"Зиндаа" сэтгүүлийн №10/510 дугаараас онцлов
ХӨТӨЛГӨӨ МОРЬТОЙ УРАН БҮТЭЭЛЧ
“Морины Мо” хэмээх нэрээр олонд танигдсан залуу уран бүтээлч Ганзоригийн Мөнхбаатартай уулзахаар Монголын зохиолчдын эвлэлийг зорилоо. Зохиолчдын өргөөний 301 тоот буюу их зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж гуайн албан контор байсан өрөөнд урлан нь байрладаг ажээ. Урланд ормогц түүний зурсан алдарт хурдан хүлгийн уран зургууд, уран бичлэгийн бүтээлүүд, яруу найргийн ном нь нүднээ ил, танил агаад содон харагдана. “Миний утга зохиолын багш бол Д.Батбаяр багш” хэмээн бахархан ярих тэрбээр зураач, яруу найрагч, уран бичээч хүн. “Хөх үсэг” бичиг соёлын академийн тэргүүн, уран бичлэгийн багш билээ.
Багадаа хурдан морь унаж, цаасны өөдөс дээр ч харандаагаар морь зураад хадгалчихдаг байсан хүү СУИС-д суралцаж байхдаа “Мо” хэмээх алдрыг хүртсэн аж. Үс гэзгээ сураар боож, шагай зүүчихсэн, эмээгийнхээ элдэж урласан бухын төмсөгний арьсан уутанд харандаа, баллуураа хийгээд явдаг оюутан хүү хадны сүг зураг бүхий хүрэм өмсдөг байв. Сургууль дээрээ хонож байгаад ч хамаагүй зургуудаа зурж дуусгана. Яг үнэндээ бол хөдөөний оюутан хотод сурахын хэцүү бэрхийг туулж өөдрөг үзэл, өрнүүн сэтгэлгээгээрээ даван туулж явсан нь тэр юм билээ.
Дэндүү Монголоороо түүнийг Монголжингоо хэмээн найз нөхөд нь анх “хочилсон” гэдэг юм. Энэ нэр өөрийнх нь нэр хэмээн ойлгогдох хэмжээнд хүрч, улмаар Мо хэмээх эхний хоёр мөр нь жинхэнэ нэр болтлоо түүнийг дагаж явна. “Монгол гэхээр Морь гэдэг үг дагалдах нь гарцаагүй” хэмээн тэр инээмсэглэн хэлсэн билээ.
Уран бүтээлийн замаа хурдан хүлгийн төвөргөөнөөр эхэлсэн Мөнхбаатар хэсэг хугацаанд өөр чиглэлээр бүтээж туурвих оролдлого хийсэн ч эргээд л өөрийнхөө язгуур чанарт тэмүүлж, “хүн ер нь хамгийн сайн чаддаг юмаа л хийх ёстой юм байна” гэдгийг ухаарсан ажээ. “Уран бүтээлч хүн нэг тийм гоё гэгээн юмны араас л яваад байгаа. Тийм ч учраас тэр нь бүтдэг. Тархиныхаа орон зайгаас л тэр бүхнийг хайдаг юм” хэмээн тэр ярина.
Хурдан хүлгүүд нь тэнгэрийн шувууд, домгийн амьтадтай зэрэгцэн давхиж, дом билэгдлийн амьтад харшлалгүйгээр нэгэн орон зайд зэрэгцэн орших нь Мо зураачийн бүтээлийн онцлог ажээ. Сэтгэлгээний эрх чөлөөг илэрхийлсэн хурдан хүлгүүдийг далд ертөнцийн эзэд нь унаж яваа хэмээн зураач өгүүлэх нь сонирхол татна.
Хоймортоо бурхан шүтээн, хийморийн хүлэг морь, төрийн далбаагаа залсан Морины Мо зураач хүлэг морьдыг уран бүтээлийн нүүдлээ болгож, хийморь сүлдээр нь жигүүрлэн бүтээж туурвиж яваа уран бүтээлч юм.
Гурвын гурван хөтөлгөө морь унан урлагийн ертөнцөд танигдаж яваа Морины Мо буюу залуу уран бүтээлч Г.Мөнхбаатарыг “Галерей” булангийнхаа зочин хойморт урьж олноо алдаршсан хурдан хүлэг морьдын зургууд, уран бичлэгийн сэдвээр ярилцан, дотоод ертөнцийг нь уншигчдын өмнө нээхийг зорилоо. Таалан болгооно уу.
Г.МӨНХБААТАР: ӨВӨГ ДЭЭДСИЙН БУЯНТАЙ, ХИЙМОРЬТОЙ ХҮНИЙ МОРЬ Л ДАВХИДАГ
-Зургуудыг тань хараад “Яагаад зөвхөн морийг нь зурдаг юм бэ?” гэж асуумаар санагдлаа.
-Гол үнэтэй юм нь морь учраас л тэр. Дээр үеийн хурдан хүлэг, тухайлбал энэ хээр морь гэхэд л одоо байхгүй. Тийм учраас хүнээс хараат бус эрх чөлөөтэй байж л өөрийнхөөрөө байгаа гэж ойлгож болно. Хазаар зүүчихээр цаана нь хүн харагдаад байдаг юм. Хурдан морь зурж байгаа учраас хүний эрхээр биш өөрийнхөөрөө, өөрийн ертөнцдөө байгаагаар нь дүрслэхийг зорьдог.
-Хурдан мориор дамжуулж эрх чөлөөг илэрхийлдэг гэж ойлгож болох нь ээ?
