"Зиндаа" сэтгүүлийнхээ "Галерей" булангийн зочин хойморт Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Урчуудын Эвлэлийн шагналт зураач Цэвэгийн Байды хэмээх эрхэм хүмүүнийг урьж ярилцлаа.
Ц.Байды зураачийг манай уншигчид шог зургуудаар нь илүүтэй танина. Тэрбээр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн. Нутагтаа алдартай Номон баяны үр удам ажээ. Төр засаг мал хөрөнгийг нь гурвантаа хураасан ч баян хэвээр үлдсэн өвөг эцэг нь заргачаараа нэн алдартай, мөн өөрийн гэсэн ламтай хүн байсан гэдэг. Номон баяны удамд хүү төрөөгүй удсан ч охидоос нь хүү төрж удам залгасан ажээ. Удам залган мэндэлсэн анхны ач хүү нь Лувсандорж хэмээх эрдэмтэй лам, хоёр дахь нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Байды гуайн аав Цэвэг хэмээх төрийн хар хүн байв.
Байды гуайн аав Цэвэг гарын ур дүйтэй алт мөнгөний дархан байсан гэдэг. Цэвэгийн удмыг залган төрсөн Байды хүү багаасаа уран зураг сонирхож, улмаар 1974 онд ЗХУ-ын Москва хотын Строгановын Уран зургийн академийг төгссөн мэргэжлийн зураачдын нэг болсон билээ. Тэрбээр 1976 онд “Ардын засгийн төлөөлөгч” зургаараа Улсын уралдааны тэргүүн байр, “Баянцогтын говьд”, “Хаалга шинэтгэсний баяр” зургуудаараа Улсын уралдааны 2,3-р байр эзлэн, 1981 онд Москва хотноо болсон Олон улсын үзэсгэлэнгээс хүрэл медаль хүртэж, 1985 онд “Хүн байгаль” Олон улсын уралдааны тэргүүн байрыг эзэлж байв.
Ц.Байдыгийн уран бүтээлийг үнэлж 1981 онд Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал, 1991 онд Алтан гадас одон, 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон, 2005 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, тэмдэг, 2009 онд “Улаанбаатар хотын Хүндэт иргэн” тэмдгээр тус тус шагнажээ.
Тэрбээр 2003 онд Адра ОУБ-аас зохиогдсон уралдаанд Тэргүүн байр, 2005 онд Эмнести интернэйшнл ОУБ-ын шагнал хүртсэн бөгөөд ЗХУ, Япон, БНСУ, АНУ, Англи, Итали, Франц, Алжир улсуудад зохиогддог олон улсын зураачдын үзэсгэлэнд тогтмол оролцож байв. Ц.Байды уран зураг, зураасан зураг, шог зургийн бие даасан үзэсгэлэнг эх орондоо нийт 14 удаа гаргажээ.
СҮҮЛИЙН 10 ЖИЛД ГАРГАСАН ҮЗЭСГЭЛЭН:
2008 онд “Тэнгэр заяат нутаг минь” байгалийн зургийн үзэсгэлэн, Монголын Үндэсний музей,
2011 онд “Их Монголын талд” шог зураг, уран зургийн үзэсгэлэн, Монголын Уран зургийн галерей,
2012 онд “Наран дуулал” уран бүтээлийн үзэсгэлэн, МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхим,
2016 онд 100 бүтээл багтсан “Үлгэр домгийн орноор” уран зураг болон шог зургийн үзэсгэлэн,
2018 онд “Аян замын тэмдэглэл” судалбар зургийн үзэсгэлэн (D арт галерей).
“Галлериа Улаанбаатар” төвд 2018 оны 12 сараас эхлэн МУУГЗ, МУЭ-ийн шагналт зураач Ц.Байдыгийн Судалбар зургийн үзэсгэлэн, худалдаа явагдаж байгаа. Бид энэ үеэр нь эрхэм зураачтай уулзаж ярилцлага хийснээ уншигч танаа толилуулж байна.
-Таны "Нартай хуртай Дэлгэрхангай" зургаар тань ярилцлагаа эхэлье. Та энд л бага насаа өнгөрөөж, тоглож өссөн болов уу?
