Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүлснийг хүргэе.
Бахархах түүхийн үргэлжлэл, бахдах өв соёлын эзэн болсон элгэн садан Монголчууд аа
Та бүхэндээ Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жил, Үндэсний их баяр наадмын мэндийг хүргэж, талархан мэндчилье.
Хүчит бөхчүүдийн уран мэх, хурдан хүлгүүдийн шандас сунгаа, эрхий мэргэн харваачдын цэцэн мэргэнийг бахдан наадамладаг монгол түмэн Та бидний хувьд жил жилийн наадам хэзээ ямагт баяр цэнгэлийн эрхэм дээд, ёслол төгөлдөр тэмдэглэлт өдрүүд байж ирсэн билээ. Иймд дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын энэ хүнд өдрүүдэд наадам цэнгүүний товыг он дамнуулан хойшлуулсан хэдий ч Та бүхнийгээ цэнгэл баярын дотно үгсээ хайртай дотнын хүмүүстэйгээ хэлэлцэн суугаа гэдэгт итгэж байна. Энэ бол Монгол эх орныхоо тусгаар тогтнол, агуу их өв соёлыг тээн уламжилж яваа Та бүхний минь их түүхээрээ бахархан хэлэлцэх уудам сэтгэлийн мөн чанар бөгөөд их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн бичсэнчлэн “Эрүүл явбал улсын наадам үзнэ” хэмээх бэлгэдэл дүүрэн үгээр ерөөл өргөе.
Түүнчлэн 2021 оны долдугаар сарын 7-ны өдөр УИХ-аас Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсан нь хот цаашдаа эдийн засаг, төсөв, газрын харилцаа, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хувьд бүрэн бие даан бэхжих шинэ зам, шинэ үүд хаалгыг нээсэн онцгой чухал шийдвэр болсныг Та бүхэндээ уламжлая. Энэ бол манай баг хамт олон болон Та бидний хамтдаа бүтээх ШИНЭ УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗУРАГ бөгөөд энэхүү нэн шинэ боломжийг бүрэн дүүрэн ашиглах их бүтээн байгуулалт, их ажлын өрнөлд нээлттэй хамтран ажиллахыг урьж байна.
Дэлхийд ганцхан МОНГОЛ НААДМААРАА дэлгэр сайхан наадах ирэх жилийн наадмын ерөөлийг дахин дэвшүүлээд халдвар хамгааллын дэглэмээ барьж, алсын зайнаас амар мэндийн ерөөл үгээ хэлэлцэн наадахыг хүсье.
Монгол эх орон минь өнө мөнхөд мөнхжин батжиг
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР
Сэтгэгдэл ( 1 )
сайхан наадамлаарай