Макрон, Ши Жиньпин нар Ираны цөмийн асуудлыг энхийн замаар шийдэхийн төлөө байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 07

БНХАУ дарга Ши Жиньпин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Ираны цөмийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийн төлөө байр сууриа илэрхийлжээ. Ши Жиньпиний Франц улсад хийж буй албан ёсны айлчлалын дүнгээр гаргасан хамтарсан мэдэгдэлд талууд энэ чиглэлд хүчин чармайлт гаргахаа нотолсон байна.

Талууд мөн цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үзэл санааг дэмжсэн олон улсын механизмыг хадгалан үлдэх, Ойрх Дорнодын бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлд хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлжээ. Ши Жиньпин Палестин, Израилын мөргөлдөөн болон Украины хямралын талаар баримталж буй байр суурийг илэрхийллээ.

Палестин, Израилын мөргөлдөөн нь хүн чанарыг шалгаж, олон улсын хамтын нийгэмлэг, бүх талуудаас Газын зурваст гал зогсоох талаар шуурхай арга хэмжээ авахыг шаардаж байна гэв.

Бээжин Палестиныг НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр хүлээн авахыг дэмжиж, хоёр улс гэсэн шийдлийг дэмжих замаар Ойрх Дорнодод урт хугацаанд энх тайвныг хангах учиртай гэж онцолжээ.

Түүний мэдэгдсэнээр, Хятад улс нь Украины хямралын талаар удаа дараа байр сууриа илэрхийлж байсан. Мөргөлдөөнийг ажиглагчийн байр сууриас харж суухын оронд Бээжин энхийг тогтоохын тулд чухал үүрэг гүйцэтгэхийг хичээсээр ирсэн. Аливаа мөргөлдөөнийг зөвхөн яриа, хэлэлцээний замаар шийдвэрлэж болдгийг түүх, цаг хугацаа харуулсан. Тиймээс Хятад улс бүх талд хандан, яриа хэлэлцээний ширээний ард суухыг уриалсаар ирсэн хэмээн онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top