ТОВЧ НАМТАР
Монгол Улсын Ардын зураач, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Франц улсын Ардын зураач, Урлаг судлалын ухааны магистр, хүндэт профессор Олхонууд овогт Бадамжавын Чогсом нь 1930 Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн. 1942-1945 онд Зураг урлалын газрын дэргэдэх зургийн 3 жилийн оройн сургууль, 1946-1948 онд мөн газрын дэргэдэх зургийн 3 жилийн сургуулийг төгсжээ. 1949-1950 онд МУИС-д суралцаж, 1950-1957 онд Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийг төгссөн. 1961-1967 онд УБДС-ийн зураг хөдөлмөрийн ангид уран зургийн хичээл заасаар 1967 онд УБДС-ийн анхны уран зургийн ангийн диплом хамгаалан гарджээ.
Б.Чогсом 1948-1949 онд зургийн сургуульд багш, 1957-1959 онд Гадаад явдлын яаманд, 1959-1960 онд “Үнэн” сонины газар “Матар” сэтгүүлийн зураачаар, 1960-1961 онд Монголын уран бүтээлчдийн холбоонд гадаад харилцааны референтээр, 1961-1972 УБДС, ХБДС-ийн уран зургийн багшаар, 1972-1974 онд МУЭХ-нд зураач, урлаг судлаач, эрхлэгчээр, 1974-1981 онд МУИС-ийн архитектурын ангид уран зургийн багшаар, 1981-1984 онд МУЭХ-нд бие даасан уран бүтээлчээр тус тус ажиллажээ.
1984-2005 онд УБДС, СУИС, ПТИС, Монгени сургуулиудад уран зураг, хар зураг, урлагийн түүх, технологи, өнгө судлал, баримлын багшаар ажиллаж байсан Б.Чогсом эх орондоо болон Англи, Болгар, Польш, Чехословак, Турк, Югослав, Япон, Герман, Финлянд, Орос, Литва, Вьетнам, Солонгос, Хятад, Норвеги, Бельги, Франц улсуудад уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан.
1982 онд МУЭХ-ны тэргүүний ажилтан цол, 1986 онд МУЭХ-ны нэрэмжит шагнал, Алтан гадас одон, 1991 онд Сүхбаатарын одон, 2003 онд Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Бүгд Найрамдах Франц улсын “Франц ба Дэлхийн Урлаг Утга зохиолын Хүндэт Одон” буюу Францын Ардын зураач цол, 2005 онд Боловсролын “Хүндэт Профессор” цол, АНУ-ын хүн судлалын институтын 2005 оны “Шилдэг хүн”, Олон улсын TASMTC-ын “Ардын зураач багш” цол, алтан медаль, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, АНУ-ын “The world medal of freedom” медаль, 2007 онд Монгол Улсын Ардын зураач цол, 2008 онд “Найрамдлын Алтан Од” одонгоор тус тус шагнагдсан байна.
ТҮҮХЭН ЦАДИГ БИЧИГЧ
Чогсом хэмээх нэр Гурван зуу гэсэн утгыг илэрхийлдэг. Буддагийн 300 насыг бэлгэдсэн нэр гэнэ билээ хэмээн хүүрнэх эрхэм зураач шашингүйн үзэлтэй ч аливаа шашин шүтлэгт хүндэтгэлтэй ханддаг нэгэн. Тун удахгүй 90 насны босгыг алхах гэж буй Монгол Улсын Ардын зураач, Франц улсын Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Чогсом зураач тун ч хөнгөн шингэн, цоглог эрхэм агаад хийж бүтээхийн хүсэл тэмүүлэл, эрч хүч дүүрэн харагдах нь бахархалтай.
Бидний ярилцлага зуслан дахь урлан гэрт нь өрнөсөн юм. Зуслангийн байшинд илчээ түгээх Өлзий зуухыг нь тойрон сууцгааж удтал ярилцахдаа уран бүтээлээ хийдэг арга барилыг нь сонсон биширч, бүтээлүүдийнх нь анхны эхийг харж, бүтээж туурвисан зургуудаар нь нүд сэтгэлээ баясгахуй дор урлагийн эгэлгүй ертөнцийн цуцашгүй нэгэн дуу хоолой мэдрэгдэнэ.
Ардын зураач Б.Чогсом Москва хотноо Олон улсын харилцааны дээд сургуульд суралцаж байхдаа Третъяковын галерей дэх И.Е.Репиний алдартай хоёр бүтээлийг хуулбарлах эрх авчээ. 1957 онд хуулбарласан уг бүтээлүүд тухайн үеийн ханшаар өндөр үнэлэгдсэн ч Монголдоо авчирсан нь түүний хувьд Гадаад явдлын яамнаас Урчуудын эвлэлийн хороонд шилжин ажиллах, улмаар уран зураг руу эргэлт буцалтгүй орох замыг нээсэн түүхтэй.
Дипломатч хүн дээд сургуульд уран зураг зааж байна гэсэн гомдлын дагуу 14 хоног комиссын шалгалтанд ороод бүдрээгүй ч Балдан захирал үүрэг өгсний дагуу Архангайн Хорго явж хийсэн “Немой эмч” судалбар бүтээлээрээ уран зургийн дипломоо амжилттай хамгаалжээ.