-Тийм. Ер нь хүн гэдэг чинь эрх чөлөө, амар амгалангийн араас л явдаг шүү дээ. Би харахад морь зурж байгаа боловч цаана нь дотоод эрх чөлөөний мэдрэмж илэрхийлэгдэж байгаа. Шатар нүүгээд хожихын тулд эхлээд наана нь өөр нүүдэл хийдэг шиг л юм даа. Морины нүүдэл, ялангуяа хоёр морины нүүдлийг сайн холбож чадвал хождог шүү дээ. Морьтой холбогдсон хүн дорой явж байхыг хараагүй. Морь уяад явж байгаа хүний хийморь нь өөдөө, ажил үйлс нь бүтэмжтэй, гэр орон нь өнгөтэй өөдтэй байдаг. Нэг сайхан хурдан морьтой бол хүмүүс үзэж харах гээд цуглана. Гэтэл хүмүүс байр, машин юунд ч зориод байгаа юм. Тэр бүхнийгээ авчихаад дараа нь яах гээд байгаа нь тодорхой биш. Яг үнэндээ хүний зорилго бол жаргах, амар амгалан байхад л оршдог. Тэгэхээр үүний төлөө хөдөлмөрлөж байна уу, эсвэл хүн дуурайгаад нэгнийхээ дээр гарах гээд байна уу гэдгийг нь хардаг л даа.
Хүний эцсийн зорилго бол амар амгаланд хүрэх учраас үүндээ хүрэхийн тулд зөв нүүдэл хийх ёстой байх гэж боддог.
-Таны “морины нүүдэл” буюу хүлэг морьдын зургуудад тэнгэрийн шувууд ёс мэт харагддаг. Тухайлбал шаазгай, хэрээ, хараацай, шонхор?
-Шувуу бол эрх чөлөөт амьтан. Тэгэхээр түрүүний ярьдаг эрх чөлөөн дээр л очно доо. Хурдан морь бол тэр чигээрээ монгол ухаан, өв соёл, тэр дундаа цаад далд тэнгэр шүтлэгтэй холбогдоно. Яагаад тэнгэрийг шүтээд байна гэхээр, өвөг дээдэс болоод бид бүгд, хүн төрөлхтөн чинь дэлхий ертөнц дээр ирээд үүсчихсэн юм биш. Өмнө нь үүсчихсэн байсан. Тэндээс зочин болж ирдэг. Үүнд би итгэлтэй байдаг юм. Тэгэхээр морь унаж байгаа хүн тэр далд билэгдэлтэйгээ холбогддог юм. Өвөг дээдсийн буянтай, хийморьтой хүний морь л давхидаг. Хүмүүс мөнгөтэй хүн морь аваад давхиулаад байна гэдэг. Тийм биш, буянтай хүнд нь таараад байгаа юм. Тэр буянтай хүн чинь өөрөө хөдөлмөрч, ажил үйлс нь бүтдэг гэсэн утгаараа мөнгөтэй байгаа.
Нэг өрөөсгөл ойлголт байна. Сүүлийн үед юм л бол морины хүүхдийн асуудал яригддаг болжээ. Заавал тэдэн настай хүүхдээр морь унуулна гэх мэт. Бид монгол ёсоо алдах юм бол монгол биш болно. Зөөлөн зөөлнөөр идүүлнэ гэдэг шиг монгол хүний мөн чанар ч дагаад өөрчлөгдөнө. Морь унаж өсөөгүй хүүхэд гадаадад очоод олон цаг тэвчээртэй сууж чадах уу гэдэг хүртэл эргэлзээтэй. Манайхан хэтэрхий туйлширч, буруу зөвөө ялгаж салган дүгнэж чадахгүй байгаагийн шинж л дээ. Зарим нь бүр туйлшраад мөнгөтэй улсуудын тоглоом ч гэж байх шиг. Яагаад малчин хүмүүс ярихгүй, тэдний үгийг сонсохгүй байгаа юм. Тэр овойж товойгоод байгаа улсуудыг л дарж авах гээд байна шүү дээ. Улстөржүүлээд байдаг нь их муухай. “Өөрөөсөө хуруу өндөр хүнийг ямагт хүндэл” гэдэг шүү дээ. Өөрсдөө юу ч хийж бүтээгээгүй, чадахгүй байж салхины аясаар дагаад муулдаг байж болохгүй биз дээ. Хүний эрх ярихаар тэр нь улстөр, эсвэл сэтгүүлчийн ажил ч юм шиг зүйл ажиглагддаг. Тэгэхээр энэ бүхнийг зөв утгаар нь тайлж, морины соёлоо сайхан язгуур утгаар нь ойлгоод, хүндлээд явах хэрэгтэй гэж боддог. Хүн чинь уг нь яг л уул шиг, мод шиг үндэс нь доогуураа суурьтай, том байх ёстой. Салхи болгонд ойчдоггүй, их сайхан өндөр сүрлэг. Гэтэл зарим хүмүүсийн үндэс нь богино атлаа өндөр ургачихаад байна. Нэг жаахан салхинд л уначихдаг. Дахиад босч чадахгүй шүү дээ. Тийм юм ажиглагддаг. Тэгэхээр доогуураа их чимээгүй томорч ургах ёстой юм болов уу. Дотогшоо томорч, үндэс сууриндаа ургаж, өөртөө үнэ цэнэтэй юмаа бий болгочихсон хүн ямар ч салхинд ойчихгүй.
-Морь зурах болсон шалтгаан нь багадаа хурдан морь унадаг байсантай холбоотой юу?
