Олимпын наадмаас өмнө Парис хот эмзэг бүлгийнхнийг албадан гаргаж эхэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 06

Францын төрийн бус байгууллагууд Олимпын наадмыг зохион байгуулагчид болон Эммануэль Макроны засгийн газрыг Парис хотод “нийгмийн цэвэрлэгээ” хийж буйг шүүмжилжээ. Олимпын их наадмаас өмнө Парис хотоос олон мянган орон гэргүй, цагаач болон бие үнэлэгчийг гаргаж байна.

Буяны үйл ажиллагаа явуулдаг 80 төрийн бус байгууллага багтсан “Медалийн ар тал” бүлэг Парисын эрх баригчид болон наадмыг зохион байгуулагчид олимпыг зохион байгуулж байсан хотуудын хамгийн таагүй арга, туршлагыг хэрэгжүүлж буйд дургүйцлээ илэрхийлсэн байна. “Парис-2024 олимп өмнөх наадмуудаас ялгарна гэж найдаж байсан ч эмзэг бүлгийнхнийг хотоос идэвхтэй гаргаж байна. 2024 он гарснаас хойш ийм ажиллагааг 26 удаа явуулсан” гэж илтгэлд дурджээ.

Тус бүлгийн мэдээллээр, сүүлийн 12 сард Парис хотоос нийт 12.5 мянга орчим хүнийг албадан гаргаж, Олимпын тосгоны ойролцоо байрладаг хаягдсан 10 барилгаас “оршин суугчдаас” нь цэвэрлэх ажиллагаа явуулжээ. Эдгээр барилгад хоёр мянга орчим цагаач толгой хорогдож байсан аж.

Хотын эрх баригчид ажиллагаа олимпын их наадамтай холбоогүй гээд 120 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай цагаачдын байрууд дүүрсэнтэй холбоотой хэмээн тайлбарлажээ. Хүмүүсийг нүүлгэж байгаа нь түр хугацааны арга хэмжээ бөгөөд тэдэнд байнгын оршин суух байраар хангана гэсэн байна. Ингэснээр Парис болон бусад хотуудад бий болсон цагаачдын майхан хотхонуудын асуудлыг шийднэ гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top