Франц, орос хэлийг эзэмшин, уншиж судалж, бүтээж туурвихдаа хоногийн 20-иод цагийг зориулж үлдсэнд нь амарч заншсан Чогсом зураач ойрын аймгууд руу унадаг дугуйгаар, холын аймгуудад мотоциклоор аялж явахдаа замд таарсан байгаль, хүмүүний амьдралын өнгө төрхийг “тэмдэглэж” очсон газар, улс орон бүртээ уран бүтээлийн эрэл хайгуул хийж явсныг тэмдэглэлүүд нь гэрчлэн үлджээ. “Тэмдэглэл” гэдэг нь цаасан дээр бичиж тэмдэглэхийг бус зурахыг хэлж буй.
Түүний тэмдэглэлүүдийн дунд археологич нөхөд болох Сэр-Оджав, Наваан, Дорж, Санжмятав, Волков, Новогордова нарын хамт судалгаанд явахдаа хийсэн бүтээлүүд нэлээд чухал байр суурийг эзлэх агаад хэдэн арваар тоологдохуйц аж. Түүх, соёл, байгаль, хот суурингийн амьдрал, хөгжлийн алхаа, хөдөөгийн ахуй амьдралын үйл явц, түүхэн бодит хүмүүсийн хөрөг, он цагийн өнгө төрхийг бичиглэн үлдээсэн Б.Чогсомын бүтээлүүдийн талаар Монголын болон гадаадын судлаачид олонтоо бичиж хэвлэн нийтэлсээр ирсэн. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь...
Зураачийн бүтээлүүдээс өнгө гэрлийн үлэмж тансаг ялгарал, үйл явдлын хурц өрнөл, өвөрмөц зохиомж, орон зай цаг хугацааны тод томруун илэрхийлэл, гүн сэтгэгдэл төрүүлэхүйц уран зургийн хэлэмж тодрон харагддаг нь үнэхээр гайхалтай. Аргагүй л дэлхийн урлагийг судалсан уран бүтээлчийн цар хүрээ л ийм байдаг болов уу гэмээр. Түүний зарим бүтээлүүд нь импрессионизм, постимпрессионизмын үеийн бүтээлүүдийг санагдуулам агаад хэдэн онд зурсныг нь хараад дуу алдан гайхширмаар нь цөөнгүй байсныг нуух юун.
“...Үзэсгэлэнд тавигдаагүй ялгагдсан хөрөнгөтний үзэл сурталтай гэгдсэн зураг 2-3-аар тогтохгүй ээ. Зураачдад тохиолддог л зүйл. Тухайн нийгмийн үзэл сурталтай холбоотой” хэмээн зураач өгүүлнэ...
Гэвч цаг цагаараа цахилдаг хөхөөрөө байдаггүй жамтай. Монголчууд дэлхий ертөнцтэй нээлттэй харилцаж эхэлсний дараахан 1996 онд Франц улсад уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан анхны монгол зураач нь Б.Чогсом байв. Монгол хэмээх цоо шинэ ертөнцийг төлөөлөн дэлгэгдсэн бүтээлүүд Францын уран зураг сонирхогчид, мэргэжил нэгтнүүд, судлаачдын анхаарлыг татаж, авч явсан 300 шахам бүтээлийнх нь тал хувийг францчууд өөрсдөө үнэлэн авч байжээ.
Зураачийн уран бүтээл ийнхүү мэргэжлийн судлаачид, уран зураг сонирхогчдын анхааралд өртөж эхлэв. 2002 онд Японы таван хотод монгол зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулагдахаар боллоо. Энэ үед Б.Чогсомын “Говь”, “Тайхар” бүтээлүүд Монголын уран зургийн нэрийн хуудас болж тус үзэсгэлэнгийн энгэрийн тэмдэг, танилцуулгын хавтсыг чимэглэн олон сая хувь хэвлэгджээ. Үзэсгэлэн Японы төдийгүй дэлхийн олон орны судлаачид, уран зураг сонирхогчид, мэргэжлийн зураачдын анхаарлыг онцгой ихээр татаж, Монголын уран зургийн хөгжлийг дэлхий дахинаа таниулсан соёлын томоохон арга хэмжээ болсон байна.
2003 онд зураач Б.Чогсомыг “Франц ба Дэлхийн Урлаг, Утга зохиолын Хүндэт Одон” буюу Францын Ардын зураач цолоор шагнав. Монголын төр энэ цаг үед зураач Б.Чогсомд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээж, дөрвөн жилийн дараа Ардын зураач цолоор шагнажээ.
Ардын зураач Б.Чогсомын уран бүтээлийн эрэл хайгуул, сурч хөдөлмөрлөж, бүтээж туурвиж ирсэн намтар түүх нь нэн баялаг агаад сонирхол татам. Ботиор хэмжигдэхүйц тэмдэглэлийн дэвтрүүдэд нь ямар түүх хадгалагдан буйг гагцхүү зураач л өөрөө мэдэх буй за. Харин цагийн гэрч болон үлдэх уран зургуудаар нь хэдэн арван альбом хэвлэж олны хүртээл болгохсон гэж хорхойсмоор ажээ.
Ардын зураач Б.Чогсомын эх орныхоо дөрвөн зүг найман зовхис, эх дэлхийнхээ таван тивд аялахдаа зурсан бүтээлүүдээс Монголын төдийгүй дэлхийн түүх амилнам. Бадамжавын Чогсом хэмээх эрхэм хүмүүн 40-өөд оноос эхлэн өнөөг хүртэлх 70-аад он жилийн уран зургаараа урлан бичиж үлдээсэн нь үнэхээр гайхамшигтай. Түүхэн цадиг бичигч гэмээнэ ийм буюу.
