Нөхөн сонгуульд горилогчдын өрсөлдөөн эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 09

УИХ-ын 18 болон 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн санал авах өдөр аравдугаар сарын 10-наар товлогдоод байгаа.

Д.Сумъяабазар хотын дарга, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болохоор УИХ-ыг орхисноор ийнхүү Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт хоёр тойрог онгойчихоод байгаа хэрэг.

Өнөөгийн байдлаар УИХ-д МАН-аас 60 гишүүн байна. Ийм нөхцөлд тус нөхөн сонгуулиудад аль нэг нам яллаа гээд эрх мэдлийн хүрээнд онцын өөрчлөлт байхгүй. Гэхдээ сөрөг хүчинд хэр найдвар байгааг, эрх баригчдын нэр хүнд хаана явааг хэмжих нөлөөлөл байлгүй яахав. Тэр тусмаа МАН-ын даргаар сонгогдоод байгаа Л.Оюун-Эрдэнэ, хоёр хуваагдаад явж байгаа АН-ын шинэхэн дарга нарт чансаагаа харуулах боломж байж таарна. МАН-ын Бага хурал өчигдөр цахимаар болж УИХ-ын нөхөн сонгуульд оролцоно гэдэг шийдвэрээ гаргажээ. МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва “МАН-ын Бага хурлын 12 дугаар хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.

Тодруулбал, нөхөн сонгууль болон нөхөн сонгуульд нэр дэвших хүнийг тодруулж, санал хураах журмыг баталсан. Тухайн хоёр тойрогт нэр дэвших эрхмүүдийг сонгохдоо социологийн судалгаан дээр үндэслэх, анхан шатны намын байгууллагын саналыг харгалзан үзэх, намын гишүүдийн саналыг харгалзан үзэх гэсэн олон заалттай. Нэр дэвшигчдийг тодруулах хуулийн хугацаа есдүгээр сарын 1-н юм. Намын Бага хурал тухайн үед дахин хуралдаж, дээрх шаардлагуудыг хангасан хүмүүсийг нэр дэвшүүлнэ” гэжээ.

Тэгэхээр үндсэндээ энэ нэг сарын хугацаанд нөхөн сонгуульд хэн нэр дэвших талаар АН, МАН-д ил далд сунгаа эхэлсэн гэсэн үг. Ялангуяа Хэнтий аймгийн нөхөн сонгуульд явах хүсэлтэй хүн МАН дотор их бий. Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны дарга нь Хэнтий аймгийн төлөөлөл байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг зөвхөн Бэрх тосгонд гэхэд л хэдэн аймгийн нийлбэр шиг хөрөнгө оруулалт хийсэн гэдэг хэл ам дагадаг. Энэ аймгийнхан МАН-аас бол бор халзан хонь байсан ч сонгоно гэдэг яриа ч гарчихсан байгаа. Тэр утгаараа нэр дэвшихийг горилогчдын өрсөлдөөн хамгийн их гарах байх. Нэг хэсэг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Хэнтий аймгийн нөхөн сонгуульд явах нь гэдэг цуурхал гарч байлаа. Өөрөө ч МАХН-аа МАН-д нэгтгэхдээ “МАХН-аас 2200 орчим хүн албан тушаалд очно” гэж ярьж байсан нь “Нэг мандат авах юм байна” гэж бодоход нөлөөлсөн болов уу. Гэвч Намбарын Энхбаяр төрийн албанд орсон буюу ҮАБЗ-ийн Судалгааний хүрээлэнгийн дарга болсноос харахад нэр дэвшихгүй нь тодорхой. Хэнтийн сонгуульд өнөөгийн байдлаар нэр дэвших магадлалтай хүн бол Хэнтий аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба. 2016, 2020 оны сонгуулиар нэр дэвшилгүй бусдадаа боломж олгож, аймаг орон нутагтаа ажилласан нь түүнийг одоо өрсөлдөнө гэж таамаглах нөхцөл бүрдүүлж байгаа. Мөн өнгөрөгч 2016 оны сонгуульд өрсөлдөнө хэмээн яригдаж явсан Соёлын дэд сайд М.Батбаярыг нэр дэвшинэ гэх хүн ч байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг олон жил дагаж байгаа гэдэг өнцгөөс харвал ортой л юм. Үүний дээр Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нөхөн сонгуульд оролцох хүсэл ихтэй байгаа тухай нутаг орныхон нь ярьж байна лээ. Гэвч намтраар нимгэн, анх удаагаа аймгийн Засаг дарга болсон болохоор өөрөө хэчнээн хүссэн ч энэ удаагийн сонгуульд явна гэхэд бэрх л дээ.

