Пүрэв гарагт Грекийн Афины цагаан гантиг “Панатинаикос” түүхэн стадионд Олимпын бамбарыг Токио 2020 Олимпын наадмыг зохион байгуулагчдад хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болно. Энэ удаад КОВИД-19 цар тахлын улмаас энэхүү ёслолын арга хэмжээ даруухан нөхцөл болох аж.
Грекийн Үндэсний Олимпын хороо арга хэмжээг үзэгчгүй, орон нутгийн сурвалжлагчгүй хаалттай хаалгана цаана болно гэж мэдэгджээ. Арга хэмжээнд зөвхөн Японы төлөөлөгчдийн дагалдан ирэх цөөн тооны сурвалжлагчийг оруулах гэнэ.
Орон нутгийн цагаар 11.30 цагт (УБ 17.30) болох Олимпын бамбар хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Грекийн Ерөнхийлөгч Екатерина Сакелларропулу оролцохгүй аж. “Панатинаикос” цэнгэлдэх хүрээлэнд түр зогссон Олимпын бамбарыг дамжуулах буухианы сүүлийн үе шат болох бөгөөд бамбарыг Олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Европын дөрвөн удаагийн аварга, Грекийн гимнастикч 29 настай Элефтериос Пуетруниас, Олимпын аварга, дэлхийн аварга, Европын хошой аварга, Грекийн дээд амжилтын эзэн 30 настай Екатерина Стефаниди богино зайд буухиалах юм. Үүний дараа стадион доторх тахилын ширээн дээр гал асаах аж. Греикийн Үндэсний Олимпын хорооны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Спирос Капралос үг хэлсний дараа Токио 2020 Олимпын наадмын зохион байгуулах хорооны тэргүүн Ёширо Моригийн видео илгээлтийг үзүүлэхээр төлөвлөжээ.
Үүний дараа Капралос энэ сарын 12 түүхэн уламжлалт ёсоор Эртний Олимп дахь Гера сүмийн туурьд нарны гэрэл, толь ашиглан асаасан Олимпын галт бамбарыг Токио-2020 зохион байгуулах хорооны төлөөлөгч Наоко Имотод гардуулах юм. Энэ мөчөөс эхлэн Олимпын гал зуны ээлжит Олимпын наадам болох Токио хотын зүг аян замд гарна.
Энэ сарын 13-нд Грекийн ҮОХ Олимпын бамбарын буухиаг Спарта хотод хүрэлцэн ирэхэд түр зогсоосон билээ. Олимпын бамбарын буухиаг үргэлжлүүлэх Америкийн “Спартын 300 дайчин” кинонд Спартын хаан Леонидын дүрийг бүтээсэн Холливудын жүжигчин Жерард Батлерыг үзэхээр олон зуун хүн цугларсан тул коронавирусний тархалт дэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түр зогсоосон юм.
Олимпын бамбар Японд энэ сарын 20-нд ирнэ. Японд буухиа энэ сарын 26-нд 2011 оны цунами, атомын цахилгааны станцын осолд өртсөн Фукушима мужийн хөлбөмбөгийн бэлтгэлийн төвд албан ёсоор эхлэх аж.
Зуны Олимпын их наадам Токио хотноо долоодугаар сарын 24-өөс наймдугаар сарын 9-ний хооронд, Паралимпын наадам наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 6-ны хооронд болох юм.
Сэтгэгдэл ( 0 )