-Тийм ээ. Энэ хайрханы хажууханд Дэлгэрхангай сум байдаг. Эндээс бол харагдахгүй л дээ. Тэр үед Дэлгэрхангай суманд дөрөвдүгээр анги л төгсгөдөг байлаа. Би онц сурдаг, зураг зурдаг хүүхэд байсан. Тавин хэдэн он шүү дээ. Өөрийгөө сургуулийнхаа хамгийн мундаг зураач гэж боддог байлаа. Намайг хоёрдугаар ангид байх үед сайн дурын уран сайханчдын концерт, ариун цэврийн үзлэгтэй, кампанит ажил явагдаж, Содномдаржаа багшийн удирдсан Дундговь аймгийн зургийн дугуйлангийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэн манай суманд ирж гардаг юм байна. Тэр зургийн үзэсгэлэнг үзээд би бараг л муужрах шахсан /инээв/.
-Яагаад?
-Гайхамшигтай сайхан зурсан байсан. Үнэхээр биширмээр сайхан. Миний зурдаг хажууд нь юу ч биш байгаа юм. Тэгээд л би усан будгаар зурдаг байснаа болиод харандаагаар зурж эхэлсэн. Тэд нар бүгдээрээ харандаагаар зурсан байсан. Зурсан атлаа зураагүй юм шиг, яг л амьд мэт зурсан байсан. Тэгэж л би зургийн амтанд орсон хүн дээ.
-Хоёрдугаар анги гэхээр, хэдэн настай гэсэн үг вэ?
-Тухайн үед 10 орчим настай л сургуульд ордог байсан. 12-той байсан юм болов уу. Гэхдээ би ангидаа хамгийн бага нь. Манай ангид 16, 18-тай хүүхдүүд ч байсан. Малтай, чинээлэг айлууд хүүхдээ сургуульд сургах дургүй байлаа. Сумын захиргаанаас тусгай машин гаргаад сумын дарга нь өөрөө хэдэн хүнтэй хамт хөдөөгүүр айлаар явж сургуульд сураагүй хүүхэд байвал хүчээр авчирна. Зарим эцэг эхчүүд хүүхдээ явуулахгүй гээд олон арга зохионо. Орон доогуураа нуучихаад, "Тэмээ эрээд говь руу явчихсан" гээд худлаа хэлж байтал нөгөө нуусан хүүхэд нь найтаагаад баригдаж байсан тохиолдол ч яригддаг байлаа. Хэрэв хүүхдээ нууж байгаад баригдвал "Маршал Чойбалсангийн тушаалыг зөрчлөө. Аймгийн шүүхэд шилжүүлж, ял асууна" гэж хүртэл загнуулна шүү дээ. /инээв/
-Та уран зургийн сургууль төгссөн. Хэдэн онд сургуульдаа явсан бэ?
-Бүр сүүлд явсан. Хөдөөнийх болохоор намайг явуулдаггүй. Гэтэл би арван жилдээ онц сурдаг, сумын сургуулийнхан намайг “онц сурлагатан Байды” гэдэг байлаа. Арваад жилийн өмнө нутгаараа явсан чинь "Нөгөө онц сурлагатан Байды ирж гэнэ" гээд ярилцаж байсан бол, зарим нь "Тэнэг Байды ирсэн гэнэ. Нээх сүрхий зураач болсон гэж байна ш дээ" гэцгээж байсан гэдэг.
Зарим найзууд надаас “Чамайг тэнэг гэх юм. Яагаад тэгдэг юм” гэж их асууна. Би багадаа их юм боддог хүүхэд байсан юм гэнэ лээ. Гэртээ суугаад тооно руугаа хараад л юм бодоод суудаг. Хүн орж ирээд юм асуухаар тоохгүй. Тэгэхээр хүмүүс тэнэг гэдэг болчихгүй юу. Гэхдээ одоо бодож байхад тэнэгтэж байсан биш л дээ. Хана хараад өлзий утас гаргаж ирэх гээд л суудаг байлаа.
Ер нь сайн хараад байхад хананы дотор талд бүтэн өлзий утаснууд байдаг юм. Тэрийгээ л хараад бодож байхгүй юу.
-Бичиг үсэгт хэзээ анх тайлагдав?