Тэгвэл АН-ын хувьд Хэнтийд өрсөлдүүлчих хүнээр дутахгүй. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар Улсын баатар Э.Бат-Үүл тус аймагт нэр дэвшиж байлаа. Нөхөн сонгуулиар даагаа нэхвэл эрх баригчдыг барьц алдуулах л хүн. Мөн Хэнтий аймгийн Засаг дарга асан Ц.Оюунбаатар нутаг орондоо нэр хүнд сайтай хэвээр байгаа. Түүнчлэн Хэнтийг УИХ-д төлөөлж, УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатар гэж хүн байгааг мартаж болохгүй. Энэ хүн “Чингис хааны төрсөн нутаг” гэж чичирсээр байгаад 2016 онд Хэнтий аймгийг гурван мандаттай болгож байсан юм шүү дээ. Хэнтийгээс УИХ-ын гишүүн болох мөрөөдөл тээж явдаг М.Хүдэрбаатар гэх мэтээр дурдаад байвал олон хүн бий. Гол нь нэг хэсэг бие биенээ үгүйсгэж байсан дотоодын хурц хагарал нь энэ нам гүм өдрүүдэд хэр сэдэрч байгааг таах юм алга. Тийм болохоор дундын тохиролцоог нь л ажиглах үлдэж байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд Э.Батшугар нэр дэвшинэ гэсэн таамаг бол эртнийх. 2020 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшээд хамраараа таслуулсан хүнд дахин өрсөлдөх хүсэл байж л таарна. Дээр нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН-ыг МАН-д нэгтгэхдээ хүүгээ УИХ-д нэр дэвшүүлэхээр “наймаалцсан” гэдэг хардлага бий. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших нь гэж нэг хэсэг шуугисан. Бүр Сонгинохайрханы 28 дугаар тойрогт штаб нээсэн тухай ч ярьж л байлаа. Улс даяар нэр хүндтэй хэвээрээ ажлаа өгсөн Ерөнхийлөгч асан хаана ч нэр дэвшсэн багагүй сандаргана. Хэрэв Х.Баттулга Сонгинохайрханд нэр дэвшвэл Э.Батшугар Хэнтий явна гэсэн таамаг ч гарсан. Харин сүүлийн үеийн мэдээллээр бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга нөхөн сонгуульд оролцохгүй байж, гудамжнаас АН-ыг базаж авах, улмаар 2024 онд сонгуульд удирдан орох талаар дуулдах боллоо. Чухам юу болохыг цаг нь тулж байж л мэдэгдэх байх. МАН талаас Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан өдгөө хотын даргын орлогчоор ажиллаж буй Ж.Сандагсүрэн нэр дэвших өндөр амбицтай байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Бас “Тавантолгой түлш” компанийн захирал, Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга М.Ганбаатарыг санаатай байгаа гэх юм билээ. АН талаас хэрэв Х.Баттулга биш бол О.Магнай, Кёкүшюзан Д.Батбаяр, “Түмэн шувуут”-ын Л.Эрхэмбаяр гээд нэр дэвшиж болох хүмүүс юу эс мундах вэ дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тагнуулын хүн(66.181.161.62) 2021 оны 08 сарын 10

Схд д Жэнко дэвших нь нэгэнт тодорхой болсон. Маш их мөнгө тарааж эхэлсэн

0  |  0
Зангар(202.179.26.73) 2021 оны 08 сарын 10

Хэнтийн нөхөн сонгуульд улаан чулуутын хогийн цэг дээр ажилладаг хүмүүсээс нэр дэвшүүлэх хэрэгтэй. Ядуусын төлөөлөлтэй болог хөөрхийс.

0  |  0
Top