Б.ЧОГСОМ: “ФРАНЦЫН АРДЫН ЗУРААЧ БОЛЛОО” ГЭХЭД НЬ НАМАЙГ ШОГЛОЖ БАЙНА ГЭЖ БОДСОН
Монгол Улсын Ардын зураач, Франц улсын Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Бадамжавын Чогсом “Зиндаа” сэтгүүлийн “Галерей” булангийн хүндэт зочноор уригдлаа.
-Та сайхан хаваржиж байна уу?
-Сайхан. Сайхан хаваржиж байна уу. Манайхыг олох гэж нэлээд явах шиг боллоо. Монголын зураачдын холбооны тэргүүн Цэгмид ярилцлага өгөөрэй гэсэн болохоор л та нарыг хүлээж авч байна. Ер нь би хэвлэлд ярилцлага өгөхгүй байгаа л даа.
-Ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд тань баярлалаа. Таны уран бүтээлийн тухай “Ардын зураач Бадамжавын Чогсом” хэмээх судалгааны хоёр ч ном олж үзлээ. Нэлээд олон бүтээлүүд тань оржээ?
-Номын хувьд зөөлөн хар хавтастай ном нь манай оюутан Нандин-Эрдэнэ диссертаци хамгаална, таны тухай ном хийе гээд ахуй амьдралын уран зургуудыг маань аваад 2008 онд ном болгож өгсөн. Миний бүтээлээс 300 гаруй нь энэ номонд орсон. Мөн Лүндэгийн Батчулуун гэж эрдэмтэн “Таны урлагийн бүтээлийн талаар бичсэн” гээд энэ номыг надад авчирч өгсөн. Хоёр номын агуулга нь өөр учраас би сэтгэл хангалуун байдаг.
-Бүтээлүүдээс тань Монгол орон тэр чигээрээ харагдах юм. Та бүх аймагт очиж байв уу?
-Монгол орныхоо бүх аймгийн бүх суманд очиж байлаа. Хэдэн оюутнуудтай зун намрын ажилд явна. Аль хэдийн тэтгэвэртээ гарсан ч багшилж байгаад 2007 онд тэтгэвэртээ суусан. Энэ хугацаанд зураг зураад, хичээл заагаад, сургуулийн хар бор ажлыг хийгээд л явж байсан. Эхнэр маань одоо 80 гаруй настай. Энэ хооронд өөрийн хүүхэд, хүүхдийн хүүхэд төржээ. Манайх өнөр өтгөн айл болох шинжтэй. Хүүгийнх энд байдаг юм. Зун их сайхан. Манай энэ дэнж аятайхан дэнж л дээ. Хоёр жил орчим өвдөөд агаар л бараадъя гээд зуслангийн байшингаа өвлийн болгоод сууж байна. Эндээ олон бүтээл хийсэн. “А” урланд нэг жижиг өрөөтэй. Тэндээ жаахан чөлөөтэй сууж бүтээлээ хийдэг юм.
-Зураач болох хүний өгөгдөл багаасаа л мэдэгддэг гэж ярьдаг. Та хэдэн настайдаа зураг зурж эхлэв ээ?
-Зураач болдог явдал миний бүр мах цусны юм байсан. Багаасаа л юмыг их аждаг хүүхэд байлаа. Гарын уртай өвөөгийнхөө есөн шидийн юмнаас цуглуулж байгаад хавх хийнэ. Харандаа цаас цуглуулж зураг зурна. Үүчүүр, хөзөр хуулж зурна. Цэцэг харж зурна. Намайг сайн лам болгоё гээд Говь-Алтайн Есөнбулагийн урд энгэр дэх Арын хүрээнд аавын ах залуухан ламд аваачиж өгсөн юм. Жил хагас болж байтал өвөө ирж намайг авлаа. 7 настайд аав минь надад хуучин бичиг зааж өгсөн. Тангад ном ч нэлээн үзчихсэн, Ум ма ни бад мэ хум гэж хашгирдаг хүүхэд байлаа шүү дээ. /инээв/
1930-1937 онд бүх юм хуучин маягаараа. Хүрээн дээр жасаагаа хийнэ, наадам болно. Лам нь шашнаа, нам нь хувьсгалаа гээд. Аав гэнэт өөрийн ахыг хар болгож, ах ч уухайн тас эхнэр аваад амьдарсан. Аав учрыг нь мэдэж байсан болоод л тэр байх. Миний аав 1922 онд Рабфакт суралцаж ирээд Говь-Алтай аймагтаа бага сургууль байгуулж, Завханд багшилж, Багш нарыг бэлтгэх сургуульд хичээлийн эрхлэгч байсан ботаникч хүн. Мөнгөний Чимид гуай аавын шавь шүү дээ. Аавыг сайн ажилласан гээд бягтрул хөгжмөөр шагнаж байлаа. Арван хэдэн пянзтай. “Идэр жинчин” гэдэг дууг нь би үргэлж сонсоно. Нэг өдөр дотор нь жин тээсэн хүн яваад байна гэж бодоод гараа орууллаа, багтдаггүй ээ /инээлдэв/.
Манайх 1939 онд намайг 9 настайд Улаанбаатар хотод нүүж ирж, би Үлгэр жишээ 3 дугаар бага сургуулийн нэгдүгээр ангид орсон юм. 2-р ангид орох жилдээ Говь-Алтайд эмээ өвөөгийндөө очсон чинь малын тооллого болж байна. Бичиг, тоо мэддэг хүн байдаггүй. Би бичээч болж анхны цалингаа аваад эмээ өвөөдөө мөн ч их магтуулсан даа. /нүд нь гялалзан инээмсэглэв/
55 ЖИЛИЙН ӨМНӨ “УРЛАГ СУДЛАЛЫН 10 БОТЬ НОМ” ОРЧУУЛСАН
-Хотод ирээд зургаа орхиогүй биз дээ?
