ТОЙМ I Сайн байна уу, Парис: Сонин юу байна?

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 03

Энэ онд Парис хот Олимпын их наадмыг гурван удаа хүлээн авсан Лондонгийн дараах хоёр дахь хот болно. Хайрын хот анх 1900 онд буюу хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон спортын их наадам сэргэснээс хойш дөрвөн жилийн дараа зохион байгуулж байв. Ромын эзэн хаан I Теодосиус Олимпын наадмыг зохион байгуулахыг хориглосноос хойш 1500 жилийн турш завсарласан билээ. 1924 онд Парис хот дахин спортын ертөнцийн төв болж, Олимпын их наадмыг хоёр удаа зохион байгуулсан анхны хот болж, түүхэнд бичигдэж байлаа.

Зуны олимпын гурван удаагийн наадмаас гадна Франц улс мөн гурван удаа өвлийн олимпын наадмыг 1924, 1968 болон 1992 онуудад хүлээн авч байв.

Парис-2024 зуны олимпын хөтөлбөрт спортын 32 төрлөөр 329 тэмцээн оржээ. Олимпын наадамд анх удаа брейк бүжиг орж ирж байгаагаар онцлог. Брейк бүжиг нь нуруу, толгойн дээрээ эргэх зэрэг спортын элементүүдийг шингээсэн байдаг.

Францын Полинезийн арлуудын хамгийн том нь болох Таити арал дээр сөрфингийн тэмцээнүүд болно. Парис хотоос 15700 км зайд байрладаг тус арал зохион байгуулагч хотоос хамгийн хол зайд тэмцээн, уралдаан болсон газар гэж олимпын түүхэнд тэмдэглэгдэнэ.

Харин паралимпын наадмын хүрээнд спортын 22 төрөлд нийт 4400 тамирчин өрсөлдөнө.

Нээлтийн ажиллагаа 

Парис-2024 олимп мөн нээлтээ цэнгэлдэх хүрээлэнд бус харин хотын орчинд хийсэн түүхэнд анхны наадам болно. Хөтөлбөр ёсоор, дэлхийн орон бүрээс ирсэн тамирчдыг 160 хөлөг онгоц Сена мөрнөөр нээлтийн ёслолын ажиллагаанд хүргэх аж.

Нийт 10500 тамирчин олимпт оролцох эрхээ өвөртлөөд байна. Зургаан км үргэлжлэх Сена мөрний аяллын эцсийн зогсоол нь олимпын хамгийн сэтгэл хөдөлгөсөн нээлтийн ажиллагаа болох Трокадеро талбай юм. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны хэлснээр, аюулгүй байдалтай холбоотой асуудал гарах тохиолдолд нээлтийн ажиллагааг Стад дэ Франс цэнгэлдэх хүрээлэнд явуулах хувилбарыг мөн боловсруулсан байна.

Анхны төлөвлөгөөгөөр Сена мөрнөөр аялах хөлөг онгоцнуудыг 600 мянган хүн үзэх боломжийг хангах ёстой байсан ч аюулгүй байдал болон ложистикийн хүндрэлээс үүдэн төлөвлөгөөг өөрчилж, эргээс хөлөг онгоцны цувааг ажиглах үзэгчдийг тоог 300 мянга болгож цөөрүүлсэн байна.

Медалиуд

Парис-2024 олимп болон паралимпын медалиудыг Эйфелийн цамхгийн төмрөөр хийжээ. Энэ бол Парис хотын бяцхан хэсгийг өөртөө үлдээх боломж хэмээн зохион байгуулагчид ярьжээ. Эйфелийн цамхаг нь Парисын бэлэг тэмдэг.

Алт, мөнгө, хүрэл медалийн дотор хэсгийн төмрийг Эйфелийн цамхгийг сэргээн засварлах үеэр сольсон хэсгүүд нь юм. 1887-1889 онд цамхгийг барьсан Гюстаф Эйфелийн нэрээр нэрлэсэн цамхгийн хаягдал төмрийг нууц агуулахад хадгалдаг байна.

Нийт 5084 медалийг Францын зоосны “Monnaie de Paris” ордон урлажээ.

