“I move” - Паралимпын XVI наадам Токио хотноо эхэлнэ

2021 оны 08 сарын 24

Япон улсын нийслэлд өнөөдөр /2021.08.24/ "Токио-2020" зуны Паралимпын XVI наадам эхэлж байгаа бөгөөд нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар 19.00-д эхэлнэ.

16 дахь удаагийн паралимпийн наадам есдүгээр сарын 5-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 162 орны 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Бутан, Гренада, Мальдив, Парагвай, Сент-Винсент ба Гренадин гэсэн таван улс паралимпод анх удаа оролцохоор болжээ. Харин БНАСАУ, Кирибати, Самао, Тонга, Вануату зэрэг улс Ковидын шалтгаанаар, Афганистан улс төрийн байдлын улмаас оролцохоос татгалзсан байна.

"Токио-2020" паралимпын наадамд Монгол Улсын баг 11 тамирчин пара жүдо, таеквондо, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, пауэрлифтинг гэсэн спортын зургаан төрөлд хүч сорино.

"Токио-2020" зуны паралимпын наадмын Монголын баг тамирчдын тэмцээний салхийг хагалж байт харвааны тамирчин Н.Мөнхбаатар 2021 оны 8 дугаар сарын 27-ны 09-12 цагийн хооронд эрэгтэйчүүдийн ST төрлөөр "Yumenoshima Park Archery Field" талбайд урьдчилсан чансаа тогтоох тэмцээнд онч мэргээ сорих юм.

Мөн жүдо бөхийн B3 ангиллын 60 кг-д С.Ядамдорж, B3 ангиллын 66 кг жинд А.Мөнхбат нар /10:30-13:30, 16:00-18:40/ "Nippon Budokan" ордны татамид хүч, ур чадвараа сорин барилдана. Түүнчлэн энэ өдрийн  14-17 цагийн хооронд байт харвааны тамирчин Д.Сэлэнгээ эмэгтэйчүүдийн ST төрөлд урьдчилсан чансаа тогтоох тэмцээнд өрсөлдөнө.

ПАРАЛИМПЫН СПОРТЫН ХӨГЖЛИЙН ТҮҮХ

1880 оноос эхэлсэн түүхтэй боловч 1945 оноос нуруу нугасны гэмтэлтэй өвчтнүүдийг системтэй эмчлэх, нөхөн сэргээх зорилгоор тэндийн дунд спортын уралдаан тэмцээн зохион байгуулж байсан нь Паралимпын хөдөлгөөнийг хөгжих үндсэн суурийг тавьсан.

Паралимпын бэлэгдэл

Паралимпын бэлэгдэл гурван өнгийн дэлбээ нь “agito” гэдэг латин үг болох “I move”  “Би хөдөлж байна” гэсэн утга агууллагатай юм. Цэнхэр, улаан, ногоон өнгө нь ихэвчлэн дэлхийн бүх орны төрийн далбаан дээр нийтлэг байдаг учраас энэ гурван өнгийн төлөөлөл юм.

“Паралимпын наадам” гэдэг албан ёсны нэрийг БНСУ-ын нийслэл Сөүл хотноо зохион байгуулагдсан паралимпын наадмаас хойш албан ёсоор олон улсад хэрэглэж эхэлсэн.” Паралимп” гэдэг нь олимптой “Паралель” буюу зэрэгцэн орших гэсэн үг.

Олон улсын олимпын хорооны түүхэн шийдвэрийг гаргаж олимпын наадмыг зохион байгуулах эрх авсан хот паралимпын наадмыг зохион байгуулах үүргийг хүлээдэг болсноор “ Сөүл-88” зуны олимпийн наадмаас эхлэн Паралимпын наадмыг зохион байгуулдаг болсон.

1992 оны 9-р сарын 22-ны өдөр Герман улсын Бонн хотноо албан ёсоор олон улсын Олон улсын паралимпын хороо үүсэн байгуулагдаж  төв штаб тус хотод үйл ажиллагаагаа эхэлсэн. Олон улсын паралимпын хорооны төв штабт 17 орны 170 гаруй албан хаагч тогтмол ажилладаг.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ПАРАЛИМПЫН ХОРОО

Монгол улсын тахир дутуу хүмүүсийн спорт сонирхогчдын анх дугаар хурлыг 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөдөлмөрийн яамны хурлын танхимд зохион байгуулан”Тахир,дутуу хүмүүсийн биеийн тамир,спортын холбоо”нэртэйгээр олон нийтийн сайн дурын байгууллагыг анх удаа үүсгэн байгуулсан.

