Олимпын галын буухианд оролцогч унтарсан бамбартай гүйжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

 
Энэ сарын 25-нд Япон улсад ёслол төгөлдөр эхэлсэн Токиогийн зуны Олимпын их наадмын галын буухианд оролцогчдын нэг унтарсан бамбартай гүйсэн тухай NHK телевиз өнөөдөр мэдээлжээ.

Хэрэг явдал Фүкүшима мужийн Иитатэ тосгонд гарсан байна. Буухиаг дамжуулах үед бамбар асаагүйг оролцогч анзаараагүй байна. Дараагийн хүнд бамбарыг шилжүүлэхээс өмнө нөөц галаар асаасан байна.

Энэ нь Олимпын галын буухиа эхэлснээс хойш гарч буй хоёр дахь ийм тохиолдол юм. Үүнээс өмнөх өдөр бамбар хүчтэй салхинд унтарчээ.

Олимпын галын буухиа пүрэв гарагт (2021.03.25) Фүкүшимагийн “J-Village” хөлбөмбөгийн бэлтгэлийн төвөөс гараанаасаа гарчээ. Энэхүү арга хэмжээг халдвар хамгааллын хатуу нөхцөлд явуулж байна.

Олимпын галын аялал 121 хоног үргэлжилж, Японы бүх 47 мужийн 859 хот, суурин газарт очих юм. Буухианд 10 мянга орчим хүн оролцох юм.

2020 оны долоодугаар сарын 24-өөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан Токиогийн зуны Олимпын их наадам коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, 2021 оны долоодугаар сарын 23-аас наймдугаар сарын 8-ны хооронд болох юм.

 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top