-Өө яалаа гэж. 2-р ангидаа Шагдарсүрэн багшийн зургийн бүлгэмд очоод хүний хөрөг зурж чадахгүй хасагдаж явлаа. Театрт зураг зурдаг Намсрай, Махбал гээд хоёр хүүхэдтэй танилцаж зураг заалгаад жаахан дөртэй болсон. Удалгүй 1942 онд Намын төв хороо, СнЗ-ийн тогтоол шийдвэрээр Монгол Улсад анхны Урлагийн хэрэг эрхлэх газар байгуулагдсан юм. Одоогийн Соёлын яам гэсэн үг. Болд гуай дарга нь. Түүний харьяа Зураг урлалын газар байгуулагдахад, миний зурах дуртайг мэдэх учир, аав намайг Ленин клубын баруун талын байшинд очиж Чойдог гэдэг хүнтэй уулз гэсэн. Яваад орсон чинь нүдэнд дулаахан, европ маягийн гоё цамцтай хүн байна. Мэндэллээ. Аав явуулсан гэсэн чинь дэвтэр гаргаж “№1 Бадамжавын Чогсом” гэж бичээд Дүрслэх урлагийн 3 жилийн оройн сургуулийн анхны оюутан боллоо. 1945 онд оройн сургуулиа төгсөхөд ДУДуС байгуулагдсан. Би оръё гэхэд Чойдог багш “7-р ангиа төгсөөд ир, чамайг шууд 2-р ангид авна” гэсэн. 7-р ангиа төгсөөд ДУДуС-д сурч 1948 онд төгсөхөд намайг сургуульдаа багшаар үлдээсэн юм.
-Та дараа нь дипломатчаар сурсан биз дээ?
-Дипломатч болсон зам их сонин. Тэр үед 7-р анги төгссөн хүүхэд их сургуульд ордог байлаа. Их сургуульд шалгалт өгсөн чинь орос хэлний шалгалтандаа уначихсан. “Овоо толгойтой хүүхэд байна, хүн эмнэлгийн ангид орох уу” гэж байна. Зураач хүн хүний биеийн анатомийг мэдэх ёстой гэж бодоод оръё гэсэн. Бүтэн жил нэгдүгээр эмнэлгийн моргт хүн үзсэн. Эхлээд хэцүү, сүүлдээ дадлагажсан даа. Хагас жилийн шалгалтаар Хашбат бид хоёр онц дүнтэй гарсан юм. Гэтэл Дампил декан дуудаж Ширэндэв захирал дээр ор гэлээ. Захирал биднийг Гадаад явдлын яам руу очиж Чимид гэдэг хүнтэй уулз гэсэн. Чимид гуай “Энэ жил 5 хүүхэд ЗХУ-ын Олон улсын харилцааны дээд сургуульд явуулна. Их сургуулиас 2, дунд сургуулийн төгсөгчдөөс 3 хүүхэд авна. Та хоёр явах уу” гэхэд нь 2-уулаа зэрэг явна гэсэн. Хашбат бид хоёр ингэж 7 жил нэг ангид сурч тэр англи хэл, би франц хэл үзсэн юм. Москвад сургуулиа төгсөөд Гадаад явдлын яаманд би 3 жил ажилласан. Тэр хооронд зураг руу л бүх сэтгэл яваад байлаа. Яамандаа өргөдөл өгсөн чинь ”Юуны чинь зураг зурах, манай улс НҮБ-д элсэх гэж байхад...” гээд Жаргалсайхан даргад их зэмлүүлж билээ.
-Уран зураг руу хэзээнээс албан ёсоор оров?
-Хагас жилийн дараа Жаргалсайхан дарга намайг дуудаж “Цүлтэм чамайг Урчуудын эвлэлийн хороонд авъя гэсэн” гэхэд нь бөөн баяр болов. Би тэгээд л зургаа хөөгөөд явсан даа. Миний хувьд амьдралын гол утга учир гэвэл урлаг. Би Монголын, бүр нарийн хэлэх юм бол хүн төрөлхтний дүрслэх урлагтай нарийн холбогдсон хүн. Дүрслэх урлаг бол хүний нийгмийн хамгийн анхны үсэг бичиг гэж хэлж болно.
Зураач хүн олон талт амьдралаар амьдарч, сэтгэж явдаг учраас би энэ хорвоод төрчихөөд юу хийх, яах ёстой вэ гэдгээ их эрт мэдэрсэн.
-Чухам яаж?
-Хүмүүс дүрслэх урлагийг олон янзаар ойлгодог. Нийтэд нь авч үзэхэд, дэлхий энэ талаар асар их ном бүтээл гаргасан байдаг. Энэ бүхнээс би Монголын дүрслэх урлагийн хөгжилд хувийн дүн шинжилгээ хийж үзээд 1961-1963 онд Урлаг судлалын 10 боть ном орчуулаад хэвлүүлье гэсэн ч дэмжээгүй. Яагаад гэвэл үхмэл хөрөнгө гэж үзсэн. 1959 оны үед манайх 30-аад л зураачтай байлаа.
-Номыг тань дараа нь хэвлээгүй гэж үү?