1995 оноос Монголын Паралимпын хороо хэмээх нэртэй болж албан ёсоор байгуулагдсан бөгөөд 2000 онд Олон улсын паралимпын хороо/ОУПХ/-ны гишүүнээр элсэн орсон.2013 оноос Монголын  үндэсний паралимпын хороо болсон.

Монголын  үндэсний паралимпын хороо нь Олон улсын паралимпын хорооны үндсэн дүрмийг удирдлага болгон паралимпийн хөдөлгөөнийг үндэсний болон олон улсын хэмжээнд хөгжүүлэх зорилго бүхий төрийн бус байгууллага юм.

Монгол Улсын баг зуны Паралимпын “Сидней-2000” наадамд:

  • Ж.Лхагважав Т-11 ангилалд 1500м, 500м, марафоны төрөлд
  • Д.Баатаржав Байт харвааны төрөлд

“Афин-2004” наадамд:

  • Ж.Лхагважав Т-11 ангилалд 1500м, 500м, марафоны төрөлд
  • Д.Баатаржав Байт харвааны төрөлд

“Бээжин-2008” наадамд:

  • Д.Баатаржав Байт харвааны төрөлд Алтан медаль
  • Б.Жавзмаа Байт харвааны төрөлд
  • Я. Насанбат Буудлагын 10м хийн гар бууны төрөлд
  • Б. Хашцэцэг Жүдо бөхийн 63кг жинд

“Лондон-2012” наадамд:

  • А. Мөнхбат Жүдо бөхийн 60кг жинд
  • Д. Ганбат  Жүдо бөхийн 90кг жинд
  • Б.Жавзмаа Байт харвааны төрөлд
  • Б. Оюун-Эрдэнэ Байт харвааны төрөлд
  • Ц. Лхамсүрэн Буудлагын 10м хийн гар бууны төрөлд
  • Ч. Мөнх-Эрдэнэ Хөнгөн атлетикийн жад шидэлтийн төрөлд

“Рио-2016” наадамд:

  • Д.Баатаржав Байт харвааны төрөлд
  • А. Анхбаяр Байт харвааны төрөлд
  • Б. Оюун-Эрдэнэ Байт харвааны төрөлд
  • А. Мөнхбат Жүдо бөхийн 66кг жинд
  • Б. Ууганхүү Жүдо бөхийн 60кг жинд Хүрэл медаль
  • Э. Содномпилжээ Пауэрлифтингийн 107кг жинд Хүрэл медаль
  • Г. Цогтгэрэл Хөнгөн атлетикийн бөөрөнцөг шидэлтийн төрөлд
  • З. Ганбаатар Буудлагын гар бууны P1, P3, P4 төрөлд

“Токио-2020” наадамд:

  • Х. Энхтуяа Таеквондогийн К49 ангилалд
  • Г. Болор-Эрдэнэ Таеквондогийн К61 ангилалд
  • Э. Содномпилжээ Пауэрлифтингийн 107кг жинд
  • Н. Мөнхбаатар Байт харвааны төрөлд
  • Д. Сэлэнгээ Байт харвааны төрөлд
  • Д. Саруултөгс Хөнгөн атлетикийн бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтийн төрөлд
  • П. Энхманлай Хөнгөн атлетикийн тэргэнцэртэй 100м уралдааны төрөлд
  • З. Ганбаатар Буудлагын гар бууны P1, P3, P4 төрөлд
  • А. Мөнхбат Жүдо бөхийн 66кг жинд
  • С. Ядамдорж Жүдо бөхийн 60кг жинд
  • Н. Алтанцэцэг Жүдо бөхийн 70кг жинд
  • Б. Цагаанбаатар Триатлоны төрөлд шүүгч-ээр тус тус оролцоно.

”Токио-2020” паралимпын зуны наадамд оролцох хэвлэл мэдээллийн ажилтнууд:

  • Д.Батжаргал Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн “MNB sport” сувгийн продюсер
  • С.Сүхбаатар Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн “MNB sport “ сувгийн найруулагч
  • Д. Төмөрбаатар Монголын  үндэсний паралимпын хорооны “Токио-2020” паралимпын зуны наадмын элч төлөөлөгч, Япон судлаач 
  • Д. Өлзийсайхан  Үндэсний мэдээллийн Монцамэ агентлагийн  спортын сэтгүүлч.

Олон улсын паралимпын хороо/ОУПХ/-ны зөвлөлийн хурлын шийдвэрээр Монголын  үндэсний паралимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбатыг Олон улсын паралимпын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Азийн паралимпийн хорооны 2019 оны ерөнхий ассамблейн чуулганаар  “Эмэгтэйчүүд ба спорт”  комиссийн даргаар  томилогдсон.