-Уг нь би Готов гэж багшаараа монгол бичиг заалгаад шинэ үсгээсээ түрүүлээд монгол үсэг сурсан хүн. 8 юм уу 9-тэй л байсан байх. Манай аав самбай хадаг барьж очоод л шавь оруулж байсан юм. Аав өөрөө зааж өгч болох байсан ч би эрхлээд сурахгүй л дээ. Тэгээд Готов багш "Гайгүй сурлаа. Одоо ном унших хэрэгтэй" гэсэн чинь тэр үед ямар ч ном байхгүй. Бүгдийг нь хуучны юм гээд шатаачихсан байсан. Тэр үеэс хойш би монгол бичгээр ном огт хараагүй байж байгаад 1964 онд л Хөдөлмөрийн баатар Чойжилсүрэн гуайн номтой золгосон шүү дээ. Оюутан болсон хойно Чой.Лувсанжав гуайн ном гарч ирсэн. Тэрийг аваад уншихаар таньдаг хүнтэйгээ уулзаж байгаа юм шиг л санагддаг байлаа.
-Хэдэн онд Улаанбаатарт ирж байв?
-Чойрын 7 жилийн сургуульд сурч байгаад 1956 онд Улаанбаатарт орж ирсэн. Тэр үед Сүхбаатарын талбайг тойрсон хэдэн барилгаас өөр юм байгаагүй. Улаанбаатар чинь сумын төвөөс ч жижиг суурин газар байлаа. Сумын сургуулийн хүүхэд байхад ээж минь бурхан болж би өнчирсөн. Аав маань тэр үед албан ажилтай дарга хүн байсан учраас сар жилээр алга болчихно. Би аавыгаа жилд цөөхөн харна шүү дээ. Аав албан ажилтай учраас дүү бид хоёр айлд нэг хэсэг хурга хариулдаг байлаа. Тэгсэн сумын дарга Дамбажанцан гуай сургуульд хүүхэд хөөх гээд ирсэн. Би жигтэйхэн дуртай явсан. Ер нь сургуульд сурчихаад ирж байгаа охидыг харахаар жигтэйхэн л хөөрхөн, догь болчихоод, нэлээд ном сураад ирдэг байсан юм. Ирээд Пушкины үлгэр, Сталины намтарыг л уншина шүү дээ. Би нэг хоёр удаа хэлүүлээд л цээжилчихнэ. Өөр цээжлэх юм ямар байх биш. /инээв/ Хэрвээ тэнэг байсан бол юу гэж тэр бүх юмыг цээжлэх вэ дээ. /инээлдэв/ Алтан загасны үлгэр цээжээрээ мэднэ. Айлд очоод нөгөө цээжилсэн дуугаа дуулаад, шүлгээ уншаад чихрээр шагнуулдаг байлаа. Чихэр ч гэж дээ, тухайн үед жижигхэн ёотон л байсан даа. Бүр хадгалсаар байгаад хир болчихсон /инээв/
-Цаг үе бүр өөрийн гэсэн онцлогтой байх юм даа?
-Тэр үеэс авах юм их байсан. Бүгдийг шинэчилнэ гэж ерөөсөө байдаггүй. Заавал уламжлалаа авч хөгжүүлж явдаг. Орчин үеийн зарим нэг хүн намайг абстракт чиглэлээр зурах хэрэгтэй гэдэг юм. Би тэгэхгүй л дээ. Яагаад гэхээр би Оросын Строгановын академи төгсөхдөө л ийм зургаар төгссөн. Эзэн хааны академи шүү дээ.
ЗУРАГ ЗУРАХГҮЙ Л БОЛ СЭТГЭЛ ХАЧИН БОЛЧИХДОГ
-Зураач хэмээх алдрыг анх хэзээ хүртэж байв?
-Цэргийн зураач байлаа, би. 10 жилийн сургуулиа төгсөөд цэрэгт явсан. Гэхдээ миний түүх хачин замбараагүй. Би их олон сургууль дамжиж сурсан. 10 жилээ гэхэд л Чойр, нийслэлийн 5-р сургууль, Увс аймгийн Баруунтурууны арван жилийг дамжин суралцаж байж төгссөн.
-Аавыгаа дагаад уу?
