"Зиндаа" сэтгүүлийн 2018 оны №11, 12/ 511, 512 дугаараас онцолж байна.
-Өнөөдөр Николай Константинович Рерихийн төрсөн өдөр. Азийн экспедиц, цаст Хималайг нүдээр тольдон, шамбалын орны судалгаа хийж үзэх мэлмийгээ нээсэн их зураачийн тухай сонирхолтой нийтлэлийг уншигч та бүхэнд дахин хүргэж байна-
Николай Константинович Рерих бол Оросын их зураач, сценографист, философич, сэтгэгч, гоц үзэгдэл судлаач, зохиолч, аялагч, археологич, нийгмийн зүтгэлтэн, Оросын Эзэн хааны Урлагийн академийн академич. Тэрбээр амьдралынхаа туршид 7000 гаруй зураг зурсны дийлэнх нь дэлхийн алдартай уран зургийн галерей, музей, олон улс орны уран зураг сонирхогчдын хувийн цуглуулгад хадгалагдаж байна. Рерих 30 боть уран зохиолын бүтээл, түүний дотор яруу найргийн бүтээлүүд туурвисан бөгөөд Оросын болон гадаад улс орнуудын хүндэт одон, томоохон шагналуудыг хүртэж, Нобелийн Энхтайвны шагналд хэдэнтээ нэр дэвшиж байжээ. Тэрбээр Октябрийн хувьсгалаас өмнө Эзэн хааны Урлагийн академийн захирлаар ажиллаж, Эзэн хааны ивээл дор “Урлагийн ертөнц” уран сайхны нийгэмлэгийг удирдан, Оросын хуучны өв соёлыг сэргээж хамгаалах төслүүд болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байв.
Н.К.Рерих 1917 оноос эхлэн гадаадад цагаачлан амьдарсан байдаг. Түүний эх орондоо эргэн ирэх удаа дараагийн хүсэлтэд коммунист засаглалын удирдагчид зөвшөөрөл олгоогүйн улмаас амьдралынхаа сүүлийн жилүүдийг Энэтхэгт өнгөрүүлжээ.
Дэлхий дахинаа танигдсан их судлаач Рерих Төв Ази болон Манжуурын экспедицийг зохион байгуулж, өөрөө түүнд гар бие оролцон олон газар орноор аялан судалгаа явуулж, бүтээл туурвилаа хийж байв.
Ази тивд явуулсан өргөн далайцтай судалгааны ажлынхаа явцад Монгол орноор аялж, Монголын амьд байгалийн өнгө жавхааг гайхам гэрэлт өнгөөр зурж, Монголоос Шамбалын орныг хайж, монголчуудын тухай бичиж туурвиж явсан энэ эрхэм хүний аугаа их намтраас Монголтой холбоотой түүхийн нэгээхэн хэсгийг нь товч танилцуулъя.
Н.К.Рерих 1927 оны 3 сарын 11-ний өдөр Монголын Засгийн газарт уран зургийн нэгэн том бүтээлээ бэлэглэснийг тухайн үеийн Ерөнхий сайд Цэрэндорж гуай гардан хүлээж авсан түүхтэй юм. Өдгөө Шамбалын орны эзэн Догшин Рэгдэндагва бурхны хөрөг зургийг Оросын их зураач Николай Константинович Рерихийн бүтээснээр Монголын Дүрслэх Урлагийн Музейд хадгалж байна. Төв Азийг судлах эрдэм шинжилгээний аяллын (1925-1928) явцад 1927 онд зурсан “Улаан хөлөгт баатар” буюу “Шамбалын хаан Рэгдэндагва” (165х125, темпера будаг, холст) бүтээл нь бурхны домгоос сэдэвлэн зурсан, монгол зургийн арга барил санагдуулам сонирхолтой бүтээл билээ. Рерих уламжлалт монгол зургийн аргаар зургийн төв хэсэгт морьтон байрлуулж, “Шамбалын догшин хүрдэт хаан Рэгдэндагва” гэж төвдөөр бичиж үлдээсэн байдаг.
Рерихийн Рэгдэндагва гурван мэлмийтэй догшин сахиус дүртэй бөгөөд зүүн гартаа дайсны зүрх, баруун гартаа жад барьсан байдлаар зурагдсан. Энэ зургийн гол санаа нь түүний бичсэн захидал дахь “гэрэлт ирээдүй” гэсэн тодотголоор илрэх ба зурагт есөн эрдэнийн үнэт будаг хэрэглээгүй ч ерөнхийдөө улаан өнгө давамгайлж, мартан зураг мэт болжээ. Бурхны шашны номоор улаан өнгө аз жаргал, баяр баясгаланг бэлэгддэг байна. Зургийн нэрийг “Их Улаанбаатар” хэмээн зарим хүмүүс нэрлэдэг.
Уг бүтээлийн санааг Рерих өгүүлэлдээ “Ринчен хэмээх монгол өвгөн элэгсэг дотно угтан мэндэлж байсныг би мартаагүй. Энэ буурал өвгөний хэлсэн “гэрэл харанхуйг гийгүүлнэ” гэсэн цогтой үг гүн агуулгатай билээ... Рэгдэндагва хүлэг морио унаад давхиж явна. Шамбалын хааны 1927 онд үзсэн зүйлийг монголчууд мартахгүй. Түүнчлэн Молом багшийн зөгнөн хэлснээр “Нар ургах зүгээс бичигтэй цагаан чулуу олдоно. Сүхээр цавчихад чулуу хагарсан ч бичиг нь арилахгүй дахин тодорно” гэжээ.
1927 онд энэ зурагтай ижил сэдэвтэй “Рэгдэндагвын зарлиг” хэмээх зургаа бүтээжээ. Энд газар дэлхийн хэвлийгээс галын дундуур дүүлэн гарч, давхин нисч гал дөл бадруулан гарч ирэх Шамбалын хаан хуран цугласан хүмүүст тушаал зарлигаа буулгаж буйг түүний зарлигийг биелүүлэхээр явцгааж буй морьтнууд нь хүн төрөлхтөнд ач тусаа хүргэхээр яаран дүүлцгээж буйг, хундан улаан, улбар ягаан өнгөний уусалд бүхий тэнгэр уулсын дүрсүүд нь өнгөний хаан нь бодь биегүй, алтан шаргал өнгөөр гийн туяарах хий сүнсний дүрээр үүрд мөнхийн өглөө, өдөр, шөнийг төлөөлөх морьтон баатрууд үүлсийн дундаас төрөн гарсан романтик дүрээр дүрслэгджээ. /Аав хүү Рерих нар ба Монгол, 195-р тал/
Тэрбээр Улаанбаатарт байхдаа ”Буддын ёсны үндэс” ба “Сангха буюу обшина” хэмээх хоёр номыг орос хэлээр хэвлүүлсэн түүхтэй.
Эцгийн тал нь эртний Оросын хаадын угсааг үндэслэгч Рерихээс гаралтай, эхнэр Е.Рерихийн эхийн тал нь Орост суурьшсан монгол хүний удам байсан болоод тэр үү Н.Рерих манай оронд тун элэгтэй нэгэн байсан тухай түүний хүү, дорно дахины нэрт судлаач, монголч, төвдөч эрдэмтэн Ю.Н.Рерих өөрийн шавь Ш.Бирад дурсан ярьсан байдаг.
Хувь заяаны учир ерөөлөөр судлаач Ю.Рерихийн шавь болсон академич Ш.Бира гуай Н.К.Рерихийн Улаанбаатарт байхдаа сууж байсан байшинг устаж сүйрэхийн ирмэгт тулж, нураахаар төлөвлөж байхад нь “олсон” бөгөөд тэрбээр авран хамгаалахаар шийдэж, түүхийн дурсгалт газрыг хамгаалалтад авч, музей болгох хүслээ илэрхийлсэн захидлыг Засгийн газарт хандан илгээсэн ажээ. Буурал эрдэмтний буян, нэр хүндийн ачаар түүний хүсэлтэд хүндэтгэлтэй хандаж түүхийн гэрч болсон уг байшинг Монголын Рерихийн нийгэмлэгийн эзэмшилд шилжүүлж, Бирагийн удирдлагаар сэргээн засварлах ажлыг хийж гүйцэтгэн, музей байгуулсан билээ.