-Тэгэлгүй яахав. Би хөдөөний хүн учраас язгуур чанар гэж байгаа. Ер нь хүмүүс намайг Морины Мо гэж хочилдог юм. /инээв/ “Хөх бичиг” бичиг соёлын академи ТББ-тай. Хүн бүр ямар нэгэн заяанд төрдөг. “Хөх бичиг” гэдэг нэрийг хэн нэг нь улсын бүртгэлд бүртгүүлж, “Морины Мо” гэдгийг өөр хэн нэгэн авч болох шүү дээ. Гэтэл энэ бүгд минийх. Ямар нэгэн юмны эзэн байна гэдэг чинь хувь заяа юм. Энэ хувь заяандаа хүн талархаж, их сайн мэдэрч байх ёстой юм шиг санагддаг. Би хар багаасаа харандаа бариад л жижигхэн цаасан дээр морь зураад явдаг хүүхэд байсан. Хэзээний л нэг морь зурчихсан тэрийгээ халаасалчихсан явдаг байж билээ гэж ээж минь ярьдаг юм.
-Уран бүтээлийнхээ санааг яаж олдог вэ?
-Уран бүтээлийн санаа гэдэг ээжийн бүүвэйтэй хамт бүүвэйлэгдэж эхэлдэг. Ээж аав нь сайхан хайрлаад, эсхүл хүн өөрөө зовлон үзэж ухаарч ойлгоод, дэлхийн сонгодгуудын оюун ухааныг судлаад, дэргэд байгаа ухаантай аав, ээж, ах дүүс, сайн сайхан найз нөхдөөсөө ухаарлыг авч бага багаар бүрэлдээд байгааг хүн өөрөө анзаардаггүй. Нэг л өдөр бэлэн болсон байдаг юм. Оюун санаа, ухаан томрохоор дагаад сэтгэл томордог. Тэр том сэтгэл санаа хөдлөхөөр гоё санаа бууж ирнэ. Уран бүтээлийн санаа тийм л зүйлээс үүсдэг. Хүмүүс их наагуур ярьдаг л даа. Яг язгуур чанараараа бол эхийн хэвлийд байхад нь ээж дуулж байсан уу, уйлж байсан уу? Их гоё дуу сонсоод, эсхүл ном уншаад байсан юм уу? Тэр бүх мэдрэгдэхгүй, үгээр хэлэх аргагүй мэдрэмж гэж байна. Тэр нь генээр л дамждаг болов уу.
Цагаан санаа нь ямагт хар муу санааг дийлнэ. Хашир байсны ч хэрэггүй гэж бодоод байгаа.
-Тэгвэл авьяас гэж юуг хэлэх вэ?
-Авьяас гэдэг зүйлийн талаар хүмүүс жаахан буруу ойлголттой байх шиг санагддаг. Яг үнэндээ уур хүртэл авьяас учраас өвлөгдөнө. Хэрвээ хөгжим тоглодог авьяастай бол тэр авьяасаа хөгжүүлээд л байх хэрэгтэй. Хүн ер нь дараа дараагийн үеэ бодож амьдарч, өөрийгөө хөгжүүлж явах хэрэгтэй юм шиг санагддаг. Дараа дараагийн төрөлдөө өөрийн үр хүүхэддээ эргэж төрдөг гэдэг шүү дээ. Моцарт гэхэд, ес дэх үе дээрээ хөгжимчний гэр бүлд төрсөн учраас алдарт Моцарт болж чадсан гэдэг юм билээ. Жишээ нь, зургаа дахь мэдрэхүй нь хөгжсөн хүмүүс урд, хойд төрлийг харна гэдэг чинь авьяас. Ийм хүмүүс дараа дараагийн төрөлдөө улам л сайжирна. Хүн ер нь сайн муу хоёрын сайныг нь л дагаад байвал муу юм таарахгүй. Би тэгэж боддог. Цагаан санаа нь ямагт хар муу санааг дийлнэ. Хашир байсны ч хэрэггүй гэж бодоод байгаа.
ЦЭЭЖНИЙ ГҮНД ӨНДӨГЛӨСӨН ЯСТ МЭЛХИЙ ДЭНДҮҮ УРТ НАСТАЙ
-Таны зургийн өнгийг харахад, нэг тийм гялтганасан өнгө байгаад байна. Энэ нөгөө “Сувдан хөлс” үү?
-Одоогоос яг жилийн өмнө “Сувдан хөлс-1” үзэсгэлэнгээ гаргаж байлаа. “Сувдан хөлс-2” үзэсгэлэнгээ энэ намар гаргахаар бэлтгэж байна. “Нэг сумаар хоёр туулай буудна” гэдэг шиг давхар санаагүйгээр сайн юм бүтээхэд бэрх. Богинохон бодоод байвал тэр нь уран бүтээл болохгүй. Уран бүтээлч хүн супер байж, хүн болгоныг гайхшируулах ёстой. Сайхан сэтгэл нь ч дийлдэхгүй, авьяас чадвар нь ч дийлдэхгүй тийм л байх ёстой гэж би боддог. “Сувдан хөлс” гэдгийн утга нь, хурдан морины шавар хөлс гээд хамгийн эхний хөлсийг авахаар шороотой хөлс нь бага багаар тунгалагшаад хамгийн сүүлд “Сувдан хөлс” гэж яг л өвсөн дундах шүүдэр шиг тунгалаг хөлс үлддэг. Давс, хужир ч амтагдахгүй. Уяа нь таарсан хурдан морь ийм байдаг. Тиймээс би 30 хүрч байна, энэ бол уран бүтээлч хүний “Сувдан хөлс” гэж үзээд энэ санаагаар үзэсгэлэндээ нэр өгсөн. Энэ нь би болчихлоо гэсэн үг ердөө ч биш. Ямар нэгэн юманд сэтгэл ханахаар л явахаа байчихдаг шүү дээ. Авьяастай л бол үхэн үхтэлээ сайжрахын төлөө тэмцэх ёстой.