-1961 онд Багшийн дээд сургуульд багшаар орлоо. Одон зураач тэнд багшилдаг. Гончигдорж гэж тэнхимийн эрхлэгчтэй хамт олон намайг сэтгэл өндөр хүлээж авсан. Тэнд зураг хөдөлмөрийн ангид дунд сургуульд зургийн хичээл заадаг дээд мэргэжлийн багшийг бэлтгэж эхэлж байгаа нь тэр. Го багшид номоо үзүүлсэн чинь ардатарлаж хэвлэе гэсэн. Намайг урлагийн түүх заа гэсэн ч шинээр ирсэн Нина Борисовна багшийн орчуулагч багш боллоо. Жил орчмын дараа Даваацэрэн барималч ирж урлагийн түүх заах болж миний орчуулсан номыг гуйж аваад хичээлээ заасан. Дараа нь Нямаа гэдэг Ломоносовын их сургууль төгссөн багш ирж урлагийн түүх заах болоод гуйхад нь өгчихсөн чинь 4-5 жил болоод ном маань тэр чигээрээ алга болсон. Энэ тархинд минь бүх юм орсон хойно гээд тухайн үедээ нэг их тоогоогүй ч одоо бол харамсалтай, ийм нэг түүх байгаа.
-Та дипломатчаар сурсан. Уран зурагт хүлээн зөвшөөрөгдөхийн тулд та өөрөө ямар хүчин чармайлт гаргасан бэ?
-Миний сурч байгаа сургуульд бүх юмыг гүнзгийрүүлж заадаг байлаа. Гүн ухаанаас эхлээд улс төр, эдийн засаг, урлаг соёл гээд гадаад харилцаанд хэрэг болох бүхнийг заалгаж, хажуугаар нь би биеэ дааж дүрслэх урлагийг сурсан. Оройгоор хичээллэнэ. Третъяковын галерей дэх И.Е.Репиний алдартай бүтээл Оросын нэрт мэс засалч Н.И.Пирагов, Оросын алдарт драмын жүжигчин Н.А.Стрепетова нарын хөрөг зургийг 1957 онд хуулбарлаж зурах эрх авч хуулаад музейн захирал хатагтай Е.В.Сильверсванаас худалдах үнэлэмж тогтоосон гэрчилгээ авсан юм. Энэ бүтээлүүд тухайн үеийн ханшаар өндөр үнэ /1957 онд нэг зураг нь 5000, нөгөө нь 8000 рублиэр үнэлэгдсэн. Ред./ хүрсэн ч нутагтаа авчирсан. Одоо ч надад бий.
НИСДЭГ ТАВАГ ХАРААД “САНСРЫН ХИЙМЭЛ ДАГУУЛ” ГЭЖ БОДСОН
-Монгол хүн анх сансарт нисэхэд олон сайхан бүтээл төрсөн. Таны бүтээл ч бас бий?
-1981 онд “Зөгнөл биелэв” гэдэг зургаа Гүррагчаа сансарт ниссэн түүхэн үйл явдалд зориулан бүтээсэн. Сансрын сэдвээр багагүй зүйлийг судалж ойлгож авлаа. Энд миний багын явдалтай холбогдсон сонин түүх байдаг юм. Сүүлт одыг дурангаар ч, нүдээр ч харсан нэг их цагаан цацрагтай яваад байдаг шүү дээ. Сүүлт одыг их судаллаа. Тэгсэн чинь сүүлт од сүүлээ арагшаа хаяж явдаггүй, сөрж явдаг юм байна. Тэр цагаан цацраг нь бүгд ус. Сүүлт од хаана их элбэг байдаг гэхээр, манай Нарны аймгийг тойроод их элбэг. 90-ээд оны дунд үед Америкийн эрдэмтэд судалгаа хийгээд өнөөгийн бидний уудаг ус тал нь сүүлт одны ус, тал нь манай байгаль дэлхийн ус гэж дүгнэсэн байдаг. Энэ миний бага настай яаж холбогддог вэ гэвэл, багадаа Хүйтний нурууны шувтрага сумын төвийн урдхан талд эгчтэйгээ хонио хариулж явахад тахианы өндөг шиг зуйвандуу цагаан чулуу их байна. Тэр чулуунууд мөлгөр, гэтэл ойр орчмынх нь бүх чулуу арзгар. Эгч “Энийг хагалахаар ус гардаг юм гэнэ лээ” гээд хоёулаа нэг чулуу хагалсан чинь дотор нь ус байсан. Арваад чулуу хагалсан. Одоо их харамсдаг юм. Тэр үед би 3, 4 чулуу Говь-Алтайгаас авчирсан. Шинжлэх ухааны лабораторид усыг нь гоожуулж аваад харсан бол магадгүй, хэдэн миллиард жилийн тэртээх юм байсан болов уу.
-Ихэнх бүтээл тань судалбарт суурилдаг. “1963 онд Харь гаригийнхан Монголд” зураг таны бүтээл. Та нисдэг таваг үнэхээр харсан юм уу?
-1963 онд, хот дотор судалбар хийж явтал хажууд байсан хоёр хүн “Хүүе энийг хараач, ямар сонин юм бэ” гэхээр нь харсан чинь Жанрайсэгийн дээр нэг ийм дугуй далавчгүй нисдэг зүйл хийсээд байх юм. Тухайн үедээ сансрын хиймэл дагуул л биз гэж бодоод тоогоогүй. Харж байтал бүр томроод дөрвөн ханатай гэрийн дайтай боллоо, бас цонхтой. Гэтэл хүүе гэхийн зуургүй жижигрээд алга болчихсон. Тэгээд миний толгойд л үлдлээ. Тэр үедээ зураад үзэсгэлэнд тавьсан чинь сонирхдог, асуудаг хүн нэг ч байхгүй. 1991 оны үед НЛО гэдэг ном, мөн ийм сэтгүүлүүд цуглуулаад харь гаригийн хөлөг судалж эхэлсэн. 2000 оноос хойш дэлхийд энэ төрлийн мэдээлэл их гардаг болсон доо. Тэр үед үзэсгэлэнд энэ бүтээлээ дахин хийж тавьсан юм.