“...Ард түмэн хэчнээн өөрчлөгдөн хувирлаа ч түүний үндсэн шинж үл арилна. Бусад ард түмэн ч ийм байдгийг бид ажигладаг. Нөхцөл байдал өөрчлөгдөнө, жаргал зовлон ч ээлжлэн солигдоно, харин ард түмний сүнс сүлд л хэвээр байна. Ард түмний сүлд хийморийг эртний дуунаас, үлгэр домгоос олж үзэж болох ба тэрхүү мөнхийн ой дуртгалаас та бүхэн тун сайн тодорхойлолтыг олж үзэх болно. Хэрвээ та бүхэн Монголын хаадын хуулийг мэддэг бол, хэрвээ энэ ард түмний баатарлаг туульсыг санаж байгаа бол тэр бүхэнд буурьтай, эрэлхэг, цагийн хувиралд ажирдаггүй тэвчээр хатуужлын үлгэр жишээ агуулагдаж байдгийг анзаарах байх. Хэрвээ өнгөрсөн цагийн тухай энэ бүх мэдэгдэхүүн тань орчин цагийн мэдээллийн урсгалд туугдан арилчихаагүй бол энх цагийн аж байдлаа цогцлуулан буй энэ ард түмэнд туслах хүсэл төрөхгүй гэж үү...” хэмээн Н.К.Рерих 1935 онд бичиж байжээ.
“РЕРИХИЙН ЗАМААР” ЗАМНАСАН МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ Х.ДАМДИНСҮРЭН
"Sound of Mongolia", "UB арт" галерейн үүсгэн байгуулагч, Репиний академийн Урлаг судлалын ангийн оюутан, Монгол Улсын Соёлын элч Хүрэлбаатарын Дамдинсүрэнтэй уулзахаар Улаанбаатар урчуудын хотхоныг зорилоо. Тэрбээр “Рерихийн замаар” пленэр зургийн хамтарсан экспедицийг зохион байгуулж Монгол орны үзэсгэлэнт газруудаар аялж ирээд байсан үе. Дамбадаржаалин хийдийн ойролцоо очмогцоо Улаанбаатар урчуудын хотхоныг “олж харав”. Хоёр жил гаруйн өмнө мөрөөдөл байсан бүхэн бодитоор биелснийг хараад шууд таньсан нь энэ юм. Хашааны хаалгаар явж орвол төв хэсэгт нь 5 улсын төрийн далбаа, UB арт гэсэн бичигтэй туг намирч харагдана. Пленэрт зориулагдсан өндөрлөгт талбайд зураачид өөр өөрийн байрыг эзлэн зогсжээ.Тэд Улаанбаатарын нарлаг үдшийн гайхалтай өнгө төрхийг уран бийрээрээ урлан байх нь урлагийн гэгээн ертөнцийн хөг аялгууг мэдрүүлэх аж. MNB гэсэн бичигтэй цагаан өнгийн автомашин, аяллын автобус ч байна. Зарим зураачид натурт явахаар автобусандаа суугаад хөдөлж байлаа. Урчуудын хотхоны хашаан дотор залуусын хөл хөдөлгөөн их, хүн бүр л хариуцсан ажлаа амжуулахаар шамдан буй нь илт ажээ. Ингээд Дамдинсүрэн бид хоёрын ярилцлага эхэллээ.
-Монгол Улсын Соёлын элчтэй уулзахаар хол газрыг зорьж ирлээ шүү. 2016 онд бид анхны ярилцлагаа хийж байхад Улаанбаатар урчуудын хотхон дөнгөж байгуулагдаад, ийм болгоно гэсэн мөрөөдөл л яригдаж байсан. Харин өнөөдөр мөрөөдлийн нэлээд хэсэг нь биелжээ. Зураачдыг зураг зуруулаад зогсооно гэж байсан талбар дээр өнөөдөр зураачид зургаа зураад зогсож байна. Тэр үед Орос-Монголын зураачдын хамтарсан пленэр явуулахсан гэж байсан бол өнөөдөр 5 орны зураачид оролцсон пленэрийг Монголдоо зохион байгуулчихжээ. Ийм сайхан үр дүнгийн дараа бид дахин уулзаж байна. Репиний академи, Монголын Урчуудын эвлэл, UB арт галерей хамтарч сонирхолтой аялал хийгээд ирсэн. Энэ аяллынхаа тухай эхлээд ярилцах уу?
-За тэгье. Өнөөдөр энэ сайхан мөрөөдөл биелж байгаа мөч дээр, мөрөөдөлтэй маань хамт байсан “Зиндаа” сэтгүүлийн хамт олон, найзууддаа энэ баярт мөчийн мэндийг хүргэе. “Зиндаагийн” зиндаатай сэтгүүлч найз нартайгаа анх их том мөрөөдөл ярьж байхдаа хамт байсандаа ихэд бэлгэшээж байна. Одоогоос хоёр жил гаруйн өмнө Улаанбаатар урчуудын хотхоны төслөө эхлээд байхдаа бид уулзаад хөөрөлдөж, нэг ийм байвал гээд мөрөөдөж байсан тэр мөрөөдөл минь биеллээ олоод, миний бие Илья Ефимович Репиний нэрэмжит Санкт-Петербург хотын Уран зураг, баримал, архитектурын институтын Урлаг судлалын ангид шалгалт өгч тэнцэж ороод гуравдугаар курстээ орчихсон байна. 3-р курсын ажил маань буюу Улаанбаатар арт фестивалийн хүрээнд Монгол Улсад анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа академик пленэр буюу академик сургалт гэж юу юм гэдэг энэ том ойлголтыг газар дээр нь бодитоор харуулахыг, Монголын уран бүтээлчдэд үзүүлэхийг, монгол залуучуудаа энэ том академийн залуучуудтай мөр зэрэгцэн судалбар зураг зуруулах хүсэл мөрөөдлөө биелүүлчихээд явна л даа, манай багийнхан. Энэ нь Репиний академитэй Монголын Урчуудын эвлэлийн хороо, UB арт галерей хамтраад энэ удаа 5 орны уран бүтээлч залуучуудыг оролцуулсан судалбар зургийн олон улсын арга хэмжээ буюу пленэр зохион байгууллаа. Энэ удаагийн олон улсын судалбар зургийн арга хэмжээ маань “Рерихийн замаар” гэж нэрлэгдсэн.
Рерих бол Монголын сайн сайхныг олж харж, Монголоос Шамбалын орныг хайж, Монголын ард түмнийг сайн сайхнаар төсөөлж байсан төдийгүй маш их гэрэлтэй сайхан, гоё өнгөөр зурдаг хүн байлаа.
Николай Рерих бол манай Репиний академитай салшгүй холбоотой. Мөн тэр хүний амьдрал Монголтой холбоотой. Гэргий нь Монголын том удмын хүн байжээ. Ингээд бодохоор бидний экспедиц маань Монголыг дахин судалж, нуугдаж буй энэ сайхан онгон байгаль, монгол хүний нуугдмал гайхамшигтай авьяасыг нээхийн тулд явуулж буй үйл ажиллагаа юм. Бид олон залуусаа дэлхийн хэмжээний академиудад сургах хэрэгтэй юм байна. Монгол хүн академик боловсрол эзэмших хэрэгтэй, түүн дээр нь дөрөөлж дэлхийд гарах юм байна гэдгийг миний бие ойлгож, залуучууддаа жижиг ч гэсэн гүүр нь болохыг эрмэлзэж байна. Монгол Улсаа уран зургаар дэлхийд сурталчлах үйл ажиллагаагаа Монгол Улсын Соёлын элч гэсэн энэ эрхэм хүндэт ажлыхнаа хүрээнд хийхийн тулд олон ажлыг санаачилсан. Энэ удаагийн арга хэмжээ бол дүрслэх урлагийн салбарт хийж байгаа эхний ажлуудын маань нэг нь гэж хэлж болно.
-Энэ удаагийн пленэрт хэдэн зураач, ямар орнуудаас оролцов гэдэг мэдээллийг тодруулъя?
-Энэ удаагийн пленэр буюу судалбар зургийн хээрийн аялалд маань Репиний академийн тэнхим болгоны шилдэг оюутнууд (орос, чили, финланд) оролцлоо. Тэд Репиний академид 6 жил сурч дүрслэх урлагаар амьсгалж байгаа. Яг эцсийн шийдвэрлэх мөч буюу диплом бичихийн өмнө хөнгөхөн амьсгаа авах үедээ Монголд байгаасай гэж би бодсон. Багш нартайгаа ярилцаад, манай ректор Семен Ильич Михайловский болон уран зургийн хээрийн экспедицийг маань ахалж яваа Константин Анатольевич Бекетов нартай жилийн турш хэлэлцэж энэ шийдэлд хүрсэн юм. Одоогоос жилийн өмнө Константин Анатольевич Монголд ирээд “Монгол бол пленэр зохион байгуулахад яг таарсан гайхалтай орон юм байна. Би Монголд дурлачихлаа” гээд энэ үйл ажиллагаа эхлэх нөхцөл бүрдэж байсан. Энд тэнхим болгоны шилдэг оюутнуудаас гадна манай академийг төгсөөд аспирантурт сурч байгаа залуу зураачид ч бас байгаа. Мөн Монголын Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн залуучууд, Хятадын Бээжингийн Уран зургийн академийн оюутнууд ч бий. Энэ залуучууд маань мэргэжил бүрээс, өөрөөр хэлбэл чимэглэлийн урлаг, уран зураг, баримал, график гээд дүрслэх урлагийн бүх чиглэлийн залуучууд Монголын говь, хээр тал, уул ус, Улаанбаатар хот, сүм хийд, туурь, жирийн ард, лам гээд бүхий л байгаль, цаг уурын нөхцөлд амьдран сууж байгаа монголчууд болоод Монголын байгалийг 14 хоногийн хугацаанд үзэж чадсан. Ийм гайхалтай судалбар арга хэмжээг бид хийчихээд байна.