-Зураач хүний ажлын онцлог ямар байдаг гэж та хэлэх вэ?
-Жишиж хэлбэл, зураг бол шүлгээс удаан. Халуун санаагаа гаргахын тулд сар болно. Долоо хоногийн дараа болимоор ч санагдана. Тэгэхээр тэр уран бүтээлтэйгээ ажиллахын тулд өөрөө өөртэйгөө байлдаж байгаа юм. Сайн бүтээлийг авьяастай хүн л хийнэ, тэр санаа төрнө. Харин тэрийгээ хийж дуусгахын тулд илжигний хөдөлмөр хийнэ. Хөдөлмөрлөхийн тулд тэвчээртэй байх ёстой. Гэтэл дараагийн нүүдэл хийх санаа харагдаж байдаг. Тэрийгээ хадгалах ёстой. Шатар тоглож байгаа хүндээ “би одоо ийм нүүдэл хийнэ” гээд хэлчихвэл тэр хүн хаачихна. Тэгэхээр хэлэхгүй чимээгүй суух тэр тэвчээрийг л уран бүтээлч хүн өөртөө суулгах хэрэгтэй. Уран бүтээлч хүн чинь их хөнгөн. Дорхноо хувирч өөрчлөгдөөд л. Тэр сэтгэлийн халууныг л дотроо хадгалах ёстой юм шиг байгаа юм.
-Энэ чанарыг илэрхийлсэн бүтээл танд байна уу? Тухайлбал, шүлэг.
Надад нэг шүлэг бий. Тэр үеийн онгодоороо бичсэн шүлгээ эргээд харахад өөрийгөө хэлчихсэн, дотоод сэтгэлээ нээсэн ч юм шиг...
“...Хачин этгээд энэ мэдрэмжийг хундагалаад уучихсан тэр мөчид
Цээжний гүнд өндөглөсөн яст мэлхий дэндүү урт настай
Тэдний амьдардаг гүн хар ертөнц олон нууцтай
Тэр эргийн элсэн дээрх шувууны мөр, яаж загасны сэлүүр болсныг
Далайн усанд өнө мөнх алгадуулах хадан хясаан дээрээс харж суугаа цаг хугацаа л гэрчилнэ
Тэр далайн эрэг халуун элс адил цээжний минь гүнд
Өнөөх яст мэлхий өндөгнөөс аль хэдийнээ хагарчээ
Тэд ч гэсэн дэндүү урт настай
Тэдний амьдардаг гүн харанхуй олон нууцтай...”
Хүн юу ч хийсэн өөрийгөө л илэрхийлдэг юм байна. Бодож санаж байгаагаа л хэлээд байдаг. Төгс хүн болъё гэвэл юм болгонд суралцах ёстой. Хүн өөрийгөө мэддэггүй шүү дээ. Би болчихлоо, би чадна гэж их ярьдаг. Яг нүүр тулж үзэх ёстой юм.
Аливаа асуудалд тулахаар чадах, чадахгүйгаа мэдэж авдаг. Бодох шиг амархан зүйл байхгүй.
-Таны уран бүтээлүүдээс өөрийгөө ялж, хамгийн удаан хугацаа зарцуулсан нь аль бүтээл вэ?
-Эмээ минь тэнгэрийн оронд очсон. Эмээтэйгээ хамт хашааны өмнө сууж байгаа зургийг их сууж зурсан. Цаг хугацаа нь ч шахуу байлаа. Сар гаруй суухад сүүлдээ нойр хоол дутагдаад л, нэг суухаар цаг нар ч мэдэгдэхгүй өнгөрчихнө. Яг ухаан алдаж унах гээд байдаг юм билээ. Тийм болтлоо зурж Уран зургийн галерейн шалгаруулалтанд оруулсан. Нэлээд хэдэн даваа давсан ч тэнцээгүй. Тэр нь ч оносон болов уу. Урландаа ингээд байж байгааг нь харахад их гоё. Хүмүүс энэ зургаа зарах юмуу гэж их асуудаг. Гэвч хүнд нэг тийм хайртай юм байдаг даа. Үе дамжуулж авч явна гэж боддог юм. Уран бүтээлч хүн үр хүүхэддээ өв үлдээх шиг сайхан зүйл үгүй. Амьжиргаанд захирагдахгүйгээр авч үлдэх нь онох юм шиг санагддаг. Гэхдээ сайн уран бүтээлийг тэр болгон хадгалаад байж болохгүй. Хүнд бас сайн бүтээлээ өгөх ёстой. Дээр нь надад байдаг нэг чанар бол хэдэн сая төгрөг бол хамаагүй, чин сэтгэлээсээ л зурах ёстой. Яагаад гэвэл ард нь би байгаа. Тийм учраас дутуу хийж чаддаггүй. Бүх юманд сэтгэлээрээ ханддаг. Тэгэж байж л энэ амьдрал чинь цагаан сайхан болно.
ХӨДӨЛМӨРЛӨСНИЙ ХҮЧИНД ГАР МЭДРЭМЖИНД ЗАХИРАГДАНА
-Уран бичлэгийн бүтээлүүд ч бас танд байна. Энэ тухайгаа яривал?