-Үгүй ээ. Манай ах орос хэлний орчуулагч, тэр дундаа техникийн орос хэлэндээ маш сайн хүн байлаа. Ах маань Увс аймгийн Баруунтурууны сангийн аж ахуйд орчуулагчаар очсон юм. Бүх тракторчин нь орос хүмүүс байсан болохоор ахын хэрэг гарахгүй юу. Улаанбаатарт орос хэлтэй хүн олон байсан ч техникийн хэлтэй хүн байдаггүй. Манай ах инженер хүн. Орост 6 жил болсон. Тэр байтугай хог дээрээс машин босгож унаад түүнээсээ болж шүүхэд дуудагдаж хураалгаад бөөн юм болж байлаа. Тийм хачин хүн байсан. Ахыг дагаад их явна. Намайг Увсаас шууд цэрэгт татаж, би цэргийн зураач болсон доо. Тэр үед цэрэгт зурдаг хүн гэж байгаагүй юм билээ. Голчлон нохойтой, ёслож байгаа цэргийн зураг зурна. Плакат маягийн л юм. Том төмөр самбар дээр зураад л тосон будгаар будчихна. Мөн сайд дарга нар, тухайн үеийн улс төрийн товчоо, НТХ-ны тэргүүлэгчдийн зургийг надаар зуруулна. Би шөнө өдөргүй сууж байгаад л маш дуртай зурна шүү дээ /инээв/ Тэр бүгд надад маш их тус болсон. Мөн ханын сонин хийлгэж, голдуу цэцэрлэгийн ханан дээр л зураг зуруулдаг байлаа. Тухайн үед зураач цөөхөн байсан шүү. Бүгдийг л сэтгэлээрээ зурна. Мөнгө авдаг байсан уу гэж надаас хүүхдүүд асуудаг юм. Би тэр талаар огт боддоггүй байсан.
-Шог зургаа хэзээнээс зурж эхэлсэн бэ?
-Цэрэгт байхдаа шог зураг зурж эхэлсэн. Ханын сонин хийлээ. Би бараг л эвлэлийн дарга байлаа. Тэр үед дөрөвдүгээр анги төгсөж ерөнхий эрдэм заалгасан хүмүүс л цэрэгт ирвэл дээдийн заяа. Би 10-р анги төгссөн юм чинь бараг эрдэмтэн байхгүй юу /инээлдэв/.
Оросууд нэг хэсэг талхаа үнэгүй болгосон доо. Манайх ч дуурайгаад, гэтэл цэргүүд талхаар шидэлцээд л сахилгагүйтээд байна. Би клубт нэг өрөөнд ор тавьчихсан, цэргүүдээр хоол зөөлгөж идээд зургаа зурна. Тэнд гурван жил болохдоо бараг л их сургууль төгссөн юм шиг боловсорсон. Хот руу хааяа ирнэ. Том зураач нартай уулзана, яриаг нь сонсоно. Гаваа гуай, Палам багш гээд томчуудын зурж байгаа зургуудыг нь харна. Би болохоор зургаа хүнд үзүүлдэггүй.
-Танай удамд зураач хүн байсан уу?
-Аав минь зураг зурдаггүй ч алт мөнгөний дархан байсан болохоор надад өвлөгдсөн болов уу гэж хожим бодсон. Өвөг эцэг маань аавд алт мөнгө хайлуулахдаа үлээдэг зэс трубаг яая даа гэсэн тарган хониор авч өгч байсан юм гэдэг. Аав багаасаа алт мөнгөний дархан хийж л дээ. Гуурсгүй учраас толгой руу нь халаад байсан юм байж. Холоос үлээх ёстой байсан учир толгой нь өвддөг, нүдний хараанд нь хүртэл нөлөөлсөн гэдэг юм.
-Тэгвэл зураг зурдаг болоход аав тань их нөлөөлжээ?
-Тийм. Би сүүлд л ойлгож байгаа юм. Миний эгч Батмөнх гэж хүн миний үзэсгэлэн дээр ирээд үг хэллээ. Эгч маань Багшийн сургууль төгсөөд хөдөө гарч малчин болсон хүн. Намайг "Зургаан настай байхдаа л зураг зурж байсан юм" гэж байсан. Яагаад тийм багаасаа зураг сонирхсоноо мэдэхгүй. Цаанаасаа л зурах ёстой байж. Хэн ч намайг албадаагүй. Зураг зурахгүй л бол сэтгэл хачин болчихдог юм.