-Монгол зураачдын бүтээлээр анхны үзэсгэлэнг хэдэн онд анх зохион байгуулж байсан юм бол?
-1930-аад онд анхны үзэсгэлэнгээ нээж байсан юм билээ. Би анх 1944 онд “Эхийн энхрийлэл”, “Аж үйлдвэрийн комбинат” зургуудаа үзэсгэлэнд тавигдсан байхыг нь хараад жигтэйхэн их баярлаж билээ. Түүнээс хойш олон үзэсгэлэнд миний зургууд тавигдсан. Гэтэл 1967 оны үзэсгэлэнд бүх зураачдын зураг тавигдаад миний “Говь” /1967 он, 200х140, зотон тос/-ийг л үүдэнд цааш нь харуулаад тавьчихсан байлаа. Даваажав дарга утасдаад зургаа ав гэсэн. Хөрөнгөтний урлагийг сурталчилсан гэж шүүмжлэгддэг зургуудын маань нэг л дээ. Гэтэл 80-аад оны үед Арилдий гээд Занабазарын музейн даргатай тааралдсан чинь “Зураг авах мөнгө буцах гээд байна. Чамд нэг зураг байвал аваад ирээч” гэсэн. Танайх үнэхээр авах юм уу гэсэн чинь “Манайх өөрийн комисстой, Соёлын яамны харьяа газар” гэлээ. Тэгээд л би хүүтэйгээ “Говь” зургаа дамжлаад Занабазарын музейд ирж дээшээ аваад гарсан чинь өрөө нь онгорхой байна. Сэмхэн оруулж тавьчихаад л явсан. Нилээн удсан хойно “Чогсомоо мөнгөө аваарай” гэж байна. 1400 төгрөг авлаа. Авгай бид хоёр бөөн баяр болов. /инээв/
-Таны зургуудыг хөрөнгөтний урлаг гэж их шүүмжилдэг байжээ дээ?
-Нэг өдөр бас нэг айхтар хурлаар орсон юм. Манай УЭХ-ны тэргүүлэгчдийн нэг Одон гуай “Цэнджав илтгэлээ тавь” гэлээ. Урлаг судлаач Цэнджав босоод “Чогсомын “Хорго” хөрөнгөтний урлагийг сурталчилсан зураг” гээд л шүүмжиллээ. Би дуугүй л байлаа. Хэзээд ингэж байдаг, бас л болохгүй байгаа юм байлгүй гэж бодоод сууж байсан. Таван хүн дэмжээд үг хэлчихлээ. Цэвэгжав багшийг үг хэлэх болов уу гэсэн чинь, өөрөө бас хөрөнгөтний урлагийн асуудалтай болохоор үг дуугарсангүй. График зураач С.Нацагдорж босоод “Та нар юу ярьж байгаа юм. Цэнджав чи нэг удаа будаг бийр бариад зурж үзсэн юм уу. Энэ чинь мэргэжлийн зураач. “Говь”, “Тайхар” гээд ямар бүтээл хийснийг нь хар. Ийм юм хийсэн байхад ингэж шүүмжилж байдаг” гэж байна. Тэгээд зургаа буцааж авах юм бодоод л байж байтал нэг өдөр утас дуугарлаа. Чогсомоо мөнгөө аваарай гээд 2500 төгрөг билүү их мөнгө ирэв ээ. Бас л бөөн баяр болж, энэ зураг УЭХ-ны фонд болов оо. Дипломын ажлын Немой эмч бүтээлээ хийж байхдаа зурсан зураг шүү дээ.
-Та манай сэтгүүлийн хуудсаар дамжуулж юу хэлмээр байна вэ?
-МУЭ-ийн зуслангийн газарт ахмад зураачид, тэдний үр хүүхдүүд зэрэг манай уран бүтээлч хамт олон сүүлийн 30-аад жил амьдарч, уран бүтээлээ туурвиж ирлээ. Жишээ нь Монгол Улсын Ардын зураач, уран сийлбэрч Л.Чуваамид, Ардын зураач Л.Гаваа, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран зураач Г.Цэрэндондог, Монгол Улсын Гавьяат багш, уран зураач, сийлбэрч Н.Бавуудорж нарын олон уран бүтээлчид болоод миний бие уран бүтээлээ туурвиж амьдарч ирсэн зун, өвлийн байрууд энд бий. Эдгээр байруудыг хамгаалалтад авч, гэр музей байгуулан сурагчид, оюутнууд, дүрслэх урлагийн мэргэжлийн сургууль, залуу уран бүтээлчдийн дугуйлан, дадлагын хичээл, лекц, семинао, ЭШ-ний бага хурал, уран бүтээлчдэд бүтээлээ хийх жишиг газар болгохыг Монголын Урчуудын эвлэлийн Ахмадын хорооноос санаачилж байгаа юм. Гэтэл манай зураач урчуудын байр, газар нутаг дээгүүр ямар ч хэрэггүй зам тавих төлөвлөгөө /2 янзын зураг төсөл бий/ гаргаж, амьдарч бүтээлээ туурвиж буй газрыг маань хувьчилж өгөхгүй сэтгэл санааны дарамтад оруулж байна. Иймд байгаа орчин нөхцөлд нь тохирсон зургийг шинэчлэн гаргаж, энд амьдарч байгаа хүмүүсийн саналыг сайтар тусгаасай гэж хүсч байна.
