Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл, мянганаас, мянганд өртөөлсөн олимпын их наадам эхлэхэд хэдхэн цагийн хугацаа үлдлээ. Цар тахлын сүүдэр их спортыг нөмөрч, түүхэндээ анх удаагаа товлосон цагаа хойшлуулсан ч олимпын наадам ийнхүү эхлэх гэж байна. Зуны олимпын 32 дахь, Токио хотод болж байгаа хоёр дахь олимпын өмнө олимпын наадамтай холбоотой сонирхол татах 9 баримтыг та бүхэнд хүргэе.
Эрт ба Эдүгээ
Түүхэн сурвалжид тэмдэглэгдснээр эрт цагийн олимпын наадмын тухай МЭӨ 776 онд дурдсан байдаг. Харин орчин цагийн олимпын их наадам Пьер де Кубертиний санаачилгаар 1896 онд эртний олимпын эх нутагт эргэн ирж Грекийн нийслэл Афин хотод зохиогдсон түүхтэй.
Медаль
Орчин цагийн олимпын эхний хоёр наадамд ялагчдад медаль гардуулдаггүй байлаа. Бидний сайн мэдэх алт, мөнгө, хүрэл медалийг 1904 оны олимпоос эхлэн гардуулдаг болжээ.
Алт л бол алт
1904-1912 оны олимпын наадмыг хүртэл алтан медалийг цэвэр алтаар хийдэг байжээ. Улмаар алтны ханш өсөх, зохион байгуулалтын зардал нэмэгдэх зэрэг эрсдэл гарч байсан тул наадмын дүрэмд тусгаж, алтаар бүрдэг болсон билээ.
Медалийн шинэ тренд
“Токио-2020” олимпын наадам медалийн шинэ тренд гаргаснаараа түүхэнд үлдэж байна. Зохион байгуулагчдын зүгээс олимпын медалийг цахилгаан хэрэгслийг дахин боловсруулах замаар зохион бүтээжээ. Нийт 5000 ширхэг медалийг хийхийн тулд цахилгаан бараа дахин боловсруулны дотор 6.21 сая гар утсыг дахин боловсруулсан байна.
Уран гулгалт Зуны спорт байв уу?!
Өвлийн олимпын наадам бий болох хүртэл уран гулгалт зуны олимпын наадамд багтдаг байжээ. 1908 болон 1920 оны зуны олимпын наадамд уран гулгалтын төрөл багтсан байна.
Түүхэн улс орнууд
Зуны олимпын наадмын түүхэнд нэг ч олимп алгасаж үзээгүй ердөө таван л улс бий. Энэ нь Грек, Австрали, Франц, Их Британи, Швейцарь.
Алтан Британи
Их Британи улс олимпын наадамд тодоор тэмдэглэгдэх түүхтэй улс ажээ. Олимпын наадмын түүхэнд цор ганц Британичууд л нэг ч олимп алгасалгүй алтан медаль хүртэж байжээ.
Түүхэнд үлдэх хойшлуулалт
Олимпын наадам цар тахлын сүүдэрт дарагдаж түүхэндээ анх удаагаа хойшлогдсон нь “Токио-2020” олимпын наадам юм. Дэлхий дахиныг хамарсан дайны утаа сарниж амжаагүй байхад буюу 1916, 1940, 1944 оны олимпын наадам цуцлагдаж байсан билээ.
Олимпод ээлтэй Америк
АНУ түүхэндээ дөрвөн удаа зуны олимпын наадам зохион байгуулж байлаа. Сейнт Луйс хот 1904 онд, Лос Анжелес хот 1932, 1984 онд, Атланта хот 1996 онд зохион байгуулж байсан түүхтэй. Одоогоос яг долоон жилийн дараа Лос Анжелес хот 2028 оны Зуны спортын наадам зохион байгуулна. Ингэснээр Лос Анжелест гурав дахь удаагаа олимп болох гэж байгаа нь энэ.
Сэтгэгдэл ( 0 )