ШОГ ЗУРАГ ЗУРАХ, ШҮЛЭГ БИЧИХ ХОЁР ЯГ АДИЛХАН
-Амьдралдаа том сургамж авсан ямар тохиолдлыг та огт мартдаггүй вэ?
-Намайг Дундговиос уриад "Сүм хөх бүрд"-ийн амралтад амрах эрх өгсөн юм. Тэр үед “Ёстой зураг зурахгүй сайхан амаръя” гэж бодоод харандаа цаасаа орхиод явлаа. Аймаг, сумдын сайн малчид амардаг юм байна. Тэдэнд цаас харандаа юу ч байхгүй. Айраг уугаад л, мах идээд л... Сар амарсан. Тэр үед би Тоншуул, Үнэн сонины уран сайхны редактор байлаа. Ирээд ажлаа хийх гэсэн чинь юу ч орж ирдэггүй. Мах идэж, айргаа л уумаар санагдаад байгаа юм чинь /инээлдэв/ Тэгээд долоо хоног унтаж хэвтэхээ умартан байж хүчээр зурсаар байгаад долоо хоногийн дараа ганцхан зургийн санаа олсон. Маргаашаас нь зүгшрээд зургаа зурж эхэлсэн. Тэр үед чинь Монголын бараг бүх сонин надад захиалга өгдөг байсан байх шүү. Залуу ч байж, онгироо ч байж /инээв/. Түүнээс хойш нэг өдөр ч цаас харандаанаас салаагүй, зурахгүй юмаа гэхэд бичдэг. Тийм учраас уран бүтээл гэдэг маш хэцүү. Өдөр болгон л харандаа цаас барьж байж амьдарна.
-Та цэрэгт байхдаа шог зураг зурж эхэлсэн. Ямар зургууд зурдаг байв?
-Тухайн үед ханын сонин хийхэд шог зураг байх хэрэгтэй. Тэгээд хоорондоо талхаар байлддаг, мөн дүрэмт хувцсаа “дэглэсэн" цэргүүдийн зураг зураад ханын сонин дээрээ гаргасан юм. Ханын сонины бүх юмыг нь гараар бичсэн. Тэр үед дөрвөлжин дармал үсгээр бичдэг байлаа. Дандаа шоглохгүй, зарим онц сурлагатай цэргүүдийн зургийг ч бас зурна шүү дээ.
-Шог зураг тань хамгийн анх ямар сонинд нийтлэгдэж байв?
-Шог зураг зурсан ханын сонин клубт өлгөөтэй байлаа. Тэгсэн чинь “Улаан од” сонины сурвалжлагч явж байгаад нөгөөхийг чинь хараад "Энийг хэн зурсан юм бэ" гэж надаас асуусан. "Би зурсан" гэсэн чинь "Манай сонин дээр л ийм зураг маш их хэрэгтэй байна. Та наадахаа дахиад зураад өгөөч" гэхээр нь хайчлаад аваад яв л даа гэсэн чинь тэр зураг маань “Улаан од” сонин дээр гарчихсан байдаг байгаа. Тэр миний анхны баярт үйл явдал байсан шүү.
-Хэдэн он бэ?
-1962 он.Түүнээс өмнө миний бичсэн шүлэг, найруулал, өгүүлэл гарч л байсан. Гэхдээ цэргүүд ерөөсөө тоохгүй байсан. Гэтэл ганцхан тэр зурган дээр бөөн юм боллоо. Уулзсан хүн болгон "Чиний зураг сонин дээр гарсан байна лээ" гээд л... Тэгээд ямар байна гэсэн чинь "Чи ёстой авьяастай юм билээ. Их гоё гоё зургууд зурсан байна" гэж үү. Юу нь гоё байх вэ дээ. /инээмсэглэв/
-Тэгэхээр танд нэг тийм хошин шог сэтгэлгээ байж дээ?
-Манай аав тиймэрхүү алиа хошин хүн байсан юм аа. Хүнд нэр хоч өгнө. Тэгээд сумын намын хорооноос дуудагдаж донгодуулж байсан хүн шүү.