-Уран бичлэгийг тэр болгон зураг шигээ хийж чаддаггүй. Яруу найргийг ч бас заримдаа орхигдуулчих гээд байдаг юм. Яагаад гэвэл хөтөлгөө морьтой хүн хэцүү. Ганцхан морьтойгоо давхиж яваа бол нэг талаар их амар, нөгөө утгаараа бол унаж яваа морь нь эцээд айлаас морь гуйх ч юм уу? Нэг асуудал гарна аа даа. Харин хөтөлгөө морьтой хүн бол нэг морь нь эцэхэд нөгөө морио унаад явж болно. Хөтөлгөө хөтөлгөөдөө надад 2, 3 давхар морь байдаг. Хөтөлгөө морины зовлонтой нь юу гэвэл, сайхан жигдхэн давхиж явсан чинь гэнэтхэн нэг морь нь газар суугаад зогсоох гээд байдаг тийм үе бий. Энэ бүхний жорыг нь тааруулж байн байн хөтөлж яваа морио харж, гэдрэгээ суух вий гээд мэдэрч явдаг гэж болно. Миний хувьд, уран бичлэгээ голдуу үзэсгэлэнд зориулж л хийдэг.
-Тэрэгний мөөртэй каллиграф их өвөрмөц юм?
-Энэ бол “Улаан орхиц” гэдэг нэртэй каллиграф. Ер нь уран бүтээл хийхдээ маш олон талаас нь бодож, аль болох лавшруулж даяаршуулж хиймээр санагддаг. Энд “МНТ-ны хасаг тэрэгнээс дээш гарсан толгой бүхнийг цавчсугай” гээд хорсохдоо олон мянган хүнийг хүйс тэмтэрсэн түүхийг өгүүлсэн юм. Чингис хааны тэр үйлдлийг бид сайн, муу гэж өнөөдөр дүгнэх эрхгүй. Байсан юмыг байгаагаар нь тавих ёстой. Тэгэхийн тулд яаж уран бичлэгтэй холбох вэ? гэж бодсон. Монгол бичгийн үндсэн зурлага титэм, шүд, шилбэ, гэдэс, нум, сүүл, орхиц. Тэр орхиц бол түүхэнд үлдсэн орхиц. Гэхдээ тэр нь улаан орхиц, хасаг тэрэгний мөөрөн каллиграф.
-Бас нэг каллиграфийн бүтээл байна, тийм үү?
-Энэ бол “Цагаан орхиц” гэдэг бүтээл. Улаан орхицын эсрэг Цагаан орхиц. Энд монгол бичгээр бичсэн үг байхгүй. Монгол гэдэг нэртэй хамаатуулах юм бол аливаа сайн сайхан үйл, цагаанаар үйлдсэн бүхэн нь энэ “Цагаан орхиц” болж байгаа юм.
-Каллиграф буюу уран бичлэг бичихэд ямар ур чадвар илүү их шаардагддаг вэ?
-Каллиграф нь хүнээс маш их мэдрэмж, сэтгэл, гарын ур шаарддаг. “Хөдөлмөрлөсний хүчинд гар мэдрэмжинд захирагдана” гэж Леонардо да Винчийн гоё үг байдаг даа. Каллиграф бол яг л тийм. Бүтээлийг маш олон төрлийн зүйл хийж байж гаргаж ирдэг. Бурханы ном шиг... Мөөрийн цагаан өнгийг гаргахын тулд зөндөө олон цаасан дээр давтаж хийгээд, аятайхан болсныг нь бэлдэц дээрээ нааж татна. Тэгэж байж жижиг бичгээ, улаан орхицоо бичнэ. Маш олон удаа хийнэ. Тэр бүр санаснаар болохгүй. Манайд 90-ээд оноос л каллиграф үүсч байгаа болохоор япончууд шиг айхтар ёс жаягтай биш. Уран бичлэгч хүн хэдэн мянган удаа хийнэ, давтана. Тэгээд чин сэтгэлээсээ төвлөрөөд ганцаараа хийдэг.
Ер нь уран бичлэгийг хөнгөхөн харж болохгүй. Яагаад гэвэл, энд өв соёлын асуудал байдаг. Чингис хаан, Хубилай хаан гээд хоёр их хааны зарлигтай. Монголчууд саяхан 3 дахь удаагаа төрийн бичиг болгож зарлалаа. Төрөөс зарлигдаж байгаа энэ эрин үед нь амьдарч байгаадаа би баяртай байдаг. Тэр зарлигийг хэн бий болгох вэ? Ард түмэн бий болгоно. Би ч гэсэн ард түмний эд эсийн нэг учраас “Хөх бичиг” сургалтын төвдөө давхар үүрэг хүлээж монгол бичгээ заадаг. Тэр олон хүнийг урландаа авчраад заагаад байж чадахгүй. Нэг арга нь уралдаан тэмцээн зохиох юм байна гэж үзсэн. “Хөх бичиг”-ийн уран бичлэгийн уралдаан одоо 5 дахь жилдээ зохиогдох гэж байна. Маш өндөр шан харамж төлөвлөж байгаа. Уралдаан зохиохоор идэвхжинэ. Энэ тэмцээнд хүүхэд ороод шагнал авна. Жил болгон хүүхдүүд хөгжинө шүү дээ.
-Монгол бичгээ ер нь хэдэн настайдаа анх сурсан бэ?
