Токио-2020 олимпын ХАМГИЙН ҮНЭТЭЙ таван тамирчин

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 08

Олимпын их наадамд оролцох нь аливаа тамирчны хувьд ялсан ч эс ялсан ч эх орноо олон улсын дэвжээн дээр төлөөлөх асар их амжилт, боломж, өндөр нэр хүндийн хэрэг байдаг.

Олимпын тамирчдад хүн төрөлхтний хамгийн нэр хүндтэй спортын их наадамд өрсөлдсөнийх нь төлөө мөнгө төлдөггүй. Гэхдээ тэдний дийлэнх нь ардаа ивээн тэтгэгч компаниудтай байдаг.

Токио-2020 олимпод оролцсон хамгийн үнэтэй таван тамирчныг танилцуулж байна.


Кэвин Дюрант – 75 сая ам.доллар


АНУ-ын сагсанбөмбөгийн од Кэвин Дюрант нь “Brooklyn Nets” багт тоглодог бөгөөд NBA-ийн шилдэг тамирчин гэж нэрлэгддэг. Өнөөг хүртэл тэрбээр олимпын гурван алтан медалийн эзэн болоод байна.

Дюрант 75 сая ам.долларыг спортоос гадна өөрийнхөө үүсгэн байгуулсан “Boardroom” мэдээллийн сүлжээ, “Philadelphia Union” Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн клубын хувьцаа болон өөрийн эзэмшлийн венчур капиталын компаниас олоод байна.


Наоми Осака – 60 сая ам.доллар


Японы теннисчин 23 настай Наоми Осака ивээн тэтгэгч компаниудтай 55 сая ам.долларын гэрээ байгуулж, таван сая ам.долларын шагналын эзэн болоод байна.

Түүнийг “Google”, “Louis Vuitton” болон “Levi’s” компаниуд ивээн тэтгэдэг. Үүнээс гадна Наоми загварын сэтгүүлүүдийн нүүрийг чимж, өөрийн арьс арчилгааны цувралыг гаргаж, усны хувцас үйлдвэрлэгч компанид хувьцаа эзэмшдэг. “Forbes” сэтгүүлд түүнийг 2021 оны хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтад 12-т эрэмбэлжээ.


Дамиан Лиллард – 40.5 сая ам.доллар


АНУ-ын сагсанбөмбөгч Дамиан Лиллард анх удаа олимпын дэвжээн дээр хөл тавьсан ч “NBA All-Star”, “Portland Trail Blazers” тоглогчийн хувьд “Adidas”, “Gatorade”, “Hulu” зэрэг компанитай хэдийн гэрээ байгуулаад амжжээ.

Лиллард “Adidas” компанитай өөрийн гэсэн “Dame” брэнд гаргах 100 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 10 жилийн хугацаагаар байгуулаад байна.

Тэрбээр рэпчин Dame Dolla нэрээр гурван цомог гаргаад байна.


Новак Жокович – 34.5 сая ам.доллар


Новак Жоковичийн нэрийг мэдэхгүй ховор. Дэлхийн номер нэг теннисчин тэрбээр “Lacoste”, “Peugeot”, “NetJets” зэрэг компанитай нийт 30 гаруй сая ам.долларын гэрээ байгуулжээ.

Гурван олимп дараалан медальгүй хоцорсон ч тэрбээр 34.5 сая ам.долларын орлого олоод байна.


Рори Макилрой – 32 сая ам.доллар


Гольфын ертөнцийн од Рори Макилрой гольфын мэйжор тэмцээний дөрвөн удаагийн аварга, 100 долоон хоног дараалан Дэлхийн гольфын чансааг тэргүүлж байсан.

Умард Ирландын тамирчин тэрбээр “Nike”, “Omega” зэрэг компанитай байгуулсан гэрээгээр 29 сая ам.доллар халааслаад байна. Үүнээс гадна, “2019 FedEx cup” цомын тэмцээнд ялсныхаа дараа 15 сая ам.долларын шагнал хүртсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top