Олимпын бамбар Францын Марсельд энэ сарын 8-нд албан ёсоор орж ирснээс хойш олимпын бамбарын буухиаг тасалдуулахыг завдсан 32 тохиолдлыг таслан зогсоосон гэж Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманен мэдэгджээ.
Өнгөрсөн хугацаанд нийт 20 дроныг устгасан байна. Нийт 331 мянган удаагийн захиргааны шалгалт явуулсны дүнд олимпын галын аяллыг тасалдуулахыг санаархаж байсан 1193 хүнийг илрүүлжээ. Түүнчлэн, зуу гаруй хүн, тэр дундаа сайн дурын ажилчдыг олимпын зохион байгуулалтад оролцохоос хассан байна.
Олимпын гал нийт 12 мянган км зам туулж, 400 хотоор аялсны эцэст долоодугаар сарын 26-нд Парис хотноо аяллаа өндөрлөнө. Буухианд 18 гүйгч, нэг автомашин, 12 мотоцикл оролцоно. “Cnews” сувгийн мэдээллээр, олимпын галын буухиаг зохион байгуулахад дор хаяж нэг сая евро зарцуулжээ.
Парис-2024 олимпын их наадам долоодугаар сарын 26-аас наймдугаар сарын 11-ний хооронд болно.
Сэтгэгдэл ( 0 )