-Монгол бичгийн хувьд сургуульд орохоос өмнө манай ээж сумынхаа Базарсад багшаар надад заалгуулж байсан. Тэр үед сургуульд монгол бичиг заадаг байлаа. Миний ээж ер нь намайг хар багаас минь л дэмжсэн дээ. Намайг 7 настай байхад Базарсад багшийг оруулж ирээд эгшиг 7 үсгээ монгол бичгээр хуулаарай гээд Монгол бичгийн хичээлээ эхэлж байлаа. Дараа жил нь сургуульд орсон чинь кирилл үсгээр хичээл орж эхэлсэн. Хожим нь СУИС-д сурч байхдаа Их Монгол дээд сургуулийн Монгол хэл бичгийн ангид давхар суралцсан. Монгол бичгийг төгс сурахад амаргүй. Дээр нь би уран бүтээлч хүн учраас тэр бүр төвлөрөхгүй. Гэхдээ өөрөө хүнд зааж байгаа, үнэ цэнийг нь мэдрээд ухамсарласан учраас аль болох сайн сурахыг хичээдэг.
-Яруу найргийн бүтээл гаргасан байх. Миний харснаар тэнд нэг ном байх шиг байна?
-Тийм. “Өргөстэй саран” номоо 2004 оны үед бэлдчихээд өөрийгөө чамлаж, айж явсаар 2016 онд түүвэр болгож гаргасан. Дээр нь би аливаа уран бүтээлд яардаггүй. Хүчээр “би яруу найрагч болох ёстой” гээд өдөр болгон бичээд л байвал яруу найраг ч биш, юу ч биш болно. Ер нь зураг, уран бичлэгийг ч гэсэн алгуурхан өдөрт нэг сэтгэл хөдөлгөөд байгаа үе дээр нь зурчихаад орхичихно. Өдөржингөө сууж махарч хийдэг зүйл биш л дээ, урлаг чинь. Яг санаагаа олчихоод энийг дуусгана гэх юм бол сууж болно.
-Тэр үүдэнд байгаа бүтээл их сонирхол татаж байна?
-Энэ бол Бүх Хятадын урчуудын хорооны дэд дарга Их Ус /монгол нэр нь/ гэдэг хүний өгсөн бэлэг. Хөх хотод үзэсгэлэнд оролцохдоо “Бийрэн цуглаан” гэдэг арга хэмжээнд Хятадын том мастеруудтай зэрэгцээд уран бичлэг бичсэн юм. Тэдэнтэй орчуулагчаар дамжуулж ганц хоёр үг солилцоод байж байтал энэ хүн -Чи хэдэн настай юм бэ? гэхэд нь би 29-тэй гэсэн. “Яаж ийм залуугаараа мастер болсон юм бэ?” гэж асуугаад “би чамд энэ зургаа өгье” гээд надад дурсгасан. Энэ бол хятадуудын өсөж үржихийн, олз омгийн билэг тэмдэг цулбуур загас. “Олз омог, сайн сайхан зүйлс уран бүтээлч хүний хувьд дагаг” гээд үүдэндээ тавьсан юм. Энэ банхарын зураг гэхэд үүдэнд манаад сууж байгаа. Урлан маань ерөнхийдөө зүйрлэл, ёс жаяг ихтэй. /даруухан инээмсэглэв/
ЭНЭ САЙХАН ХУРДАН БУЯНААС ОЛНЫ ХЭЛ АМ ХАЗГАЙ ТУСАХ БОЛТУГАЙ
-Энд их сонин зураг байна. Далай дээгүүр морьд давхиж яваа ч юм шиг?
-Улсын манлай уяач С.Хүрэлээ ахын Яруу саарал гэдэг морь байгаа юм. Энэ морио зуруулмаар байна, яаж зурах вэ гээд... Ус халзан гээд улсад 3 түрүүлсэн морь цаана нь байгаа. Азаргыг уяхад нэлээд нарийн юм шаардагддаг. Дор хаяж хажууд нь гүү уяна. Тэгэж байж сэтгэл нь тогтдог юм байна. Монголчуудын ухаан гүйцэгдэхгүй шүү дээ. Энэ саарал морь бүр тийм дотно, ханьтай явдаг байсан юм билээ. Тэгээд энэ хоёрыг хамт зуруулъя гэсэн юм. Цаад логик утгаараа, энэ хүн морио бурханчилж харна гэж байгаа учраас тэр азаргатай нь хамт зурсан. “Ер нь морь уралдуулна гэдэг чинь хурмаст тэнгэрээс лусад барьж байгаа өргөл юм” гээд Даваахүү гуайн сайхан үг байдаг. Уул усны эзэнд бид өдөр болгон өргөл өргөөд байж чадахгүй. Тэд уул овоон дээрээ сууж л байдаг. Уул овоогоо тахиад л өргөл өргөж, морь уралдуулаад найр наадам хийж түмэн олон цуглахад лус учиргүй их баярлаад л жаргаж цэнгэж, лусынх нь байр суурь дээшилдэг гэж бурханы номонд хүртэл байдаг. Тийм учраас өргөж байгаа өргөлд лус их баярладгийг ус, загасаар илэрхийлсэн. Дээр нь энэ хоёр нэг нэгэндээ уралдахад нь дэм болж сэтгэл санаа нь амар байдаг утгыг илэрхийлэн хос арга билэг болгож зурсан. Өвс ногоо тээр доор байгаа нь ямарваа нэгэн зүйлээс ангид, өөр орон зайд эрх чөлөөтэй явж байгаа гэсэн утгатай.
-Хүчтэн амьтдыг ч бас морьтой хамт зуржээ. Тэр нь хурдыг илэрхийлж байна уу?
