“Дулааны улиралд наад амралтын газрууд чинь бохироо шууд л гол руу урсгачихдаг. Би өөрөө энэ амралтын баазад ажилладаг байсан хүний хувьд сайн мэдэж байна. Наадуул чинь бороо оронгуут бохироо шууд шаланкаар асгачихдаг. Зуны цагт бохир соруулдаг машин ганц ч дууддаггүй. Дандаа гол руу оруулж байгаа. Хүмүүсийн усанд орсон, цагаан даавуу угаасан бохир ус бүгд л гол руу орж цутгагдаж байна. Хамгийн ил байгаа хэсэг нь “Дуут ресорт"-ын үзүүрт цооног нь харагдаж байгаа. Тэр цооногоос гол руу татсан бохирын шаланк бий. Нутгийн иргэд бид Мэргэжлийн хяналтын газарт мэдээлж л байсан. Ямар ч нэмэр байхгүй. Байдал хэвээрээ” хэмээн Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн малчин залуу ярих.
Мөн “Манайх халуун рашаанаас холгүйхэн дэнж дээр байдаг юм. Намар, хаврын улиралд бас л эвгүй дээ. Салхи хаанаас байна тэр зүгээс үмхий үнэртэнэ. Энэ хавийн малчид чинь хүнтэй малтайгаа Цэнхэрийн голоосоо ундаалж байдаг. Гол горхи руу маань баазынхан ил, далд байдлаар бохироо хийдэг энэ байдлыг цэгцлэх хэрэгтэй” гэж нутгийн уугуул малчин өгүүлж байв.
Архангай аймгийн Цэнхэр сумын халуун рашааны ойролцоо амьдардаг малчид ийнхүү ярьж байна. Аймагтаа төдийгүй Монголдоо гайхагддаг Цэнхэрийн халуун рашаан энэ нутагт буй. Тус рашаан нь аймгийнхаа төвөөс 25 километрийн зайд Цэнхэр голын хөвөөнд байрладаг билээ. Сүүлийн жилүүдэд халуун рашааныг зорин ирэх жуулчдын цуваа уртсаж, тэр хэрээр амралтын баазууд олширчээ. Том, жижиг гэлтгүй ихэнх амралтын газрууд усан сан байгуулж, түүнийг дагасан зочид буудал, ресторан зэрэг үйлчилгээний газрууд ч ихсэх болж. Аялал жуучлал хэдийгээр хөгжиж байгаа сайн талтай ч эсрэгээрээ байгаль экологид асуудал дагуулах болжээ. Олны хөлийг дагасан хог хаягдлаас гадна амралтын баазуудын хариуцлаггүй байдал өдгөө Цэнхэрийн голыг цэвэрлэх байгууламжаас ялгаа алга болгох нь ээ. Тийм учраас энэ асуудлыг онцолж, холбогдох албаныханд анхааруулга өгөх зорилгоор дараах хүмүүстэй холбогдлоо.
С.БАЯНЖАРГАЛ: УСНААС НЬ ШИНЖИЛГЭЭ АВСАН
Цэнхэрийн халуун рашааныг дагасан амралтын баазуудыг холбогдох дүрэм журам, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм сахиулах үүрэгтэй газар бол мэргэжлийн хяналт. Тиймээс Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч С.Баянжаргалтай холбогдлоо.
-Танай аймгийн Цэнхэр сумын халуун рашааны амралтын газрууд бохир усаа гол руугаа асгачихдаг гэх мэдээлэл байна. Энэ тал дээр ямар мэдээлэл өгөх вэ?
-Энэ жилийн хувьд манай аймгийн жуулчны баазууд долоодугаар сарын 10-наас үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгаа. Аймгийн Засаг даргын захирамжаар мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдал, Байгаль орчны газар зэрэг холбогдох албаны хүмүүсээс бүрдсэн Ажлын хэсэг амралтын баазуудад хяналт тавьж, ажилласан байдаг. Урьд жилүүдэд мөн шалгалт хийж газар дээр нь очиж байсан. Тухайн үеийн шалгалтын явцад бохир усаа гол руу нийлүүлдэг асуудал илэрч байгаагүй.
-Иргэдээс энэ төрлийн гомдол мэдээлэл хэр ирдэг вэ. Иргэдийн өгсөн мэдээлэл худлаа байдаг хэрэг үү?
-Нутгийн иргэдээс өнгөрсөн жил гомдол ирүүлж байсан. Гомдлын дагуу бид уснаас нь шинжилгээ авч ажилласан. Ноцтой асуудал илрээгүй Шалгалтаар тогтоогдсон асуудал байхгүй. Яг энэ жилийн хувьд ямар нөхцөл байдалтай байгааг би хэлж мэдэхгүй байна. Манай хүнсний чанар стандартын байцаагч өнөө жилийн шалгалтын Ажлын хэсэгт багтсан. Тэр хүнээс асууусан дээр болов уу.