УРАН БҮТЭЭЛЧ ХҮН ТУХАЙН НИЙГМИЙНХЭЭ “ЭНЦИКЛОПЕДИ” БАЙХ ЁСТОЙ
-Таны “Тайхар” зургийн түүх их сонин санагдсан?
-Тайхарыг би анх 9 настайдаа 1939 онд харсан юм. Тэр үед хот руу явж байсан машинд 30 хүн сууж явсан. Аав хүмүүст “Энд аварга могойг дарсан юм гэнэ лээ” гээд домгийг нь ярьж өгч байсан. Би “Ямар мундаг аварга том могой байсан бол оо” гэж боддог байлаа. Тайхарыг судлаад л байсан. 1939, 1957, 1959, 1961, 1964 онд 5 удаа очиж судалгаа хийсэн. Ийм л сайхан нутаг байлаа, Монгол орон. Ер нь бол хүн төрөлхтний түүхийг уран зураггүйгээр төсөөлшгүй. Цаг хугацаа яваад л байгаа. Ард түмэн бүгдийг нь ойлгохгүй. Өдөр тутмын амьдралаа яая гэж байна. Ер нь бүх иргэд боловсрох ёстой юм. Манайхан өөрсдөө бие даагаад юм хийгээд байвал уг нь болно. Гэтэл өнгө будаг, гоё ганганд их гэнэдэж байна. Амьдралыг би сайн судалсан даа. Англи, Герман, Франц ямар вэ гээд л...
-Та өөрийгөө Францын Ардын зураач болно гэж ер нь төсөөлж байв уу?
-2003 он боллоо. Нэг өдөр Францын элчин ирсэн. Ерөнхийлөгч Жак Ширак, Соёлын яамны сайд нар намайг танд бэлэг гардуул гэсэн гэлээ. Тэгээд одон зүүж өгсөн. Францын Ардын зураач боллоо гэхэд нь, танил болохоор намайг шоглож байна гэж бодохгүй юу. Гэтэл дагавар бичиг дээр нь мөн байна аа. Маргааш нь “Монголоос анх удаа Монгол зураач Францын Ардын зураач боллоо” гэх мэдээ гарсан. Би бүгдийг нь хадгалчихсан. 1996 оноос хойш 7 жилийн дараа өгч байна. Тэр олон зураачид судлаад ийм шийд гаргаж л дээ. 2 сая хувь хэвлэгдсэн каталоги гээд надад 500 ширхэг франц каталоги өгч байсан. Америк надад 2005 оны Шилдэг хүн шагналаа өгсөн. Харин манайхан хожуухан шиг 2007 онд Ардын зураач өгсөн дөө. Яагаад гэдэг нь их нарийн учиртай. Нэг талдаа эвгүй, нөгөө талаар түүх юм. Хэнийг ч муулах хүсэл алга. Нийгэмд соёлыг түгээнэ гэдэг асар их хугацаа шаарддаг. Урлаг бол хүнд сэдэв, том асуудал. Мэддэг, мэддэггүй гээд олон асуудал гардаг л даа.
-Францчууд Таны уран бүтээлийг уран зургийн аль урсгал чиглэлд хамааруулсан байдаг вэ?
-Миний хувьд Францын урлаг соёл төдийгүй бүх салбарынх нь школыг судалсан хүн л дээ. 1903-1909 оны 7 жилд дэлхийн түүхэнд үлдсэн зураачид гэвэл Ван Гог, Пикассо, Марке, Дерен гээд бусад фовистууд орж байгаа юм. Импрессионизм, постимпрессионизмын дотор фовизм гэж урсгал бий. Миний хувьд бүх “изм”-ийг судлаад ФОВИЗМ гэдэг школ руу орж байсан. Одоо үед тэд ч бас миний бүтээлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр их гүн судалсан шиг байгаа юм. Тэгээд Марке, Дерен, Матисийн школыг эзэмшсэн гэж үзсэн юм билээ. Зөндөө улсууд миний зургийг авсан. Тэд нар ч бас шуугидаг л юм байна. Каталоги ч тарсан байгаа.
Фовистуудын ялгагдах гол онцлог нь эрч хүчтэй түрхэц, сэтгэлийн хөдөлгөөний хүч чадал юм. Уран сайхны илэрхийллийн хүч нь тод өнгө, цэвэр бөгөөд хурц тод байдал, өнгөний харьцуулалт, нээлттэй орон зай дахь өнгө тодрол, хромат шугамын харьцангуй ялгаатай байдлыг бий болгосон хурц хэмнэлд нь оршдог. Фовизм нь орон зай, эзэлхүүн, бүхэл хэлбэрийн хурц үзэмжээр тодорхойлогддог бөгөөд хэлбэрийг энгийн загвараар багасгаж, захын загварчлал болон шугаман хэтийн төлөвийг үгүйсгэдэг.
БИ 50 ЖИЛИЙН ТУРШ ХОНОГТ 4 ЦАГ Л АМАРЧ БАЙСАН
-Та Вьетнамд дайны үед очсон гэдэг байх аа?
