Зуны 16 дахь удаагийн паралимпийн наадам өнөөдөр (2021.08.24) Токио хотноо нээлтээ хийлээ.
Энэ удаагийн наадамд 162 орны баг тамирчид оролцож, “Рио-2016” олимпийг давж гарсан (Риод 159 улс оролцсон) талаар зохион байгуулагчид мэдээллээ.
Бутан, Гренада, Мальдив, Парагвай, Сент-Винсент ба Гренадин гэсэн таван улс паралимпод анх удаа оролцож байна. Харин БНАСАУ, Кирибати, Самао, Тонга, Вануату зэрэг улс Ковидын шалтгаанаар, Афганистан улс төрийн байдлын улмаас оролцохоос татгалзсан юм.
“Токиод 162 улс оролцохоор болсон нь үнэхээр бахархалтай байна. Сүүлийн 18 сар паралимпийн наадмын бүх оролцогчийн хувьд үнэхээр амаргүй байлаа. Тамирчдаа паралимпод оролцуулахын тулд хийх ёстой ажил маш их байсан. Энэ нь манай менежментийн багийн хувьд гайхалтай хэрнээ их ядраасан сорилт байлаа” хэмээн Олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгч Эндрью Парсонс өгүүлжээ.
16 дахь удаагийн паралимпийн наадам есдүгээр сарын 5-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 162 орны 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
"Токио-2020" паралимпын наадамд өрсөлдөх Монгол Улсын 11 тамирчин пара жүдо, таеквондо, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, пауэрлифтинг гэсэн спортын зургаан төрөлд хүч сорино.
"Токио-2020" зуны паралимпын наадмын Монголын баг тамирчдын тэмцээний салхийг хагалж, байт харвааны тамирчин Н.Мөнхбаатар наймдугаар сарын 27-ны 09:00-12:00 цагийн хооронд эрэгтэйчүүдийн ST төрлөөр "Yumenoshima Park Archery Field" талбайд урьдчилсан чансаа тогтоох тэмцээнд онч мэргээ сорих юм.
Мөн жүдо бөхийн B3 ангиллын 60 кг-д С.Ядамдорж, B3 ангиллын 66 кг жинд А.Мөнхбат нар /10:30-13:30, 16:00-18:40/ "Nippon Budokan" ордны татамид хүч, ур чадвараа сорин барилдана.
Түүнчлэн энэ өдрийн 14:00-17:00 цагийн хооронд байт харвааны тамирчин Д.Сэлэнгээ эмэгтэйчүүдийн ST төрөлд урьдчилсан чансаа тогтоох тэмцээнд өрсөлдөнө.
Сэтгэгдэл ( 0 )