- Таны шог зургууд сонинд тавигдаад эхэллээ. Та яаж Строгановт суралцахаар явав?
-Цэргээс халагдаад Дундговь аймгийнхаа урчуудын хорооны гишүүн болж, монгол зураг зурж эхэлсэн. Монгол зургийг шашны утга агуулгатай гээд хориглодог байлаа. Тэр үед яагаад ч юм ардын урлагийг хөгжүүлэх ёстой гэсэн нам засгийн шийдвэр гараад, би бараг хамгийн анх монгол зураг зурсан байх. Тэр үед зурсан зураг Монголын уран зургийн галерейд хадгалагдаад үлдсэн байна лээ.
-Ямар нэртэй зураг вэ?
-Илгээлтийн эздийн тухай "Их замын эхэн" гэдэг зураг зурсан. Гэхдээ энэ зураг одоо хуучирсан байх аа. Үүнээс гадна их олон зураг зурсан.
-Строгановт та намын бодлогоор явж суралцсан болж таарав уу?
-Өөрөө л шалгалт өгсөөр байгаад Дундговь аймгаас явсан шүү дээ. Хичээлдээ сайн байсан. Тэгээд сүүлдээ зураг гайгүй зурдаг болчихсон. Зураг, ерөнхий эрдэм хоёр сайн байхад явчихаж байгаа юм л даа. Строгановт төгссөн гол мэргэжил маань художественный график буюу уран сайхны зураасан зураг шүү дээ. Сургуульдаа явж ирчихээд нутагтаа очиж ажилласан. Би чинь зохиол бичдэг ухаантай. Саяхан "Инээдэг нохой" гээд номоо гаргасан.
-Бас хошин маягаар бичих үү?
-Хошин шог хэлбэрээр л гаргаж байна. Тоншуулд байхдаа тиймэрхүү хэв маяг гаргаж ирээд л их олныг бичсэн, хүмүүс ч нэг их тоогоогүй юм. Зохиолчдын холбооноос тэднийгээ нийлүүлж байгаад ганц нэг ном гаргаач гээд байгаа. Монголын хошин шог зургийн дээж гэж том ном гаргасан. Шог зураачдын намтар түүх байгаа юм л даа. Тэнд байгаа бүх хүмүүстэй бараг бүгдтэй нь цуг ажиллажээ. Тэгээд нэг юм болгоод биччих юм сан, надаас өөр хэн бичих вэ гэж бодож явтал ашгүй "Тоншуул"-ын ой тохиож гаргахаар болсон.
-Таныг хүмүүс шог зургаар тань илүү таньдаг шүү дээ.
-Шог зураг хэвлэлээр олон мянган хувь хэвлэгдээд гарахаараа хүмүүст их хүрдэг юм шиг байна лээ. Гэхдээ уран зургаар улсад байр эзэлж л явлаа. Урчуудын хорооны бүх үзэсгэлэнд оролцдог байсан. Ёстой тасралтгүй оролцсон доо. Харин ардчиллын үед тэр урчуудын холбоо чинь сонин болчихсон. Түүнээс хойш бараг оролцоогүй байх шүү.
-Таны уран зургуудыг харахад байгалийг их зуржээ?
-Тийм. За мөн “Генералууд” гээд хөрөг зургийн үзэсгэлэнг дан монгол генералуудын хөрөг зургаар гаргаж байсан.
-Намын төв хорооны дарга нарын зураг зурж байсан хүн хөрөг зургаас яаж холдох вэ дээ?
-/инээмсэглэв/ Цагаан даавуун дээр зуруулаад баяраар гадаа тавьдаг байсан тэр зургуудыг үй түмээр нь зурсан даа. Дундговийн урчуудын хороонд байхад бэлгийн зураг гэж их зуруулна. Хэмжээ нь жижгэвтэр. Дандаа захиалгаар зурна. Тийм юм чинь хүнийг нэлээд дээшлүүлдэг шүү. Тэр байгаагүй бол би байгалийн зураг зурж чадахгүй байсан байх.
-Байгалийн зургуудаа газар дээр нь очиж зурах уу?