-Рерихийн замаар замнасан аялал хаанаас эхлэв?
-Улаан-Үд хотод онгоц маань газардсан. Энэ дашрамд хэлэхэд, уран зургийн экспедиц буюу пленэрийг маань дэмжиж байгаа хамгийн том хамт олон болох Монгол Улсыг Улаан-Үд хотод төлөөлж байгаа Ерөнхий консулын газар, Ерөнхий консул Чадраабал гуайдаа баярлаж талархсанаа илэрхийлэхэд сайхан байна. Миний хувьд Соёлын элч болоод хамгийн түрүүнд Улаан-Үд хотоос Соёлын элчийнхээ үйл ажиллагааг эхэлж, албан ёсны танилцуулгаа хийсэн. Чадраабал Ерөнхий консултайгаа болон Консулын газрынхантайгаа ярилцаад олон арга хэмжээнүүдийг хийхээр төлөвлөсөн. Эхний ОУ- ын арга хэмжээ маань манай энэ пленэрийн хамтрагч болж оролцож байгаа явдал юм. Биднийг бүх талаар дэмжиж байгаа.
БИД ИРЛЭЭ ШҮҮ, РЕРИХИЙН ЗАМААР ДАХИН ЭКСПЕДИЦ ИРЖ БАЙНА
-Рерих хойд хилээр л орж ирсэн байж таарна. Та нар хилээр яаж орж ирэв?
-Рерих ямар замаар явсныг мэдрэхийн тулд морь, тэмээгээр явж чадаагүй ч, Монгол Улсын Ерөнхий консулын дипломат машинаар хил дээр ирж, Хиагт орж түүхийн музей үзээд Алтанбулаг дээр явганаар хил гарч экспедиц маань эхэлж байлаа. Энэ удаагийн экспедицийн бас нэгэн дэмжигч нь Сэлэнгэ нутгаас буюу Рерихийн анх хөл тавьсан газраас УИХ-д сонгогдсон Оюундарь гишүүн байлаа. Оюундарь гишүүн, Сэлэнгэ аймгийн засаг даргын орлогч Нарантуяа бид нар залуучууддаа сюрприз хийж хил дээр алд цагаан хадаг, сүү, идээний дээжтэй, морин хуур, уртын дууны аялгуутай маш өвөрмөцөөр тосож авлаа. Бас их сонирхолтой юм нь гэвэл, Евроазийн мисс болсон Сэлэнгийн охин гэр хэлбэртэй гоёлын даашинзтай тоссон нь маш их өвөрмөц байсан. Зураач, барималч хүмүүст үнэхээр шинэ содон санагдсан л даа. Хилээсээ эхлээд л маш их сэтгэл хөдөлгөсөн үйл явдлуудаар экспедиц маань эхэлсэн. Бид Сайханы хөтөл дээрээ зургаа, судалгаагаа хийгээд, Дархан, Урьхан гээд Дархан, Сэлэнгийн нутгаар орж Улаанбаатарт ирсэн. Нийслэл хоттой танилцахад хамгийн эхний өдөр нь Занабазарын нэрэмжит Монгол Улсын
Дүрслэх урлагийн музейд Николай Рерихийн зурсан “Рэгдэндагва хааны хөрөг” хэмээх гайхамшигтай бүтээлтэй танилцаж “Бид ирлээ шүү. Рерихийн замаар экспедиц дахин ирж байна” гэж хэлсэн дээ.
Мөн Отгонтэнгэр ИС-ийн ойролцоох Консулын дэнжид байрлах Николай Рерихийн гэр музейд Монгол Улсын нэрт эрдэмтэн Бира гуай, түүний охин Рерихийн гэр музейг авч явж байгаа гайхамшигтай бүсгүй Янжмаа эгчтэйгээ уулзаж, тэдний гэр бүлтэй танилцаж, энэ гайхалтай сайхан эрдэмтний яриа, дурсамжаар багшийнх нь тухай яриулж, энэ Рерих гэж хүн хэдий Оросын ШУА болон телевиз, радио олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэл нь байдаг ч гэсэн, хүнд мэдэгдээгүй сонин мэдээллийг Рерихийн гэр музейн хамт олон хэлж өгснөөрөө сонирхолтой байсан.
-Нууц биш бол, ямар мэдээлэл хэлж өгсөн бэ?
-Рерихийн гэргий Монгол цусны бүсгүй байсан гэдэг мэдээллийг сонсоход их сонирхолтой байсан. Цаашид улам сайн судлах хүсэл тэмүүллийг өдөөж өгсөн гэж хэлж болно.
-Рерихийн зам цааш хэрхэн үргэлжлэв?
-Рерих өөрөө тухайн үеийн Улаанбаатар хотын Зүүн хүрээ, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей дээр судалгааны ажлуудаа хийж байсан юм билээ. Азаар ч юмуу, хувь тавилан ч юмуу, Зүүн хүрээ хийд буюу Дашчойлин хийдийн цамын ёслол яг маргааш нь болж таарсан. Тэгээд бид Майдар бурхны өлмий доор Цам харайх ёслолыг үзэж, цамын ёслол болоод Монголын Буддын шашны талаарх мэдээллийг Зүүн хүрээ хийдийн хамба лам болон эрдэмтэн судлаачид бидэнд маш сайхан танилцуулж, тэр өдөр цамын уур амьсгалаар амьсгалсан өдөр байсан. Мөн энэ гайхалтай сайхан судалбар зургийн аяллынхаа засал номыг хийлгэсэн гэж болно. /инээмсэглэв/
-Чойжин ламын сүмд очив уу?
-Бид нар Улаанбаатар хотынхоо сүм хийдийг үзээд, нэг өдөр нь Монголын реалист залуу зураачдын холбооны зураачидтай хамтарсан хөрөг зурах судалбараа хийсэн. Тэгээд Дундговь руу явж Монголын ШУА-ийг үндэслэгчдийн нэг Зава Дамдин гуайн нутаг тэр ариун газар очих ёстой гэж бид үзсэн. Зава Дамдин гуай бол Рерихтэй сайн танил байсан гэдэг. Тэр утгаараа бид Дэлгэрийн Чойрын хийд дээр байрлаж Бага газрын чулуу, Дундговь аймгийн үзэсгэлэнт сайхан нутаг, Цагаан суварга гээд гайхалтай газруудаар 3 хоног судалбар зургийн арга хэмжээгээ хийсэн. Үүний дараа Өмнөговь аймгийн Говь Гурвансайхан, Монголд байх гайхамшигтай нэгэн газар Мухар шивэртийн аманд очиж зуны 7 сарын аагим халуунд тэсгим хүйтэн мөсөн дээр судалбар зургаа зурахад манай гадаадаас ирсэн найз нөхөд маш их сонирхож байлаа.
Говийн халуунд, тэр их арцан дунд, ариун дагшин газар, булаг шанд рашаан оргилсон газар шүү дээ. “Энэ чинь юу болоод байгаа юм бэ, говь цөлд явж байгаа гэсэн чинь Швейцарьт явж байгаа юм шиг болчихлоо, ямар сонин юм” гээд л хүмүүс маань бүр гайхаж байгаа юм.
-Финланд зураач бүр ч их гайхсан уу?
-Сэтгэлийн хөдөлгөөнтэй сайхан бүсгүйг хэлэх үү, бүх л сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа юм. Манай Кристоф гээд Чили залуу Өмнөговь аймгийн Баянзаг буюу Молцог элсэн дээр очоод элсэн дунд бүр шоконд ороод зогсчихсон. Чи яав аа гэсэн чинь “Би аз жаргалын шоконд орчихлоо” гээд элсэн дээр нүцгэн гүйгээд л... /инээлдэв/
-Өмнөговиос аль зүг рүү хөдлөсөн бэ?
