалын гол зорилго. 

“Их 7” бүлгийн АНУ, Канад, Япон, Их Британиас ялгаатай нь ЕХ-ны 27 гишүүн улсад Хятадын талаар баримтлах тодорхой томьёолсон байр суурь үгүй. Үүнийг хийх анхны оролдлогыг Европын комиссын тэргүүн Бээжинг зорихоосоо өмнө хийсэн. Фон дер Ляйен “Европ нь Хятадтай хамтран ажиллахыг хүсэж байна. Хятадын Коммунист нам нээлттэй байдлаас хаалттай байдал руу, интеграциас өөрийгөө бэхжүүлэх байдал руу аажмаар шилжиж байна” хэмээн байр сууриа хатуу илэрхийлсэн. Хамгийн гол асуудал нь Хятад улс ЕХ-ны нэгдмэл, бие даасан байдалд итгэдэггүй. Европчуудын Хятадын талаар илэрхийлж буй байр суурь нь хувьсаж байгаа ч хэрэг дээрээ өөрчлөгдсөн нь бага. Тод жишээ нь Германы эдийн засаг. Түүний Хятадаас хараат байдал нь улам бүр нэмэгдсээр байгаа. Тиймээс Хятадын эрх баригчид Европын бодлого өөрчлөгдсөнд итгэж чадахгүй л байна. Бээжин ашигтай бизнес санал тавих замаар өөрийн талд элсүүлэх хангалттай улс Европт бий гэж үзсэн хэвээр. 

Макроныг хянах

Франц нь ийм улсын нэг. Учир нь тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өөрийгөө Европын гол удирдагч хэмээн үздэг тул үүндээ хүрэхийг тулд уян хатан байж чадна. Макроныг Европын нэгдсэн чиг шугамаас буцаж, ЕХ-д ажиглагдаж эхэлсэн нэгдмэл байдлыг бутаргах боломжийг Ши-д олгохгүйн тулд түүнийг фон дер Ляйен дагалдаж байна. Фон дер Ляйен Европын Холбооноос далдуур Макронтай тохиролцож чадахгүй гэдгийг Ши-д харуулж чадна гэж шинжээчид үзэж байна. 

Европын удирдлагууд Украины эсрэг хийж буй Оросын дайны талаар баримталж буй байр сууриа өөрчлөх тал дээр Ши-г ятгаж дөнгөнө гэдэгт шинжээчид эргэлзэж байна. Учир нь тэд эхлээд ЕХ нь АНУ-ын сүүдэрт бус харин нэгдмэл, бие даасан байдлаар ажиллаж байгаагаа Ши-д итгүүлэх шаардлагатай. 

Макрон, фон дер Ляйен нарын айлчлал амжилттай болно гэсэн баталгаа үгүй. Ямартаа ч Хятад улс Европоос холдох эрсдэлийг бус харин Оростой харилцах харилцаагаа ЕХ-нд шахалт үзүүлэх хөшүүрэг болгон ашиглах боломжийг олж харна гэж шинжээчид дүгнэжээ. Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.26.78) 2023 оны 04 сарын 08

Хойт Солонгос гадаадад явах төлөөлөгчдөө ХАРГАЛЗАГЧ /НАХЯ/ дагуулдаг шиг АНУ Макроныг Урсула гаар харгалзуулж байна.

0  |  0
zochin(83.140.77.184) 2023 оны 04 сарын 06

\nBBC EES EH SURVALJ AVDAGAA BOLIVOL YASIIN. BBC, CNN ,DW , EURONEWS , FRANCE 24 , AL JAZEERA GEH MET WESTERN MSM SOURCE- UUD BOL YOSTOI ZAIL L BNA.

0  |  0
Top