-Тэгнэ. Гэхдээ жижигхэнээр зурж, ирээд томруулна. Ийм жижиг зургууд надад олон бий. Сая Дүүхээ гэдэг галерей /ред. D Арт/ нээгдсэн. Тэнд миний 2018 онд зурсан байгалийн зургуудаар “Аян замын тэмдэглэл” гээд үзэсгэлэн нээсэн.
-Шавь нар тань хэр олон бэ?
-Шог зургаар зурдаг бүх хүн л миний шавь. Доржготовоос бусад нь...
-Шог зургийн бусад зургаас ялгарах онцлог нь юу вэ?
-Би шүлэг, зохиол гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр миний тэр бүтээлүүд муу ч байлаа гэсэн энэ шог зургийн үндсийг тавьсан гэж боддог. Шог зураг зурах, шүлэг бичих хоёр яг адилхан. Юугаараа гэхээр, эхлээд уран санаагаа олно. Үүнийг олохгүйгээр зурж болохгүй. Шог зураг болгохын тулд тэрхүү уран санааг нь олох хэрэгтэй. Тэгэхгүй бол ямар ч хэрэггүй, хэн ч инээхгүй зүйл болно шүү дээ.
-Тэгэхээр хамгийн гол нь уран санаа юм байна.
-Тийм. Түүнийгээ зурж чадахгүй бол бас хэцүү еэ. Хамгийн гол нь тэр санаандаа тохируулж зурдаг юм. Зүгээр уран зургаас энэ талаараа хамаагүй илүү. Тэгэж хэлэхээр уран зургийн холбооныхон намайг “зодох” гээд байдаг юм /инээв/.
"НЯМ ГАРИГ" СОНИНД ДЭЛХИЙН ЗУРААЧДЫН ТУХАЙ БИЧСЭН
-Та зураачдын тухай сонинд бичдэг байсан байх аа?
-Галерей гээд дэлхийн сонгодог зураачдын тухай булан хөтөлдөг байсан. Сургуульд байхдаа л нэлээд хөөцөлдөж цуглуулсан юм. Бүр оны шагнал авсан. Цогзаяабаатарын "Ням гариг" сонины нүүр дүүрэн материал гардаг байлаа. Би их сонирхолтой талаас нь бичсэн юм л даа. Амьдралынх нь талаар... Бусад зүйлс дээр голдуу он дарааллын тоолол л байдаг бол, би болохоор галерей дээр нь очоод л түүхийг нь мэддэг чавганц нараас асууж байгаад бичсэн. Зарим нь хамт ажиллаж байсан хүмүүс байдаг юм.
-Оюутан байхдаа цуглуулсан мэдээллээ хожим бичиж хэвлүүлсэн байх нь ээ?
-Одоо тэгэж л таарах нь. Тэрийг маань хүмүүс нэг их тоохгүй ээ. Гэхдээ би өөрөө их тоодог. Яагаад гэхээр миний маш их хөдөлмөр орсон юм чинь..
-Та Эрмитажийг хэдэн өдөр үзэж байв?
-Ёстой үзэж барамгүй юм билээ. Би Оросын музейг л голдуу үздэг байсан. /ред. Русский музей, Ленинград/.
-Третъяковын галерейг мэдээж олон удаа үзсэн байх?
-Тэр галерейд өрөө аваад байнга зураг зурдаг байлаа. 2 рубль төлчихөөд л байж байдаг. Тэнд би нэлээд олон зураг хуулбар хийсэн шүү дээ.
-Ямар ямар зураг хуулбарласан бэ?
-Левитаны нэг зураг байдаг даа. “Үүрдийн амгалан” гээд голдоо сүмтэй, тойроод оршуулгын газартай, их мөрөн цаашаа урсаж байгаа. Маш алдартай зураг. Тэрийг зурсан. За мөн Рембрандтын хөрөг байна.
-Хуулсан зургуудаасаа Монголд авчирсан уу?
-Нэгийг авчраад Дундговийн урчуудын эвлэлд өгсөн юм. Манай говийнхон тухайн үед оршуулгын газартай зураг хөргөнд их л дургүй хандаж байсан санагдаж байна. Тэгэхээр нь “дэлхийн маш том сонгодог зураг, та нар юу яриад байгаа юм” гэсэн чинь "Аан мэдэхгүй" гэцгээгээд л..