-Монгол даяараа алдартай Ононгийн хээр. Одоо бол байхгүй. Миний хувьд, хурдан морийг хажуудаа билэгдэлтэй зурах санаа эндээс анх үүдэж зурагдсан. Энэ бол “Өөр ертөнцийн блюз” гэдэг зураг. Яагаад өөр ертөнц гэхээр морь тэнгэрт гарчихаараа тэндээ эрх чөлөөгөө олж хазааргүй, эрх чөлөөтэй, шувуудтайгаа уралдаад л... Хажууд нь давхиж яваа нь хуурай газрын хамгийн хурдан амьтан болох Африкийн үчинбэр. Заавал Монголд байдаг амьтан байх ёстой гэсэн сэтгэлгээ байхгүй шүү дээ. Цаад логик утгаараа тэр хоёр өөр ертөнцөд уралддаг ч юм билүү. Нөгөө утгаараа морины хурдыг, амьтан хөөгөөд хөдлөхөөрөө 120 км цаг хурдалдаг үчинбэрийн хурдтай зүйрлэсэн юм.
Үчинбэр нь хурдан амьтан хэдий ч араатан. Шүдтэй соёотой учраас моринд харшуулахгүйн тулд хадгаар амыг нь боож дом хийсэн. Энэ мэтчилэн нэг орон зай дотор тэр хоёр амьтныг бие биендээ хөнөөлгүй оршоохын тулд хийсэн шийдэл юм. Энэ бол зөвхөн Монголд л байдаг маш үнэтэй сонин уламжлал.
-Чандмань эрдэнэ залсан морины тухайд?
-Төр баригч он тооллоос эхлээд өдийг хүртэл энэ олон жилийн хурдан морины уралдааны түүхэнд Монгол төрийн наадамд 6 түрүүлсэн морь, азарга байхгүй. Би үзэсгэлэнгийнхээ хойморт тавих гэж Шарга азаргыг зурсан юм. Шарга азаргыг Хийморийн морь болгоход болохгүй юм байхгүй гэж үзсэн. Одоогоор хамгийн том амжилттай сайхан морь. Бүр хол тасархай түрүүлдэг учраас “Шарга азарга л түрүүлэх байлгүй дээ” гэх болсон түүхтэй. Тэгээд ч монголчууд маань хурдан хүлгийг 4 хөлнөөс нь шувуу дэмнээд байгаа юм шиг явах юмаа гэдэг. Ардын энэ гоё үг чинь өөрөө уран бүтээл байдаг байхгүй юу. Тэгээд хөл доор нь шувуу хийгээд, дээр нь хар цагаан хэл амыг дарах билэгдлээр, монголчуудын “чулуу хөөлгөнө” гэж ярьдагчлан аманд нь чулуу зуулгаад хадгаар домносон юм. Шаазгай ч биш, алаг хэрээ зурсан. Яагаад гэхээр хар цагаан юмыг хамтад нь оруулахын тулд алаг хэрээ зураад, хүний тэр хэл амыг чулуу хөөлгөж байгаа юм.
Жишээ нь, морины тайлбар хийж байгаа Оюунбаатар, Гантөмөр нарын тайлбарыг анзаараарай. “Өнөөдөр энэ сайхан морь түрүүлээд гараад ирлээ” гээд магтаж ярьж байснаа л гэнэтхэн дотроо сэхээрдэг юм байлгүй, “За энэ сайхан хурдан буянаас олны хэл ам хазгай тусах болтугай” гэдэг юм. /инээв/ Тэр утгаараа чулуу хөөлгөж хэл амыг нь дарж байна. Яагаад энэ болгоныг оруулаад байна гэхээр, морь бол Монгол түмний шүтээн. Дээр нь миний хийсэн бүтээл айлын хойморт залагддаг. Энэ сайхан хурдан морины зургийг аваад хүн хэзээ ч үүдэндээ тавьдаггүй. Тэр тусмаа уяач нар хоймортоо байсан ч газар тавихгүй. Заавал агаар дээр байлгана. Яагаад ингэж морио шүтээд байдаг юм гэхээр, өвөг дээдсийн буян заяа мориор дамжиж ирдэг юм байна л даа. Морь уралдаад байгаа юм биш тэр лусууд, өвөг дээдсүүд чинь таныг харж ивээдэг. Буян заяаг нь авч явдаг бүхэн нь хамт уралдаж байдаг. Тэд нарт өөр тийм цэнгэл байхгүй. Тэгээд хүүгээрээ бахархаад, хүүгээ аль болох өнгөтэй өөдтэй явахыг нь үзэх гэж тийм байдаг юм байна. Түүнээс зүгээр л морь уралдуулаад жаргаад байгаа хэрэг биш юм. Нөгөө утгаараа шүүмжлэлтэй юм гэвэл, тэр олон машинтай дагах нь надад үнэндээ таалагдахгүй байгаа. Мөн эрлийз морь авчирч холилдуулж уралдуулаад л... Монгол хүний жудаг ёсонд таарахгүй зүйл их байна л даа.
-Морины баримал хэр их барьж байсан бэ?
-Бие дааж ганц хоёр морь барьсан. Морины баримлыг тэр болгон захиалаад байх биш. Хайртай мориныхоо зургийг зуруулах ажил бол хааяа гардаг юм. Манайхан чинь их сайхан. Гэнэт орж ирснээ “Ах аа, би танд нэг морь бэлэглэе” гэдэг. Үгүй чи юу болж байгаа юм гэсэн чинь “Таныг ийм гоё морь мал зурдаг хүн учраас...” гэж байгаа юм. Ийм хэмжээнд хүрэх гэж их юм болсоон. Одоо бол миний уран бүтээл доод тал нь 5 сая орчмоор үнэлэгддэг. Морь зурдаг хүмүүс зөндөө л байгаа. Гэхдээ супер байна гэдэг чинь гоё байхгүй юу. Саяхан Халиун азарганы зургаа фэйсбүүк хуудсанд оруулсан чинь шууд 6000 хүн лайк дарсан байна лээ. Тэгэхээр сайн юм хийхийн тулд, өөрийнхөө зорьсон бүхнийг бүтээхийн тулд “өөр” байх ёстой юм шиг байгаа юм.