-1969 онд ид бөмбөгдөж байх үед нь Вьетнамд очиж 100 гаруй судалбар хийсэн. Түүнийгээ авчраад Энхтайван найрамдлын ордон, Элдэв-Очир кинотеатр, Вьетнамын элчин дээр үзэсгэлэн гаргасан. Тэгээд л үзэсгэлэнг маань улс төрийн бодлогоор хаачихсан. Вьетнам элчингийнхэн “Та битгий олон газар гаргаарай. Их мундаг бүтээлүүд. Энэ бол түүх. Агуу их юм хийжээ” гэсэн. Би Вьетнамын энэ сайхан мод ургамалтай зургуудаа номондоо хадгалсан, бусад нь миний архивт байж л байгаа.
-Зураач хүн маш их судалгаа хийж бүтээлээ туурвидаг нь илт байна?
-Жинхэнэ зураач хүн судалгаа хийхгүйгээр хэзээ ч зураач болохгүй. Би хичнээн их ном уншиж байна. Нэг байр дүүрэн урлагийн ном байна. Ном их хэрэг болно. Орос, франц хэл сураагүй байсан бол зургийг нь л харна шүү дээ.
-“Бөх” зургийг тань саяхан Уран зургийн галерейд харлаа. Үнэхээр гайхалтай бүтээл. “Бөх” зурганд бодит бөхчүүд байдаг уу. Энэ зураг бүтсэн түүхээс ярьж өгөөч?
-Байхгүй. Монгол бөх л байгаа. Анагаахын оюутан байсны гавьяа их бий. 1972 оны зураг шүү дээ. Би хоёр жил гаруй бөхийн барилдаан дээр л сууж байдаг байлаа. Судалгаагаа хийж байгаа юм. Энэ зургийг гэртээ хийсэн. 3 метр 10 см урт зураг шүү дээ. Арай гэж зотонгоо бэлдээд бүх дүрсээ гаргаад сууж байтал эхнэр “Халуун цай уу” гээд томоо аягатай цай өгөхөд нь нөгөөхөө алдчихсан. Сар гаруй гэрээс гарч чадахгүй болж энэ зургаа ч дуусгасан, түлэнхий ч эдгэсэн. Хүний л амьдрал даа. Зураг болгоны түүх их инээдтэй олон янз байдаг юм.
-Та 1967 оны “Говь” бүтээлээ хийхдээ говиор их явсан уу?
-Явахаар барах уу. Монголд яваагүй газар байхгүй. Говиороо их явсан. Хонгорын элс, Ноён Сэврэй, Молцог элс, Гурван тэсийн мод энэ зурганд байгаа.
-“Эрчимжүүлэлт” зураг мөн л судалбар уу?
-“Эрчимжүүлэлт” гэж цахилгаан машинаар хонины ноос авч байгаа зургийг хийхийн тулд хөдөө очоод л өнөө хэдэн хонь ямааны дүрсийг гаргаж хөдөөнийхний ар өврөөр нь гүйгээд зохиомжоо хийгээд л. Нэг өдөр зураагүй шүү дээ. Би энийг хичнээн олон хоног, зав чөлөөгөөрөө зурсан. Дандаа өнгөний хууль судална. Маш олон янзаар ингэвэл ямар байна, энэ хооронд юу гардаг юм гэж үзэж байгаад уран бүтээлдээ авч хэрэглэнэ. Хүн болгон л юм хийдэг. Би номоор нь хийхийг боддог. Хичнээн их хөдөлмөрлөж байж тэр хөдөлмөрийн үр дүнд нэг зураг гардаг байхгүй юу. Надад 1000 гаруй зураг бий. Хоёр ч удаа бие даасан том үзэсгэлэн зохион байгуулж байлаа. Энэ бүтээлүүд бүгд миний их хөдөлмөр. Гэхдээ одоо хүртэл өөрийнхөө бүтээлд шүүмжлэлтэй хандаад л байдаг юм.
-Таны бүтээлүүдээс Монголын төдийгүй дэлхийн түүх харагддаг. Тэгэхээр уран зураг түүхийг ч бас авч үлдэж байна аа?
-Дүрслэх урлагийн жинхэнэ уран бүтээлч бол тухайн нийгмийнхээ энциклопеди нь байх ёстой юм. Би тэрийг л баримталдаг. Шалтгаан дагалдлын хуулийг одоо ч би ихэд эрхэмлэдэг. Залуу зураачдад хэлэхэд, судалбар л их хийх хэрэгтэй.
-Та ойрын үед үзэсгэлэн гаргах уу?
-Одоо удахгүй нэг үзэсгэлэн гаргана. Төр харж үзэж олон сайхан шагналаа өгсөн. Зөв л харсан байх гэж боддог.
-Сонирхолтой ярилцлага өгсөн Танд баярлалаа.
Ярилцсан: Ц.Оюунчимэг
Гэрэл зургийг Ц.Баярбаатар
“Зиндаа” сэтгүүлийн №09/509 дугаар нийлэгдсэн ярилцлагаас онцлов.
Сэтгэгдэл ( 5 )
Агуу хүндээ
Яасан сайхан ярилцлага вэ, хөгшин нь залуудаа нүдэнд дулаахаан сайхан зантай нүд дүүрэн эмэгтэй байсан байхдаа , элит гэж ийм л хүмүүсийг хэлдэг байхдаа
Сайхан ярилцлага байна. Мундаг хүн шүү дээ.
gaihaltai yriltslaga boljee.\nbayarlalaa
Хүмүүс боловсрох хэрэгтэй гэдэг нь маш чухал санаа. Үр хүүхдүүд нь энэ их эрдмийг өвлөж авсан л байгаасай. Ийм аавтай, өвөөтэй, авгатай,ахтай азтай бүл байна даа.