-Өмнөговиос Цонжинболдог руу явж дэлхий дээрх хамгийн том морьтой хөшөө болох Их хааны хөшөөг үзээд тэндээ байрлаж хоносон. Маргааш нь тэр хавийн газар, Чингисийн өвөлжөө хавийг пленэртээ зурсан. Дараагийн 2 өдөр нь цаг хугацаагаар аялсан гэхэд болно. /инээв/ Бид 21-р зуунд амьдарч байгаа бол яагаад цаг тооны машинаар 13-р зуун руу үсэрч болохгүй гэж? Энэ утгаараа бид 13-р зуун хэмээх гайхамшигтай сайхан аялал жуулчлалын бүсэд очиж судалбар зургийн арга хэмжээгээ 2 өдөр хийсэн. Биднийг очиход арван тавны сартай, гайхалтай байлаа. Монгол орны маань байгаль дэлхий бүхий л зурагдах гоо үзэсгэлэнгээ харуулж, бүр 15-ны сар нь хүртэл гарч таарсан нь бидний аз жаргалыг хөглөж байсан юм.
-Та нар аль отог дээр нь очив?
-Урчуудын отог, Бөөгийн отог дээр очоод Хаадын гэр дээр байрласан. Монгол хатад, монгол баатар эрсийн хөрөг зураг, мөн Монголын 13-р зууны үеийн хаад ноёдын гайхалтай сайхан өргөө ямархуу байсан юм, тэр бүхнийг зурж, манай залуучууд байгальд уран бүтээлээ хийсэн. Бидний уран бүтээлийн энэ арга хэмжээний төгсгөл эргээд та бид хоёрын ярилцаж буй энэ мөрөөдөл эхэлсэн цэг дээр буюу Улаанбаатар урчуудын хотхондоо ирж өндөрлөж байна.
-Үнэхээр гоё газруудаар явжээ. Олон сайхан зураг зурсан байх даа, битүү арц, мөс, тэгснээ элсэн дунд...?
-Гайхалтай, Репиний академиас нэг хүн авчраад зураг зуруулчих юмсан гэдэг байсан бол Репиний академийн тэнхим болгоны шилдэг төлөөлөгч нар нь, Гадаад харилцаа эрхэлсэн декантайгаа ирж ингэж зураад, хамтраад, бас Монголын ирээдүйн дүрслэх урлагийн салбарыг авч явах залуу боловсон хүчнүүд гэж үнэлэгдэж байгаа залуучуудтай хамт явж энэ сайхан уран зургийн арга хэмжээг хийж чадсандаа маш их баяртай байна. Энэ бүтээлүүдийг бид UB арт галерейдаа дэлгэж сайн сайхныг нь хотын иргэддээ, залуучууддаа мэдрүүлье гэж бодож байна.
-Үзэсгэлэн хэд хоног, мөн хэдэн удаа гарах вэ?
-Үзэсгэлэн Монголд 2 удаа гарна. Эхний удаа 7 хоног, нэмэлт каталогижуулах ажил хийгдсэний дараа нь каталоги буюу номоо нээхдээ бас гаргана. 3 дахь үзэсгэлэн Санкт-Петербург хотод Репиний академийн Итальянский зааланд гарна. Орос дахь Рерихийн гэр музейд гарна. Мэдээж Монголд үлдсэн бүтээлүүдээр Монгол дахь Рерихийн гэр музейд үзэсгэлэн гаргана. Манай багт явж байгаа 21 уран бүтээлч залуус маань бурхдын гэдэг шиг их гоё ариун насан дээрээ явж байгаа хүмүүс. Ертөнцийг хамгийн сайхнаар зурдаг. Энэ сайхан залуучууд маань үерхэл нөхөрлөл, уран бүтээл, залуу нас бүх л талаараа чимж байна даа.
Зураачдыг манай академид бурхадтай л зүйрлэдэг. Бурхадыг зурж байгаа хүмүүс бол бурхадаас ч илүү бурхад байж магадгүй ээ гэж аугаа багш нар маань ярьдаг юм.
-Ямар сайхан үг вэ. Зураач хүний мэдрэмж өөр шүү дээ. Тэгэхээр энэ зураачид маань Монголын маш гоё газруудаар явжзургаа зурсан байна. Тэд уран зургаараа л сэтгэл хөдлөлөө илэрхийлэх байх, тийм үү?
-Монголын тухай сайхан сэтгэгдлийг дүрслэх урлагаар, энэ сайхан залуучуудын бүтээлээр л бид сурталчилна даа. Монгол гэж ямар гайхамшигтай нууцлаг улс орон юм бэ, одоо ч тэр хэвээрээ байгаа гэдгийг уран зургаар л илэрхийлж өгнө. Бидний энэ удаагийн пленэр Репиний академийн ирэх жилийн дипломны хамгаалалт төдийгүй ирэх жилийн Репиний академийн эрдмийн зөвлөлийн нэг том сэдэв болно гэдэгт итгэлтэй байна.
-Репиний академиас нэг зураач авчраад Монголынхоо зураачидтай хөдөө аваад явах юмсан гээд л мөрөөдөж байсан биз дээ? /инээв/
-Та бид хоёрын ярилцаж байсан тэр үеийн дараахан Монгол Улсын Соёлын элч, Монголын алтан дуу хоолойн нэг Ариунбаатар дүү маань Санкт-Петербургийн Марийнский театрт Тоска дуурьт тоглохдоо “Даймка ахаа та ирж үзээрэй” гээд урьсан. Тэрийг үзэх далимдаа би Репиний академид стажировкаар сурч байсан залууг эргэх гэж очсон юм. Репиний академийнүүдээр ороод л “Би энд сурах ёстой юм байна. Миний сурах газар мөн байна” гэж бодогдоод “Шалгалт өгье” гэсэн. Тэгэхэд “10 сарын 1-нд ирж шалгалт өгч болно, нээлттэй. Эхний ярилцлагаар бид таны дараагийн шалгалтанд орох эрхийг нээж байна” гээд сайхан үгээр урам өгч байлаа. 10 сард шалгалтаа өгөөд Репиний академийн Урлаг судлалын тэнхимд тэнцсэн. Ер нь Репиний академид эхнийхээ шалгалтаар тэнцсэн анхны гадаад оюутан болж байгаа юм билээ.
-Гайхалтай?
-Манай сургуулийн ахмад багш нар надаас шалгалт авсан. Миний хүсэл мөрөөдлийг их сайн ойлгосон юм болов уу. Ахмад багш нар маань миний зүрх сэтгэлээс өнөөдрийн хийх юмыг маань таньж мэдсэн ч юмуу, анхны тийм тохиолдол болсон л доо. Дүрслэх урлагийн төлөө, өөрийнхөө энэ аз жаргалтай хобби, мэдрэмж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө явж байгааг минь л хүндэтгэж академийн зүгээс авсан юм болов уу гэж боддог.
-Оюутнуудын ямар зураг нь Монголд үлдэж, ямар зураг нь Репиний академи руу явах вэ? Эсвэл энд гарсан үзэсгэлэн Репиний академид давтагдаж гарах уу?
-Энд зурсан зургууд маань этюд шүү дээ. Энэ судалбарууд манай UB арт галерейн сан хөмрөгт бас хадгалагдана. Тэгснээрээ Монголын дүрслэх урлагийн улсын болон хувийн сургуулиуд, мөн залуу уран бүтээлчдийн боловсролд хэрэгтэй үзмэр, сургалтын сайхан гарын авлага болох болов уу гэж би бодож байна.
-Энэ удаагийн пленэрт Монголоос ямар зураачид оролцов?
-Дүрслэх урлагийн судалбар зургийн энэ арга хэмжээнд Эрдэнэбулган / Репиний академид 2 жил стажёр хийсэн/, Баясгалан, Мөнхбаатар / усан будгийн зургийн мастер/, мөн Гүнчинсүрэн гээд манай сургуульд 2 жил гаруй стажёр хийгээд сая шалгалт өгч Репиний академид тэнцсэн залуу, түүнчлэн Баатарцогт, Болор, Ганболд, Мядагмаа, Эрдэнэбилэг нарын 12 монгол залуу оролцлоо. Буриадын УЭХ- той тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Буриад улсаас нэг залуу уран бүтээлчийг тэтгэлэгтээ хамруулан боломж өгч урьсан. Буриадын УЭХ, МУЭ-тэй ах дүүсийн холбоотой гэдэг үүднээс энэ боломжийг олгосон юм. Мөн залуу продюсер, найруулагч, сэтгүүлч, менежерүүдийн багийг дадлагажуулах, улмаар дараагийн төслийг удирдах залуу боловсон хүчнээ бэлтгэхийн тулд ажиллуулсан учраас нэлээд том баг явсан. МҮОНРТВ-ийн Соёл урлагийн редакцийнхан 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр аяллын эхнээс төгсгөл хүртэл явж нэвтрүүлэг бэлтгэж байгаа. Энэ нэвтрүүлэг маань ОХУ-ын Буриадад, Санкт- Петербург, Красноярск хотод нэвтрүүлэг болж гарах юм. Манай авьяаслаг найруулагч, уран бүтээлч залуучуудын маань бэлтгэсэн контент Орост гарах боломж юм гэж бодож байна.
-Мэдээж, аян замд явж байхдаа нэг газар зогсоод ярьж сууцгаана. Монгол орны тухай залуучуудын сэтгэгдэл ямар байв? Орос, чили, финланд залуус юу ярьж байх юм?
-Жишээ нь, 13-р зуунд гал тойроод сууж байхад, тэд өөрийн эрхгүй сэтгэл нь хөдлөөд “Дамдинсүрээн, бид олон пленэрт, олон арга хэмжээнд явж байсан. Бидний явж байсан арга хэмжээ болгон өмнөхөөсөө дандаа илүү байсан. Тэгсэн чинь одоо яагаад ч юм мэдэхгүй, бид нарын энэ Монголд ирсэн пленэр маань бүр төгсгөлд нь ирчихсэн юм шиг ийм том, аугаа сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Бидэнд үүнээс өөр хязгаар үгүй юм шиг санагдаж байна” гэж хэлж байгаа юм л даа. /инээв/
-Үүнээс цааш явах газар үгүй гэж үү? /инээв/
-Тэр ч байтугай манай София гээд финланд охин “Би энэ насандаа Финландад төржээ. Би ирэх насандаа Монголд төрөх юм байна аа. Жаахан товчхон хэлэхэд ийм байна” гэж байсан. /инээв/
-Ёстой гүн сэтгэгдэл төрүүлжээ. 13-р зуун дээр очихоор яг тийм санагддаг л даа. Газар орон нь өвөрмөц онцлогтой. Тэд чинь Монголын говийг үзээд, тэр олон янзын байгалийг хараад дараа нь хэлж байгаа үг... Тэд яг одоо Улаанбаатарт судалбар зурж байгаа юм байна, тийм үү?
-Тийм. Дамбадаржаалин хийд бол Улаанбаатар хотын хамгийн анхны барилга байгууламж. Энэ барилга байгууламжийг яагаад сэргээн засварлахгүй байгаа юм бэ? Яагаад түүхийн энэ үнэт зүйлсийг хамгаалахгүй, хайрлахгүй, бас ашиглахгүй байна вэ гэдгийг нийгэмд хэлэхийн тулд бид пленэрийн сүүлийн өдрөө Дамбадаржаалин хийдийг зурж байна. Бид л хайрлахгүй бол нурж магадгүй байгаа энэ хийдийг зурж, тэр бүтээлүүдээ үзэсгэлэндээ тавьж, мөн каталогидоо оруулж, нийгэмд таниулж, сошиалаар залуусыг уриалах болно.
-Пленэр буюу Судалбар зураг зурах гэдгийг онолын үүднээс хэрхэн тайлбарлах вэ?
-Байгалийг зураад зураад амжихгүй шүү дээ. Тийм учраас өөрийн ой тойнд байгаа зүйлийг этюд болгон үлдээж байгаа юм. Тэр нь маш чухал. Пленэр гэдэг үг бол агаарт буюу нээлттэй орон зайд зурах гэсэн утгатай (фр. en plein air — «на открытом воздухе»). Өөрөөр хэлбэл, “натуртай ажиллах, байгалийн үзэмж гоог зураачийн мэдрэмжээр дамжуулан үлдээх” гэж ойлгож болно. Зураач өөрөө байгальд мэдэрсэн зүйлээ нүдээрээ оруулаад толгойгоороо гаргаад оюун ухаандаа, жижиг зургандаа хадгалаад үлдээчихнэ. Дараа нь түүнийгээ хараад сэргээж том болгоно. Тэгэж л жинхэнэ уран бүтээл төрнө шүү дээ.
Пленэр уран зураг XIX зууны эхээр Англид анх үүссэн бөгөөд Джон Констебль, Ричард Паркс Бонингтон нар гол төлөөлөгчид нь байв. Пленэризм хэмээн нэрлэгдэх болсон судалбар зургийн энэ арга нь гэрэл, агаарыг уран зурагт авчирснаараа зураачдын гоо зүйн суурь зарчим болж чадсан төдийгүй цэвэр уран зураг талаасаа ч сонирхол татах болжээ. Жан-Батист Камиль Коро, Жан-Франсуа Милле, Камиль Писсарро, Пьер-Огюст Ренуар, Клод Моне нарын зураачид пленэр уран зургийн хөгжилд хувь нэмрээ оруулсан зураачид юм. Харин Орост XIX зууны хоёрдугаар хагас, XX зууны эхээр пленэр уран зураг хөгжсөн бөгөөд Василий Поленов, Исаак Левитан, Валентин Серов, Константин Коровин, Игорь Грабарьнарыггол төлөөлөгчид нь хэмээн үздэг. Байгалийн гэрэлд зурсан уран зураг ихэвчлэн эскиз зурахад ашиглагддаг байв. Гэвч байгалийн зураг дагнан зурдаг франц зураачид болон импрессионист зураачдын эрин үед уран зургийн энэ арга барил шинэ амьдралыг олсон ажээ. Нэн ялангуяа импрессионистууд пленэрийн үед зурсан этюдээ бүрэн гүйцэтгэлтэй бие даасан уран зураг болгож чадсан юм. Импрессионист зураачид хүрээлэн буй байгаль орчны талаар өөрт төрсөн сэтгэгдлээ аль болох бодитоор нь зурагтаа үзүүлэхийг чармайж, зөвхөн энэ зорилгоор академик арга барилаас татгалзан, өөрийн гэсэн нэн гайхалтай арга барилыг бий болгож чадсан түүхтэй. Тухайлбал, Клод Моне өөрийн бүтээлийн тухай “Би ямагт хамгийн тогтворгүй бөгөөд байнга өөрчлөгдөх үзэгдлийг байгалиас харж зурахдаа, өөрт төрсөн сэтгэгдлийг тэр чигээр дамжуулахыг хичээж ирсэн нь миний давуу тал юм” гэж хэлснээс пленэр уран зургийн мөн чанарыг ойлгож болно.
“ЭНЭ АЯЛАЛ ТЭДНИЙ ХУВЬД ЗУРААЧ, УРАН БҮТЭЭЛЧ БОЛЖ ХӨГЖИХӨД НЬ МАШ ИХ ХУВЬ НЭМЭР ОРУУЛНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА”
Монголд анх удаа зохион байгуулагдсан “Рерихийн замаар” пленэрийг ахалж яваа Репиний нэрэмжит Уран зураг, баримал, архитектурын институтын Гадаад харилцаа хариуцсан ректор Константин Анатольевич Бекетовтой уулзаж цөөн асуултад хариулт авсан юм. Бидний ярилцлага тэднийг Монголоос явахын урд өдөр, UB арт галерейн үзэсгэлэнгийн танхимд өрнөсөн билээ
-Константин Анатольевич, өнөөдөр оюутнууд, залуу зураачид маань пленэр зургийн үзэсгэлэнгээ нээж, тэдний бүтээлийг үзэхээр олон хүн ирсэн энэ баярт мөчид таны сэтгэгдлийг сонсъё?
-Гайхалтай. Үзэсгэлэн маань мэргэжил нэгт зураачдын сонирхлыг татна гэсэн хүлээлт бидэнд байсан. Пленэрт явахын өмнө хэд хэдэн удаа манай академийн 80, 90- ээд төгсөгчид болох Монголын алдартай зураачидтай уулзалт хийсэн юм. Энэ уулзалтууд ахмад үе нь залуу үеийнхэндээ сургамж өгсөн уур амьсгалд бус, харин мэргэжил нэгтнүүд болоод найз нөхдийн яриа, тэр ч байтугай бараг л хамаатан садны яриа шиг халуун дотно уур амьсгалд болж өнгөрсөн. Мэдээж насны ялгаа байсан ч, манай оюутнуудын багш нар нь гэхэд Монголын зураач Хүрэлбаатар, Санчир нарын нэг курсынхан байх жишээтэй. Уулзалтын үеэр тэд залуу зураачдад хандаж “Янз бүрийн хэцүү нөхцөлд зурах шаардлага гарна. Заавал зурж дуусгах нь чухал биш, хамгийн гол нь өөрт төрж байгаа сэтгэгдэл, мэдрэмжийг авах нь чухал. Ийм мэдрэмжийг Монголын байгаль та бүхэнд өгч чадна” гэж байсан. Монголын байгалийн тогтоц маш сонирхолтой олон янз. Тэр дундаа зах хязгааргүй өргөн тал нутаг нь гүн сэтгэгдэл төрүүлдэг. Миний анзаарснаар, оюутнууд маань дотоод мэдрэмждээ энэ бүхнийг тогтоон барьж авч чадсан байх гэж бодож байна.
-Монгол зураачид оюутнуудаас энэ тухай нь асуусан уу? Оюутнуудын зурсан зургийг хараад л бараг мэдэж байгаа байх даа...
-Өнөөдөр монгол зураачид Монголын байгалиас гол мэдрэмжээ олж авч чадсан эсэхийг нь оюутнуудаас асуусан. Ер нь жирийн жуулчны олж харж чаддаггүй зүйлийг олж харах, мэдрэх боломж тэдэнд байсан л даа. Жуулчид бол нээлттэй харагдаж байгаа юмыг ирж хараад л биширч дуу алдаад явдаг учраас арай өөр өнгөц мэдрэмж авдаг. Харин монгол найзууд маань оюутнуудын бүтээлийг хараад мэдрэмжээ олж авч чадсан эсэх дээр нь “тийм” гэсэн хариулт өгсөн шүү. Тэд оюутнуудын олж харсан мэдрэмжийг өнгөц биш, нэлээд гүн мэдэрсэн байна гэсэн. Бүр гүнд нь орж мэдэртлээ хол ч гэсэн, ямар нэгэн байдлаар гүн рүү нь орж мэдэрч эхэлсэн нь тэдний бүтээлээс харагдаж байна. Өнөөдөр зөвхөн мэргэжлийн зураачид төдийгүй урлагт, уран зурагт хайртай хүмүүс олноороо ирсэн байгааг харлаа. Тэд уран зургуудыг ирж хараад, өөрийн гэсэн үнэлгээ, санал бодлоо илэрхийлсэн. Энэ бүхэн нь гоо зүйн болоод шүүмж талаасаа ач холбогдолтой, хэм хэмжээндээ байсан гэж би бодож байна. Хэрвээ хэт хурцаар шүүмжлэх юм бол, мэдээж зураач гомдоно. Монголчуудын зүгээс зарим нэг зүйл хэлсэн нь, тэд Монгол орноо илүү сайн мэддэг гэсэн утгаараа хүлээн зөвшөөрч болохуйц байлаа. Энэ бол сайн хэрэг. Залуу хүмүүс ийм үг сонсох хэрэгтэй байдаг юм.
-Оюутнууд Монголд анх ирэхдээ манай орны талаар юу мэдэж байсан бол гэдэг нь сонин байна?
-Энэ аялалд гарахын өмнө би оюутнуудаасаа Монгол орны талаар юу мэдэхийг нь асууж ярилцсан л даа. Тэдний мэдлэг тийм ч их байгаагүй. Түүхийн ямар нэгэн мэдээлэл, газарзүйн мэдээллийн хэмжээнд л байсан. Одоо бол энэ замыг туулсны дараа, монголчуудтай харилцаж үзсэнийхээ дараа арай илүү гүнзгийгээр түүхийг нь, зан заншлыг нь, бүр магадгүй хэлийг нь судлахыг хүсч болох юм. Энэ аялал тэдний хувьд зураач, уран бүтээлч болон хөгжихөд нь маш их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Магадгүй тэдний зарим нь энэ сэдэв дээр илүү гүнзгийрүүлэн ажиллаж, урландаа тодорхой бүтээлүүд хийх хэмжээнд хүрэхийг үгүйсгэх аргагүй. Мөн ямар нэгэн экспедицид оролцох, эсвэл бие даан Монголд эргэн ирж магадгүй. Яагаад гэвэл энд ирэхэд нь тэдэнд хэн хамгийн сайн тусалж чадахыг мэддэг болсон. Магадгүй уран бүтээлчийнхээ хувьд эндээс эрсэн зүйлээ олж ч болох юм.
-Монголын уран бүтээлчдийн тухайд та юу хэлмээр байна вэ?
-Би өнгөрсөн жил Монголд 4 хоногоор ирж Дамдинсүрэнтэй энэ төслөө ярилцаж байхдаа, энэ төсөлд зөвхөн Репиний академийн оюутнууд төдийгүй монголчууд ч оролцоно гэж тохиролцсон. Суралцаж байгаа болон сургуулиа төгсөөд удаагүй залуус, тэр ч байтугай залуу уран бүтээлчдээс оруулъя гэж байлаа. Хамгийн гол нь тэд нэг нэгэндээ нөлөөлж чадах нь чухал. Манай оюутнууд Монголыг илүү сайн ойлгоход дэм болно гэдэг үүднээс ярьж байлаа. Яагаад гэвэл тэд үе тэнгийнхэнтэйгээ харилцаж байж л монголчуудыг илүү сайн ойлгоно шүү дээ. Энэ тухай тэнд байгаа хүмүүстэйгээ, олны танил хүмүүс, зураачидтай ч зөвлөлдсөн. Ер нь манайд суралцсан монгол оюутнууд бол гадаадын оюутнууд дотроос хамгийн авьяаслаг нь байсан гэдэг өндөр нэр хүнд манай сургуульд байдаг. Мэдээж янз бүрийн түүх дуулддаг л даа. Тэр чинь өөрийгөө илэрхийлэхийг хүсч байсан залуу хүний л үйлдэл шүү дээ.
Гадаад орны бусад оюутнууд муу биш, гэхдээ монголчууд илүү хүчтэй, илүү гүн гүнзгий төсөөлөлтэй, хийсэн бүтээлүүд нь маш их сонирхол татдаг, өөрөөр хэлбэл уран бүтээл гэж нэрлэж болохоор байсан. Гэвч харамсалтай нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас болж хэсэг хугацаанд оюутнууд ирэх нь цөөрсөөр тасалдсан.
Энэ байдлыг зөвхөн тэнд төдийгүй энд ч анзаарч эхэлсэн байна. Яагаад гэвэл 80-90-ээд оны төгсөгчид маань дунд, ахмад үе рүү шилжиж байхад шинэ үеийнхэн нь байхгүй. Тийм учраас энэ арга хэмжээний нэг гол зорилго нь залуусыг академийн боловсролд тэмүүлэх сонирхолтой болгоход чиглэгдэж, нөгөө талаас харилцан бие биенээсээ суралцах боломжийг олгож байгаа юм.
-Энэ хамтын ажиллагааны хэтийн төлөвийг та хэрхэн харж байгаа вэ?
-Хамтын ажиллагааг олон чиглэлээр хөгжүүлж болно. Гэхдээ бидний хувьд урлагийн боловсрол, түүний дотор дүрслэх урлагийн боловсрол олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд манайх СУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. УЭХ, UB арт галерейтай хамтын ажиллагаатай. UB артгалерей болон Sound of Mongolia энэ бүх хамтын ажиллагаанд харилцааг холбох маш том үүрэг гүйцэтгэж байгааг хэлэх ёстой. Энэ компани бүх харилцаа холбооны голд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа, үүний хөдөлгөгч хүч нь мэдээж Дамдинсүрэн. Нэгдүгээрт манай оюутан, ажил хэрэгч, ёс журамтай, маш сайн хүн. Хоёрдугаарт Монгол Улсын Соёлын элч гэсэн том үүргээ нэр төртэй биелүүлж байгаа. Бид ч тусалж, тэр ч бидэнд тусалж байна.
-Монголыг зурсан залуу зураачдын бүтээлүүдээс та юу олж харав гэдэг сонин байна?
-Жишээ нь, Иван Журавлевын зургуудаас гэрэл гэгээ, инээмсэглэл, нар, өөдрөг үзэл, баяр баясгалан мэдрэгдэж байна. Наташа бол шөнийн оддыг маш гайхалтай зурсан. Өөрөө гарч хараад л зурж байсныг нь санаж байна. Энд зохиомжит зураг нэлээд хэд байгаа л даа. Нэг зүйлийг танаас асууя. Манай оюутнууд та нарын хардгийг харж уу, өөрөөр харж уу?
-Арай өөрөөр харсан нь мэдрэгдэж байна. Жишээ нь, гэр хорооллыг маш гоё гэрэл гэгээтэй зуржээ. Константин Анатольевич, та ний нуугүй хэл дээ. Орост яг ийм төсөл хэрэгжүүлдэг үү?
-Бид “Орос орон гадаадын зураачдын нүдээр” гэдэг төсөл хэрэгжүүлж дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудыг оролцуулж зуруулсан юм. Тэгэхэд манай зураачдын олж хараагүй, тэр ч байтугай оршин суугчдынх нь анзаараагүй зүйлийг яг ингэж харагддаг гээд зураад тавьчихсан нь их сонирхолтой байсан. Яг л таны ярьж байгаа шиг.
-Тэгэхээр Монголд ирсэн оюутнуудад ч гэсэн ийм шинэ сэргэг мэдрэмж төрсөн байх нь ээ?
-Жишээ нь, би анх удаа эвенкүүдийн газарт очсоноо ер мартдаггүй. Маш хэцүү аялал байсан, маш гоё байгаль харсан, одоо болтол тэр мэдрэмж санаанд байдаг. Огт мартдаггүй. Тэр нь надад маш сайн зүйл болсон. Яг үүнтэй адил манай оюутнуудын хувьд ч тийм байх болно.
Үзэсгэлэнгийн үеэр сэтгэл нь ихэд хөдөлсөн оюутнуудтай ярилцсан юм. Тэд “Маргааш Монголоос явна гэж бодохоор гунигтай байна. Гэхдээ явахгүй байсан бол бид нарыг ямар нэгэн ажил хийлгэж, зургаа зураад л зогсож байх байсан даа”гэж ярилцан инээлдэж байлаа. Тэд Монголын талаар ямар бодолтой буцаж байгааг зарим оюутнуудын сэтгэгдлээр илэрхийлье.
КРИСТОФ /ЧИЛИ ОЮУТАН /
Монголд анх удаа ирж байна. Монголын тухай зүгээр л тал, говь цөл гэж боддог байлаа. Өөр юу ч мэдэхгүй ирсэн. Тийм учраас маш сонирхолтой байсан. Хилээр ороод ирэхэд л байгаль нь маш гоё санагдсан. Монголд ирээд бөх барилдахыг харах хамгийн сонирхолтой байлаа. Сүм дээр үзсэн харсан гээд бүгд маш өвөрмөц, сонирхолтой санагдсан. Энэ бүхнээс хамгийн сонирхолтой нь говь байлаа. Маш өвөрмөц байсныг хэлэх хэрэгтэй. Манай тэнд хоосон цөл байдаг бол энд говь нь тэс өөр. Монгол хүмүүсийн сайхан зан, нээлттэй, үнэнч байдал нь их таалагдсан. Пленэрт зурахдаа цаг хүрэлцээгүй учир арай төгс болгож чадаагүй. Хэд хэдэн хөрөг зураг зурсан.
ИВАН ЖУРАВЛЕВ /ОРОС ОЮУТАН /
Монголын уул гүвээ, тал хөндий гээд газарзүйн олон янзын тогтоцын аялгууг мэдрэх нь чухал санагдсан. Монгол бол тал нутаг, уул, элс гээд олон янзын тогтоцтой, бас тэмээнүүд бий. Петр хотын саарал өнгө төрхнөөс эрс ялгагдаж байлаа. Монголчууд маш хөгжилтэй хүмүүс, бас их уудаг. Гүнчин маш сайн залуу.
БУРИАДААС ИРСЭН ЗУРААЧ
Монголд өмнө нь ирж Эрээн хүртэл автобусаар явж байлаа. Харин говьд очиж үзээгүй болохоор маш хүчтэй сэтгэгдэл төрсөн.
НАТАША /ОРОС ОЮУТАН /
Монголд үзэгдэх орчин хязгааргүй том учраас одод маш ойрхон харагддаг. Яг л “под куполом” (хөмөрсөн тогоон дотор) байгаа юм шиг... Би иймэрхүү байх болов уу гэж төсөөлж байсан ч, санаснаас бүр илүү санагдсан. Монголын шөнөд дурласан учраас одот тэнгэр зурсан. Гэр хороолол маш сонирхолтой санагдаад зурсан.
СОФИЯ /ФИНЛАНД ОЮУТАН /
Монголын тухай маш бага зүйл мэддэг байсан. Тал нутаг, хүмүүс нь гэрт амьдардаг, тэгээд морьд байгаа гэж л төсөөлж ирсэн. Монгол бол маш гоё орон, хүмүүс нь гайхмаар нээлттэй, бүгдээрээ маш гоё дуулдаг. Хээрийн замд явж байхад монгол залуус хоороор дуулсан нь ид шидийн юм шиг сэтгэгдэл төрүүлсэн. Яг л кинон дотор орчихсон юм шиг... Энэ бол гайхамшигтай сюрприз байсан. Болдогсон бол Монголд үлдмээр л байна. Бас Монголын усан будгийн мастер зураач миний хөрөг зургийг зурсан нь их таалагдсан.
Эмэгтэй оюутнуудтай “жич” сэдвээр ярилцахад, “Мэдээж хэцүү зүйл байсан ч ийм нөхцөлд явна гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байлаа. Хамгийн гол нь аяллын туршид сэтгэгдэл маш өндөр байсан болохоор тэр нь хэцүү бүхнийг үгүй болгож чадсан” гэж байв.
Оюутнууд пленэр зургийн үзэсгэлэнгийн талаар “Халуун дулаан уур амьсгалтай маш сайхан арга хэмжээ болж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байлаа. Тэд “Монгол маш сайхан орон. Хоол нь их таалагдсан, Европ тал руу илүү ойр. Монголд дахин ирмээр байна” гэж байсан юм. Оросын аугаа зураач И.Е.Репиний нэрэмжит Уран зураг, баримал, архитектурын институтын оюутнууд “Рерихийн замаар” замнасан аяллаасаа сэтгэл хөдлөм дурсамжаар хөглөгдөн буцаж буй ажээ.
Х.ДАМДИНСҮРЭН: МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧИЙН ХУВЬД
РЕПИНИЙ АКАДЕМИД СУРАЛЦАХ 5 ЭРХ АВСАН Ч НЭГ Л ОЮУТАН ТЭНЦЛЭЭ
-И.Е.Репин бол Оросын хамгийн алдартай хөрөг зургийн мастер, амьдарч байсан он цагийнхаа түүхийг уран зурагтаа гайхамшигтай тод томруунаар үлдээсэн дэлхийн хэмжээний зураач. Түүний “Ижил мөрний барлагууд”, “Догшин Иван хүү Ивантайгаа”, “Садко усан доорх хаант улсад зочилсон нь”, “Лев Толстойн хөрөг” болон бусад олон алдартай зургуудыг манай уншигчид санаж байгаа байх. Репиний академийн түүхээс ярьж өгөөч. Хамгийн гол онцлог нь юундаа байна гэж танд мэдрэгдсэн бэ?
-Репиний академийн онцлог нь миний ойлгосноор, Оросын аугаа хаан I Петрийн хүсэл мөрөөдөл буюу Санкт-Петербург хотыг байгуулахын тулд архитектурын инженерийн шийдэл хэрэгтэй болсон учраас Эзэн хааны Уран зураг, архитектурын институт гэж байгуулсан. Тэр мөрөөдлийн биелэл нь II Екатерина хатан хааны үед цэцэглэж нийтдээ 26 жил баригдаж 261 жилийн өмнө манай академи оюутнуудынхаа өмнө үүдэ нээсэн түүхтэй. Энэ бол Европын дүрслэх урлагийн академик боловсролыг Орост суурьшуулж Голланд, Итали, Испани, Францын бүх том шедеврүүдийг бүтээсэн тэр уран бүтээлчид, багш нарыг авчирч, суут сэтгэгч нараар багшлуулж, яг одоо бид нарын хийж байгаа шиг Оросын үе үеийн Репиний академийн төгсөгчдийг Эзэн хааны тэтгэлэгтэйгээр явуулан судалбар хийлгэж, уран зураг зуруулж, Эзэн хааны тусгай үүргээр бүтээлүүд хийлгэдэг байсан юм билээ. Тэр хүмүүс нь ч тусгай үүрэг нь дууссаны дараа академидаа багшилдаг, том бүтээлүүд нь үлддэг байдлаар уламжилж ирсэн байдаг. Тэдний бүтээлүүд одоогийн Эрмитаж, Русский музейн сан хөмрөгүүд болж үлдсэн.
-Европын уран зураг, архитектур, баримлын соёлыг Орост анх бий болгосон сургууль байх нь ээ?
-Тийм. Жишээ нь Москвад Суриковын академи гэж бий. Суриков өөрөө манай Репиний академийн төгсөгч. Энэ хүн Москвагийн академийг бий болгоход чухал оролцоотой байсан л даа. Өөр бас нэг чухал зүйл гэвэл, Репиний академи дээр Оросын Урлагийн академи байрладаг байсан учраас их том түүх өгүүлнэ л дээ.
-Репиний академийг төгссөн хамгийн алдартай зураачдыг нэрлэвэл?
