Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.08.18/ боллоо. Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргасан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
Учир нь, Сангийн яамнаас өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд хэд, хэдэн санал оруулжээ. Тухайлбал, Төрийн банк болон Хөгжлийн банкны чиг үүргийг шинэчилж, нийгмийн дундаж давхаргыг тэлэх зорилгоор ажиллаж байгаа аж. Хэдийгээр хууль, эрх зүйд нь өөрчлөлт оруулахгүй ч банкны дүрэм, журамд тодорхой нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлагатай гэж Сангийн яамнаас үзэж байна.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Төрийн банк, Хөгжлийн банкны чиг үүргийг шинэчилнэ. Төрийн банк жижиглэнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байна. Цаашид илүү тодорхой болгоно. Бага орлоготой хэсгийг бойжуулах, нийгмийн дундаж давхаргыг тэлэх үйлд Төрийн банк хувь нэмрээ оруулах ёстой гэж үзэж байна. Ингэхийн тулд энэхүү банкнаас үзүүлдэг үйлчилгээний цар хүрээг тэлнэ. Өөрөөр хэлбэл, нийгмийн тодорхой хэсэгт хүрч үйлчилнэ гэсэн үг. Харин төр, засгаас Төрийн банканд тусалж дэмжинэ" гэв.
Түүнчлэн "Улс орнууд дундаж давхаргаа өөр өөрөөр тодорхойлж байна. Манай улсад сард 1-1.3 сая төгрөгийн орлоготой өрхийг дундаж давхарга гэж үзнэ. Машин, байрны зээлээ төлчихдөг, хадгаламжтай өрхүүдийг олон улсын жишгээр дундаж давхаргынхан гэж нэрлэдэг. Бид цаашид дундаж давхарга бойжуулах хэрэгтэй. Хөгжлийн банк өнөөдрийг хүртэл төслийн буюу том хэмжээний зээл олгосоор ирсэн. Манай улсын эдийн засагт худалдаа томоохон байр суурь эзэлдэг. Гэвч манайд худалдааны санхүүжилт дутагдалтай байна. Цаашид Хөгжлийн банкийг экспорт, импортын банк болгоно. Үүний тулд Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй. Гэхдээ банкны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )