Хүний дүрслэн бүтээх урлаг хязгааргүй. Уран зургийн гүн утгад нэвтэрч мэлмий, оюунаа баясгах эрхэм уншигч танд зориулж “Галерей” буланг өргөн барьдаг билээ. Монгол зураачдын ур чадвар, үзэл бодол, бүтээл цомгийн ертөнцөөр аялахдаа би үндэстнийхээ үнэт чанарыг олж нээдэг. Энэ дугаарын “Галерей” булангийн хойморт Монголын Урчуудын Эвлэлийн тэргүүлэгч гишүүн, зураач Бямбасүрэнгийн Хонгорзул уригдлаа.
-Таны зургуудаас гэрэл гэгээ мэдрэгдэж байна. Нэн тэргүүнд цэцэгнээс төрж буй хүүхдүүдийн тухай асууя. Яагаад чухам энэ сэдвийг сонгож зурав?
-Эх хүний алтан сав гэдэг ариун. Хүүхдүүд маань бидэнд ирэхээсээ өмнө ямар нэгэн өөр газар байдаг гэдэгт би итгэдэг. Өглөө нар мандахад тал дүүрэн цэцэгс байна. Цэцэг болгоны дотор хүүхдүүд байгаа. Тэгээд энэ ертөнцөд ирж байна гэж зургаа зурсан.
-Энэ зургуудыг тань үзсэн хүмүүс сэтгэгдлээ хэрхэн илэрхийлдэг вэ?
-Нэгэн бурхан урлаач хүн “Та чинь дандаа бурхан зурдаг юм байна шүү дээ” гэж надад хэлсэн. “Та яагаад тэгж хэлэв?” гэсэн чинь “Хүн бол төгс биш. Энэ хорвоо дээр төгс юм гэж байдаггүй. Харин бурхан багшийг төгс гэж үздэг учраас цэцгийн бад дээр суулгаж зурдаг. Буддаг цэцэгнээс мэндэлсэн гэж үздэг. Та ер нь их утга учиртай зурдаг юм биш үү” гэхэд нь тэр тайлбар үнэхээр гоё санагдсан. Мөн зохиолч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” романд Шамбалын орон, Гүмүда цэцэгнээс мэндэлсэн бурхад, цэцгийн сүнс гээд үйл явдал нь давхцаад, ер нь зурсныхаа дараа л тайлбаруудыг нь олж мэдсэн дээ.
-Зургаа “Тэнгэрийн шүүдэр” гэж нэрлэсний учир нь юу вэ?
-Энэ зургууддаа “Бурхны бэлэг” гэдэг нэр өгөөд байсан юм. Яруу найрагч А.Лхагваа ахаас “Та энэ зургуудад ямар нэр өгөх вэ?” гэж асуухад минь “Ерөөсөө л “Тэнгэрийн шүүдэр”. Энэ үгэнд бүх утга нь орчихож байна” гэсэн. Ариун бөгөөд үнэ цэнэтэй. Тэгээд л зургуудаа ингэж нэрлээд үргэлжлүүлэн зурсан. Цаг өнгөрөх тусам тайлбарууд нь улам л гоё болоод байх шинжтэй /инээв/. Энэ зургуудыг зурж байхдаа би өөрөө ч гэсэн маш их тайвширдаг. Хүүхэд, тэр тусмаа хүүхдийн гар хөлийг зурахаар инээгээд л зураад байдаг юм билээ. Тодорхой хэмжээгээр тэр энерги нь ч бас надад шингэдэг байх гэж боддог.
БИ НАТУРАА ХАРЖ ЗУРАХЫГ Л ХИЧЭЭДЭГ
-Би зураачдыг өнөөгийн хүмүүсийн дүр төрхийг үлдээгээсэй гэж боддог юм. Мисс А.Баярцэцэгийн хөрөг зураг их таалагдлаа.
-Баярцэцэг бид хоёр танилцаад нэг их удаагүй. Урланд орж ирээд ярилцаж байтал, “Та хүн зурдаг уу, би зуруулъя” гэсэн. Энэ бол хоёрдугаар сард зурсан зураг. Өөрөө натурт сууж өгсөн. Их гоё охин. Илүү маяггүй, дайчин. Яг байгаагаараа л гоё. Энэ сайхан бүсгүйг зурсандаа би их баяртай байдаг. Тэгээд би “Эгч нь гоё дуусгаж чадвал үзэсгэлэндээ тавина” гэсэн чинь “Ямар гоё юм” гээд, дараа нь ирж үзсэн л дээ. Надтай үнэхээр адилхан болжээ гэж байсан.
-Хүнийг бодитоор нь харж зурна гэдэг өөр юм байна.
-Гэрэл зураг хараад зурахад ингэж зурахгүй л дээ. Ер нь хүний нүдийг гүйцэх оптик дуран гэж байхгүй. Тэр нарийн гэрлийн өнгө дүрсийг олж гаргах аппарат ч гэж үгүй. Би болж өгвөл натураа харж зурахыг л хичээдэг.
-Зурахдаа гэрэл зураг авах арга ашигладаг уу?
-Тодорхой зүйл дээр ашиглана. Хэрвээ хүний хөрөг зурах юм бол ямар нэгэн байдлаар судалгаа хийж, гэрэл зургийг харьцуулж харна.
-Жамьян хуурчийн хөрөг зургийг зурахдаа баримтат зураг, дүрс бичлэг судалсан байх, тийм үү?
-Өнгөрсөн жил Жамьян хуурчийн мэндэлсний 90 жилийн ой болж дуучин Болд өвөөгөө зуруулъя гэсэн юм. Жамьян хуурчийн зураг олон байдаггүй юм байна. Өөрөө тоглосон бичлэгийг нь сонсож, залуугийн зургуудыг нь үзэж, өөр олон морин хуурчийн зураг цуглуулсан. Дуу бүжгийн чуулгын фондоос тэр үеийн морин хуурыг нь гаргуулж аваад, бас ойролцоо бие хаатай морин хуурч олж суулгаж тоглуулж байж зурсан.
-Жамьян хуурчийн тухайд яг ийм хүн байжээ гэсэн төсөөлөл байдаггүй. Залуугийн зураг нь дуучин Болдтой адилхан байна уу?
-Адилхан юм билээ. Болд настай болохоороо ийм л болох байх гэж бодогдсон. Энэ аугаа хүнийг зурна гэдэг чинь гоё л доо. Сонгодог арга барилаар зурахыг хичээсэн.
-Та Хятадад уран зургийн мэргэжил эзэмшсэн, ямар хотод сурч байв?
-Дүрслэх урлагийн дунд сургуулиа 1990 онд төгсөөд Бээжингийн уран зургийн академид орж таван жил суралцсан. Манай сургуульд Ардын зураач Гомбосүрэн гуай 1956 онд сурч байгаад 3-р курсээ төгсөөд явсан гэдэг. Манай дадлагын багш манж хүн байсан юм. Надад их элгэмсүү. Багш маань “Би манж, чи монгол хүн гээд үүх түүх ярьдаг байлаа. Тэгээд Гомбосүрэн гуайн багш нь амьд байдаг юм гээд, багштайгаа тэднийх рүү очсон юм. “Гуан Бу мэдэж байна, их гоё залуу байсан” гэж ярьж байсан. Тэр багш 82 настай хүн байлаа. Японд үзэсгэлэн гаргана гээд Тансан ламын үлгэрээр 42 цуврал 2 метрийн том том зургууд зурчихсан байсан. Тэр зураач байгалийн будгаа өөрөө нухаж хийдэг. Чулуу, шороон будагнууд шургуулга бүрт нь өөр өөр өнгөтэй. Гомбосүрэн гуай бол хятад зургийн ангид сурч байсан юм билээ. Тийм учраас Ардын зураач Б.Гомбосүрэн гуай манай сургуулийн анхны монгол оюутан.
-Та уран зургийн ямар чиглэлээр бүтээлээ туурвих дуртай вэ?
-Би реалист маягаар зурах дуртай. Гэхдээ бас хүнд юм бодогдуулахуйц утга учиртай байвал зүгээр гэж боддог.
-Хятадад реалист зургийг яаж зурсан байдаг вэ?
-Жишээ нь натуртай зургийг бодитой юу бодитой, реалист уу реалист гэнэ. Хятадад дээхэн үед хажууд байгаа паар, угаалтуурыг нь хүртэл энэ бодитой зурганд зураад л, тоочоод л, юутай хээтэй нь хэтэрхий байгаагаар нь зурдаг байсан. Харин сүүлийн үед Хятадад Европ, Оросын сонгодог уран зургийн нөлөө их орж, амьд юм шиг гайхалтай зурдаг, бас өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай болсон. Манай сургуулийн багш, Хятадын нэртэй зураач Цог 2000-аад оны үед Монголд ирээд “90-ээд онд бид нэлээн будилж байгаад одоо л Хятадын уран зургийн школ тогтож байна. Монголд ч гэсэн хаанаас нь ч харсан Монголын уран зураг гэж харахаар тийм зургууд хэрэгтэй байна” гэж байлаа.
-Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс нүцгэн зуруулсан охин харц булааж байна. Арьсны өнгөнөөс нь эхлээд үнэхээр нэг амьд мэдрэмж төрж байна л даа.
-Баярлалаа. Чадвал бас тэгж зурахыг л хичээдэг. Тэр зургийг бодит натурт зуруулсан. Хүнийг нь бодитоор харж байгаад зурсан болохоор арай өөр амьдлаг байдаг. Бодит байдлаас гадна дээр нь өөрийнхөө санааг заавал оруулах ёстой.
ТОЛГОЙ АЖИЛЛУУЛСАН “АСУУЛТТАЙ” ЗУРАГ ЗУРАХ ДУРТАЙ
-Нэг зураг зурахад хэр их хугацаа зарцуулдаг вэ?
-Зотон дээр буухаасаа өмнө тархин дотор удаан зурагдаж явдаг ч бүтээл байна. Яг бийр будаг нийлэх үеэс хойш бол зарим зураг дороо зурагдана. Зарим нь барин тавин удаан зурагдана. Ер нь жаахан орхичихоод л, жаахан бодоод л. Зураг зурахад тухайн үеийн мэдрэмж, цаг үеийн байдал их нөлөөлдөг.
-Сэлэнгэ мөрний их сайхан зураг үзэсгэлэнд тавигджээ. Ингэж хөлддөг гэж ерөөсөө бодоогүй юм байна. 11 сарын 5-нд яг ийм харагддаг уу?
-Галт тэргээр явж байхдаа, оройн наранд бөөрөнхий мөснүүдийнх нь зах хөлдөөд цагаан өнгөтэй босчихсон байхыг нь харсан. “Ямар сонин бөөрөнхий юм бэ” гэж бодогдож байсан юм. Цөн түрнэ гээд бодохоор үзүүртэй цагаан мөс л төсөөлөгдөнө. Гэтэл 11 дүгээр сард Сэлэнгэ мөрөн хөлдөж эхлэхдээ яг ийм лянхуа цэцгийн бөөрөнхий навчнууд шиг болж хөлддөг юм билээ. Энэ зургаа ирэнгүүтээ маш хурдан зурсан.
-Байгалийг натураар нь харж зурсан зураг танд хэр олон байдаг вэ?
-Байгаа. Байгаль дээр харж зурахад бол жижгээр хурдан зурдаг. Зарим зураач нар үүнийгээ дараа нь томруулж зурах хэрэгтэй гэдэг л дээ. Би тэгж чаддагүй. Тийм учраас байгаль дээр зурснаараа үлдээдэг.
-Зураачид гэрэл зургаас эх сурвалж авч байгаль зурдаг. Энэ тохиолдолд ямар ялгаа байдаг вэ?
-Гэрэл зураг бол том уулын зургийг багасгасан байдлаар авдаг. Гэтэл яг тэр уулыг өөрөө хараад зурах бол тэс өөр. Том уулын хажууд хүн өөрийгөө хэчнээн жижиг болохоо мэдэрдэг шүү дээ. Гэтэл гэрэл зурган дээр тэр мэдрэмж буухгүй.
-Зураачийн бүтээл тухайн хүнийхээ мөн чанарын илэрхийлэл болдог гэдэгтэй та санал нийлэх үү?
-Уран бүтээл гэдэг хүнийг аль болох сайн зүйл рүү татаж, зөв талыг нь дөвийлгөж гаргадаг юм шиг санагддаг. Зургаараа өөрөө хүмүүжнэ шүү дээ. Хөгжимчин хүн уян зөөлөн болдог гэдэг шиг, зураач хүн бол цаанаа л нэг ёс зүйтэй нь мэдрэгддэг.
-Зурж байхдаа тайвшралыг олдог гэж та ярьсан. Бясалгана гэсэн үг үү? Тэр мэдрэмж яаж мэдрэгдэх вэ?
-Зураг зурна гэдэг бол нэг төрлийн бясалгал юм. Ямар ч бясалгалын төвд очиж сууснаас илүү төвлөрдөг. Ганцаараа чимээгүй орчинд байх нь их чухал. Тийм учраас зурахад маш их тайвширдаг. Өөр юм бодохгүй төвлөрч байна л гэсэн үг.
-“Бор шувуунууд” зургийг хэдэн жилийн өмнө Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд харсан юм байна.
-Эхний зураг нь 2012 онд УЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд тавигдсан. Энд тавигдсан зургаас арай өөр хувилбар л даа. Лондонгийн олимпийн үзэсгэлэнд очоод тэндээ үлдсэн.
-Одоо бодоход, өмнөх зурганд нь бор өнгө байсан юм байна шүү. Энэ зурагны өнгө арай өөр.
-Тийм ээ. Ер нь хүүхдийн цуврал урт зураг хийгээд заалыг бүтэн тойруулаад үзэсгэлэн гаргах юмсан гэж би боддог. Өөр ямар ч зураг холихгүйгээр, хүүхэд болгоныг өөр өөрөөр зураад л... Харин энэ зургийн хувьд, буяны үйлс хийдэг нэгэн охин Хавдрын эмнэлгийн хөнгөвчлөх тасагт тавих санал тавиад, би татгалзаж чадсангүй. Хүмүүс тайвшрах хэрэгтэй. Түр ч атугай гэгээлэг сайхан зүйл бодоосой гэж бодоод өгч байгаа.
-Хүүхдүүдийг зурахын тулд, та тэднийг их ажигладаг уу?
-Ажиглана. Заримдаа нарны туяа орж ирэхэд хүүхдийн хуруу, хөл гар нь гэрэлтээд байгаа юм шиг санагддаг. Энэ зургийг гэхэд шонгийн модны утсан дээр суусан бор шувуунууд шиг гэж төсөөлж зурсан л даа. Одоо хүүхдүүд тэр болгон олуулаа тоглох нь ховорджээ. Үг дамжуулах тоглоомыг харуулахыг зорьсон. Энэ бол харьцангуй тайван цагийн хүүхдүүд л дээ. Энд үсээ хагалж самнаад сүлжиж лент зүүсэн, бас нусны алчуураа эвхэж тоглож буй хүүхдүүд дүрслэгдсэн байгаа. Мартагдсаныг сэргээхийг хичээсэн.
-“Хараацай” билүү хүүхэд цонхоор харж байгаа зураг 2007- 2008 оны үед үзэсгэлэнд тавигдсаныг нь харсан юм байна. Тэр таны зураг байх аа?
-Уг нь “Шаазгай” юм л даа. Хүмүүс “Хараацай” гээд байдаг юм /инээлдэв/. Анхны бие даасан үзэсгэлэн гаргахдаа тэр зургийг тавьж байсан. Шаазгай ирэхээр зочин ирдэг гэдэг. Эсвэл хүүхэд нь өөрөө зочин ч юмуу, эсвэл зочин ирчихээд тэр хүүхэд нь шагайгаад харж байгаа ч юмуу. Би ер нь хүний толгой ажиллуулсан асуулттай гэмээр зураг зурах дуртай /инээв/.
-Таны зургуудад ягаан, улбар шар, цайвар ногоон, цэнхэр, цайвар шаргал, цагаан өнгө голлосон байна. Та өөрөө ямар цэцэгт дуртай вэ?
-Намайг битгий мартаарай /“Незабудка”/ гэж нэрлэдэг жижигхэн цэнхэр цэцэгт дуртай. Гэхдээ ямар цэцэг байх нь гол биш, гол нь цэцэг байх нь чухал гэж үзэж зурагтаа дүрсэлдэг.
-Дарь эхийн зургийг монгол домгоос сэдэвлэн зурсан уу?
-Хүүхдийн хамрыг хөөддөг домгоос санаа авсан. Хүмүүс тэр бүр ярьдаггүй, хүүхдэдээ хэлэхээ больчихсон олон сайхан домог бий. Энэ сэдвээр зурсан зургуудаараа өмнө нь бас үзэсгэлэн гаргаж байсан. “Үнэгэн зүүд”-ийг гэхэд л нялх хүүхдэдээ үнэг хайчилдаг ёс заншил, үнэг зүүд нойронд нь ирж хүүхдийг хуурдаг. Тиймээс нялх хүүхдийг үнэгчилнэ гэж ярьдаг тэр домгоос санаа авч зурсан. Гэхдээ шууд утгаар нь биш, тайлбарыг нь уншаад бодоход хүргэсэн зургууд зурахыг хичээсэн.
МОНГОЛЧУУД МААНЬ СЭРГЭЖ БОСОХДОО ИХ ХУРДАН, САЙН ЦАГ УДАХГҮЙ ИРЭХ БОЛОВ УУ
-Таны зургуудыг хүмүүс нэлээд худалдаж авдаг байх, тийм үү?
-Бодож хөдөлмөр шингээж хийсэн бүтээлийг минь хүн харж ойлгоод сэтгэлийн таашаал авч, бас үнэлээд авах сайхан. Зураач хүн чинь зургаа зурж нэг жаргана. Зурж байхдаа ажил хийж байна гэж бодохгүй. Би өөрийн дуртай юмыг хийж байгаа учраас жаргаад л байна. Тэгээд жаргалынхаа үр дүнг дахиад амсчихаар бүр л жаргана биз дээ. /инээв/ Тэгэхээр энэ мэргэжил маань үнэхээр гоё.
-Залуус уран бүтээлээрээ амьдралаа авч явах уу, эсвэл ажил хийх үү гэдэг сонголтын өмнө байдаг. Энэ тал дээр таны бодлыг сонсъё.
-Би үүнийг олон талтай гэж бодож байна. Нэг бол авьяасгүй хүмүүс уран бүтээл хийж байна гэж өөрийгөө зовоох тохиолдол бий. Нөгөө талд нь одооны энэ нийгэм, цаг үе маань оюуны бүтээлийг үнэлэхгүй байна. Гэвч үнэхээр авьяастай залуусын хувьд харамсалтай биш үү? Авьяастай залуучууд байгаа. Төдийлэн хүмүүст танигдаагүй, өөрсдийгөө ч таниулаад тайлбарлаад явдаггүй, тэгсэн мөртлөө зураг нь маш гоё. Тэр хүмүүсийн зурсан зураг ихэвчлэн гадагшаа гарч байгаа нь их хайран. Нэгэн үеийн дүрслэх урлагийн түүхийг бүтээнэ гэж байгаа бол монголчууд өөрсдөө тэр зургуудыг авдаг байх ёстой юм. Урлагийн менежмент гэдэг зүйл манайд байхгүй гэхэд болохоор байна шүү дээ. Жишээ нь зураач хүн өөрөө зургаа тайлбарлаад, миний зургийг аваач гээд үнэ яриад зогсоно гэдэг бол маш хүнд.
-Урлагийн менежер гэж байх ёстой биз дээ?
-Уг нь сайн уран бүтээлчид төрүүлэхийн тулд сайн урлаг судлаачдыг л бэлтгэх ёстой юм. Урлаг судлаач куратор, шүүмжлэгч, дээр нь сайн сонирхогч, дэмжигч нар тэр уран бүтээлчийг гаргах уу, үгүй юу гэдэг асуудлыг шийдэх ёстой шүү дээ. Энэ чиглэл манайд төдийлэн хөгжөөгүй байгаа нь дээр хэлсэн оюуны бүтээлийн үнэ цэнэтэй холбоотой. Урлаг судлаачдаа ч бас үнэлж, урамшуулж, хөгжүүлэх тогтолцоо манайд сайн бүрдээгүй байна. Хамгийн гол юм гэвэл, зөвхөн уран бүтээлийнх нь хувьд хийсэн мэргэжлийн дүгнэлт, шүүмж олны хүртээл болохгүй байна. Их л сайндаа уран бүтээлчийн ярилцлага, үзэсгэлэнгийн мэдээ гарах юм. Уран бүтээлчдэд ус агаар шиг, хоол шиг хэрэгтэй байгаа урлагийн мэргэжлийн шүүмж нь огт байхгүй байна.
-Ийм байдал хэр удаан үргэлжлэх бол?
-Хүмүүсийн ёс суртахуун, эдийн засаг доошлоод байгаа мэт боловч цаана нь битүү тэсрэх гэж байгаа нүргэлсэн юм бий. Хүн болгон үүнийг мэдэж байгаа учраас дотроо буглачихсан явж байна. Энэ бүхэн нэг цэгт хүрч унаад л маш хурдан босно. Тэгэхээр бид ийм цаг зуурын хэцүү үеийг л даван туулах хэрэгтэй. Одоо хүмүүс боловсролдоо онцгой анхаарч байна. Залуу хүмүүс их юм бодож эргэцүүлдэг болсон. Эцэг эхчүүд ч гэсэн үр хүүхдийнхээ тархинд нь юм хийх ёстой гэдгээ ойлгочихсон байгаа. Монголчууд маань сэргэж босохдоо их хурдан. Сайн цаг удахгүй ирэх болов уу.
ААВ, ЭЭЖ ХОЁР МААНЬ НАМАЙГ АНХНААСАА Л ЗУРААЧ БОЛЧИХСОН ЮМ ШИГ ДЭМЖИЖ ӨДИЙ ХҮРЧ БАЙНА
-Хүүхдийг багаас нь урлагт ойр байлгаж, уран зураг үзүүлэх хэрэгтэй гэдэгтэй та санал нийлэх үү?
-Хүүхдэдээ багаас нь үзэсгэлэн үзүүлдэг байх нь маш чухал. Энэ зургуудын аль нь гоё санагдаж байна гэж хүүхдээсээ асууж, гоо сайхныг олж харах нүдийг нь нээх хэрэгтэй. Хүн болгон зураач болох албагүй. Гэхдээ боловсролтой гэж өөрийгөө үзэж байгаа хүн бүр уран зургийг хараад уншиж чаддаг байх ёстой юм.
-Улаанбаатарт уран зургийн галерей олширч, төрөл бүрийн урлан ажилладаг болжээ. Тэгэхээр боломж байна. Харин уран бүтээлчдийн хувьд юуг олон нийтэд ойлгуулах хэрэгтэй гэж та харж байна вэ?
-Уран бүтээлчид бид үзэгчдээ өөрсдөө бэлтгэх хэрэгтэй юм. Худалдан авагчдаа ч бас бэлтгэх хэрэгтэй. Хүн гэнэт нэг удаа хараад л зураг худалдаж авмаар санагдах нь ховор шүү дээ. Урлагийн бүтээлийн үнэ цэнийг ойлгуулах маркетинг хийж байж үзэгчидтэй, худалдан авагчидтай болно.
-Залуу уран бүтээлчдэд та юу зөвлөх вэ?
-Залхуурахгүй уран бүтээлээ хийх хэрэгтэй. Өөрийн эрхгүй хүний нүд татагдтал, сэтгэл хоргодтол л зурах хэрэгтэй. “Энэ зургийг хаанаас олох вэ” гэж хүлээн зөвшөөрөгдтөлөө зурах хэрэгтэй. Өөрийгөө дайчилж, уншиж судлах хэрэгтэй. Ажиглалт, түүхийн судалгаа хийж сурах хэрэгтэй. Хүн 70 насаллаа гэхэд уран зураг 100 жилээс дээш, хадгалж чадвал 1000 жил ч насална. Зургууд чинь дараа нь судалгааны материал болно. Иймд худал зурж болохгүй. Тийм зүйлийг маш сайн бодох хэрэгтэй. Он цагийг мөнхөлж үлдээх үүрэг зураачдад байдаг гэдгийг мартаж болохгүй.
-Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай аавын хувьд таны уран бүтээлд эергээр нөлөөлсөн тохиолдол олон байв уу?
-Аав дээхэн үеийн зураач нартай их ойр. Өөрөө их мэдрэмжтэй. Намайг оюутан байхад Гомбосүрэн гуайд хадаг барьж шавь оруулж байлаа. Жишээ нь, уран зургийн алтан дундаж гэдгийг аав анх надад ойлгуулсан юм. Өөрөө математикч хүн учир “Алтан дундаж”-ийн томьёог нь хэлж өгч бодлого бодуулаад, харьцааг нь тайлбарлаж өгсөн. Мөн гэрэл зурагт бодит байдал хэрхэн буурч тусдаг талаар ч хэлж өгч байлаа.
-Сургуулиа төгсөөд ирэхэд тань яаж хүлээж авч байв?
-Анх төгсөж ирсний дараа аав надаар Бурхан халдун хайрханыг зуруулсан юм. Тахилга эхэлж байсан үе л дээ. Бүх байршил, онцлогийг нь мэддэг учраас “Энэ хэсэгт нь эгц хадан хошуу бий” гээд л өөрөө авсан гэрэл зурган дээрээ тайлбарлаж өгч байлаа. Миний зурсан тэр зураг одоо ч аавд гэрт нь байдаг юм. Энэ нь надад маш том урам шүү дээ. Аав, ээж хоёр маань намайг анхнаасаа л зураач болчихсон юм шиг дэмжиж өдий хүрч байна. Гэхдээ нэг их магтахгүй. Үгүй яах вэ, бас ч гэж болжээ гэсхийгээд л...
-Тэр нь магтаал уу?
-Айхтар шүүмжлэхгүй л бол магтаал гэсэн үг. Одоо бодоход хүмүүжлийн маш сайн орчинд бид өссөн байгаа юм. Аав, ээж ч гэсэн дуртай юмаа л хийж байвал хөгжөөд явчихна гэж үздэг байлаа. Тэр л хамгийн гол дэмжлэг шүү дээ.
-Та сурагч байхдаа ямар зураг зурдаг байв?
-Ээж маань “Залуучуудын үнэн” сонины сэтгүүлч байсан юм. Тэнд график зурдаг зураач нар ажилладаг. Тэр ах нараас суралцаж тушь үзгээр зураг зурдаг байсан. Дараа нь 6-7-р ангид байхдаа “Шадар гурван цэрэг”-ээр өвчлөөд, гол баатруудыг нь дотроо төсөөлж харандаагаар зурдаг байлаа. Тэр зургуудаа үзүүлж байж шалгалт өгөх эрхээ авч, анх ДУДуС-д орж байсан юм.
-Нийгмийн амьдралын өөрчлөлт уран бүтээлд тань тусгалаа олох тохиолдол байв уу?
-90-ээд онд бид хүүхэд байсан. Оюутан байхдаа сайн сурахыг л бодно. Өөрсдийгөө уран бүтээлч гэж мэдрэх болоогүй байсан. Одоо бол тэр үеийг зурж үлдээх хэрэгтэй юм байна гэж бодогддог. Сургуулиа төгсөөд дизайны компани байгуулаад ажилласан. Зургаа зурж, бас үзэсгэлэн гаргадаг байлаа. Харин одоо эрчимтэй зурж байхгүй бол их удаан хойш тавьжээ гэдгээ ойлгоод байгаа. Энд эмэгтэй хүний онцлог нөлөөлсөн. Ажлаа ч хийнэ, хүүхдээ ч өсгөнө, зургаа ч зурна гэж нэлээд хугацааг алджээ. Зурах юмсан гээд бодож төлөвлөчихсөн санаа нэлээд байгаа. “Одоо л зурахгүй бол оройтох нь ээ” гэж бодогддог үе маань ирээд байна.
-Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.
Ярилцсан: Ц.Оюунчимэг
2017 он 06,07 сар "Зиндаа" сэтгүүл №05/505
Сэтгэгдэл ( 0 )