Франц дахь бамбарыг залах үүрэг хүлээсэн хамгийн балчир иргэн 10 настай байх ажээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 16

"Парис 2024" Олимпын бамбар нь өлгий нутаг Эллада орноороо буухиалж, улмаар түүхэн алдарт “Белем” далбаат хөлөг онгоцоор газар дундын тэнгисийг гатлан, Марсель хотоос Франц дахь аяллаа эхлүүллээ.

Орчин үеийн анхдугаар Олимпын наадам сэргэн өрнөсөн 1896 онд бүтээгдсэн “Белем” хөлөг онгоц Марселийн боомтод ирэх мөчид 1,000 орчим усан завь угтаж, бамбарт буухианы аяллыг эхлүүлэхээр 50,000 гаруй хүн хуран цугласан байна.

Ариун бамбарын буухиаг “Лондон 2012” Олимпын усанд сэлэлтийн аварга Флоран Манаду анхлан эхлүүлсэн бол нэрт хөлбөмбөгч Базиль Боли, Дидье Дрогба, "Марсель" клубын үнэнч фэн, 83 настай Коллетт Катальдо зэрэг эрхмүүд үргэлжлүүлэв.

Олимп эхлэхээс 100 хоногийн өмнө Грекийн Олимпиад ассан буухиа нь 79 хоногийн турш Францын 6 арал, эх газрын 65 нутаг дэвсгэрийн 400 гаруй хот суурин газраар 12,000 км аялах юм. Түүнчлэн бамбарыг залах хүндэт үүргийг 10,000 хүн гүйцэтгэхээс хамгийн балчир нь 10 настай байх бол хамгийн ахмад нь 107 настай ажээ.

Одоогоор бамбарын аян Корсикад хүрсэн бөгөөд энэхүү газар 1992 оны Альбервиллийн өвлийн Олимпын гал айлчилж байсан түүхтэй. Корсикад Олимпын хүрэл, дэлхийн аварга, алдарт жүдоч бүсгүй Присилла Гнето, "Бастия" хөлбөмбөгийн клубын одод, нийт 120 хүн бамбарыг хүндэтгэлтэй залан гүйнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top