Н.БАЯРМАА: ХЭРВЭЭ ТИЙМ ЗҮЙЛ БАЙВАЛ МАНАЙ БАЙГУУЛЛАГА ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦАЛНА
Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын Хүнсний чанар стандартын байцаагч н.Баярмаагаас тодрууллаа.
-Цэнхэрийн халуун рашааны амралтын баазуудад хяналт тавих Ажлын хэсэгт энэ жил та явсан гэсэн. Энэ асуудлыг шалгав уу?
-Тав, зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр хавар шалгалт хийгээд ирсэн. Наад асуудал чинь сүүлийн жилүүдэд яригдаад л байгаа. Манай байгаль орчны байцаагч нар урьд жилүүдэд шалгаж л байсан. Жуулчны баазууд цэвэр бохир усаа бүгдээрээ цэвэршүүлдэг. Тийм болохоор энэ яригдаад буй асуудал баймааргүй л юм.
-Усан сангийн бохир ус, цагаан даавуу угаадаг усаа шууд гол руу урсгачихдаг юм биш үү?
-Тэнд чинь гол гэж баазуудын урдуур урсдаг нарийхан горхи л байдаг. Биднийг шалгалтаар явахад тэр горхи руу бохирын турбо энэ тэр татсан зүйл байхгүй байсан. Хэрвээ тийм зүйл байвал манай байгууллага тусгай зөвшөөрлийг нь цуцална гэв.
Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын алба хаагчид дараах мэдээллийг өгсөн юм. Тэгвэл тус аймгийн хэмжээнд амралтын баазуудын бохирыг соруулах үйлчилгээ үзүүлдэг ганцхан газар байдаг юм байна. “Ар Ус Ундарга” ХХК гэх тус газрын албаны эх сурвалжаас дараах тодруулгыг авсан юм.
“АР УС УНДАРГА” ХХК: ЭНЭ ЖИЛ ГУРАВХАН БААЗ Л БОХИРОО СОРУУЛАХ ДУУДЛАГА ӨГСӨН
-Цэнхэрийн халуун рашааны амралтын газрууд энэ жилийн байдлаар танайд хэдэн удаа дуудлага өгсөн байна вэ?
-Манай бүртгэлийн дэвтэрт “Цэнхэр жигүүр” зургаан удаа, “Шивээт манхан” нэг удаа, “Алтан нутаг” нэг удаа дуудлага өгч бохироо соруулсан байна. Бусад нь огт соруулаагүй юм байна.
-Өөр олон амралтын газрууд байдаг. Тэд бохироо яаж зохицуулдаг юм бол. Танайхаас өөр ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг газар бий юм уу?
-Цэнхэрийн халуун рашаанд олон амралтын газар байгаа. Энэ жил гуравхан газар л бохироо соруулсан байна. Манай аймгийн хэмжээнд тусгай зөвшөөрөлтэйгээр энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг нь ганцхан манай “Ар Ус ундарга” ХХК.
-Уг нь олны мэддэг хамгийн их хүн үйлчлүүлдэг "Дуут ресорт", "Хангай ресорт" зэрэг томоохон баазууд байдаг. Тэд танайх руу дуудлага өгч бохироо соруулсан байна уу?
-"Дуут ресорт", "Хангай ресорт" гэж алга байна гэлээ. Цэнхэрийн халуун рашаанд албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг томоохон таван амралтын бааз буй. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр тэдгээр баазууд долдугаар сарын 10-наас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэхдээ өнгөрөгч зургаадугаар сард дөрвөн ч амралтын газар үйл ажиллагаагаа нэгэнт эхлүүлсэн байдаг. Энэ хугацаанд их амралтын цаг үе ч таарч, олны хөлд баазууд дарагдсан. Өөрөөр хэлбэл, тэр их хэмжээний бохир гарсан гэсэн үг. Гэвч амралтын баазууд бохироо хэрхэн зохицуулж, яасан бэ гэдэг нь том анхаарлын тэмдэг тавих асуудал болж байгаа юм. Орон нутгийн иргэдийн бидэнд өгсөн мэдээллээр бол жуулчны баазууд бохир усаа гол руу шууд урсгадаг гээд буй. Хавар, намартаа хачин муухай үнэртэх болсон талаар ч өгүүлж буй юм. Аялал жуучлалын салбар хөгжиж байгаа сайн талтай ч байгаль экологийн асуудлаа нэн тэргүүнд тавихгүй бол хол явахгүй. Тиймээс холбогдох газрууд нь энэ тал дээр онцгой анхаарч, Цэнхэрийн халуун рашааны жуулчны баазуудын бохирын асуудлыг цэгцлэх цаг нь болжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
хайран сайхан нутаг минь \n\n
Одоо арга хэмжээ аваач дээ,яагаад ийм муу бана аа
Ээлдэээ, үгүй байлгүйдээ. Арай
Дуут репорт-ын Дашцэрэн шунал минь худлаа юм бичээгүй шүү.мэргэжлийн хяналтыхныг олон жил авилгалдлаа
Малчид нь үнэртэж байхад дарга нарын хамрыг мөнгөөр бөглөжээ