2021 онд Дэлхийн Триотлоны холбооноос Б. Цагаанбаатарыг пара Триотлоны төрөлд шүүгчийн эрх авсан.

Монголын  үндэсний паралимпын хорооны удирдлагууд:

-1989-1995 он. Д.Сүрэнхорлоо-Тахир, дутуу иргэдийн БТС-ын холбоог анх удаа үүсгэн байгуулж орлогч даргаар А.Баатарчулуун, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Баярмагнай нар ажилласан

-1995-2002 он. Л.Ням-Монголын паралимпын хорооны ерөнхийлөгч, Олон улсын паралимпын хороо/ОУПХ/-нд гишүүнчлэлээр элсүүлж Паралимпын наадамд орох эрхийг баталгаажуулсан.

-2002-2006 он. Д.Загдсүрэн-Монголын паралимпын хорооны ерөнхийлөгч, Монгол улсад паралимпзмыг түгээн дэлгэрүүлж тив, дэлхий, олон улсын тэмцээнд пара спортыг оролцуулсан.

-2006-2009 он.  Г.Лхавгасүрэн    Монголын паралимпын хорооны ерөнхийлөгч, “Бээжин-2008”  паралимпын наадамд анхны алтан медалийг Байт харвааны төрөлд авахуулсан. Мөн олон улсын тэмцээнүүдээс медаль хүртэж байсан.

-2009 оноос хойш  Д.Нямхүү нь  Монголын паралимпын хорооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

Монголын  паралимпын хороог удирдлага зохион байгуулалтыг сайжруулан, шинээр Монгол улсад пара спортын төрлүүдийн нэмэгдүүлэх, олон улсын паралимпын байгууллагад гишүүнээр элсэх олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байна. мөн паралимпын баг тамирчид “Гуанжоу-2010”, “Инчёон-2014”, “жакарта-2018” Азийн паралимпын наадамд амжилттай оролцож 3 алт, 4 мөнгө, 14 хүрэл нийт 21 медалийг хүртээд байна.  “Рио-2016” паралимпын наадмаас  Б. Ууганхүү Жүдо бөхийн 60кг жинд Хүрэл медаль, Э. Содномпилжээ Пауэрлифтингийн 107кг жинд Хүрэл медаль тус тус хүртсэн.

“ТОКИО-2020” ПАРАЛИМПЫН НААДМЫН ТУХАЙ

2013 оны 9-р сарын 07. Токио хот 2020 оны зуны 32 дахь олимп, 16 дахь паралимпын наадамыг зохион байгуулах эрхээ авсан.

2020 оны 3-р сарын 24-нд Тухайн үеийн Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо, олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах Токиогийн олимп, паралимпын наадмыг цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулах тухай тохиролцов.

2020 оны паралимпын зуны наадам нь Токио хот 2021 оны 8-р сарын 24-нөөс 9-р сарын 5-ны өдрүүдэд спортын 22 төрлөөр 4400 тамирчид 539 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Мөн Олон улсын паралимпын хорооны ивээл дор дүрвэгсдийн паралимпын баг албан ёсоор хоёр  дахь удаагаа оролцох гэж байна.

Энэ удаагийн наадам жендерийн оролцоог тэгш хангах зорилгоор албан ёсны наадамд наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлүүдийн эмэгтэй тамирчдын тоог нэмснээр “Рио-2016” паралимпын наадмын эмэгтэй тамирчид 36 хувийг эзэлж байсан бол “Токио-2020” наадамд оролцогчдын нийт 44,6 хувийг эмэгтэй тамирчид эзлэж байна.

Япон улс нь дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын үед хүн төрлөхтнийг нэгтгэх спортын их хүч, энх тайвны тухай тунхаглаж буй илгээлт болох Олимп, паралимпын наадам болон ттүүнд оролцох олон мянган тамирчдад итгэл найдварыг алдахгүйн төлөө бүхий л бэрхшээлийг үл харгалзан зохион байгуулахаар болсон билээ.

Монголын  үндэсний паралимпын хорооны удирдах зөвлөлийн 2017 оны 6-р сарын 03-ны өдрийн хурлаар Спортын 5-6 төрөлд 8-10 эрх авч оролцон 3 медаль хүртэх зорилго тавьсан. Зорилгодоо  хүрч Токио-2020 паралимпын наадамд спортын 6 төрлөөр 11 тамирчин оролцох болсон.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top