-Зураг нь худалдагдсан тоогоороо бол Шишкин, хамгийн алдартай нь гэвэл Репин, Суриков, Серов, Куинджи, Брюллов, Айвазовский, Иванов гээд олон алдартай зураачдыг нэрлэж болно. Тэд эсвэл сурч байсан, эсвэл хичээл зааж байсан байдаг.
-Гайхалтай... Та Репиний академиас уран зургийн үзэсгэлэн үзэж байгаа зургаа фэйсбүүкт постлодог. Тэнд ямархуу хэмжээний үзэсгэлэнгийн танхим, музей байдаг вэ?
-Академи өөрийн музейтэй. II Екатерина хатан хааны бүх дэлхийн уран баримлуудаас “acopy”-г нь аваад гантигаар хийлгэсэн бүтээлүүд музейд нь байдаг. Брюллов, Шишкин, Иванов гээд бүх алдартай зураачдын бүтээлүүд хадгалагдаж байгаа.
-Эхээрээ юу?
-Эхээрээ хадгалагдаж байдаг. Мөн академийг төгсөгчдийн бүтээлүүд ч сан хөмрөгт нь бий. Үзэсгэлэнгийн танхимууд гэхэд тэнхим бүрт байгаа.
-Монголоос хамгийн анх хэн Репиний академийг төгссөн бол?
-Гаваа гуай 1947 онд Репиний академид очиж суралцаад 1952 онд төгссөн анхны төгсөгч нь юм билээ. Түүнээс хойш үе үеийн Репиний академийн төгсөгчид орчин цагийн Монголын дүрслэх урлагийн суурийг тавилцсан ийм утга учиртай сургууль юм. Мөн манай нэртэй урлаг судлаачид ч төгссөн. Жишээ нь, 29 жилийн өмнө Урлаг судлалаар ДУДС-ийн захирал Уранчимэг төгссөн байдаг. Тэр үеэс хойш 30 жилийн дараа л би урлаг судлалаар төгсөх гэж байна. Тэгэхээр бид гурван арванд урлаг судлалаар Репиний академи, Суриковын академид боловсон хүчнээ бэлдээгүй байна. Дүрслэх урлагийн бодлого, шүүмжлэгч, куратор, урлаг судлаачгүйгээр бид яаж 30 жил явсан байх нь вэ. Монголдоо урлаг судлаачдыг бэлдсэн л дээ. Тэднээс гадаад орнуудад мэргэжлээ дээшлүүлсэн, суралцсан хүмүүс ч байгаа. Гэхдээ л...
-Уран зургийн үзэсгэлэн гарахад урлаг судлаач тэр тухай бичиж олны хүртээл болгох ёстой гэж олонх хүмүүс ойлгодог. Яагаад ч юм тэгэж бичсэн зүйл харагддаггүй. Зөвхөн үзэсгэлэн дээр л товч бичиглэл байдаг. Энэ ямар учиртай юм бэ?
-Нэгдүгээрт үзэсгэлэн гаргахын тулд уран бүтээлч маань куратортойгоо ажиллах ёстой. Куратор тэр уран бүтээл төрж байх үед, явцын дунд, бүтээлийн төгсгөлд, үзэсгэлэнгийн дэглэлтэнд уран бүтээлчтэйгээ хамтарч ажиллаад, кураторын үгээ бичих ёстой.
Үзэсгэлэн гэдэг бол тэдний хамтын ялалтын мөч байх ёстой шүү дээ. Тэр хүний дүрслэх урлагийн хэлээр бичиж зурсан бүтээлийн хувьд зураачийн гаргах гээд байгаа санааг товч бөгөөд тодорхой энгийн хэлээр ойлгомжтой гоё бичих ёстой юм. Куратор бол зураачийг хөглөх гол хүн нь байхгүй юу.
-Гол сэдэв рүүгээ оръё. UB арт галерей энэ пленэрээ жил бүр уламжлал болгож явуулах уу?
-Репиний академитэй хамтарсан энэ пленэрээ, ялангуяа залуу уран бүтээлчдийн пленэрийг жил бүр явуулна гэж төлөвлөж байгаа. Яагаад гэвэл, энэ арга хэмжээ маань манай дүрслэх урлагийн боловсролын хөгжилд маш их хэрэгтэй. Цаашлаад Репиний академийн багш нарын хамтарсан үзэсгэлэн, пленэр, симпозиум, форумыг хийх хүсэл бас байгаа. Алхам алхмаар урагшлаад байна л даа.
-Энэ удаагийн аялалд явсан төгсөх ангийн оюутнууд зураачийн хувьд ямар түвшнийх гэсэн үг вэ?
-Оюутнууд гээд байгаа боловч, манай ДУДС шиг сургуулиудыг төгсчихсөн хүмүүс дахин Репиний академид сурч байгаа юм шүү. Академийн боловсрол эзэмшиж байгаа нэлээд өндөр түвшний зураачид гэж ойлгож болно.
-Репиний академид Монголоос залуу зураачид сургана гэж дуулдсан. Энэ ажил хэр амжилттай явж байгаа вэ?
-Монгол Улсын Соёлын элчийнхээ хувьд Репиний академид оюутан суралцуулах 5 эрх авсан юм. Урлаг судлалаар 1 магистр, 2 бакалавр, уран зураг, баримал сэргээн засварлах чиглэлээр 2 хуваарьтай. Ний нуугүй хэлэхэд олон залуусыг сургах гэж шалгаруулалтад оруулсан боловч одоо 1 л хүн уран зургаар тэнцэж байх шиг байна.
-5 хуваарь дээр үү?
-5 хуваарьт. Репиний академи бол Оросын Соёлын яамны харьяа сургууль. Соёлын яам, мөн ректор, гадаад харилцааныхантай ярьж, тэднийг Монгол Улсын Шадар сайдын урилгаар авчираад БСШУС-ын дэд сайд Отгонбаяр, мөн агентлагийн дарга, Уранчимэг захирал нарын албаны хүмүүстэй уулзалтууд хийсэн. Үр дүнд нь 5 хуваарь Монголд өгөхөөр болсон юм. Одоо 1 хуваарь дээр л 1 хүн явж байна.
Манайхан нэгдүгээрт хэлний хувьд, хоёрдугаарт хүн маань өөрөө энд тэнцэхгүй байгаа юм чинь тэнд очоод тэнцэхгүй. Тэгэхээр явах хүсэл мөрөөдөлтэй залуус маань орос хэлний боловсролоо сайжруулах хэрэгтэй байна. Мэргэжлийн тал дээрээ бас их сайн болох хэрэгтэй байна. Тийм учраас л залуу зураачдын пленэрийг хийх хэрэгтэй гэдэг санаа төрсөн.
-Репиний академид зураачдаа сургахын тулд залуу зураачдын пленэр хийж хүнээ бэлдэх юм байна. Мэдээж орос хэл сайн сурах хэрэгтэй. Өөр ямар арга замыг эрэлхийлж байна вэ?
-Манай Репиний академи төгсөгчид ярилцаад энэ удаагийн пленэрийн зөвлөх, Төрийн соёрхолт Ганхуяг ах маань 3-4 хүүхдийг дэргэдээ шавь сургалтаар бэлдэж байгаа. Тэд жилийн турш орос хэлээ үзнэ. Мэргэжлийн тал дээр өөрөө зөвлөгөө өгнө. Дүрслэх урлагийн сургуульд багшилж байгаа манай Репиний академи төгссөн багш нар ч бас оюутнуудаа бэлдэнэ. Мөн уран зурагт стажёраар сурсан Эрдэнэбулган нарын залуус ч шавь бэлдэж тэднийгээ Репиний академид шалгалт өгүүлье гэж ярилцаж байгаа. Энэ маань харин харьцангуй өндөр боломжтой байж магадгүй гэж бодож байна.
Ярилцсан: Ц.Оюунчимэг
Сэтгэгдэл ( 6 )
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nХэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баярта
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nХэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баярта
Би энэ яриаг олон үзсэн, асуумаар зүйл гараад? Рэгдэндагва уу?, Рэгдэнжав уу?\nЯрилцлага өгөгч хэн ч байж мэднэ. Амьдрал хөөсөн нэгэн. Харин Н.Рерихийн тухайд бүтээлийг нь буруу хэлбэл тусгүй.
Би энэ яриаг олон үзсэн, асуумаар зүйл гараад? Рэгдэндагва уу?, Рэгдэнжав уу?\nЯрилцлага өгөгч хэн ч байж мэднэ. Амьдрал хөөсөн нэгэн. Харин Н.Рерихийн тухайд бүтээлийг нь буруу хэлбэл тусгүй.
Улаанбаатар -Шамбалын хаан
шамбалын орныг өөрийн биеэр харсан хүн