-Ирэх намар гаргах “Сувдан хөлс-2” үзэсгэлэндээ морины зургаар дагнах уу, өөр ямар нэгэн шинэ зүйл төлөвлөж байгаа юу?
-“Сувдан хөлс” гэдэг бол морьтой л холбоотой нэр. Нэг ёсондоо нэг контент, цуврал төсөл гэсэн үг. Тийм болохоор морьтойгоо л холбогдоно. Хэрвээ би дараагийн цуврал руугаа орох юм бол нэр нь өөр, чиг хандлага нь ч өөр байна. Гэхдээ ер нь Монгол дом шившлэг, миний энэ бодоод байгаа, хардаг юм болгон шингээстэй энэ чиглэлээсээ хазайхгүй. Мориноос арай өөр дүрслэлтэй ч юм уу... Гэхдээ би одоо түрүүлж яриад хэрэггүй л дээ. Нууц байх ёстой.
-Хурдан хүлэг морьдын хийморь шингэсэн бүтээл урладаг уран бүтээлчийн хувьд наадам онцгой байх нь мэдээж. Наадамчин олондоо хандаж юу хэлэх вэ?
-Хамгийн түрүүнд дэлгэр сайхан зун болоод өвс ногоо нь сайхан ургаж, өвс хадлан сайтай өвөлдөө өнтэй орохын тулд сайхан бороо ороосой гэж бодож байна. Морь, хүүхэд хүн зон эсэн мэнд уралдаан болоод хэл ам багатай, машин тэрэг цөөхөн дагасан, хүүхэд шуухад, морь мал эндэхгүй сайхан байвал Монгол түмэн маань жаргадаг. Ер нь хүн болгоны морь түрүүлэх гэж уралддаггүй шүү дээ. Алтан жолоогоо өргүүлчихье гэж л уралддаг. Морь хүүхэд эсэн мэнд уралдаасай гэж монголчууд маань хүсдэг. Тэр хоёр нь эсэн мэнд ирчихэд л сайхан наадам боллоо гэдэг шүү дээ. “Сайн явж ирэв үү, сайхан наадав уу” гэдэг болохоос, “Морь чинь түрүүлсэн үү” гэж хэн ч асуудаггүй. Морь, хүүхэд эсэн мэнд сайхан наадав уу? гээд л...
Түрүүлэх морь гэдэг чинь, түрүүн миний хэлснээр тэнгэр нь хараад ивээчихсэн, буян заяа нь тэгширсэн байдаг. Яагаад тэгшрээд байна гэхээр тэр хүн сайн үйл, сайхан буян хийгээд явж байгаа болохоор бүх юм нь сайхан бүтэж байна. Морины хөлсийг аваад эзэнд нь баяр хүргээд байдаг чинь тэр буян хишгээс жаахан ч гэсэн хүртэж буй нь тэр юм.
Иймд танай сэтгүүлийн хуудсаар дамжуулаад Монгол түмэндээ Сайхан наадаарай гэж ерөөе өө.
-Монголынхоо олон сайхан хурдан хүлэг морьдыг уран зурагтаа мөнхлөөрэй гэж ерөөе.
Ярилцсан: Ц.ОЮУНЧИМЭГ
"Зиндаа" сэтгүүлийн №10/510 дугаараас онцлов
ЗУРААЧИЙН ТУХАЙ
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, зураач, яруу найрагч, уран бичлэгийн багш Хонгор адуут Ганзоригийн Мөнхбаатар нь Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1986 онд төрсөн. ЕБС-ийг 2005 онд, СУИС-ийн Уран зургийн ангийг 2010 онд, “Их Монгол” дээд сургуулийн Монгол хэл, уран зохиолын багшийн ангийг 2011 онд тус тус төгсжээ. “Хөх бичиг” бичиг соёлын академийн тэргүүн,
Уран зургийн үзэсгэлэн:
Уран бичлэгийн үзэсгэлэн:
Уран бүтээлийн амжилтаас:
Уран зураг: “Хавар” үзэсгэлэнгийн таталбар зургийн уралдааны Тэргүүн, Дэд байр, “Сөүл-Улаанбаатар” ОУ-ын үзэсгэлэнгийн гутгаар байр, “Монгол зураач-2” үзэсгэлэнгийн Гран при шагнал;
Уран бичлэг: Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит “Эх орон, Оюун санаа, Яруу найраг” наадмын Каллиграфийн тэмцээний Тэргүүн байр, Их багштан Чой.Лувсанжавын нэрэмжит уран бичлэгийн 17 дахь улсын уралдааны тэргүүн байр /2015/, Уран бичлэгийн улсын уралдааны Тэргүүн байр;
Яруу найраг: Дорнын их яруу найрагч Д.Нямсүрэнгийн нэрэмжит яруу найргийн наадмын тусгай байр /2010/, Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч С.Буяннэмэхийн нэрэмжит яруу найргийн наадмын Гутгаар байрыг тус тус эзэлжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Ангийн анд мундаг шүү найздаа амжилт эрүүл энх бвал болно доо
Ангийн анд мундаг шүү найздаа амжилт эрүүл энх бвал болно доо
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319