Бэлэг тэмдэг

Түүхэнд анх удаа Парис-2024 олимп болон паралимп нэг бэлэг тэмдэгтэй байна. Олимпын их наадмын нүүр царай хэмээн тунхаглаж байгаа бэлэг тэмдэг нь алтан медаль, галын дөл болон Францын хувьсгал, ард түмний бэлэг тэмдэг болох Марианныг бэлгэджээ.

Харин маскотыг Фриги гэнэ. Эртний фригийчүүдийн улаан малгайг Парисын олимпын маскотоор сонгон авчээ. 1789 оны Францын хувьсгалын үеэр якобинчуудын малгайн эх загвар хожим нь эрх чөлөөний бэлэг тэмдэг болсон түүхтэй.

Улаан өнгөтэй Фриги цагаан өнгийн пүүз хөлдөө жийжээ. Харин паралимпын Фригигийн нэг хөл хиймэл бөгөөд улаан пүүз өмссөн.

“Ив-дю-Мануар” цэнгэлдэх хүрээлэн

1924 оны Парисын зуны VIII олимпыг анх хүлээн авч байсан түүхт цэнгэлдэх хүрээлэн яг нэг зууны дараа дахин дэлхийн спортын хамгийн чухал үйл явдлын эзний хүндтэй үүрэг хүлээж байна. Тухайн үед олимпын нээлт, хаалтын ажиллагаанаас гадна хөнгөн атлетик, хөлбөмбөгийн тэмцээнүүд болж байжээ. Энэ л цэнгэлдэх хүрээлэнд Уругвайн шигшээ баг Швейцарын багийг 3:0 оноогоор хожиж, дэлхийн аварга хэмээх алдрыг хүртэж байлаа.

Парисын XXXIII олимпын цэнгэлдэх хүрээлэн 15 мянган үзэгчийг багтаах хүчин чадалтай. Өнгөрсөн нэг зууны туршид энд хөнгөн атлетик, хөлбөмбөг, регби, боксын гээд нийт 250 үндэсний болон олон улсын тэмцээн, мөн 1972 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ. Мөн 1938 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ л Ив-дю-Мануар цэнгэлдэх хүрээлэнд болж байв. Энэхүү түүхэнд цэнгэлдэх хүрээлэнд долоодугаар сарын 27-оос наймдугаар сарын 9-ний хооронд зүлгэн дээрх хоккейн дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 24 багийг хүлээн авна.

Нийт олимпын 41, паралимпын 20 объектод тэмцээн, уралдаанууд болно.

Парисаас гадна есөн бүс нутгийн спортын төвүүдийг дайчилжээ. Тухайлбал, Шатору хотод буудлага, Лион, Нант, Бордо, Сэнт-Этьен, Ницца, Марсель хотуудад хөлбөмбөг, Лилльд гандболын шигшээ тоглолтууд болон сагсан бөмбөгийн тэмцээнүүд болно.

Марсель хот далбаат завины спортын төв болно.

150 000 ажлын байр ба 8 876 мод 

150 000 бол Парисын олимпыг зохион байгуулахад бий болгосон ажлын байрны тоо. Нийт 1900 компани бараа, үйлчилгээг нийлүүлж байгаагаас 70 орчим хувь нь жижиг, дунд үйлдвэрүүд.

Парис-2024 олимпын наадмын дараа Сен Сен Дени олимпын хотхонд нийт 8876 мод суулгахаар болжээ. Хотын инновац шийдэлтэй шинэ дүүрэг болох энэхүү хотхон нь зургаан га талбай бүхий ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, 6000 оршин суугчдад зориулсан 2800 орон сууцны хороололтой байх гэнэ. Энэ дүүрэгт зөвхөн био материал, газрын гүнийн дулааны нөөц, нарны зай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон сууцны хангамжийг бүрэн шийднэ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nbop(105.116.4.101) 2024 оны 05 сарын 03

Итгэмжлэгдсэн зээлийн компани нь 5000-аас 50000 доллар хүртэл бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000-аас 00,000 доллар хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй, хүссэн зүйлээ хэлнэ үү\nэргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. Имэйл, trustedloanfirm0@gmail.com

0  |  0
Top