-Та Брюлловын зургуудаас хуулсан уу? Надад “Морьтой бүсгүй” нь их таалагддаг юм.
-Тэр Брюлловыг чинь яаж хуулах вэ дээ. Аугаа зураач шүү дээ. /инээлдэв/
-Яаж зурсан юм гэмээр зураг ч олон бий шүү.
Тийм л гайхамшигтай байгаа юм.
-Та өөрөө хэчнээн зураг зурснаа баримжаалж үзэв үү?
-Яаж баримжаалах вэ. Бараг энэ жилийнх л гэхэд 1000 хол даваа биз. Ихэнхийг нь гадныхан аваад явсан. Тэрийг тооцоолох арга байхгүй.
-Энэ “Тахилын ус” гэдэг зураг сонирхол татаж байна. Аль нутаг вэ?
-“Тахилын ус” зурагт Алтайн цаадах говийг зурсан. Говь-Алтай аймгийн нутаг. Тахилын ус гэдэг нь хужирлаг ус. Энд хааш хаашаа 300 км газарт айл байхгүй, дандаа л амьтад байдаг гэсэн. Говь-Алтайд явж байхдаа Ээж хайрханыг зурсан. За энэ “Дэлүүн болдог”-ийн хувилбарыг Япончууд аваад явсан даа.
-Хорьдол сарьдагийг та аль сумаас зурсан бэ? Хөвсгөл нутгийнх л даа, би...
-Ингэж харагддаг сумаас л зурсан. Улаан уул байх аа. Ийм сайхан нутаг өөр бараг л байхгүй дээ.
-“Их газрын чулуу”-г яаж зурсан бэ?
-Хоёулаа нутгаа ярьсаар байгаад л дуусахгүй нь дээ /инээв/. Энэ бол манай Дундговийн Их газрын чулуу. Энэ зургийг нар тусгаж зурсан. Зураач хүн чинь сэтгэж л зурна шүү дээ. Зургийн аппаратаар дарсан фото зураг, уран зураг хоёрын чинь ялгаа энэ. Сэтгэсэн мөртлөө фото зургаас гоё байх ёстой. Надаас өөр хүн дахин ийм маягаар зурахгүй.
-Зураач хүн зургаа зурж байхдаа ертөнцийг бүтээж байдаг гэж ойлгож болох нь ээ?
-Тийм. Түүнээс гадна ертөнцийн ямар сайхан юм бэ гэдгийг харуулах ёстой юм. Энүүхэн энүүгээр /заав/ өглөө нар хаяалдаг хэсэгт тэнгэрийн цэнхэр өнгө хамгийн гоё харагддаг. Тэрийг нь л буулгаж өгөх гэж хичээсэн. Энэ “Шинэ усны хөв” гээд зураг мөн л Дундговийн маань нутаг.
-Хөв гэж юуг хэлж байгаа юм бол?
-Ийм том нуурыг говийнхон хөв гэж нэрлэдэг. Хангайд ийм тал байхгүй юм чинь ийм нуур байхгүй л дээ. За энэ бол Өмнөговь аймгийн нутагт байдаг Хэрмэн цав. Хэрмэн цав их том л доо. Энд уран сайхантай болгохын тулд хэсэг газрыг л авсан. Бүгдийг нь авах юм бол юу ч биш болно. Тиймээс хамгийн сайхныг нь л авч зурна. Говьд хур бороог их хүсч байдаг. Нэг бороо ороход л огт юм ургамааргүй газар нов ногоон болчихдог. Түүнийг нь миний зурагнаас олж хараасай гэж хүссэн.
-Таны зургууд их гэгээлэг, гоё өнгөтэй, дэлгэрсэн зургууд байх юм аа?
-Ингэхгүй бол хүмүүст эвгүй сэтгэгдэл төрнө гэж боддог. Юмыг өөдрөгөөр харах ёстой. Зураач хүнд байгалиас илүү багш гэж байдаггүй юм шүү дээ.
Ярилцсан: Ц.Оюунчимэг
"Зиндаа" сэтгүүлийн 2019 оны №13 дугаар дугаараас онцлов.
Сэтгэгдэл ( 5 )